| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0059/Э |
| Дугаар | 047 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 047
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-ын О-т холбогдох эрүүгийн 19020 0944 0001 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эрдэнэ, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарн 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын О- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн ТК-342 дугаартай аяллын онгоцоор зорчин ирэхдээ Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр буюу Г.Б ХХХХ дугаартай гадаад паспортыг ашиглан хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, тус тус өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
1. Шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Одоо энэ хүсэлтээ дэмжиж байна, прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.
Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Турк Улс руу явахдаа Г.Б-ийн гадаад паспортыг ашигласан. Тэгээд тэндээ ажиллаж байхад манай ээжийн бие муудаж, яаралтай Монгол руу буцах болсон. Урьд Турк Улсад ажиллаж байгаад өөрийн гадаад паспортонд хар штамп даруулсан байсан юм. Дахин явах гэхэд явж чадахгүй байсан учир хуурамч бичиг баримт ашигласан. Одоо хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19020 0944 0001 дугаартай хэргээс:
1. Хилийн 0218 дугаар ангийн дэргэдэх Тагнуулын тасгаас ирүүлсэн Хилийн зөрчлийн материал /хэргийн 03-10х/,
2. Б.О, Г.Б- нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх хил нэвтрэлтийн лавлагаа баримт, ХХЕГ-ын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2-5а/12888 дугаартай албан тоот /хэргийн 16-17x/,
3. “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн ТК-342 дугаартай аяллын онгоцоор 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зорчин ирсэн зорчигчдын нэрсийн жагсаалт, Турк Эйрлайнс ХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн В.02.2.ТНҮ.0.71.01.19-68 дугаартай албан тоот /хэргийн 38-41х/,
4. Баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 42-47х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ийн гэрчээр өгсөн:
“...Би 2017 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах зорилгоор гадаад паспорт авч байсан. Гадуур ажил хөөцөлдөж явж байгаад 2017 оны 11 дүгээр сард Баянхошууны автобусанд өөрийнхөө цүнхийг алдаж, тухайн үед миний цүнхэнд байсан иргэний үнэмлэх, гадаад паспорт, суурь боловсролын гэрчилгээ, түрийвч зэрэг зүйлс байсан юм.
Би тухайн үед эд зүйлсээ алдсан талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. 19001950 дугаарын лавлахад алдсан гээсэн бичиг баримтаа зарлуулж, өөрийн иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээ хоёрыг олж авсан. Миний бичиг баримтыг олсон хүн миний иргэний үнэмлэхийн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 39-1 тоот хаягаар манай ээжид авчирч өгсөн байсан. Би тухайн үед Эрдэнэт аймагт ахынхаа хүүхдийг харж байсан юм. Дараагаар нь манай хүүхэд бага настай байсан, мөн өвөөгийн бие тааруу байсан болохоор гадаад явахаа больсон тул өөрийн гадаад паспортоо олж авах, эсхүл шинээр захиалах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Би ХХХХ серийн дугаартай гадаад паспортаар гадаад улс руу зорчиж байгаагүй. Би Батболдын Отгонбилэг гэх хүнийг танихгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-62/,
6. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5816 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн ХХХХ дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт дээрх ХХХХ-н гэх зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн ХХХХ регистрийн дугаартай Б.О-ийн гэх цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй тохирохгүй байна.
2. Шинжилгээний ирүүлсэн шинжилсэн ХХХХ дугаартай ХХХХ-н гэх Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт нь жинхэнэ байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн шинжилсэн ХХХХ дугаартай ХХХХ-н гэх Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортод ямар нэгэн засвар өөрчлөлт хийгдээгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 68-72х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Турк Улс руу явахдаа Г.Б-ийн гадаад паспортыг одоо Турк Улсад ажиллаж байгаа, тухайн үед ч мөн Турк Улсад ажиллаж байсан Заяа гэх найзаараа дамжуулж, фейсбүүкээр харилцаж байгаад 100 айлын орчимоос нэг хүнээс очиж авсан.
Авахдаа 100 ам долларыг паспорт авчирч өгсөн эмэгтэйд өгсөн. Уг паспортыг авахад 32 дахь нүүрэн дээр нь “хуурамч штамп” дарагдсан байсан. Би Монгол Улсын хилийг өөрийн гадаад паспортаар нэвтрэн гараад, Г.Б-ийн паспортаар Турк Улс руу орсон. Тэндээ 2 жил орчим ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монголд ирсэн. Миний бие өөрт холбогдох хэргийг хүлээн зөвшөөрч байна. Анх удаа хэрэгт холбогдож байгаа, эрхэлсэн ажилгүй, ээжийгээ сахиж байгаа зэрэг нөхцөл байдлыг минь харгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 79-81х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 85х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28х/, суурь боловсролын үнэмлэх /хэргийн 91х/, мэргэжлийн боловсролын үнэмлэх /хэргийн 92-94х/ баримт, шүүгдэгч Б.Оээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 103х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 103х/ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг танилцуулан, түүнд холбогдох эрүүгийн 19020 0944 0001 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Оийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн ТК-342 дугаартай аяллын онгоцоор зорчин ирэхдээ Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр буюу Г.Б ХХХХ дугаартай гадаад паспортыг ашиглан хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:
- Хилийн 0218 дугаар ангийн дэргэдэх Тагнуулын тасгаас ирүүлсэн Хилийн зөрчлийн материал /хэргийн 03-10х/,
- Б.О, Г.Б- нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх хил нэвтрэлтийн лавлагаа баримт, ХХЕГ-ын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2-5а/12888 дугаартай албан тоот /хэргийн 16-17x/,
- “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн ТК-342 дугаартай аяллын онгоцоор 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зорчин ирсэн зорчигчдын нэрсийн жагсаалт, Турк Эйрлайнс ХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн В.02.2.ТНҮ.0.71.01.19-68 дугаартай албан тоот /хэргийн 38-41х/,
- Баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 42-47х/,
- гэрч Г.Б-ийн: “...Би 2017 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах зорилгоор гадаад паспорт авч байсан. Гадуур ажил хөөцөлдөж явж байгаад 2017 оны 11 дүгээр сард Баянхошууны автобусанд өөрийнхөө цүнхийг алдаж, тухайн үед миний цүнхэнд байсан иргэний үнэмлэх, гадаад паспорт, суурь боловсролын гэрчилгээ, түрийвч зэрэг зүйлс байсан юм. Би тухайн үед эд зүйлсээ алдсан талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. 19001950 дугаарын лавлахад алдсан гээсэн бичиг баримтаа зарлуулж, өөрийн иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээ хоёрыг олж авсан. Миний бичиг баримтыг олсон хүн миний иргэний үнэмлэхийн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 39-1 тоот хаягаар манай ээжид авчирч өгсөн байсан. ...Би ... гадаад явахаа больсон учир гадаад паспортоо олж авах, эсхүл шинээр захиалах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Би ХХХХ серийн дугаартай гадаад паспортаар гадаад улс руу зорчиж байгаагүй. Би Батболдын Отгонбилэг гэх хүнийг танихгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-62/,
- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5816 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн ХХХХ дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт дээрх ХХХХ-н гэх зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн ХХХХ регистрийн дугаартай Б.О-ийн гэх цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй тохирохгүй байна.
2. Шинжилгээний ирүүлсэн шинжилсэн ХХХХ дугаартай ХХХХ-н гэх Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт нь жинхэнэ байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн шинжилсэн ХХХХ дугаартай ХХХХ-н гэх Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортод ямар нэгэн засвар өөрчлөлт хийгдээгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 68-72х/, болон шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож нотлогдсон байна.
“Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилан тогтоосон.
“Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн” үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын Олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан тул Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эрх бүхий байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр бусдын бичиг баримт буюу хуурамч баримт бичгээр Монгол улсын улсын хилээр орох, гарах үйлдэл нь Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт үйлдэл болно.
Үндэсний гадаад паспорт нь Монгол улсын төрийн өмч бөгөөд Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх, эрх олгосон баримт бичиг болох утгаар түүнийг зөвхөн тухайн бичиг баримтын эзэмшигч өөрөө ашиглах үүрэгтэй тул бусад этгээд өөр хүний бичиг баримт ашиглаж Монгол улсын хилээр орсон, гарсан үйлдэл нь хуурамч баримт бичиг ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт үйлдэл болох юм.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн ТК-342 дугаартай аяллын онгоцоор зорчин Монгол улсад ирэхдээ тус улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр буюу Г.Б ХХХХ дугаартай гадаад паспортыг “өөрийнх” гэж ашиглан хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиг баримтгүй, хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Хэргийн шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн ТК-342 дугаартай аяллын онгоцоор Монгол Улсын хилийг хууль бусаар буюу Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиг баримтгүй, хуурамч баримт бичгээр /Г.Б ХХХХ дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт ашиглан/ нэвтрэн орж ирсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Отгонбичлэгийг Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиг баримтгүй, хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 88х/ тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүх, шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.Б ХХХХ сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг зохих журмын дагуу устгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ын О-ийг “Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиг баримтгүй, хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрч" Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оийг 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.Б ХХХХ сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг зохих журмын дагуу устгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД