| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0066/Э |
| Дугаар | 058 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 058
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ийн Б-өд холбогдох эрүүгийн 19100 2391 0870 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, хохирогч Д.З, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын даамал мэргэжилтэй, “Өгөөдэй Ази” ХХК-д барилгын даамал ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ийн Б- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн автобусны буудал дээр автобусыг жолоодож явсан иргэн Д.Зыг “машин шүргэх шахлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би өөрийн гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 9 сарын 22-ны өдөр гэрлэн дохион дээр таньдаг хүнтэйгээ таараад, мэндлээд түр зогссон байсан. Тэгэхэд автобусны жолооч яараад миний хажуугаар машиныг минь шүргэх шахаж өнгөрөхөөр нь миний уур хүрээд хохирогчийг цохисон нь үнэн. Одоо хохирогчоос уучлалт гуйж байна, миний буруугаас ийм асуудал боллоо. Хийсэн хэрэгтээ харамсаж байна.
Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан ба өөрөө тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Би хохирогчийг 2-3 удаа гараараа цохиж, 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Яг одоо хохирогчийн хаана цохисноо бол санахгүй байна. Миний үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл хохирогчид учирсан байх. Би боломжоороо хохирол төлбөрийг төлөх гэсэн боловч чадаагүй. Цаашид хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Д.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 09 сарын 22-ны өдөр би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт автобус жолоодож явч байсан. Тэгээд гэрлэн дохион дээр С.Б машинтайгаа зогссон байхаар нь би саадыг тойроод, гэрлэн дохиогоор гараад, баруун талаараа тойроод зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүү буюу автобусны буудал руу орох хооронд С.Б миний араас орж ирээд, огцом тоормослож зогссон. Тэгээд машинаасаа бууж жолоочийн тээврийн хэрэгслийн хаалгаар орж ирээд намайг цохиж, өшиглөсөн. Тэгэхэд араас нь найз нь орж ирээд салгасан. С.Б болон найз нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.
Ингээд С.Б өөрийн машиндаа суугаад яваад өгсөн ба араас нь дагаж орж ирээд салгасан залуу нь зугтаачихсан. Би бичлэг хийсэн байгаа. Удалгүй цагдаа нар ирээд найзынх нь машиныг ачаад аваад явсан.
Тухайн өдрийн орой нь би Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн ба гарын шууны хэсгээр гэмтэлтэй байсан. Дараагаар нь компьютер томографын зураг авахуулсан. Одоо эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Хэрэг болсоноос хойш 3-4 сарын хугацаа өнгөрсөн, хохирлоо барагдуулмаар байна.
Би тухайн үед толгой тархи өвдөөд явж чадахгүй байсан болохоор найзууддаа бензин шатахуун хийж өгөөд явсан. Үүний мөнгийг хэрэгт хавсаргасан байгаа. Би 14 хоногийн хугацаанд акттай байсан. Миний сарын 1.100.000 төгрөг байгаа, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлдөг. Цалингийн зөрүүг бол аваагүй, авах гэж өгсөн боловч листний хугацаа өнгөрсөн гэж бодож өгөөгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2391 0870 дугаартай хэргээс:
1. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон автобусны хяналтын камерийн бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 09х, 10-14х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Зын хохирогчоор өгсөн:
“...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг 50 минутын үед 12-36 УНУ улсын дугаартай автобусаар хүн тээвэрлэж яваад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрлэн дохион дээр зогсоход урд талд явж байсан ххххулсын дугаартай цагаан өнгийн Кроун маркийн автомашин явахгүй зогсоод байхаар нь хоёрдугаар эгнээнд орж, тухайн автомашиныг тойрч гараад явж байхад нөгөө машин миний хажуу талаар гүйцэж түрүүлээд урд хааж зогссон. Тэгсэнээ жолооч нь бууж автобусанд орж ирээд миний шанаа руу гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед араас нь орж ирсэн залуу салгаж аваад автобуснаас гарахад Кроун маркийн автомашины жолооч нь машиндаа суугаад яваад өгсөн.
Харин тэр жолоочийг салгасан залуу хххх улсын дугаартай саарал өнгийн Волксваген тоурег маркийн автомашинаа нэгдүгээр эгнээнд цоожлоод зугтаагаад явчихаар нь би Цагдаагийн байгууллагад хандсан. Намайг зодсон болон салгасан хоёр залуу хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний биед ил харагдах гэмтэл байхгүй, харин цохиулснаас болж зүүн гарын шууны хэсэг хөндүүрлэж хөдөлгөж болохгүй байна. Мөн зүүн чих, шанаа орчим хөндүүрлэж өвдөж байна. Энэ хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-21х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Отгонбаатарын гэрчээр өгсөн:
“...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны гэрлэн дохио орчимд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байхад хажуу эгнээнд манай найз болох С.Б мөн машинтайгаа зогсож байсан. Бид хоёр мэндлээд зогсож байтал ногоон гэрэл асаж бид хоёр “Номингийн тэнд очиж тухтай уулзъя” гээд хөдөлтөл Б-ийг нэг автобус шүргэх шахаж хажуугаар нь зөрөөд гарсан. Тэр үед Б- уг автобусны урд гарж зогсоод, машинаасаа буун тухайн автобус руу орсон. Би араас нь ороход Б- тухайн автобусны жолоочийг нэг удаа цохиж байсан. Би “хөөе, чи юу болж байна вэ” гээд Б-ийг салган тухайн автобуснаас буулгаад, уг жолооч залууд “чи өөрөө эхэлж шахлаа шүү дээ” гэж хэлээд Б-ийн араас буухад Б- машиндаа суугаад явсан байсан.
Замын хөдөлгөөнд оролцож байхдаа тухайн автобусны жолооч Б-ийн машиныг шахаж шүргэх шахам хажуугаар гарсаны улмаас ийм явдал болсон гэж бодож байна. Яг хэдэн удаа цохисоныг бол харж амжаагүй, намайг араас нь тухайн автобусанд ороход нэг удаа цохиж байсан. Би тэр хоёрыг салгаж, Б-ийг уг автобуснаас буулгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Авто терминал трейд” ХХК-ийг төлөөлж тус компанийн санхүүч ажилтай Р.Сансармаагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...Манай смарт карт уншдаг төхөөрөмжийн суурь хугарч, антень нь гэмтсэн. Уг төхөөрөмжийн засвар үйлчилгээнд буюу антень солиход 23.000 төгрөг, суурийг нь солиход 27.000 төгрөг, нийт уг төхөөрөмжийн засварт 50.000 төгрөг зарцуулсан. Уг төхөөрөмжийг “Улаанбаатар смарт карт” ХХК-аар солиулж засуулсан ба манай аж ахуйн засварчид өөрсдөө засварлаж тавьсан байгаа. Ажилтан Д.З нь мөн 14 хоногийн хугацаагаар акттай байсан. Манай компанид сард 1.100.000 төгрөгийн цалинтай, жолооч ажилтай хүн байгаа юм. Өдөрт 8 цаг ажиллах үүрэгтэй бөгөөд 14 хоногийн 10 өдөр буюу 80 цаг ажиллах ёстой, нэг цагийн ажлын хөлс нь 6.250 төгрөг буюу 80 цаг нь 500.000 төгрөгийн цалин хөлс болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 сарын 30-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 11886 тоот актын:
1. Д.Зын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 32х/,
6. Хохирогч Д.Зын эмчилгээний зардал, хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 37-42х, 44-46х, 68х /,
7. Иргэний нэхэмжлэгч “Авто терминал трейд” ХХК-ийн эд хөрөнгийн хохирол учирсны төлбөрт 160.136 төгрөг нэхэмжилсэн тухай 2019 оны 9 сарын 30-ны өдрийн 5/14 дугаар албан тоот, техникийн сэлбэгийн акт бичиг, Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ, Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ /хэргийн 67х, 72х, 73-80х/
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Бийн яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татаж, ял сонсгож байгаа Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Уг хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Хохирлыг аль болох түргэн шуурхай барагдуулах болно. Намайг замын хөдөлгөөнд оролцож байхад уг автобус миний машиныг шахаж шүргэх шахсанаас болж маргалдаж, улмаар цохиж, өшиглөсөн юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 56х/, “Өгөөдэй-Ази” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 58х/, гэрч С.Ичинхорлоогийн мэдүүлэг /хэргийн 60х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 61х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 62х/ баримт зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Бөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хан-Уул дүүргийн Соёлын төвийн автобусны буудал дээр 12-36 УНУ улсын дугаартай автобусыг жолоодож явсан иргэн Д.Зыг “машин шүргэх шахаж хажуугаар өнгөрлөө” гэх шалтгааны улмаас хөдөлгөөн хааж зогсон, улмаар маргалдан, хохирогч Д.Зын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн уг маргааны явцад хохирогчийн жолоодон явсан 12-36 УНУ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэлд суурьлуулсан “Авто терминал трейд” ХХК-ийн смарт карт уншдаг төхөөрөмжийн суурь, антень зэргийг эвдэж тус компанийн эд хөрөнгөд 160.136 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон автобусны хяналтын камерийн бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 09х, 10-14х/,
- хохирогч Д.Зын: “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг 50 минутын үед 12-36 УНУ улсын дугаартай автобусаар хүн тээвэрлэж яваад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрлэн дохион дээр зогсоход урд талд явж байсан ххххулсын дугаартай цагаан өнгийн Кроун маркийн автомашин явахгүй зогсоод байхаар нь хоёрдугаар эгнээнд орж, тухайн автомашиныг тойрч гараад, явж байхад нөгөө машин миний хажуу талаар гүйцэж түрүүлээд урд хааж зогссон. Тэгсэнээ жолооч нь бууж автобусанд орж ирээд миний шанаа руу гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед араас нь орж ирсэн залуу салгаж аваад автобуснаас гарахад Кроун маркийн автомашины жолооч нь машиндаа суугаад яваад өгсөн. Харин тэр жолоочийг салгасан залуу хххх улсын дугаартай саарал өнгийн Волксваген тоурег маркийн автомашинаа нэгдүгээр эгнээнд цоожлоод зугтаагаад явчихаар нь би Цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний биед ил харагдах гэмтэл байхгүй, харин цохиулснаас болж зүүн гарын шууны хэсэг хөндүүрлэж хөдөлгөж болохгүй байна. Мөн зүүн чих, шанаа орчим хөндүүрлэж өвдөж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-21х/,
- “...Д.Зын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2019 оны 9 сарын 30-ны өдрийн шинжээчийн 11886 тоот дүгнэлт /хэргийн 32х/,
- гэрч Д.Отгонбаатарын: “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны гэрлэн дохио орчимд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байхад хажуу эгнээнд манай найз болох С.Б мөн машинтайгаа зогсож байсан. Бид хоёр мэндлээд зогсож байтал ногоон гэрэл асаж бид хоёр “Номингийн тэнд очиж тухтай уулзъя” гээд хөдөлтөл Б-ийг нэг автобус шүргэх шахаж хажуугаар нь зөрөөд гарсан.
Тэр үед Б- уг автобусны урд гарж зогсоод машинаасаа буун тухайн автобус руу орсон. Би араас нь ороход Б- тухайн автобусны жолоочийг нэг удаа цохиж байсан. Би “хөөе, чи юу болж байна вэ” гээд Б-ийг салган тухайн автобуснаас буулгаад, уг жолооч залууд “чи өөрөө эхэлж шахлаа шүү дээ” гэж хэлээд Б-ийн араас буухад Б- машиндаа суугаад явсан байсан. Замын хөдөлгөөнд оролцож байхдаа тухайн автобусны жолооч Б-ийн машиныг шахаж шүргэх шахам хажуугаар гарсаны улмаас ийм явдал болсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,
- иргэний нэхэмжлэгч “Авто терминал трейд” ХХК-ийн төлөөлөгч Р.Сансармаагийн: “...Манай смарт карт уншдаг төхөөрөмжийн суурь хугарч, антен нь гэмтсэн. Уг төхөөрөмжийн засвар үйлчилгээнд буюу антен солиход 23.000 төгрөг, суурь солиход 27.000 төгрөг, нийт уг төхөөрөмжийн засварт 50.000 төгрөг зарцуулсан. Уг төхөөрөмжийг “Улаанбаатар смарт карт” ХХК-аар солиулж засуулсан. Манай аж ахуйн засварчид өөрсдөө засварлаж тавьсан байгаа. Ажилтан Д.З нь мөн 14 хоногийн хугацаагаар акттай байсан. Манай компанид сард 1.100.000 төгрөгийн цалинтай, жолооч ажилтай байгаа юм. Өдөрт 8 цаг ажиллах үүрэгтэй бөгөөд 14 хоногийн 10 өдөр буюу 80 цаг ажиллах ёстой, нэг цагийн ажлын хөлс нь 6.250 төгрөг буюу 80 цаг нь 500.000 төгрөгийн цалин хөлс болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,
- хохирогч Д.Зын эмчилгээний зардал, хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 37-42х, 44-46х, 68х /,
- “Авто терминал трейд” ХХК-ийн эд хөрөнгийн хохирол учирсны төлбөрт 160.136 төгрөг нэхэмжилсэн тухай 2019 оны 9 сарын 30-ны өдрийн 5/14 дугаар албан тоот, техникийн сэлбэгийн акт бичиг /хэргийн 67х, 72х/, Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ, Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ /хэргийн 73-80х/ болон шүүгдэгч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 54-55х/ нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч Д.Зын биед учирсан ““тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч С.Б нь түүнийг автобус жолоодон хөдөлгөөнд оролцохдоо “машин шүргэх шахаж хажуугаар өнгөрлөө” гэх шалтгааны улмаас хөдөлгөөн хааж зогсон, улмаар маргалдах явцаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас үүссэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна
“Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлий 2 дэх хэсэгт хуульчилж тогтоосон.
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хан-Уул дүүргийн Соёлын төвийн автобусны буудал дээр 12-36 УНУ улсын дугаартай автобусыг жолоодож явсан иргэн Д.Зыг “машин шүргэх шахаж хажуугаар өнгөрлөө” гэх шалтгааны улмаас хөдөлгөөн хааж зогсон, улмаар маргалдан, Д.Зын нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч С.Бийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.
Хэргийн шүүгдэгч С.Б нь хохирогч Д.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.
Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй шүүх дүгнэж шийдвэрлэв.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Д.Зын биед учирсан “...тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Д.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээ үйлчилгээний зардалд 433.890 төгрөг, тээвэр унааны зардалд 128.290 төгрөг, өвчтэй байсан 14 хоногийн хугацааны цалин 468.000 төгрөг, нийт 1.030.180 төгрөг нэхэмжилсэн шаардлага гаргасан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах” мөн “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэсэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хохирогчийн дээрх нэхэмжлэлээс гэмт хэргийн хор уршигт тооцон хохирогч Б.Загиржавын оношилгоо, эмчилгээ, эм тарианы зардлын баримтаар нотлогдсон /хэргийн 37-39х/ хэмжээнд 402.390 төгрөгийг хангаж шийдвэрлэн, нэхэмжлэлээс үлдсэн тооцооллын зөрүүтэй холбоотой 31.500 төгрөгийг /433.890-402.390=31.500/ хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хохирогчоос гаргасан хэргийн 40-41 дүгээр талд авагдсан авагдсан баримт бүхий 128.290 төгрөгийн шатахуун тээврийн хөлс гэх шаардлагын тухайд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсантай хэрхэн ямар хамааралтай болон хэн ямар зорилгоор худалдан авсан эсэх нь тодорхойгүй учир шүүх дээрх зардлыг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг гэж дүгнэн шийдвэрлэх боломжгүй дүгнэн хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн хэргийн хохирогч Д.З нь “Авто терминал трейд” ХХК-д жолооч ажилтай, гэмт хэрэг гарсан 2019 оны 9 сарын 22-ны өдөр ажил үүргийн дагуу тус компанийн 12-36 УНУ улсын дугаартай автобус жолоодон шугам замд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байсан ба тэрээр 2019 оны 10 сарын 04-нөөс 2019 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй хэмээн мэдүүлж ажилгүй байсан хугацааны цалинд 468.000 төгрөгийг гэм буруутай этгээд С.Бөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн шаардлагыг шүүх эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Хохирогчоос хэргийн 44 талд гаргаж өгсөн эмнэлгийн магадлагаа баримт нь бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардага хангаагүй, уг магадлагаа баримт дахь ажил олгогчийн тодорхойлолт хэсэгт зохих журмын дагуу бичилт тэмдэглэгээ хийж баталгаажуулаагүй, хохирогчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар баримт мэдээлэл хэрэгт авагдаагүй, хохирогч нь гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд ажил олгогч болон тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хуулиар тогтоосон хувь, хэмжээгээр тооцон авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаархи баримтыг хохирогчоос шүүхэд гаргаж өгөөгүй тул ажил олгогч “Авто терминал трейд” ХХК-ийн “Д.З нь жолооч албан тушаалтай, сарын 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үндсэн цалинтай ажилладаг” гэх тодорхойлолт /хэргийн 68х/ баримтыг үндэслэн шүүх дутуу авсан цалин, тэтгэмжийн зөрүү, ажилгүй байсан гэх хугацааны цалин хөдөлмөрийн хөлсийг тооцох боломжгүй юм.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлснөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр бодож, ажлын өдрөөр тооцон олгох бөгөөд хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг мэргэжлийн эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комисс, уг комисс байхгүй бол ерөнхий эмч, эрхлэгч, их эмч тогтооно гэж зааж хуульчилсан.
Иймд шүүх, хохирогч Д.Зын ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмж нэхэмжилсэн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Авто терминал трейд” ХХК-иас “компанийн ажил тасалдаж 3.1 цаг буюу 110.136 төгрөгийн алдагдал учирсан, мөн смарт карт уншигч төхөөрөмжийн бэхэлгээний суурь хугарч ашиглах боломжгүй болсноос шинэчлэн засварлах үнэ 50.000 төгрөг, нийт 160.000 төгрөгийн хохирол учирсан” хэмээн тодорхойлж /хэргийн 67х/ нэхэмжилсэн нь үндэслэл бүхий байх тул шүүх иргэний нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч С.Бөөр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хэргийн 56х/ баримттай байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч С.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Ингэхдээ С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт С-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.Б-өөс 562.526 /таван зуун жаран хоёр мянга таван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж,
- 402.390 /дөрвөн зуун хоёр мянга гурван зуун ер/ төгрөгийг хохирогч Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 18-684 тоотод оршин суух хаягтай, /РД:ПЮ91062511/, Хиргис овогт Дашнямын Загиржавт,
- 160.136 /нэг зуун жаран мянга нэг зуун зургаа/ төгрөгийг Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн бүс 60 тоот хаягт байрлах “Авто терминал трейд” ХХК-д тус тус олгож, хохирогч Д.З-ын нэхэмжлэлээс үлдэх шатахуун тээврийн зардлын 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг, эмчилгээ, үйлчилгээний зардал нэхэмжилсэн төлбөрийн тооцооллын зөрүү 31.500 /гучин нэгэн мянга таван зуу/ төгрөг, нийт 159.500 /нэг зуун тавин есөн мянга таван зуу/ төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.З нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөрийн болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан камерын бичлэг бүхий CD-1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт С.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД