Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 057

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт О-ын Т-д холбогдох эрүүгийн 19100 0652 0871 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, шүүгдэгч О.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, АПУ ХХК-д брендийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт О-ын Т- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч О.Т нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү-2222” хорооллын гадна байсан 01-22 УНП улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн автомашин дотор Ц.Чг “эгчийн мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч О.Тас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны орой Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хүннү-2222 хорооллын орчим явж байхад хохирогч Ч-тай санаандгүй тааралдсан. Тэгээд би “бидний мөнгийг ямар байдлаар шийдэж байна вэ, хэзээ өгөх вэ” гэхэд “би шийдэх гэж байгаа” гэж худал яриад байхаар нь би бухимдаад “чи хүний 20.0 сая төгрөгийг өгөхгүй хохироогоод яваад байна, манай гэр бүл харин ч цагдаад хандахгүй хүлээцтэй хандаж байгаа биз дээ” гэхэд миний үгийг үл тоосон. Тэгэхээр нь би гар утсыг нь булааж аваад, мөнгөө өгөөд аваарай гэх гэсэн боловч авч чадаагүй. Дараагаар нь машинаас нь гарахдаа уурандаа машины толийг нь өшиглөж хагалсан нь үнэн.

Би хүнийг цохиж зодоод, гэмтэл учруулаад явах хүн биш. Ч- өөрөө өөртөө гэмтэл учруулсан уу, би мэдэхгүй байна. Намайг яллаж байгаа гэмт хэргийг би үйлдээгүй тул санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Ч- нь мэдүүлэгтээ шанаадаж, үсдсэн, мөргүүлсэн гэсэн байсан, үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй, худлаа ярьсан байна. Миний хувьд түүний гар утсыг нь булааж авах гэж байгаад бугалганд нь хүрсэн болохоор энэ гэмтлийг учруулсан байх магадлалтай, өөрөөр гэмтэл бэртэл учруулаагүй.  

Манай эгч одоо нялх хүүхэдтэй болохоор зохих журмын дагуу мөнгөө нэхэж чадахгүй байгаа. Би Ч-д “утсаа өгөөдөх” гэхэд “өгөхгүй” гээд гарнаас нь татсан байгаа. Би уурандаа машины толийг өшиглөсөн нь үнэн, миний буруу. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Хохирогч Ч-, бид хоёр төрөл садангийн холбоотой, Ч- нь манай ээжийн төрсөн дүүгийнх нь охин байгаа юм.

Надад бусдын өмнөөс шаардлага тавьж, мөнгө төгрөг нэхэмжлэх эрх байгаа эсэх тал дээр тайлбар хэлэхэд Ч-гийн манай эгчээс зээлж авсан мөнгөн дүнд миний сургалтын төлбөр байсан юм. Тэгээд Ч-д хандаж “би чамаас болж сургуульдаа явж чадахгүй байна, өндөр төлбөртэй сургуульд сурдаг учир мөнгөө төлж чадахгүй, төгсөж чадахгүй байгаа” гэж хэлсэн. Би хохирогчийн эвдэрсэн толины мөнгийг нь төлөх бодолгүй байгаа, тэр мөнгийг зээлж авсан мөнгөнөөс суутгаж аваарай гэж Ч-д хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0652 0871 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Чгийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан” салоноос гараад машин руугаа /зогсоолд байгаа/ очоод суухад Т гэх залуу миний машины хажууд ирээд зогссон. Тухайн үед би машиныхаа цонхыг онгойлгоод харахад Т миний машины урд суудал дээр суусан. Тэгээд намайг “эгчийн маань мөнгийг өг” гэж хэлээд хэсэг ярилцсан ба би “асуудал арай шийдэгдээгүй байгаа учир хүлээчих” гэсэн чинь Т “чам шиг юмыг хүлээх нь бид нар биш” гээд намайг шанаадаж үсдэж, машины руль мөргүүлсэн.

Миний утас машинтайгаа холбогдсон байсан бөгөөд би шууд цагдаа руу залгахад Т миний утсыг авах гэж нилээн ноцолдсон. Би дахин цагдаад дуудлага өгөх гэж залгахад надтай зууралдсаар байсан. Тэгсэнээ Т машинаас бууж яг миний хажууд ирж зогсохоор нь би машиныхаа хаалгыг дотроос нь түгжсэн. Тухайн үед би машиндаа сууж байсан юм. Би хаалгаа онгойлгохгүй байхад Т машины маань гэрлийг цохиж эвдлээд “чамайг ална даа” гэж хэлээд яваад өгсөн. Би “түр хүлээчих” гэж хэлснээс болж намайг хэл амаар доромжилж “чам шиг юмыг би хүлээхгүй” гэж хэлээд цохисон. Т бид хоёр үеэлүүд байгаа юм. Т бид хоёрын хооронд ямар ч мөнгөний асуудал байхгүй боловч намайг зодсон. Тухайн үед машинд бид хоёр байсан.

Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, санал хүсэлт байхгүй. Уг дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Т миний биед учруулсан. Намайг үсдэж, машины руль мөргүүлсэн ба шанаа хэсэгт хоёр удаа цохисон, мөн зүүн гар руу хоёр удаа цохисон. Ингэхдээ гараараа цохиод байсан. ...Би гомдолтой байна, тухайн үед гарсан эмчилгээний зардал болон автомашины баруун толины мөнгийг нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-29х/,

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Номингийн гэрчээр өгсөн:

“...Би Т, Ч- нарыг уулзаж байхыг мэдээгүй бөгөөд уулзаад ирснийг нь Ч-гаас сонссон. Би өөрийнхөө 11.000 ам долларыг 2016 онд өөрийн танил Даариймаад зээлүүлж, цаг тухай бүрд нь мөнгөнийхөө хүүг нь авч байсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сард Даариймаад зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл мөнгийг Ч-гаар дамжуулж авсан. Тэгээд авсан мөнгөнөөс 4.500 ам долларыг Ч-д үлдээсэн юм. Тэгээд төрсөн дүү О.Т тухайн үед Герман Улсад сурч байсан болохоор сургалтын төлбөр болох 5.000 доллар шилжүүлж байсан.

2017 оны 7 дугаар сарын үед Ч- над руу залгаад “Даариймаа эгч залгаад дахин мөнгө зээлдүүлээч гэж байна, надаа байгаа 4.500 ам долларыг зээлдүүлэх юм уу. Нэмж мөнгө хэрэгтэй гэж байна, чамд мөнгө байна уу” гэхээр нь “надад 3.000 ам доллар байна” гэж хэлээд эгчийн хүүхэд болох Анартай утсаар яриад “гэрт байгаа 3.000 ам долларыг Ч-д аваачаад өгчих” гээд Ч-д өгсөн. Би Ч- руу яриад “8 дугаар сарын эхний хүүгээ яасан бэ” гэхэд “Даариймаа эгч дараа сард өгье гэсэн” гэж явсаар байгаад 2018 оны цагаан сарын дараа Даариймаа эгч надад өгөх ёстой мөнгийг Ч-д өгсөн байсныг мэдсэн юм.

3 сарын үед дүү би Ттай хамт Ч- дээр очиж уулзаад “Даариймаа эгч чамд өгсөн гэж байна, чи яагаад надад худлаа яриад байгаа юм бэ” гэхэд Ч- “би чамд  удаахгүй өгнө” гэж хоорондоо ярилцсан ба Ч- “би өөрийн унаж байгаа машинаа зараад, мөнгийг чинь өгнө” гэх мэтээр ярьж байсан. Би Ч-г “унаж байгаа машинаа миний нэр дээр шилжүүлж өг” гэхэд “чи бид хоёрын дунд мөнгө авсан, өгсөн гэсэн баримт байхгүй” гэх мэтээр яриад байсан.

Тэгээд тэр өдрөөс хойш уулзахгүй байж байгаад 2019 оны 02 дугаар сарын 23-ны орой Ч- өөрийнхөө гар утаснаас над руу залгаад “Т надтай Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү хороололд таарсан чинь миний эгчээс авсан мөнгө юу болсон бэ гэх мэтээр дайраад надад гар хүрч, машины толийг эвдэлсэн” гэхээр нь би “уучларай, ёстой мэдэхгүй байна” гэж хэлсэн. Ч- “танай дүү Таг чинь цагдаад өгнө” гэхээр нь “надад хамаагүй, та нар өөрсдөө учраа ол” гэж хэлсэн юм.

Ч- бол манай ээжийн дүүгийн охин, бид хоёр үеэлүүд, хамаатан садангууд байгаа юм. Ч-д итгээд гэрээ хэлэлцээр байгуулаагүй, надад зээлдүүлсэн мөнгөний хүүг өгч байсан үед би итгэж байсан. Т “гадуур явж байгаад Хүннү-2222 хороололд Ч-тай таарахаар нь таны мөнгийг асуусан” гэж хэлсэн. Би тэр үед 4 сартай нялх хүүхэдтэй байсан болохоор миний санааг зовно гэж бодоод өөр юм яриагүй, би “хэрэггүй зүйл дээр очоод хэл аманд орох юм” гэж хэлж байсан. Ч- зээлж авсан 7.500 ам доллараа надад өгөөгүй, би авах ёстой байгаа. Тэр үед би Ч-гийн нөхөртэй утсаар ярихад “чи Ч-гийн унаж байгаа машиныг авахгүй бол чамд өөр арга байхгүй” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Энхтуяагийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны 20:00 цагийн үед би өөрийн гэр болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 68 дугаар байрны 45 тоот гэртээ байж байхад манай охин Ч- утсаар залгаад байсан ба би утсаа аваад “байна уу” гэхээр дуу гарахгүй утас нь тасраад байсан юм. Би “байна уу” гээд олон удаа дуугарсан боловч ямар нэгэн хариу хэлэхгүй, цаана хэрүүл маргаан болоод байсан. Би дахин нэг удаа Ч-гийн утас руу залгахад “манай хамаатны Т намайг машин дотор зодоод байна” гэж хэлсэн.

Би “юунаас болоод байгаа юм” гэхэд утас нь тасраад байхаар нь би “наанаа байж байгаарай, аавыг чинь явууллаа шүү” гээд утсаа тасалсан. Тэгээд манай нөхөр охин дээрээ очиход Т явсан байсан гэсэн, тэгээд Цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл бичиж өгсөн. Миний мэдсэнээр Ч- Тулгын эгч Номингоос мөнгө авсанаас болж маргаан үүссэн гэсэн.

Тэгэхэд Т очоод “эгчийн мөнгө өг” гэж зодсон байсан. Ч-гийн гар нь хөхөрч, нүүрэн хэсгээр нь хэсэг газар хөхөрсөн байх шиг байсан. Би хүүхэд унтуулах гээд сайн хараагүй. Т мөнгөө нэхэж Ч-тай утсаар хэрүүл маргаан хийдэг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2748 дугаартай:

1. Ц.Чгийн биед тархи доргилт, бугалга, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 48х/,

 

5. Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцбад өгсөн:

“...2019 оны 02 сарын 24-ны өдөр би дүгнэлт гаргахдаа хохирогч Ц.Чгийн биед өөрөө үзлэг хийсэн. Тархи лоргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлтэд тусгагдсан тархи доргилт, бугалга, эрүүнд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд ба учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63х/,

 

6. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 5 сарын 28-ны өдрийн 605 дугаартай:

“...01-22 УНП улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины тольны засварын үйлчилгээний шууд болон шууд бус зардлын үнэ 270.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 58-59х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Тулгын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би 2014-2017 оны хооронд ХБНГУ-д сурч байсан. Тэр үед манай эгч Номин хамаатны дүү Ч-д хүүтэй мөнгө зээлж байгаа гэдгийг би мэдсэн юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сард сургуулийн амралт болоод би Монголд ирэхэд “Ц.Чд зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа” гэдгийг мэдээд, би буцаад сургууль руугаа явж чадаагүй. Тэгээд эгч Ч-гаас мөнгө авах талаар олон удаа хэлэхэд худлаа яриад яваад байсан. Тэгэхээр нь би Ч-гийн утас руу залгаад “мөнгө яасан бэ, би сургууль руугаа явмаар байна. Наад мөнгө чинь миний сургалтын төлбөр байсан шүү дээ” гэж олон хэлсэн боловч Ч- худлаа хэлж хойшлуусаар байсан. Тэгээд хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн автомашинтай Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү-2222” хороололын хажуугаар явж байхад Ч-гийн машин болох 01-22 УНП улсын дугаартай хар машин зогсож байхаар нь би машин дээр нь очиход хүн байхгүй байсан. Би цаашаагаа явах гэж байхад Ч- машин дээрээ ирэхээр нь би “мөнгөө авья” гэхэд “өгнө” гэж хэлээд машиндаа суугаад, “машинд суучих, хоёулаа ярилцъя” гэхээр нь би “за” гээд машинд суусан. Би Ч-д хандаж “чамаас мөнгө авмаар байна, би сургуульдаа явмаар байна. Сургуулийн төлбөр нэхэгдээд байна” гээд хэлэхэд Ч- “би нөхөртэйгээ маргаантай байгаа, бид хоёр шүүхээр асуудлаа шийдүүлэх гээд явж байгаа” гэхээр нь би уурлаад утсыг нь авах гэтэл Ч- гар утсаа өгөхгүй бид хоёр зууралдсан. Тэр үед би гарны бугалга хэсгээр нь хэд хэд барьсан, мөн би уурандаа машинаас нь буугаад машины баруун толийг өшиглөж хугалаад, өөрийнхөө машинд суугаад гэр лүүгээ явсан. Мөнгөний асуудал гарахаас өмнө бид их ойр дотно байсан, нэг нэгнийхээ гэрээр байнга орж гардаг байсан. Намайг Герман Улсад сурч байхад “мөнгө зээлсэн” гэж сонсогдож байсан. Ч-гаас “мөнгөө авъя” гэж олон удаа хэлэхэд дандаа худлаа ярьж цаг хугацаа хожоод яваад байсан юм.

Манай эгч Номин Ч-д мөнгө зээлсэн, дээр нь нялх хүүхэдтэй учраас Ч-гийн араас яваад байдаггүй. Хэрэг гардаг өдөр би санаандгүй Ч-тай тааралдаад маргалдаж гэмтэл учруулсан. Тэгээд Ч-гийн утсыг аваад “мөнгө өгөөд утсаа аваарай” гэж хэлэх гээд гар утсыг нь авах гэж ноцолдож байгаад биед нь гэмтэл учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 80-81х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.Батсайхан /хэргийн 83х/, гэрч С.Энхбуян /хэргийн 86х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 88х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 95х, 112х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 111х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Тулгын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Т нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү-2222” хорооллын гадна байсан 01-22 УНП улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн автомашин дотор Ц.Чг “эгчийн мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүр, гаран тус газар цохиж, биед нь “тархи доргилт, бугалга, эрүүнд цус хуралт” гэмтэл  бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогч Ц.Чгийн эзэмшлийн 01-22 УНП улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины толийг өшиглөн хагалж, эд хөрөнгөнд нь 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Ц.Чгийн мэдүүлэг /хэргийн 26-29х/, гэрч О.Номин /хэргийн 41-42х/, гэрч С.Энхтуяа /хэргийн 43-44х/ нарын мэдүүлэг болон “...Ц.Чгийн биед тархи доргилт, бугалга, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ, уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2748 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 48х/, шинжээч эмч Н.Туяагийн: “...2019 оны 02 сарын 24-ны өдөр би дүгнэлт гаргахдаа хохирогч Ц.Чгийн биед өөрөө үзлэг хийсэн. Тархи лоргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлтэд тусгагдсан тархи доргилт, бугалга, эрүүнд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд ба учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63х/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 5 сарын 28-ны өдрийн 605 дугаартай: “...01-22 УНП улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины тольны засварын үйлчилгээний шууд болон шууд бус зардлын үнэ 270.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 58-59х/, шүүгдэгч О.Тулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн /хэргийн 80-81х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Ц.Чгийн биед учирсан “тархи доргилт, бугалга, эрүүнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.Т нь түүнтэй маргалдан  зууралдах явцад цохисон үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хэргийн хохирогч Ц.Ч, шүүгдэгч, шүүгдэгчийн эгч О.Номин нарын хооронд зээл, тооцооны үүрэгтэй холбоотой маргаантай асуудал байгаа гэх ба уг асуудлын тухайд хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол, нэхэмжлэлээ гарган эрх бүхий байгууллагад хандаж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй атал шүүгдэгч нь  энэхүү нөхцөл байдлыг далимдуулан маргаан үүсгэж, улмаар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хүч хэрэглэн халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогдох юм.    

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.1 дүгээр зүйлий 2 дэх хэсэгт хуульчилж тогтоосон. 

 

Шүүгдэгч О.Т нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү-2222” хорооллын гадна байсан 01-22 УНП улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн автомашин дотор Ц.Чтай “эгчийн мөнгө өгсөнгүй” гэх тодорхой шалтгааны улмаас маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг цохиж зодон биед нь “тархи доргилт, бугалга, эрүүнд цус хуралт” гэмтэл  бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч О.Тулгын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны орой Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хүннү-2222 хорооллын орчим явж байхад хохирогч Ц.Чтай санаандгүй тааралдсан ба ...“бидний мөнгийг ямар байдлаар шийдэж байна вэ, хэзээ өгөх вэ” гэхэд “би шийдэх гэж байгаа” гэж худал яриад байхаар нь би бухимдаад “чи хүний 20.0 сая төгрөгийг өгөхгүй хохироогоод яваад байна, манай гэр бүл харин ч цагдаад хандахгүй хүлээцтэй хандаж байгаа биз дээ” гэхэд миний үгийг үл тоосон. Тэгэхээр нь би гар утсыг нь булааж аваад, мөнгөө өгөөд аваарай гэх гэсэн боловч авч чадаагүй. Дараагаар нь машинаас нь гарахдаа уурандаа машины толийг нь өшиглөж хагалсан нь үнэн. ...Би хүнийг цохиж зодоод, гэмтэл учруулаад явах хүн биш. Ц.Ч өөрөө өөртөө гэмтэл учруулсан уу, би мэдэхгүй байна. Намайг яллаж байгаа гэмт хэргийг би үйлдээгүй тул санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би хохирогчийн эвдэрсэн толины мөнгийг нь төлөх бодолгүй байгаа, тэр мөнгийг зээлж авсан мөнгөнөөс суутгаж аваарай гэж хохирогчид хэлсэн.” хэмээн мэдүүлж, хэргийн үйл баримт, гэм бурууд маргаж мэтгэлцсэн хэдий ч хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч Ц.Ч, гэрч О.Номин, С.Энхтуяа нарын мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт баримтуудыг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн хохирогч болон шүүгдэгч нарын хооронд зээл, тооцооны үүрэгтэй холбоотой маргаантай асуудал байгаа гэх нөхцөл байдал нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болохоос тухайн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм. 

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч О.Тулгыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ц.Чгийн биед учирсан “тархи доргилт, бугалга, эрүүнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ, оношилгоо, сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Хэргийн хохирогч Ц.Ч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн  нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй бөгөөд автомашины эвдэрсэн толины үнэ 270.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь “...хохирогчийн эвдэрсэн толины мөнгийг нь төлөх бодолгүй байгаа, тэр мөнгийг зээлж авсан мөнгөнөөс суутгаж аваарай гэж Ч-д хэлсэн” гэх үндэслэлээр нөхөн төлөөгүй, татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Гэмт хэрэг гарсан тухайн өдөр, цаг хугацаанд шүүгдэгч О.Т нь хохирогч Ц.Чгийн эзэмшлийн 01-22 УНП улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины толийг өшиглөн хагалж, эд хөрөнгөнд нь 270.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон ба хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж болох хохирлын /бага хэмжээнээс дээш/ хэмжээнд хүрээгүй тул тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 заалт, 8.5 дугаар зүйлд тус тус заасан журмын дагуу хохирогч Ц.Ч нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гомдлын шаардлага, иргэний нэхэмжлэлийг гэм буруутай этгээдэд холбогдуулан гаргах эрхтэй.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилан зохицуулсан.

 

Иймд автомашины эвдэрсэн толины үнэ 270.000 төгрөгийг шүүгдэгч О.Тас гаргуулж хохирогч Ц.Чд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба энэ нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцнэ гэж үзлээ. 

  

Шүүгдэгч О.Т нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хэргийн 88х/ байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

    

Шүүх, шүүгдэгч О.Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт О.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Хөхөө овогт Очирбатын Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тд  550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд О.Тас 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 54-2 тоотод оршин суух, /РД:УП89121921/, Урианхай овогт Цогтсайханы Ч-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт О.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД