Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 816

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн тасган 4 дүгээр гудамжны 47 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЕ65012701, Элжгэн овогтой Гэндэндарамын Нямхоролын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Г.Нямхорол гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1965 онд төрсөн, 50 настай. Би 1985 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургууль төгссөн. Улмаар 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн бага эмчээр ажилд орж 1988 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаад 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол бригадын бага эмчээр 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон боловч ажилласан жил хүрэхгүй байгаа, Увс аймгийн архивын газраас лавлагаа авахад миний ажилласан байдлын талаар баримт гарч ирэхгүй байгаа болно. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Г.Нямхорол нь Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багт 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 6 дугаар  сарын 24-ний өдөр хүртэл бага эмчээр, Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багт 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Говь-Алтай АУДС-аас 1985 оны 6 дугаар 6 дугаар сарын 27-ны өдөр нээсэн Гэндэндарамын Нямхоролын ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр,

2. Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 175 тоот “АУ дээд, дунд сургууль төгсөгчдийг ажилд хувиарлах тухай” тушаалд Бага эмч Г.Нямхоролыг Өндөрхангай сумын Цалуу бригадад 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс томилсугай” гэжээ,

3. Увс аймгийн Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлгийн даргын 1988 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Тус сумын Цалуу бригадын хүний бага эмч Гэндэндарам овогтой Нямхоролыг 1988 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж бичигджээ,     

4. Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж ирүүлсэн Гэндэндарамын Нямхоролын Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал бага эмчээр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

5. Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,

6. Гэрч Д.Баасанжавын шүүхэд өгсөн: “Миний бие 1989 оноос эхлэн Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт сувилагч, няраваар одоог хүртэл ажиллаж байна. Г.Нямхорол нь намайг 1989 онд ажилд ороход манай Хүн эмнэлэгт багийн /бригадын/ эмчээр ажиллаж байсан бөгөөд 1994 оныг дуустал ажилласан санагдаж байна. Г.Нямхорол нь Баянгол багийг хариуцаж ажилладаг бөгөөд ажиллах хугацаандаа байгууллагын аварга, сумын аварга зэрэг шагналууд авч байсан юм. Түүний нөхөр нь нэгдлийн малчин, төрсөн эгч Г.Өнөрбаян нь манай Хүн эмнэлгийн дүн бүртгэгч бага эмчээр ажиллаж байгаад одоо өндөр насны тэтгэвэрт гарсан хүн байдаг учраас би Г.Нямхоролыг сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,

7. Гэрч Д.Ленагийн шүүхэд өгсөн: “Миний бие 1983 оноос эхлэн Увс аймгийн Өндөрхангайн Сум дундын эмнэлэгт амбулаторын бага эмчээр 1987 он хүртэл ажиллаад, 1987 оноос Зүүнхангай сумын Ахуй үйлчилгээний төвд мастераар 1990 он хүртэл ажиллаад 1990 оны 12 дугаар сараас тус сумын Хүний их эмчийн салбарт эх баригч бага эмчээр 2005 он хүртэл тасралтгүй ажилласан юм. 1985 онд намайг Өндөрхангай сумын эмнэлэгт ажиллаж байхад Г.Нямхорол их сургуулиа төгсөж ирээд тус сумын Цалуу бригадад бага эмчээр ажилд орж бид 1987 он хүртэл хамт ажиллаад би Зүүнхангай сум руу шилжсэн. Улмаар Г.Нямхохорол гэр бүлтэй болсноор 1988 онд Зүүнхангай сум руу шилжин ирж Хүний их эмчийн салбарт Баянгол бригадын бага эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд би өөрөө 1990 онд Зүүнхангай сумын Хүний их эмчийн салбарт түүнтэй хамт ажиллах болсон. Тэгээд Г.Нямхорол 1994 он хүртэл ажиллаад Улаанбаатар хот руу шилжсэн санагдаж байна” гэх мэдүүлэг,

8. Гэрч Д.Баасанжав, Д.Лена нарын Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

        Нэхэмжлэгч Г.Нямхорол нь Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багт 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 6 дугаар  сарын 24-ний өдөр хүртэл бага эмчээр, Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багт 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай АУДС-аас 1985 оны 6 дугаар 6 дугаар сарын 27-ны өдөр нээсэн Гэндэндарамын Нямхоролын ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 175 тоот “АУ дээд, дунд сургууль төгсөгчдийг ажилд хувиарлах тухай” тушаал, Увс аймгийн Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлгийн даргын 1988 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж ирүүлсэн Гэндэндарамын Нямхоролын Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал бага эмчээр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Д.Баасанжав, Д.Лена нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

     Иймд нэхэмжлэгч Г.Нямхоролын Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багт 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 6 дугаар  сарын 24-ний өдөр хүртэл 2 жил, 11 сар, 19 хоног бага эмчээр, Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багт 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 6 жил, 3 сар бага эмчээр, нийт 9 жил, 2 сар, 19 хоног бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Нямхоролын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Нэхэмжлэгч Г.Нямхоролд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие шүүх Улаанбаатар хотод амьдардаг Увс аймагт шүүх хуралдаанд очих боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Элжгэн овогтой Гэндэндарамын Нямхоролын Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багт 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 6 дугаар  сарын 24-ний өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 19 /арван ес/ хоног бага эмчээр, Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багт 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 6 /зургаа/ жил, 3 /гурав/ сар бага эмчээр, нийт 9 /ес/ жил, 2 /хоёр/ сар, 19 /арван ес/ хоног бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Нямхоролын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР