Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 814

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Увс аймаг дахь cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах, Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах, РД: 4011988, “Хос гурван хороо уул” ХХК-д холбогдох,

       Татварын өр 1.850.767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан, Э.Энхтуул, хариуцагч “Хос гурван хороо уул” ХХК-ийн захирал Л.Төмөрсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн дарга Н.Түмэннасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Татвар төлөгчийн 4011988 тоот регистрийн дугаартай “Хос гурван хороо уул” ХХК-ийн 2015 оны хугацаандаа төлөөгүй Нэмэгдсэн өртгийн албан татварын 1.850.767 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй байна. Уг өрийг барагдуулахаар татвар төлөгчид 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулсан. Татварын хэлтсийн зүгээс татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуульд заасан татварын өр барагдуулах шат дараалсан арга хэмжээг цаг хугацаанд нь авч зохих шаардлагыг тухай бүр тавьж ирсэн. Тус хэлтсээс Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 “Татварын алба нь шүүхэд дараахь асуудлаар нэхэмжлэл гаргана” гэсэн заалтын 28.2.6-д заасан “Хууль тогтоомжид заасан бусад асуудлаар” гэсэн заалтыг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураах шат дараалсан арга хэмжээний дагуу татварын өрийг барагдуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргав. Иймд “Хос гурван хороо уул” ХХК-иас 2015 оны хугацаандаа төлөөгүй Нэмэгдсэн өртгийн албан татварын 1.850.767 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү” гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан, Э.Энхтуул, хариуцагч “Хос гурван хороо уул” ХХК-ийн захирал Л.Төмөрсүх нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Увс аймгийн Татварын хэлтсээс Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-нд 1.850.767 төгрөгийн өрийг “Хос гурван хороо уул” ХХК-иас нэхэмжилсэн. Шүүхийн шатанд тус компани 10.340.909 төгрөгийн НӨАТ-ын падааныг “Баатарцагаан” ХХК-иас авч НӨАТ-ын хаалт хийж 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар Татварын хэлтэст Tax act программ дээр үүссэн 849.385 төгрөг үлдсэн бөгөөд тус дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж эвлэрлийн гэрээ байгуулахаар болов. Дээрх өр 849.385 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор төсөвт төвлөрүүлэхээр тохиролцов” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Хос гурван хороо уул” ХХК-нд холбогдуулан татварын өр 1.850.767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан, Э.Энхтуул, хариуцагч “Хос гурван хороо уул” ХХК-ийн захирал Л.Төмөрсүх нар шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэлийн шаадлага болох 1.850.767 төгрөгийг багасгаж, 849.385 төгрөг гаргуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.        

      Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч “Хос гурван хороо уул” ХХК-иас 849.385 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24.935 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Хос гурван хороо уул” ХХК-иас татварын өр 849.385 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор гаргуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч “Баян цагаан зам” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 24.935 төгрөг гаргуулж улсын орлогод /150000941 тоот данс/ оруулсугай.   

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч “Хос гурван хороо уул” ХХК сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР