| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0036/Э |
| Дугаар | 060 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 060
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ны Бт холбогдох эрүүгийн 19100 1739 0856 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Хүрэл зам” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ны Б /РД:4/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Paradise” нэртэй амралтын газарт иргэн Н.А-ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, зун наадмын үеэр Парадейс гэдэг амралтын газар очиж амарсан. Тэгээд амралтын байшингийн 2 давхарт байхад А бид хоёр муудалцаад, намайг бариад авахаар нь би түүнийг нэг удаа цохичихсон юм. А надад “та Чингүүнтэй эвгүй харьцлаа, дүүгээ загналаа” гээд байсан. Би түүний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тухайн үед бусад хүмүүс гадаа тоглож байсан. Бид хамаатан, ах, дүү нараараа амарч байсан бөгөөд би 2-3 лааз пиво уусан байсан. Хохирогч А нь одоогоор хиймэл шүд түр хугацаанд хийж байхаар болсон. Имплант шүд хийлгэж өгье гэсэн боловч 9.600.000 төгрөгийн үнэтэй болохоор мөнгөний боломж байхгүй болоод хийлгэж өгч чадаагүй байна. Би хиймэл шүдний мөнгөнд 200.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1739 0856 дугаартай хэргээс:
1. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-12х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.А-ын хохирогчоор өгсөн:
“...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай найз Чингүүний үеэл Хонгороо гэх охины төрсөн өдрийг тэмдэглэхээр Чингүүний хамаатнууд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадайс гэх амралтын газар руу явахаар болж, би найз Чингүүнийг дагаж очсон юм. Тэгээд 2 давхар байшин авч нэг давхарт нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байхад Ж гэх ах нь Чингүүнтэй маргалдсан ба би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Тэгээд би Чингүүнийг өмөөрч Ж гэх ахаас нь салгаад, 2 давхар луу гарахад араас Ж ах гарч ирээд үгийн зөрүүгүй нэг удаа миний уруул хэсэг рүү цохисон. Тэгэхэд миний урд талын дээд 2 шүд унаж, 1 шүд ёозоор хэсгээр хугарсан.
Би Жг урьд өмнө таньдаг байсан. Түүнийг Билэгсайхан овогтой Б гэдэг. Тухайн үед Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба нилээн согтолттой байсан. Б.Б миний шүд рүү баруун гараараа нэг удаа цохисон, бусдаар цохиж зодоогүй. Намайг яг цохиж байх үед өөр хүн байгаагүй, би цохиулчихаад “яаая” гэж орилоход доод давхараас бүгдээрээ гарч ирээд харсан.
Б.Б тухайн үед эхнэртэйгээ, Чингүүн, Намуунаа, Хонгороо болон 2 дүү нь, мөн Лхамсэд гэх ах нь эхнэртэйгээ явж байсан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй. Тус дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Б.Б надад учруулсан. Би эмчилгээ хийлгэх мөнгөн дүнг нэхэмжилж байна. Одоогоор эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. ...Би толгойн зураг авахуулсан 130.000 төгрөг, мөн 35.000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэсэн. Тэрнээс өөр эмчилгээ хийлгээгүй байгаа, цаашид би унасан шүдэндээ имплант шүд хийлгэхэд 9.600.000 төгрөг болно гэсэн учир эмчилгээний гарах зардлыг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х, 20х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Чингүүний гэрчээр өгсөн:
“...2019 оны 7 сарын 13-ны өдөр хамаатны охин Хонгороогийн төрсөн өдрийг тэмдэглэхээр манай хамаатнууд нийлж Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар очихоор болсон. Би найз Аыг Хонгороогийн төрсөн өдрийг тэмдэглэхээр явж байгаа талаар өмнөх өдөр утсаар ярьж хэлсэн байсан. А манай хамаатнуудыг багаасаа таньдаг болохоор цуг явахаар болсон байсан. Тэгээд тухайн өдөр Атай уулзаж Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Парадейс амралтын газарт ирж, 2 давхар байшин авч байрласан юм. Орой бид нар байшингийн гадаа сууж байхад манай Ж /Б/ над руу дайраад уурлаад байсан.
Одоо яагаад, юу гэж уурлаад байсан талаар сайн санахгүй байна. Тэр үед манай найз А намайг өмөөрч Б ахад хандан “та дүүгээ яах гэж загнаад байгаа юм бэ, боль” гэж хэлээд манай найз байшингийн 2 давхарт гарсан. Би удалгүй араас нь гарахад А амаа гараараа дарчихсан, амных нь эргэн тойронд цус болчихсон сууж байхаар нь “юу болсон” талаар асуухад хэлэхгүй байснаа гараад явчихсан. Тэгэхээр нь би орон дээр утсаараа оролдож байгаад унтчихсан. Өглөө нь босоод Атай уулзаж өчигдөр орой “юу болсон” талаар асуухад “Б ах шүд рүү цохичихсон” гэж хэлэхээр нь шүдийг нь харахад урьд талын 2 шүд нь ёозоор хэсгээрээ унасан, нэг шүднийх нь ёозоор нь үлдчихсэн, хугарсан байдалтай байсан.
Тухайн үед бүгдээрээ пиво уусан байсан. А намайг өмөөрч Б ахад “дүүгээ загнахаа боль” гэж хэлсэн. Тэрнээс биш хоорондоо үл ойлголцох асуудал болоогүй. Б ах маргааш нь Ааас уучлалт гуйгаад, шүдийг нь хийж өгөхөөр болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Хонгорзулын гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 7 сарын 13-ны өдөр найз нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадейс” амралтын газарт төрсөн өдрөө тэмдэглэж байсан юм. Би тус амралтын газрын сагсан бөмбөгийн талбай дээр өөрийн 2 жоохон дүү болон Намуунаа, Бямбадэлгэр нарын хамт сагсан бөмбөг тоглоод байж байхад 21:30 цагийн үед Чингүүн бид нар дээр ирж “Ж буюу Б Аын шүдийг цохичихлоо” гэхээр нь би Бямбадэлгэрийн хамт тэд нар дээр яваад очиход А орон дээр суучихсан, амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь Бээс юу болсон талаар асуухад “бид хоёр маргалдсан, би уурандаа Аын нүүрэн тус газар нь 1 удаа цохичихсон юм” гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл болоогүй. Б ямар шалтгааны улмаас Аыг цохисныг би сайн мэдэхгүй байна. Тэр хоёр зодолдох үед хажууд нь Чингүүн байсан гэсэн. Бусад хүмүүс нь гадаа сагсан бөмбөг тоглож байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Бямбадэлгэрийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 7 сарын 13-ны өдөр өөрийн нөхөр Б болон нөхөрийн найз нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадайс” амралтын газарт амарч байхад манай нөхрийг А гэх залуу өдсөн өнгө аястай юм яриад байхаар нь тухайн үед “битгий хэрүүл маргаан хийгээд бай” гэж хэлээд болиулсан.
Гэтэл удалгүй би гадаа тоглож байхад Чингүүнээ “байшин дотор зодоон болоод байна” гэхээр нь яваад ороход байшингийн 2 давхарт шал цус болчихсон, А орон дээр амаа дарчихсан сууж байхаар нь нөхөрөөсөө “юу болсон” талаар асуухад “намайг 1 давхарт бие засаж байхад 2 давхарт А намайг барна, би наадахыг чинь яавал яана” гээд Чингүүнээд хэлээд томроод байхаар нь би уурандаа нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон юм гэж хэлсэн. Ер нь бол бид нар тус амралтын газарт очоод архи ууж эхэлсэн үеэс А гэх залуу хүн болгонтой хэрүүл хийх гээд байсан. Аын дээд уруул хавдаж, дээд 3 шүд нь унасан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,
6. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 8691 дугаартай:
1.2. Н.А-ын биед дээд үүдэн баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, /булгарал/, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги 10 хувь алдагдуулна.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 37х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Аын биед учруулсан үнэн. Би Аын уруул хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиход дээрх гэмтэл учирсан. Би хохирогчид эмчилгээний зардал гэж 200.000 төгрөг өгсөн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 49х/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 50х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 51х/, Б.Бийн гаргасан амжилт, бүтээлийг тодорхойлсон баримтууд /хэргийн 52-56х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Paradise” нэртэй амралтын газарт иргэн Н.А-тай тодорхой шалтаг шалтгаангүйгээр маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, биед нь “...дээд үүдэн баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, /булгарал/, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-12х/,
- хохирогч Н.А-ын: “...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай найз Чингүүний үеэл Хонгороо гэх охины төрсөн өдрийг тэмдэглэхээр Чингүүний хамаатнууд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадайс гэх амралтын газар руу явахаар болж, би найз Чингүүнийг дагаж очсон юм. Тэгээд 2 давхар байшин авч нэг давхарт нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байхад Ж гэх ах нь Чингүүнтэй маргалдсан ба би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Тэгээд би Чингүүнийг өмөөрч Ж гэх ахаас салгаад, 2 давхар луу гарахад араас Ж ах гарч ирээд үгийн зөрүүгүй нэг удаа миний уруул хэсэг рүү цохисон. Тэгэхэд миний урд талын дээд 2 шүд унаж, 1 шүд ёзоор хэсгээр хугарсан. ...Түүнийг Билэгсайхан овогтой Б гэдэг. Тухайн үед тэр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба нилээн согтолттой байсан. Б.Б миний шүд рүү баруун гараараа нэг удаа цохисон, бусдаар цохиж зодоогүй. Намайг яг цохиж байх үед өөр хүн байгаагүй, би цохиулчихаад “яаая” гэж орилоход доод давхараас бүгдээрээ гарч ирээд харсан.
Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй. Тус дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Б.Б надад учруулсан. Би толгойн зураг авахуулсан 130.000 төгрөг, мөн 35.000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэсэн. Тэрнээс өөр эмчилгээ хийлгээгүй байгаа, цаашид би унасан шүдэндээ имплант шүд хийлгэхэд 9.600.000 төгрөг болно гэсэн учир эмчилгээний гарах зардлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х, 20х/,
- “...1.2. Н.А-ын биед дээд үүдэн баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, /булгарал/, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги 10 хувь алдагдуулна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 8691 дугаартай дүгнэлт /хэргийн 37х/,
- гэрч Ч.Чингүүн /хэргийн 24х/, О.Хонгорзул /хэргийн 27х/, Н.Бямбадэлгэр /хэргийн 29-30х/ нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 45-46х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Н.А-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...дээд үүдэн баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, /булгарал/, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Б түүний нүүрэн тус газар гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Б.Бийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон ба шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Н.А-ын биед учирсан “...дээд үүдэн баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, /булгарал/, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Н.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...толгойн зураг авахуулсан 130.000 төгрөг, мөн 35.000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэсэн, өөр эмчилгээ хийлгээгүй байгаа, цаашид ...имплант шүд хийлгэхэд 9.600.000 төгрөг болно гэсэн учир эмчилгээний гарах зардлыг нэхэмжилнэ.” /хэргийн 17-18х, 20х/ хэмээн мэдүүлж, “Довлоо” ХХК-ийн “United dental” эмнэлгийн 3 шүдний эмчилгээ, имплант хийлгэх зардлын 9.600.000 төгрөгийн нэхэмжлэх баримтыг /хэргийн 58х/ хэрэгт хавсарган ирүүлсэн ба толгойн зураг авахуулсан 130.000 төгрөг, мөн 35.000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэсэн гэх зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт гаргаж өгөөгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Хохирогч Н.А- нь эмчилгээний зардалд хэргийн 58 дугаар талд авагдсан нэхэмжлэх баримтад заасан дүнгээр тооцон хийгдэх эмчилгээний зардалд 9.600.000 төгрөг нэхэмжилнэ гэх хэдий ч энэхүү эмчилгээг хийлгэсэн талаар хэрэгт баримтгүй, бодит гарсан зардал гэж тооцох боломжгүй тул шүүх эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалтай байна.
Иймд дээрх шаардлагыг шүүх эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч Н.А- нь эмчилгээний зардалд зарцуулсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой болон цаашид хийлгэх эмчилгээний зардалд гарсан баримт нотолгоог тухай бүрд нь бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 51х/ баримттай байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгч Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Бт торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийдьгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ны Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.А- нь эмчилгээний зардалд зарцуулсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гарсан болон цаашид хийлгэх эмчилгээний зардлаа тухай бүрд нь бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД