Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 44

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Д.А,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Да Ад холбогдох 2028000590039 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 19... оны .. . дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.................” ХХК-д ............... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...................................... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ........................................ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Да А, регистрийн дугаар ................................,

Шүүгдэгч Д.А нь ............................................... тоотод байх өөрийн гэртээ 2020 оны 02 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Наын бие махбодид халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Аийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч На мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Атэй гэр бүл болоод 10 жил болж байна. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаагүй гэр бүл байгаа юм. Манай нөхөр А нь ер нь архи их хэрэглэдэг, сүүлийн 6 сарын хугацаанд архины дуршил бууруулдаг тариа хийлгэсний улмаас архи уух нь бага болсон байсан чинь сүүлийн 10 хоног тасралтгүй архи уусан. 02 дугаар сарын 13-ны өдөр би гэрээсээ архи уулаа гэж хөөсөн ч яваагүй гэрийн гадаа машиндаа хоносон гэж худлаа хэлсэн. 14-ний орой би 19 цагийн үед гэртээ ирсэн надад ч юм хэлээгүй би ч юм хэлээгүй гэртээ байж байтал гэнэт А над руу өөрийнхөө гар утсыг шууд шидэж миний толгойны баруун зулай хэсэгт цохисноос болоод би түр зуур ухаан алдсан. Тэгээд сэргэхэд толгойноос цус гарсан байсан. Тэгэхэд миний хажууд төрсөн эгч У байж байгаад намайг гэрээс авч гараад хажуу гэрт манай төрсөн дүү Мө-ны охин Халиунаа гэрээсээ гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Манай дүү нар А-ийг бариад загнаад байж байсан. 2019 оны 01 дүгээр сарын дундуур А бас л 7 хоног архи ууснаас болж хэрүүл болоод хэрүүл хийж байгаад миний утсыг булааж аваад хамаагүй хүмүүс рүү залгаж загнаад байхаар нь би утсаа авсан чинь намайг хувцасны захаар боогоод зодож байсан. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад шалгуулаад, шүүх эмнэлгээр орж үзүүлж байсан. Тэгээд хэсгийн байцаагч шийдсэн яаж шийдэгдсэнийг мэдээгүй. Түүнээс хойш архины эмчилгээ хийлгээд гайгүй байсан. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байсан. А хашаандаа машин засаад хамт байсан хүмүүстэйгээ архи уугаад байсан. Тэгээд гарч явж байгаад согтуу шөнө ирээд шууд унтчихсан. Тэгээд маргааш нь би ажилтай байж байгаад орой нь гэртээ очсон чинь А байхгүй байхаар нь би хүүхэд халуураад байна гэж дуудсан. Тэгж байгаад согтуу ирэхээр нь би архи уулаа, согтуу ирлээ гээд загнасан чинь А уурлаад хэрүүл хийж байгаад миний гарыг мушгиад баруун гарын чигчий хурууг гэмтээгээд хавтгасан.  Би Ад гомдол гэх зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна. /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч Н.Ха мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би энэ эрхийг эдэлж аав Аийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 21-р хуудас/

Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хэрэгт өөрийн хүргэн дүү Аийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 25-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Наын биед хуйхны язарсан шарх, баруун гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/

Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би На-той гэр бүл болж 10 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд дундаасаа 1 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид гэр бүлийн дотоод асуудлаас болж хоорондоо хэрэлдэх маргалдах асуудал гарч л байсан. Гэхдээ би эхнэртээ гар хүрч зодож байгаагүй. Харин 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эхнэр намайг гэрээсээ хөөгөөд байхаар нь би эхнэрийнхээ толгой руу гар утсаа шидэж гэмтээсэн нь үнэн миний буруу. Тухайн үед На намайг архи уулаа гээд гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд утсаа өгөөд зайл гэхээр нь миний уур хүрээд гар утсаа шидсэн. Би тэр өдөр найзтайгаа нийлж 2 шил архи хувааж уусан байсан. Нэлээд согтуу байсан. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би бас архи уусан байсан. Тэгэхэд эхнэр намайг харааж загнаад байсан. Тэгээд бас намайг галын дэгээ төмрөөр цохих гэхээр нь би дэгээ төмрийг нь булаагаад авсан. Тэгж байхдаа баруун гарыг нь гэмтээсэн юм шиг байна лээ. Бусдаар бол цохиж зодоогүй. /хх-ийн 32-33-р хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 06-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/

“...............................” ХХК-ний 2020 оны 02 сарын 28-ны өдрийн 20/53 дугаартай тодорхойлолт гаргах тухай /хх-ийн 48-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь ............................................ тоотод байх өөрийн гэртээ 2020 оны 02 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Наын бие махбодид халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Наын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 153 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Наын биед хуйхны язарсан шарх, баруун гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А нь хохирогч Натой 10 жил хамт амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.      

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.А нь эхнэр На руу гар утас шидэж толгойны зулай хэсэгт цохиж, гарыг нь мушгиж, баруун гарын чигчий хурууг гэмтээж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Д.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.                         

Хохирогч Наын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч ..Гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Д.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.     

Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст бүртгэгдээгүй” /хх-ийн 35-р хуудас/ гэснээр, оршин суугаа хаягийн тодорхойлолтод: “......................... регистрийн дугаартай Т овогтой Д............-ны А нь ................................... тоот-д оршин суудаг болохыг тодорхойлов” /хх-ийн 47-р хуудас/ гэснээр, “.........................” ХХК-ны 2020 оны 02 сарын 28-ны өдрийн 20/53 тодорхойлолтоор “Д овогтой А /РД:......................../ нь “.................................” ХХК-д “Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч” албан тушаалтай ажилладаг нь үнэн болно. Цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно” /хх-ийн 48-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.     

Шүүх шүүгдэгчийн бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Д.А нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч На нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.                                                

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Т овгийн Да Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Д.А нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч На нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА