Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 815

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Увс аймаг дахь cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багт оршин суух, 1975 онд төрсөн, эрэгтэй, РД:ОТ75121176, Шангас овогт Бямбаагийн Наваантая,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багт оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, РД:ОД73111038, Шарнууд овогт Дамиагийн Батбаяр нарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багт оршин суух, Шарнууд овогт Алтангэрэлийн Нямсамбууд холбогдох,

    Б.Наваантая, Д.Батбаяр нарын эзэмшлийн өвөлжөө орчмын бэлчээрт малаа оруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Наваантая, Д.Батбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч А.Нямсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Наваантая, Д.Батбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Наваантая, Д.Батбаяр бид хоёр Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Овоотын шил” гэх газарт 1996 оноос эхэлж жилийн 4 улиралд хувийн малаа маллан амьдарч ирсэн юм. Бид “Овоотын шил” гэх газарт өвөлжөө барьж, уг барьсан өвөлжөөгөө хуулийн дагуу өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан. Бид уг “Овоотын шил” гэх газарт өвөлжөөд хавар, зун, намрын улиралд өвөлжөөний орчмын газрынхаа өвсийг сайн ургуулах, өвөлдөө малаа онд мэнд гаргахын тулд өвөлжөөнөөсөө хол өөр газарт очиж буудаг юм. Ингэснээр бидний өвөлжөөнд өвс сайн ургаж, бидний мал уг өвсийг идэж онд ордог юм. Гэтэл сүүлийн 5 гаруй жил манай өвөлжөөний хажууд А.Нямсамбуу гэх айл ирж буугаад өөрсдийн 200 гаруй бод малаараа \үхэр, адуу\ манай өвөлжөө болон өвөлжөөний орчмын өвсийг идүүлсэнээр 2015, 2016 онд манай 2 айлд 200 орчим бог, 30 орчим бод малын хорогдол гарч. бид эх болон төл малаараа хохирсон. Эдгээр үрэгдсэн малнууд нь янз бүрийн өвчин, байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигт өртөж үрэгдээгүй бөгөөд зөвхөн А.Нямсамбуугийн 200 гаруй бод манай өвөлжөөг идсэнээс болж үрэгдсэн юм. Бид энэ талаар баг, сумын хуралд санал хэлж байсан боловч сумын удирдлага, багийн дарга нар “Наад айлд чинь хэлээд дийлэхгүй байна. Та нар өөрсдөө учраа ол” гэж хэлсэн тул шүүхэд хандаж энэ асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай болсон юм. Бид “Овоотын шил” гэх газарт өвөлжөө барьж, уг өвөлжөөг хуулийн дагуу өмчлөлдөө авсан тул өвөлжөө болон өвөлжөө орчмын газар нь бидний эзэмшлийнх болж, бид уг газартаа малаа бэлчээх эрх үүсдэг юм. Бид жил бүр 20 гаруй тонн өвс, 160 уут хивэг, 60 уут овъёос, 40 уут царамтай гурил худалдан авч, өвлийн бэлтгэлээ хангалттай хангадаг юм. Үүнийг нутгийн зон олон, багийн иргэд бүгд мэднэ. А.Нямсамбуу гэх айл манай өвөлжөөнд буухаас өмнө манай 2 гэрийн мал ийм ихээр бэлчээргүй болж, бэлчээр хавь орчимын өвсгүйн улмаас хорогдож байгаагүй юм. Иймд А.Нямсамбууг Б.Наваантая, Д.Батбаяр бидний эзэмшлийн өвөлжөө орчмын бэлчээрт дахин малаа оруулахгүй, бидний өвөлжөөний өвсийг идүүлэхгүй байхыг даалгаж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч А.Нямсамбуу шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А.Нямсамбуу миний бие Зүүнговь сумын Өгөөмөр багт мал маллаж олон жил амьдарч байна. Бэлчээрийн маргаантай холбоотой асуудлаар Б.Наваантая, Д.Батбаяр нарын шүүхэд гаргасан гомдлыг ойлгож байна. Бид нарын тухайд нэг нутаг усанд эцэг эхийн үеэс олон жил амьдарч ирсэн хүмүүс юм. Ер нь малчин бидний амьдралд бэлчээр арга буюу зөрчих, малын уух ус, бэлчээрээс шалтгаалж янз бүрийн асуудал гардаг. Энэ бол малчин айл бүрийн малтай хүн бүрт тохиолддог асуудал. Гэхдээ Б.Наваантая, Д.Батбаяр нар арай л дэндүү гомдол гаргасан байна. Миний тухайд хэнд ч захирагддаггүй, дур зоргоороо хүн бишээ. Надад бэлчээрийн асуудлаар баг сумын удирдлага, мэргэжлийн байцаагч нарын албан ёсны шийдвэр гаргавал би дагаж мөрдөх л болно. Харин эсэргээр нь багийн иргэдийн хурал дээр “Намаржаанаас өөр газар буулгаж өг” гэсэн багийн иргэд, хөдөлмөрчид эцэг эхийн цагаас байсан бууцанд байхаар тогтоосон юм. Хамгийн гол нь малчид бид орон нутагт амьдарч буй нутагтаа хамтын сэтгэл зүтгэл гаргаж эвлэрэхийг хичээж зохицож ажиллах ёстой байх гэж бодож байна. Бид зориудаар айлын өвөлжөө бууц бэлчээрийг идэж сүйтгэх явдал байхгүй. Харин бод малын хөл нь урт, майга гэж үг бий. Ийм л байдлаар бэлчээр алдаг оног дайрах, бэлчээрт мал орох явдал бий бөгөөд энэ тохиолдолд хоорондоо ярьж зохицох ёстой гэж ойлгож байна” гэжээ.  

      Нэхэмжлэгч Б.Наваантая, Д.Батбаяр, хариуцагч А.Нямсамбуу нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн иргэн А.Нямсамбуу миний бие мөн багийн иргэн Д.Батбаяр, Б.Наваантая нартай бэлчээрийн талаар дахин маргаан гаргахгүй, намрын буйр бууцаа холдуулж, бод малаа болон малын бэлчээрээ өөрчилж бие биетэйгээ хүндэтгэлтэй харьцаж байх болно. Цаашдаа бид бууц, бэлчээрийн талаар маргаан гаргаж өөрсдөө болон өрөөлд хүндрэл учруулахгүй байх талаар тохиролцож Д.Батбаяр, Б.Наваантая нартай эвлэрсэн болно” гэжээ.

          ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Д.Батбаяр, Б.Наваантая нар нь хариуцагч А.Нямсамбууд холбогдуулан Б.Наваантая, Д.Батбаяр нарын эзэмшлийн өвөлжөө орчмын бэлчээрт малаа оруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Нэхэмжлэгч Д.Батбаяр, Б.Наваантая, хариуцагч А.Нямсамбуу нар шүүх хуралдаанд бэлчээрийн талаар дахин маргаан гаргахгүй, намрын буйр бууцаа холдуулж, бод малаа болон малын бэлчээрээ өөрчилж бие биетэйгээ хүндэтгэлтэй харьцах, цаашид бууц, бэлчээрийн талаар маргаан гаргаж өөрсдөө болон өрөөлд хүндрэл учруулахгүй байхаар тохиролцсон болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.        

          Нэхэмжлэгч Д.Батбаяр, Б.Наваантая нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Нямсамбуугаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батбаяр, Б.Наваантая нарт олгож шийдвэрлэлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Д.Батбаяр, Б.Наваантая, хариуцагч А.Нямсамбуу нар нь бэлчээрийн талаар дахин маргаан гаргахгүй, намрын буйр бууцаа холдуулж, бод малаа болон малын бэлчээрээ өөрчилж бие биетэйгээ хүндэтгэлтэй харьцах, цаашид бууц, бэлчээрийн талаар маргаан гаргаж өөрсдөө болон өрөөлд хүндрэл учруулахгүй байхаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч А.Нямсамбуугаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батбаяр, Б.Наваантая нарт олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч А.Нямсамбуу сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР