| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0036/Э |
| Дугаар | 059 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 059
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Од овогт Т-ийн Б-т холбогдох эрүүгийн 19100 2648 0890 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Од овогт Т-ийн Б- /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 17-300 тоотод оршин суух Д.Х-ын гэрт агсам тавьж, улмаар Д.Х-ын хацарнаас нь хацаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би тухайн өдөр 12 цагийн үед Д.Х-ын гэрт найран дээр очоод, 2 аяга айраг ууж байгаад тасарсан байсан. Тэгээд шөнө цагдаагийн машин дотор 2 цагдаагийн алба хаагчийн хажууд ухаан орсон. Надаас “та найзынхаа хацарыг хазсан байна, мэдэж байна уу” гэж асуусан, би “мэдээгүй ээ” гэгдээ хэлсэн. Намайг Гэмтлийн эмнэлэг дээр авч очоод, гэмтэж бэртсэн зүйл байна уу гээд үзүүлж харуулсан. Би гэмтэж бэртээгүй болохоор намайг явуулсан. Тэгээд би хэд хоногийн дараагаар найзындаа очиж уучлалт гуйсан. Д.Х- надад “хоёулаа олон жил найзаллаа, хаалга эвдэлсэн 250.000 төгрөг өгчихөө, өөр надад гомдол санал байхгүй” гэж хэлсэн. Би хаалганы засварын мөнгийг төлсөн. Би хийсэн хэрэгтээ маш гэмшиж ичиж байна, миний буруу. Надад гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн тал дээр маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2648 0890 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Х-ын хохирогчоор өгсөн:
“...Манайх Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 17-300 тоотод байдаг юм. Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн гэртээ шинэ байшингийн цайллага хийсэн. Энэ өдөр манай найз Б ирж, архи ууж байгаад нилээн согтоод хэрүүл өдсөн өнгө аятай юм яриад байхаар нь манай эхнэр унтуулах гэхэд эхнэрийг түлхээд унагаасан.
Тэгэхэд манай охин “та яагаад манай ээжийг унагааж байгаа юм бэ” гэхэд охиныг минь алгадаад авсан. Би Быг охины өрөөнд оруулж унтуулах гэхэд хаалгыг өшиглөж цөмлөхөөр нь би “чи яагаад байгаа юм бэ” гэхэд над руу уурлан агсам тавиад дайрч эхлэхээр нь би бариад авахад миний баруун талын хацарнаас хазсан. Би арай гэж салгаад байж байхад гаднаас манай охин орж ирээд, цагдаад хандсан.
Б миний баруун талын хацраас нэг удаа хазсан. Тухайн үед Б бид хоёроос гадна манай эхнэр байсан. Б яг юунаас болж агсам тавьсан талаар сайн мэдэхгүй байна. Би түүнээс эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Х.Нинжингийн гэрчээр өгсөн:
“...Манайх 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шинэ байшингийн найр хийсэн юм. Тухайн өдөр аавын найз Б манайд ирж, архи ууж байгаад нилээн согтсон. Удалгүй агсам тавьж эхлэхээр нь ээж, бид хоёр “унтаж амар” гэхэд унтахгүй, улмаар манай ээжийг түлхэж унагаахаар нь “та яагаад байгаа юм бэ” гэхэд “танай ээж чинь шуламын хараал болсон” гээд байхаар нь би маргалдсан. Тэгэхэд намайг алгадахаар нь би өөрийнхөө өрөөнд ороод хаалгаа түгжсэн. Миний өрөөний хаалгыг хөлөөрөө өшиглөхөд манай аав Быг “яагаад байгаа юм бэ” гэхэд аавтай барьцалдаад авсан.
Би өөрийнхөө өрөөний цонхоор гарч, өөрийн утсаар авга эгч Цэрэнханд руу залгаж “аавын найз манай гэрт агсам тавиад байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Удалгүй Цэрэнханд эгч ирэхээр нь бид хоёр хамт гэрт ороход аавыг газар унагачихсан, аавын дээр гараад хоолойг нь 2 гараараа боочихсон байж байхаар нь салгахад аавын баруун талын хацарнаас нь цус гарсан байсан ба Бын ам нь цус болсон байхаар нь “юу болсон” талаар асуухад аав “Б миний хацарыг хазчихлаа” гэхэд нь би цагдаад дуудлага өгсөн.
Яг юунаас асуудал үүссэнийг мэдэхгүй, ер нь бол Б гэх хүн маш их согтоод шалтгаангүй агсам тавьсан. Тухайн үед Б миний зүүн талын хацар руу гараараа алгадаж, мөн мөр рүү түлхсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Нарангэрэлийн гэрчээр өгсөн:
“...Манайх 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн байшингийн найрыг хийж байхад манай нөхөрийн найз Т.Б 11 цагийн үед манай гэрт ирэхээр нь бид хоол, цай өгч дайлсан. Тэгэхэд Т.Б оройн 23 цагийн үед нилээн согтоод, надад болон манай нөхөрт агсам тавиад эхлэхээр нь би “унтаж амар” гэхэд над руу уурлаж, улмаар намайг түлхээд унагасан.
Манай охин Нинжин намайг өмөөрч Т.Бтай маргалдахад манай охиныг алгадсан. Тэгэхэд манай нөхөр “чи яагаад агсам тавиад байгаа юм, унтаж амар” гээд охиныхоо өрөө рүү оруулахад манай нөхөртэй барьцалдаж аваад, улмаар манай нөхрийн хацарыг хазсан. Мөн охины өрөөний хаалгыг өшиглөөд цөмлөчихөөр нь цагдаагийн байгууллагад хандсан.
Т.Б манай нөхрийн хацарыг шүдээрээ хазаж, баруун хацарт нь гэмтэл учруулсан. Т.Б миний эрүү хэсэг рүү гараараа 1 удаа түлхэж, намайг унагаасан. Тэрнээс өөрөөр намайг цохиж зодоогүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй учраас би шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй. Т.Б манай охины өрөөний хаалгыг эвдсэнийхээ төлөө 250.000 төгрөг өгсөн. ...Тухайн асуудал болох үед Т.Б маш их согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 13426 дугаартай:
1. Д.Х--н биед баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөл үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 30х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Бын яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би Д.Х-ын биед учруулсан юм. Хүлээн зөвшөөрч байна. Би одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүнсний дэлгүүр, ТҮЦ ажиллуулж байгаа. Миний сарын орлого дунджаар 800.000 төгрөг байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Н.Одгэрэл /хэргийн 26х/, гэрч Т.Болдбаатар /хэргийн 28х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 46х/, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 47х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 48х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 17-300 тоотод оршин суух Д.Х-ын гэрт согтуурхан тодорхой шалтаг шалтгаангүйгээр агсамнаж, “агсамнахаа больж унтаж амар” гэсний төлөө Д.Х-ын эхнэр Б.Нарангэрэлийг түлхэж унаган, охин Х.Нинжийг алгадаж маргалдан, хүүхдийн өрөөний хаалгыг нь өшиглөн эвдэж цөмлөн, улмаар Д.Х-ын хацарнаас нь хацаж биед нь “...баруун хацарт шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хохирогч Т.Бын: “...Манайх Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 17-300 тоотод байдаг юм. Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн гэртээ шинэ байшингийн цайллага хийсэн. Энэ өдөр манай найз Б ирж, архи ууж байгаад нилээн согтоод, хэрүүл өдсөн өнгө аятай юм яриад байхаар нь манай эхнэр унтуулах гэхэд эхнэрийг түлхээд унагаасан. Тэгэхэд манай охин “та яагаад манай ээжийг унагааж байгаа юм бэ” гэхэд охиныг минь алгадаад авсан. Би Быг охины өрөөнд оруулж унтуулах гэхэд хаалгыг өшиглөж цөмлөхөөр нь би “чи яагаад байгаа юм бэ” гэхэд над руу уурлан агсам тавиад, ...би бариад авахад миний баруун талын хацарнаас хазсан. ...Б миний баруун талын хацраас нэг удаа хазсан. Тухайн үед Б бид хоёроос гадна манай эхнэр байсан. Б яг юунаас болж агсам тавьсан талаар сайн мэдэхгүй байна. Би түүнээс эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,
- “...Д.Х--н биед баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөл үүссэн байх боломжтой.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 13426 дугаартай дүгнэлт /хэргийн 30х/,
- гэрч Б.Нарангэрэлийн: “...Манайх 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн байшингийн найрыг хийж байхад манай нөхөрийн найз Т.Б 11 цагийн үед манай гэрт ирэхээр нь бид хоол, цай өгч дайлсан. Тэгэхэд Т.Б оройн 23 цагийн үед нилээн согтоод, надад болон манай нөхөрт агсам тавиад эхлэхээр нь би “унтаж амар” гэхэд над руу уурлаж, улмаар намайг түлхээд унагасан. Манай охин Нинжин намайг өмөөрч Т.Бтай маргалдахад манай охиныг алгадсан. Тэгэхэд манай нөхөр “чи яагаад агсам тавиад байгаа юм, унтаж амар” гэхэд охиныхоо өрөө рүү оруулахад манай нөхөртэй барьцалдаж аваад, улмаар манай нөхөрийн хацарыг хазсан. Мөн охины өрөөний хаалгыг өшиглөж цөмлөчихөөр нь цагдаагийн байгууллагад хандсан. Т.Б манай нөхөрийн хацарыг шүдээрээ хазаж, баруун хацарт нь гэмтэл учруулсан. Т.Б миний эрүү хэсэг рүү гараараа 1 удаа түлхэж, намайг унагаасан. Тэрнээс өөрөөр намайг цохиж зодоогүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй учраас би шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй. Т.Б манай охины өрөөний хаалгыг эвдсэнийхээ төлөө 250.000 төгрөг өгсөн. ...Тухайн асуудал болох үед Т.Б маш их согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24/, насанд хүрээгүй гэрч Х.Нинжингийн мэдүүлэг /хэргийн 20-21х/ болон шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 41х/ бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Д.Х-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...баруун хацарт шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.Б түүний нүүрэн тус газар хазсанаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Т.Бын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 17-300 тоотод оршин суух Д.Х-ын гэрт согтуурхан тодорхой шалтаг шалтгаангүйгээр агсамнах явцдаа хүүхдийн өрөөний хаалгыг нь өшиглөн эвдэж цөмлөсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж болох хохирлын хэмжээнд хүрээгүй тул тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй, мөн шүүгдэгч нь уг үйлдлийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь хэрэгт гэрчээр асуугдсан Б.Нарангэрэлийн “...Т.Б манай охины өрөөний хаалгыг эвдсэнийхээ төлөө 250.000 төгрөг өгсөн. ...Тухайн асуудал болох үед Т.Б маш их согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг баримтаар тус тус тогтоогдсныг тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн прокуророос Д.Х-ын дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Д.Х-ын биед учирсан “...баруун хацарт шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Д.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...Надад гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй.
Иймд шүүгдэгч Т.Бын хувьд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 48х/ баримттай байна.
Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Т.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Д.Х- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн санал хүсэлт, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Т.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Х- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Од овогт Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Т.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Х- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД