Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0235

 

Х.Г-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Х.Г, хариуцагч Д.С нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Х.Г-н нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Г-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Х.Г-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Г-ийг урьд эрхэлж байсан Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,976,122 /зургаан сая есөн зуун далан зургаан мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газрын төсвөөс гаргуулан Х.Г-т олгож, мөн Х.Г-н ажилгүй байсан хугацаанд хамаарах эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалинд илүү нэхэмжилсэн 4,906,214 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Шүүх тухайн хэргийг бүх талаас нь хянаж үзээгүй бөгөөд хэт нэг талыг барьж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шийдвэр гаргасангүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Х.Г-ийг төрийн албаны нөөцөд байгааг л тогтоохын тулд хамаг анхаарлаа хандуулж түүндээ дүгнэлт хийж, түүнийг төрийн байгууллагад гарсан гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд ямар ч шалгалт, шалгуургүйгээр ажиллах ёстой гэдэг ойлголтоор энэхүү маргааныг шийдвэрлэсэнд харамсаж байна.

Хэн ч бай төрийн албаны нөөцөд байгаагаараа албан тушаалд шууд томилогдон ажиллана гэсэн ойлголт байх ёсгүй. Одоо миний хувьд томилгоо нь хууль бус байсан хүнийг эргүүлж юу үндэслэж ажилд нь томилох юм бэ. Шүүх шийдвэртээ тодорхой тусгаж өгөх байсан уу. Би яахаа мэдэхгүй байна.

Х.Г-ийг ажлаас нь халсан Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын тушаал үндэслэлгүй байна гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр нь өөрөө Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг мөрдөх шаардлагагүй гэсэнтэй утга нэг шийдвэр гаргалаа гэж би ойлгож байгаа учраас Тамгын газрын даргын тушаал, захиргааны шүүхийн шийдвэр хоёрын ялгаа нь юунд байгааг ойлгохгүй байна.

Х.Г-н хувьд улс төрийн албан тушаал хашиж байсан нь төрийн албаны нөөцөд байх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа хэдий ч Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 24.1.13-д заасныг баримталсан буюу Х.Гийг ажлаас чөлөөлөгдөх өөрийнх хүсэлтийг харгалзан үзсэн нь төрийн албаны нөөцөд байх эрхээ алдсан гэж үзэхээр байна.

Улс төрийн албан тушаал хашиж байгаа нь нөөцөд байх хуулийн заалттай хэдий ч нөөцөд хэвээр байх юм бол Х.Г өөрийн санаачлагаар ажлаасаа чөлөөлөгдөх нь зөв байсан уу. Гарцаа байхгүй Төрийн албаны тухай хуулийн 24.1.3 дахь заалт нь нөөцөд байх эрхээ алдах заалт учраас шүүхийн энэ дүгнэлтэд эргэлзэж байна.

Х.Г нь тус шүүхэд хуулийн дагуу томилогдох хууль бус томилогдох нь хамаагүй нэхэмжлэгч томилгооны асуудлаар гомдол гаргаагүй учраас томилгоо зөв эсэх нь чухал биш гэсэн утгаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсаныг гайхаж байна. Шүүгч тухайн маргааныг тал бүрээс нь бус зөвхөн нэг талыг барьснаа дүгнэлтдээ бараг хэлсэн гэж үзэхээр байна.

Шүүх томилгооны талаар нэг ширхэг ч асуудлыг хөндөөгүй зөвхөн хариуцагч миний шүүх хуралдаан дээр хэлсэн үгнүүдэд няцаалт өгөх маягаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан байна. Яагаад зөвхөн шүүх хуралдаан хэлсэн үгэнд дүгнэлт хийсэн юм бэ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцдаа энэ тал дээр анхаарч, нотлох баримт цуглуулж, шинжлэн судалж болоогүй юм уу.

Мөн шүүгч С.О нь нэхэмжлэгчийн талд байгааг нь үндэслэх хэсэгт дурдсан бас нэг дүгнэлтээр тодорхойлогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилгооны асуудлыг анхаарахгүй байсан шүүгч шүүх хуралдаан дээр хариуцагч С миний хэлсэн үгэнд хариулт өгөх маягаар дүгнэснийг энд дурдвал “Х.Гийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш даруй 4 сарын дараа төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулсан байх тул энэ талаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж” дүгнэсэн төдийгүй хариуцагч С нь нэхэмжлэгч Х.Г-н шалгалт өгөх боломжийг нь олголгүйгээр гэжээ.

Би боломжийг нь яаж хаасан юм бэ, Х.Г-н шалгалт өгөх боломжийг хаасан гэж бичих л байсан юм бол тодруулах шаардлагатай байсан. Шүүгч ийм хариуцлагагүй дүгнэлт хийж намайг гүтгэж байна. Шүүгч хүн ингэж хүн гүтгэж болох юм уу.

Зүй нь Х.Г-н томилгооны асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах шаардлагатай байсан. Төрийн албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны захиалгыг тус шүүх хэзээ өгсөн юм, тусгай шалгалт нь хэзээ зарлагдаж ямар шалтгаануудаар хойшлогдоод байсан юм , шүүгчийн хэлж байгаагаар яагаад 4 сарын дараа тусгай шалгалт болсон юм, Х.Г-н эрхийг хааж боогдуулсан ажиллагаа байсан уу гэдгийг шүүх хуралдаанаас өмнө тодруулахгүйгээр хариуцлагагүй дүгнэлт хийсэнд харамсаж байна.

Шүүгчийн тодруулах байсан асуудлыг би энд товчхон дурдъя. Тус шүүхээс сул орон тооны захиалгыг 2020 оны 5 дугаар сард өгч шалгалт зарлуулснаас хойш 2020 оны 10 дугаар сард тус аймагт тусгай шалгалт зохион байгуулагдаж, энэ шалгалтад манай шүүхээс давхардсан тоогоор 8 орон тоо зарлагдаж бүртгүүлэгчдээс 2 хүн шалгалт өгч бусад нь туслах түшмэлийн албан тушаалд 2 жил ажиллаагүй гэсэн тусгай шаардлагаар шалгалтад орох боломжгүй болсон.

Тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн албаны төв зөвлөлд тусгай шаардлагыг өөрчлүүлэхээр асуудал тавьж хугацаа хүлээснээс дахин тусгай шалгалт явуулах тов зарлагдсан нь 2021 оны 01 дүгээр сар болж хойшлогдсоныг энэ шүүгч огт мэдэхгүй байгаа төдийгүй мэдэхийн тулд анхаарлаа хандуулаагүй учраас ийм өрөөсгөл дүгнэлт хийж байна. Энэ нь нэхэмжлэгч талыг илт хамгаалсан байдал болж харагдаж байна.

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 удаа хүнээр дамжуулж ирүүлсэн хэргийн материалтай танилцаад Х.Г-ийг хуулийн дагуу томилогдсон эсэх асуудлыг тодруулах шаардлагатай юм байна гэж үзээд хүсэлт гаргах тухайгаа С.Отгонтуяа шүүгчийн туслахад хэлсэн. Хүсэлт асуудлаа шүүгчийн туслахад л гаргана биз дээ.

Тэгтэл тэр туслах яах юм бэ та шүүх хуралдаан дээр л асуугаад тодруулчихгүй юу гэсэн, энэ шүүхийн шүүгчийн туслах нь хүртэл хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүгчдээ дамжуулж, уламжилж шийдүүлэхийн оронд дундаас нь тас цохидог аливаа асуудлыг хүлээн авахаас татгалздаг байдлыг байнга гаргаж байсанд гомдолтой байна.

Тухайн хэргийн материалтай танилцахад Х.Г-н төрийн албаны нөөцөд байгааг л тодорхойлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн байсан. Надаас гаргасан хүсэлтийг татгалзсан байсан.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлөөр хянуулснаар тухайн байгууллага сул орон тооны захиалгаа өгч тусгай шалгалтыг зарлуулна гэсэн хуулийн зохицуулалттай.

Энэ ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн систем дэх захиргааны албан тушаалтнуудын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн боловч 1 жил 5 сарын дараа буюу 2020 оны 5 дугаар сард шүүхийн захиргааны ажилтнуудын албан тушаалын тодорхойлолт хянагдаж ирснийг шүүхийн Тамгын газрын дарга тушаалаараа баталгаажуулаад сул орон тооны захиалгаа 2020 оны 5 дугаар сард тэр дор нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн Отгонцэцэг даргад хэлж мэдэгдэж байгаад орон нутгийнхаа Төрийн албаны салбар зөвлөлөөрөө дамжуулан сул орон тооны захиалгаа явуулаад энд тусгай шалгалт зарлуулах захиалгаа өгсөн. Ковид-19 цар тахлаас шалтгаалан тусгай шалгалт хойшлогдоод байсныг бүгд мэдэж байгаа.

Бүтэн жил гаруй хугацаанд шүүхийн ажлыг тасалдуулахгүйн тулд боловсон хүчний асуудлууд, ажилтнуудын ажил ачааллыг тэнцвэржүүлэх, зохицуулах зорилгоор зүгээр цалин авч байгаа ажилтанд өөр ажлын санал тавьж яагаад болохгүй юм бэ. Энэ зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ажилтны зөв болж байна уу.

Х.Г-н ажлаасаа үндэслэлгүй халагдлаа гэх гомдлын нөгөө үзүүр нь томилгооны асуудал биз дээ. Нэг л асуудлын 2 талыг эхлэх төгсгөлтэй нь авч үзэх ёстой байсан гэж үзэж байна.

Шүүхийн Тамгын газрын даргын ажилтнаа халсан тушаал нь Төрийн албаны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан дүрэм журмаас дээгүүр эрх зүйн баримт бичиг мөн үү.

Нэг ёсондоо ашиг сонирхлын зөрчилтэй ажил олгогч байх юм бол төрийн алба руу орох сонирхолтой этгээдийг хууль бус томилгоогоор оруулчихсан байхад тухайн этгээд тэр чигтээ л шүүхдэж эргэж томилогдоод төрийн албанд насаараа байж болно гэх маягийн шийдвэрийг шүүх гаргаж байгааг гайхаж байна.

Миний бие 25 жил шүүхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан. 2009 оноос Тамгын хэлтэс, газрын даргаар ажиллах хугацаанд шүүхийн хүний нөөцийн асуудал төдийгүй, шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахын төлөө Тамгын газрын ажилтнуудыг өдөр тутмын удирдлагаар хангах чиг үүргийнхээ хүрээнд шүүгчгүйгээр бүтэн жил цалин авсан ажилтныг ажилтай байлгах гэж өөр ажлын санал тавиад хүлээн зөвшөөрөхгүй хүнийг халахаас өөр яах юм бэ.

Эцэст нь шүүхийн байгууллагыг хохироож энэ хүнд мөнгө төлж чадахгүй. Мөн хүн бүрт байдаг амьдралын боломжгүй асуудал надад ч бий. Тийм учраас энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Би зөрчил дутагдал гаргасан албан хаагч залуучуудад дор бүр нь арга хэмжээ авахыг урьтал болгодоггүй, алдааг нь хэлж засаад орхидог, толгойг нь илээд итгэл үзүүлдэг байдлыг маань Ганзориг ашиглаж байна. /би ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй гэж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр Ганзориг хэлдэг, өөрийгөө яагаад шүүх дотор 3 ажил дамжсанаа ч санахгүй байгаа юм уу, энэ бүхний цаана шалтгаан байсан/

Х.Г гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд гаргаж тэндээс хариу авсан. Төрийн албаны зөвлөл хуулийн дагуу томилогдоогүй учраас таны эрх ашиг хөндөгдөөгүй байна гэсэн хариуг өгсөн байдаг.

Шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдод адил тэгш хандаж хэргийг тал бүрээс нь хянан үзэхийн тулд 2 талаас гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ёстой. Гэтэл ганцхан Х.Г-н хүсэлтээр нотлох баримтуудыг цуглуулсан ба яагаад тус шүүхэд хууль бус томилгоотой 2 жил гаран ажиллахдаа 3 өөр ажил сольсон бэ гэдэгт дүгнэлт хийж хянан үзэх ёстой байсан. /Эндээс Тамгын даргын хүнээ бодсон сэтгэл харагдана/

Энэ хүний чадвар ямар байсан. Ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан, өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байсан талаар хамт ажиллаж байсан хүмүүсээр нь нотлуулах, асуулгах хүсэлтийг шүүхэд тавьсаар байхад таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй, таны удирдлага дор ажиллаж байгаа хүмүүсээс авсан гэрчийн мэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэсэн. Тэгвэл энэ хүнийг хэн гэдэг хүнээр хаанаас олж авчирч асуулгах юм бэ.

Х.Г-н гаргасан хамгийн наад захын алдаа гэвэл шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг хийж байхдаа тэмдэглэлийг хуулийн хугацаанд гаргахгүй байна, удаагаад байна гэдэг асуудлыг шүүгч нар байнга хөндөж тавьж байснаас үүдэлтэйгээр халагдах хэмжээний асуудал яригдсан.

Дээрх асуудлаар халагдах дээрээ тулаад өөрөө өргөдөлд хүсэлт гаргасныг нь үндэслэн халж чадахгүй шүүгчийн туслахын сул орон тоон дээр нярайн чөлөөтэй шүүгчийг ажилдаа орох хүртэл нь туслахын ажилд суралцаж дадлагажиж байг гэдэг санаагаар ажиллуулсан. /Нэгэнт шүүхэд сул орон тоо байна, нөгөө талаар тусгай шалгалт зарлагдаж хүн тэнцэх хүртэл гэсэн шалтгаанаар/

Х.Г-н хувьд би энэ албан тушаал дээр төрийн албаны тусгай шалгалт өгнө гэдгээ мэдэж байсан. Тамгын дарга хэлдэг байсан гэж шүүх хуралдаан дээр хэлж байсан. Энэ нь томилгоо хуулийн дагуу хийгдээгүйг илтгэж байна.

Ийм байхад ажилд эргүүлж тогтоож байгааг ойлгохгүй байна. Анхнаасаа тухайн албан тушаалд Төрийн албаны хуулийн дагуу тусгай шалгалт өгч томилогдоогүй хүнийг яаж буцааж ажилд нь томилох болж байна. Чи бас л хуулиа зөрчиж томилохгүй юу хууль зөрчиж томилж болно гэсэн зөвшөөрлийг шүүгч надад олгож байгаа юм уу.

Орон нутагт төрийн албаны шаардлага хангаж төрийн албаны ерөнхий шалгалтаа өгөөд нөөцөд байгаа боловсон хүчин байхгүй учраас шүүхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахын тулд шүүхэд ажиллах хүсэлтэй залуусыг хууль зөрчиж аваад ажиллуулж байх явцад нь холбогдох шалгалтуудад хамруулж шалгалтад тэнцсэн залуусыг сул орон тоондоо жинхлэн томилж яваа. Ганц би биш бүх шүүхүүд ийм л жишгээр нөхөж байгаа.

Шаардлага шалгуур хангаагүй хүнийг ингэж томил, ингэж чөлөөл гэсэн хуулийн заалт байхгүй, Төрийн албаны тухай хууль нь заавал тусгай шалгалт өгсөн хүнээр л төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх заалттай байдаг. Харин Шүүхийн тухай хуульд шүүхийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явах ёстой байдаг. Аймаг орон нутагт байтугай улсын хэмжээнд хүний нөөц дутмаг байгаа одоогийн нөхцөлд энэ 2 хуулийг хэрхэн дагаж мөрдөх вэ.

Мөн тус шүүхээс 3 ажилтан Солонгос руу амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор мөнгөний ажилд нэгэн зэрэг явж шүүхийн ажил доголдсон тохиолдол нэг бус удаа гарсан. Энэ байдлаар шүүхийн боловсон хүчний асуудал хүндэрсэн. Ёстой шүүхийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулахын тулд хууль хэрэглээн дээр алдаа гаргаж томилгоо хийхээс өөр боломж надад байгаагүй.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр товлосон шүүх хуралдаанаа 9.00 цагт эхлүүлээд гуравдагч этгээдийг солих шалтгаанаар хойшлуулсан. Энэ үедээ шүүгч С.Отгонтуяа нь хариуцагч надтай ёс зүйгүй харьцсан. Ганзоригийн албан тушаал дээр бүр өөр хүн авчхаж байгаа юм уу, энэ тухайгаа шүүхэд хэлэх үүрэгтэй шүү дээ гэх маягаар бүр илт нөгөө талд санаа бодол нь байгаа юм шиг харьцсанд гомдолтой байна. Төрийн албаны сул орон тоог нэр бүхий хүнд зориулж хадгалж болох юм уу. /Энэ үеийн харьцааг бичлэгээс нь харж болно/

Шүүгч хэргийн оролцогчтой харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох харилцаан дээр анхаарах ёстой гэж үзэж байна. Мөн энэ талаар хуульчилсан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108.1-д шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана гэжээ.

Гэтэл шүүгч С.Отгонтуяа шийдвэрийнхээ тогтоох хэсгийг шууд уншиж танилцуулаад шүүх хуралдаанаа хаасан. Надад үндэслэл тайлбар хэрэгтэй байсан. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бол, яг юун дээр би буруутай юм бол гэх маягаар асуулттай хоцорсон. Надад эргэлзээ төрсөн.

Тус шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтээ шүүх хуралдаан болсноос хойш 3 дахь хоног дээрээ шүүгчийн туслахад нь хэлэхэд тэмдэглэл гаргаагүй байна. Тэмдэглэлийг 7 хоногт гаргана шүү дээ гэж хэлсэн. 4 сарын 1-нд туслах руу нь залгаад хэргийн оролцогч чинь тэмдэглэлтэй танилцах хүсэлт тавихад яагаад хүлээж авахгүй байгаа юм бэ гэж асуухад би уг нь таныг тэмдэглэлтэй танилцана гэсэн гэж шүүгчид хэлсэн гэж байгаа юм. Хэргийн оролцогчийн хүсэлтийг ялангуяа Д.С-н хүсэлтийг энэ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхаа аль ч үед хүлээж аваагүйд гомдолтой байна. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.3-т “шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 7 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох”/

Шүүх хуралдааны тэмдэглэлтэй хэргийн оролцогч танилцах эрх байдаг юм уу, үгүй юу. Энэ хүсэлтээ шүүхэд тавьж болох юм уу, үгүй юу.

Шүүгч С.Отгонтуяа нь нэхэмжлэгч Х.Г-той нэг нутгийн болохыг анхан шатны шүүх хуралдааны дараа мэдсэн.

Энэ мэтчилэн эргэлзээ төрүүлэхүйц байдлаар энэ хэргийг хэт нэг талыг барьж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүйд гомдолтой байх тул Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2021/0003 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Шүүхийн Захиргааны тухай хуулийн 22.1.2, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дахь хэсгийг үндэслэн “шүүгчгүйгээр жил гаран сул цалин авч ажиллаж байгаа ба одоо нярайн чөлөөтэй шүүгч нь ажилдаа орох нь тодорхойгүй, тухайн ажилтанд өөр ажлын санал тавихад хүлээн аваагүй” гэх шалтгаанаар нэхэмжлэгч Х.Г-ийг шүүгчийн туслахын албан  тушаалаас чөлөөлжээ.

Маргаан бүхий тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална: ... 47.1.4. энэ хуульд заасан бусад үндэслэл” гэж заасан, харин  Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2-т төрийн жинхэнэ албан хаагчийг халах, чөлөөлөх талаар зохицуулаагүй байх тул анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан “хуульд үндэслэх”, “шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Тухайн тушаалыг хууль бус эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоохын тулд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход хүрсэн ямар шалтгаан, бодит нөхцөл байдал байсан, түүнийг зохицуулсан холбогдох хуулийг зөв хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Тушаалд “шүүгчгүйгээр сул цалин авч ажиллаж байгаа” гэж дурдсан бөгөөд энэ нь төрийн албан хаагч Х.Г-ийг буруутгах шалтгаан буюу төрийн албанаас халагдах, чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Харин “өөр ажлын санал тавихад хүлээн аваагүй” гэсэн шалтгааны талаар нэхэмжлэгч нь “төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллахыг санал болгосон тул зөвшөөрөөгүй” гэж, хариуцагч үүнийг үгүйсгээгүй, “... эвлэрүүлэн зуучлалын туслахаар ажиллахыг санал болгоход хүлээн аваагүй, тушаал гаргахдаа техникийн алдаа гаргасан” гэж тус тус тайлбарлажээ.

Үүнээс үзвэл маргаан бүхий тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах шаардлага гарсан гэж үзэхээр байх бөгөөд энэ асуудлыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр ... тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно”, 44.3-т “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж тус тус заажээ.

Уг хуульд “өөрийнх нь зөвшөөрснөөр”, “ангилал ... бууруулахгүй”  гэж тодорхой заасан байх тул төрийн жинхэнэ албан хаагч зөвшөөрөөгүй тохиолдолд ангилал бууруулж, үйлчилгээний албан тушаалд сэлгэн ажиллуулах боломжгүй байна. Харин хариуцагч Тамгын газрын даргын хувьд төрийн жинхэнэ албан хаагч нарын ажил, үүргийн хуваарийг зохицуулж, энэ хуулийг зөрчихгүйгээр, ангилал бууруулахгүйгээр өөр ажил, үүрэг түр гүйцэтгүүлэх эрхтэй бөгөөд төрийн албанаас чөлөөлөх, халах бүрэн эрх олгоогүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул энэ талаар дүгнэж, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “... шүүгчийн туслахууд дутагдалтай боловсон хүчний асуудал хүндэрсэн үед ажил тасалдуулахгүйн тулд хууль хэрэглээн дээр алдаж томилгоо хийхээс өөр аргагүй байсан ...” гэснээс үзвэл төрийн байгууллагын хэрэгцээг хангаж, Х.Г-ийг шүүгчийн туслах буюу төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нь тогтоогдож байх тул халагдах, чөлөөлөгдөх харилцаанд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлэх эрхтэй гэж үзнэ.

Мөн давж заалдах гомдолд “... төрийн албаны нөөцөд байгаагүй, ... томилгоо хуулийн дагуу хийгдээгүй талаар шүүх дүгнэлт өгөөгүй, тусгай шалгалт өгөх боломжийг хаасан гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр нь тусгай шалгалт өгөөгүй хүнийг томилоход хүргэж байна ...” гэх боловч маргаан бүхий тушаалд “төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлага хангаагүй” гэсэн үндэслэл, шалтгаан заагаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул энэхүү гомдлыг хүлээн авч хангах боломжгүй.

Түүнчлэн “... Х.Г нь ажил үүргээ хэрхэн гүйцэтгэдэг байсан талаар гэрч асуулгах хүсэлт хангаагүй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тэмдэглэлээ хугацаандаа гаргаагүй халагдах хэмжээнд тулж байсан” гэх боловч мөн л энэхүү “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” шалтгаанаар төрийн албанаас халаагүй байх тул энэхүү гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх шаардлагагүй зарим хуулийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн Тамгын газрын дарга нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, тухайн үүссэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ/2021/0003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5,” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                 А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ