Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 31

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                                                    Б.Батзориг

Шүүгчид                                                                  С.Оюунцэцэг

                                                                                                    Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч      Б.Мэндхишиг

                                                                                    Д.Оюун-Эрдэнэ

Хариуцагч                                                                 Ц.Ганболд

Хариуцагчийн өмгөөлөгч                                     Л.Доржпүрэв

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 515 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Капитал” банкны нэхэмжлэлтэй, Ц.Ганболдод холбогдох “Түрээсийн гэрээнээс учирсан хохирол 14.892.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ганболдын “Засвар үйлчилгээний, АТМ байрлуулсан хөлс, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 19.184.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“Капитал” банк нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өөрийн салбар нэгжээ нээгээд үйл ажиллагаа явуулах үүднээс иргэн Ц.Ганболдын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, төв талбайн баруун талд байрлах Алтанбулаг худалдаа үйлчилгээний төвийн нэгдүгээр давхрын нэг өрөөг гэрээнд зааж тохиролцсон ёсоор 75мкв талбай бүхий байрыг банкны үйл ажиллагаа явуулах зорилгоор 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаагаанд 1м2-ыг 20.000 төгрөгөөр тооцоод, түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2012 оныг дуустал түрээсийн төлбөрийг Ц.Ганболдын хувийн данс руу шилжүүлж байгаад, 2013 оноос түүний “Капитал” банкин дахь дансанд түрээсийн төлбөрийг шилжүүлсэн баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Капитал банкны Сэлэнгэ салбар, Ц.Ганболд нарын хооронд хийгдсэн Түрээсийн гэрээг 2015 оны 12 дугаар сард сунгах тухай асуудал яригдаж төвөөс тухайн өрөөнд хэмжилт хийлгэж үз гэсний дагуу хэмжилт хийхэд 75мкв биш 53мкв байсан. Шүүхэд хүсэлт гарган дахин хэмжилт хийж үзэхэд тухайн талбайг 55мкв гэж тогтоосон. Үүнээс үзэхэд манай банк 2012 оны 09 дүгээр сарын 10-наас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр байрны түрээсэнд 22 мкв-ын талбайн дутууд 438.000 төгрөгийг илүү шилжүүлж байсан. Үүнийг сар бүрээр 3 жилийн хугацаанд тооцоод үзэхээр 14.892.000 /арван дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга/-н төгрөгийг түрээслүүлэгчид илүү төлсөн гэж үзсэн. Манай талаас Иргэний хуулинд заасны дагуу итгэлцлийн үндсэн дээр энэ хүнтэй гэрээ хийсэн. Иймд Алтанбулаг төвийн захирал Ц.Ганболдоос илүү төлөгдсөн түрээсийн төлбөр 14.892.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ц.Ганболд анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“Капитал” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан зүйлийг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт хоёр тал харилцан тохиролцож түрээсийн гэрээг байгуулсан. “Капитал” банкныхан өөрсдөө ирээд манай талбайг үзэж хараад түрээслье гэсэн санал тавьсан. Би уг талбайг түрээслэхдээ тухайн барилгын план зурган дээрх хэмжээгээр тус байрыг түрээслэсэн. Түүнээс биш энэ түрээслэсэн байрны талбайг 2 тал аль аль нь хэмжилт хийж авч өгөлцөөгүй. “Капитал” банк анх түрээслэхдээ хэмжилт хийх боломж байсан. Энэ гэрээг анх байгуулахдаа гадна дотно гэсэн тодорхой зүйлийг тусгаж өгөөгүй. Эдний талаас түрээсийн гэрээгээ байнга зөрчдөг байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ц.Ганболд анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Алтанбулаг төв “Капитал” банктай 2015 оны 04 дүгээр сард буюу нэг жилийн хугацаатай гэрээгээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусахаар манай талбайд “Скайтел” компани орохоор ярьж тохирсон байсан. “Капитал” банкны тооцоог хариуцаж байсан хүн нь ажлаасаа гараад харин Улаанбаатараас ирсэн Амартүвшин гэдэг хүн гэрээ хийгээгүй байхад мөнгөө шилжүүлсэн байсан. 2015 оны 10 сард Д.Оюун-Эрдэнэ захирал надтай уулзаад манай салбар их хүйтэн байна. Бид нар нэмж өрөө түрээслье гэж надад санал болгосон.

Манай зүгээс 3 жил хамтарч ажилласнаа бодоод “Капитал” банкыг 2 давхартаа оруулаад доод давхраа засч эхэлсэн. Засварын ажлыг 7 хоног хүрэхгүй хугацаанд хийж гүйцэтгэсэн. Засвар хийхдээ автомашины граж хүртэл шинээр хийсэн. Эднийх өөрсдөө автомашины граж ч байхгүй байсан. Анх гэрээ хийхдээ эдний талаас талбайг хэмжиж болох л байсан. Урьд нь энэ талбайг олон хүн түрээслэж байсан. Түрээслэхдээ 75мкв-аар л түрээслүүлдэг байсан. Засвар хийсэн тухай гэрчүүдийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нийтдээ манайд 19.184.000 /арван есөн сая нэг зуун наян дөрвөн мянга/-н төгрөгний хохирол учруулсан.

Эдний талаас засвар хийнэ гэж хэлчихээд хийхгүй байсан. Улаанбаатар хотод очоод удирдлагуудтай нь уулзах гэхээр ресепшиндээ хэлчихээд алга болчихдог. Түрээсийн төлбөр гэж надад 2015 оны 11 дүгээр сарын 07-ноос 2015 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэл аман хэлцлээр 2.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-нөөс 2015 оны 12 дугаар сарын 27-ныг хүртэл 1.600.000 төгрөгийг аман хэлцлээр нийт 4.160.000 төгрөг өгөх ёстой байсан. 2015 оны 12 дугаар сарын 27-нд эднийх манайхаас гарч явсан. Гарч явахдаа манайд байрлуулсан АТМ дотор талын хяналтын дохиоллын системүүдээ аваагүй. 2016 оны 03 дугаар сарын 14-нд бид нар АТМ-ийг нь хүргэж өгөөд эднийх шалгаад авсан. АТМ авсан мөртлөө дохиоллоо салгахгүй байгаад байсан. Миний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр төв салбарын захиралтай уулзаж шийдвэрлэнэ, та түр хүлээж бай гэж хэлэхээр нь хүлээгээд л байж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай харуул хамгаалалтын ажилтнууд тоног төхөөрөмжийг салгаж авсан.

Энэ хугацаанд “Капитал” банкны эд хөрөнгө байсан учир бидний зүгээс байраа түрээслүүлэх боломжгүй байсан. Эдний зүгээс гэрээнд заагдаагүй АТМ-ийг жил гаруй хугацаанд байрлуулсан. АТМ-ний төлбөр сарын 100.000 төгрөг жилийн 1.200.000 төгрөгөөр бодож нэхэмжилж байгаа. Эднийх гарч явахдаа ханын утсыг ялзлах, будгыг хуулах гэх мэтчилэнгийн эвдрэл гэмтэлтэй орхиод явсан. “Капитал” банкыг гараад явсны дараа бид нар байрандаа засвар хийсэн. Ингээд үлдэгдэл түрээс, засварын мөнгийг нийлүүлээд 19.184.000 /арван есөн сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 515 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт тус тус зааснаар Капитал банкны нэхэмжлэлтэй “Алтанбулаг төв”-д /захирал Ц.Ганболд/ холбогдох Түрээсийн төлбөрөөс учирсан хохирол 14.892.000 төгрөг гаргуулах, “Алтанбулаг төв”-ийн сөрөг нэхэмжлэлтэй “Капитал банк”-нд холбогдох 19.184.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232.410 төгрөг, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 253.870 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Иргэний хууль дахь түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаж хэрэглэж чадаагүй гэж үзэж байна.

Шүүхийн зүгээс түрээсийн байрны талбайн хэмжээг түрээслүүлэгч нь мэдэх боломжгүй байсан хэмээн дүгнэж 55мкв талбайтай байрыг 75мкв байр хэмээн түрээслүүлэгчид шилжүүлсэн нь ялимгүй зөрчил хэмээн үзжээ. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд дордуулсан үйлдэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 225.4.1 дэх хэсэгт үүргийн ялимгүй зөрчлийг тооцохдоо талуудын ашиг сонирлыг нийтэд нь дэнслэн үзэх шаардлагатай байсан. Гарсан доголдлыг арилгах боломжгүй бол түүнээс гарсан үр дагаврыг харгалзан үзэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 14,892,000 төгрөгийг илүү төлсөн байтал үүнийг хохирол гэж үзэлгүй харин ч өөрсдийн зорилгодоо хүрсэн хэмээн нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосонд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгчийн шүүх хурлын явцад гол үндэслэлээ болгож байсан Иргэний хуулийн 288.1.1 дэх заалтад “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй” бөгөөд эд хөрөнгийн доголдол гэдэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж ойлгохоор хуульд заасан байдаг, гэтэл шүүхээс үүнийг үзэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны  өдрийн 515 тоот  шүүхийн шийдвэрийн түрээсийн төлбөрөөс учирсан хохирол 14,892,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн 515 тоот шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Хариуцагч 55 мкв байрыг бодитоор шилжүүлсэн байхад гэрээ дээр түүнийг 75 мкв гэж бичсэн үүнийг шүүхээс ялимгүй зөрчил гэж үзэж байсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт зааснаар үүргийн ялимгүй зөрчлийг тооцохдоо талуудын ашиг сонирхлыг нийтэд нь харгалзан үзэх шаардлагатай байсан. Иймд ялимгүй зөрчил гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 14,892,000 төгрөгийг илүү төлсөн тул үүнийг буцааж төлөх ёстой. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 288.1.1 зааснаар шийдснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Харин зарим хэсгийг буюу хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд санал нэгтэй байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Гомдлыг дэмжиж байна...” гэв.

Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгээд давж заалдаагүй. Анх 2012 онд “Капитал” банкны удирдлагууд ирээд байрыг маань үзэж, түрээсийн гэрээ хийгээд явсан. Ингээд 2015 түрээсийн төлбөрөө өгөөгүй байж байгаад надад манай төв холдоод байна гээд 2 давхарт нүүж орохоор болоход манайх өөрийн зардлаараа засвараа хийж оруулсан.

“Капитал” банк 2 жил үйл ажиллагаагаа ашигтай явуулчихаад ингэж байгааг нь ойлгохгүй байна. Анх өөрсдөө санаачилж 2 давхарт засвар хийлгээд орсон. Би барилгын план зургаараа нэхэмжлэгчид байраа түрээслэсэн. Манайх бас төвийн халаалттай гарааж барьсан ба “АТМ” суурилуулсан.  “Капитал” банкны төв нь бүхлээрээ нүүж ирээд буцаад явахдаа гэрээ дуусаагүй байхад орхиод явсан. Энэ хооронд дулаан, ус гээд урсгал ашиглалтын зардлууд гарсан.  Эдгээрийг нэхэмжилж байна...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Шүүх нотлох баримтын үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл “Капитал” банк 2012 онд анх байгуулсан гэрээгээ өгөөгүй. Гэрээ бол хамгийн гол үндэс юм. Гэрээг уншаагүй байж хэргийг ингэж шийдвэрлэж болохгүй. Гэрээг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй, хэрэгт байхгүй, түүнийг үзээгүй учраас нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаагүй. Шүүх анхнаасаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байхад хэргийг хүлээж авсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч анх түрээслэхдээ уг талбай барилгын кадастрийн тоогоороо явсан, аль аль тал нь талбайг хэмжиж үзээгүй. Ашиг гэж бүхий л давуу талыг оруулан ойлгодог. “Капитал” банк үйл ажиллагаагаа амжилттай явуулсан, ашиг олсон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан  журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэн давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд: “Капитал” банк нь Ц.Ганболдод холбогдуулан  түрээсийн гэрээнээс учирсан хохирол 14.982.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ц.Ганболд нь түрээслэсэн байранд засвар үйлчилгээ хийсэн болон АТМ байрлуулсны хөлс 19.184.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Ганболдын өмчлөлийн Алтанбулаг төвийн 1 дүгээр давхрын  75 мкв талбай бүхий байрыг банкны ажил үйлчилгээ явуулах зорилгоор нэг жилийн хугацаатай, түрээсийн төлбөрийг 1 мкв талбайг 20.000 төгрөг байхаар тооцон төлбөрийг хийхээр харилцан тохирч гэрээ байгуулжээ.

 Дээрхи гэрээнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан “Түрээсийн гэрээ” байгуулагдсан гэж үзэхээр байгаа боловч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд  хөрөнгө түрээслэх гэрээг  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан 2014 оны 04 сарын 07-ны өдрийн “Түрээсийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус байна гэж үзлээ.

Тус хэргийн зохигчид гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй бөгөөд тухайн гэрээ нь бодит байдлаар хийгдэж улмаар дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар зохигчдын хооронд үүссэн гэрээтэй холбоотой маргааныг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөрийг 75 мкв гэж тооцон 1мкв талбайг 20.000 төгрөг бодож төлбөрийг хийж дуусгасан бөгөөд гэрээг дахин  сунгах асуудал яригдах үед  хөлсөлж байсан байр нь гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй өөрөөр хэлбэл талбайн хөлс илүү төлж байснаа мэдсэн тул хариуцагчаас талбайн хэмжээнд илүү төлсөн мкв-ын үнийг гаргуулах шаардлагыг гаргасан байна.

Хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа талуудын хооронд байгуулсан  гэрээ дуусгавар болсны дараа байрны талбайн хэмжээ бага байсныг мэдсэн  гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд тухайн банкинд талбайн хэмжээ бага байснаар ашиг орлогоо алдсан болон ямар нэгэн хохирол учирсан болох нь тодорхойгүй байхад эд хөрөнгийн доголдол гэж үзсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хэдийгээр талуудын хооронд гэрээ дуусгавар болсон хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх  хугацааг гурван жил...” байхаар заасан байх тул талуудын хооронд гэрээ дуусгавар болсон гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийн гэрээний талаар гаргасан гомдлыг шүүх шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй байна.

  Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1-д “...эд хөрөнгө хөлслөх гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэнэ...” гэж заасан бөгөөд мөн хуулийн  288 дугаар зүйлийн 288.1.1-т заасан “... гэрээний дагуу  биет байдлын болон доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх...” гэсэн заалтыг хариуцагч тал зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал нь нэхэмжлэгчийн эзэмшилд гэрээний дагуу 75 мкв талбай бүхий байр шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, догодолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

  Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээчийн ...“Капитал” банкинд анх түрээслэх үеийн нийт хэмжээ нь 56 мкв,, түрээслэн авсны дараа засвар хийсэн байдлаар нийт хэмжээ 55.11 мкв  болсон байна гэсэн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн хөлсөлсөн байрны талбайн хэмжээ нь гэрээнд заасан 75 мкв-д хүрээгүй, өөрөөр хэлбэл 19 мкв-аар дутуу байсан байна. Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгө хөлслөх гэрээний доголдлын талаар гаргасан шаардлага нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2012 оноос 2015 он 05 сар хүртэлхи хугацаанд хариуцагчтай эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулан ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч энэ талаар хэрэгт бичгийн нотлох баримт авагдаагүй тул хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.5-д зааснаар хөлслөх гэрээний дагуу илүү төлөгдсөн төлбөрийг хариуцагч Ц.Ганболдоос гаргуулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс хариуцагчид байрны хөлсөнд төлөгдсөн төлбөрийг тооцон гаргахдаа  1 мкв-г 20.000 төгрөгөөр бодож /19мкв х 20,000 төгрөг= 380.000 төгрөг/ гэрээнд заасан нэг жилийн хугацаагаар тооцон /380.000 х 12 сар= 4.560.000/ 4.560.000 төгрөг байна гэж үзсэн болно.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгчтэй барилгын 2 давхрын өрөөг түрээслүүлэхээр аман хэлцэл байгуулан тухайн байгууллагын хүсэлтээр засвар хийж тохижуулахад гаргасан 19.184.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд энхүү шаардлагаа нотлоогүй байх тул түүний сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 515 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:

1 дэх заалтыг:

“...1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 290 дүгээр зүйлийн 290.1-д зааснаар хариуцагч Ц.Ганболдоос 4.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.332.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ц.Ганболдын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

2 дахь заалтыг:

“...2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232.410 төгрөг, сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 253.870 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганболдоос 87910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т   зааснаар нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  232.410 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ                             Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                               С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                        Г.ДАВААРЕНЧИН