Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 0240

 

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар баг, 15-8 тоотод оршин суух, Уран овогт ******* /РД: МЛ--/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1991 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын захиргаанд хог зөөх тракторын жолоочоор ажилд орж 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл ажилласан юм. Одоо 60 нас хүрч тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон тушаал дээр тамга дарагдаагүй, ажлаас чөлөөлсөн тушаал дээр тухайн үеийн тамгыг дараагүй, сүүлд нөхөж тамга дарсан зөрчил илэрсэн бөгөөд ажилд орсон болон гарсан тушаалууд архиваас олдохгүй байна. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Д.Чулуунцэцэг,  Г.Уртнасан, Л.Цээсүрэн нар нь дээрх ажиллаж байсан байдлыг гэрчилж байгаа болно. Иймд миний биеийг Сэлэнгэ аймгийн Сант сумын захиргаанд 1991 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хог зөөх тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

   Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

         Нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

         Учир нь нэхэмжлэгч ******* нь 1991 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын захиргаанд хог зөөх тракторчноор ажиллаж байсан болох нь түүний 1984 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт  болон гэрч Д.Чулуунцэцэг,  Г.Уртнасан, Л.Цээсүрэн нарын мэдүүлгүүдээр  нотлогдож байна.

            Нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн дэвтэрт дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг үнэн зөвөөр бичиж тэмдэглэсэн боловч захиргааны журмаар тогтоох боломжгүй зөрчилтэй, тухайлбал,  ажилд авсан тушаал дээр тамга дараагүй, ажлаас халагдсан тушаал дээр сүүлд нөхөж тамга дарсан зөрчилтэй байх бөгөөд түүний ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хуулбар архивт хадгалагдаагүй болох нь Сэлэнгэ аймгийн төрийн архивын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №415 дугаар магадлагаагаар тогтоогдож байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар түүний 1991 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын захиргаанд хог зөөх тракторчноор ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох нь зүйтэй бөгөөд ажиллаж эхэлсэн болон дууссан хугацааг  хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтэнд бичигдсэн хугацаагаар тооцож тогтоосон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон             

ТОГТООХ нь:

         1. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Уран овогт *******ыг 1991 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын захиргаанд хог зөөх тракторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.МӨНХБАЯР