Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0236

 

М.Ө-н гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагч М.Ө, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Ц.А нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу М.Ө-н гомдолтой, Замын-Үүд дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч М.Ө-н гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0006702, 0006703 дугаартай “Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг тус тус хүчингүй болгож, хураасан бараа болох 817 ширхэг катализаторыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан гомдол гаргагч М.Ө-д буцаан олгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1-д заасныг баримтлан М.Ө-н “Замын-Үүд дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0241945 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Э.Т нь шүүхэд гаргасан “Замын-Үүд дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0241945 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах М.Ө-н эд хөрөнгө болох нүүрсэн яндангийн катализаторыг хууль бусаар хураан битүүмжилж, улсын орлого болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх гомдол гаргагч М.Ө-н гаргасан “... 0241945 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын тухайд гомдол гаргах эрхгүй  этгээд гэх дүгнэлтийг хийж гомдлыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлага уг шийтгэлийн хуудсын дагуу гаргасан зөрчилд нь хуульд зааснаар авсан албадлагын арга хэмжээ буюу тухайн зөрчилд холбогдох барааг хураасан үйлдлийг хууль бус гэж үзэж, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0006702, 0006703 дугаартай “Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг тус тус хүчингүй болгосон нь тус тус хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь “Гаалийн бүрдүүлэлт, санхүүгийн үйл ажиллагаанд хөтлөгдөх маягтын загвар”-ыг баталсан Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 679 дугаар тушаалын хавсралт болох “Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас” нь дотоодын үйл ажиллагаанд зориулан, зөрчил гаргасан этгээдийн бараа, тээврийн хэрэгслийг хураасныг нотлох зорилготой бүрдүүлж буй анхан шатны шинжтэй баримт бичиг буюу уг хуудсаар гомдол гаргагч М.Ө-н хэдэн ширхэг, ямар барааг хураасан талаар тэмдэглэн, няравт хүлээлцсэн үйл баримтыг нотлох юм.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хүчингүй болгосон 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0006702, 0006703 дугаартай “Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын гадагш чиглэсэн байх шинжийг агуулаагүй болно.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-т зааснаар зөрчил гаргагч этгээд тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байх хуулийн урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд тухайн зөрчилд холбогдох барааг хураах албадлагын арга хэмжээг авч, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах санкцтай.

Гэтэл анхан шатны шүүх Б.Т, Н.Б нар дээр дурдсан зөрчил гаргасан болохыг тогтоосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр буюу “0241945 дугаартай шийтгэлийн хуудас”-тай холбоотой гомдлын шаардлагыг хүлээн авч шалган шийдвэрлээгүй, тухайн шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчлэлтэй байхад “тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоолгүй үйлдлийг буруу зүйлчилснээс тухайн зөрчилд хамааралгүй албадлагын арга хэмжээ авсан”, “... тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д заасан “... тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг ... гаалийн хилээр хууль бусаар ... нэвтрүүлэхийг завдсан” гэх зөрчлийн шинжийг агуулаагүй” гэх дүгнэлтүүдийг хийж, зөрчилд холбогдох барааг хураасан албадлагын арга хэмжээг хууль бус гэж үзэн, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д “гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг ойлгохоор заасан. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журам”-аар гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт шалгалт хийх үйл ажиллагааны дэс дарааллыг тогтоосон.

Уг журмын 6.1 дэх хэсэгт “6.1.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэх бөгөөд мэдүүлгийг нөхөн бичих, гаалийн байгууллага гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтыг хүлээн авч, шалгахад “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар”-ыг мөрдөнө, 6.6 дахь хэсэгт “Гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн хяналтын бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгслийг шалгах явцад мэдүүлэгчийн хүсэлтээр гаалийн хяналтын бүсээс буцаан гаргахгүй” гэж тус тус заасан.

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-д улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн жолооч нарын хувийн хэрэглээний эд зүйлийг тодорхой заасан байдаг. Иргэн Б.Т, Н.Б нарын тээврийн хэрэгсэлд нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан авто машины яндангийн катализатор нь дээрх журамд хамаарахгүй тул гаалйн хилээр гаргахын тулд бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэх бөгөөд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасны дагуу гадаад худалдааны гэрээ, эсвэл үнийн нэхэмжлэх зэрэг холбогдох бичиг баримтыг гаалийн байгууллагад гарган өгч гаалийн мэдүүлэг бичигдэж гаалийн хяналт шалгалт хийгдэж зөвшөөрөгдсөний дараа улсын хилээр нэвтрэх байсан.

Дээрх журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх үүрэг нь мэдүүлэгч буюу бараа эзэмшигч М.Ө эсвэл тээврийн хэрэгслийн жолооч нарт байсан боловч эн үүргийг биелүүлэлгүй, гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр улсын хилээр нэвтрэх зорилгоор Замын-Үүд дэх хил хамгаалах байгууллагын 4-ийн хаалтаар дотогш нэвтэрч Чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжийн гаалийн хяналтын бүсээр дамжин өнгөрч Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-2 гаалийн хяналтын бүсийн хашааны хаалган дээр зогссон байдаг.

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын 2018 оны А/54 тоот тушаалаар хилээр гаргах бараанд гаалийн бүрдүүлэлт хяналт шалгалт хийх, гаалийн хяналтын бүсээр хил хамгаалах байгууллагын 4-ийн хаалтнаас зүүн тийш 100 метрт байрлах Э-транс гаалийн хяналтын бүсийг зарласан байдаг бөгөөд уг талбайд барааг гаалийн байгууллагад мэдүүлэх гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч, мэргэжлийн хяналтын байгууллага, бараанд хяналт шалгалт хийх гаалийн байцаагч, төлбөр тооцоо гүйцэтгэх банк ажилладаг ба жолооч Б.Т, Н.Б нарын тээврийн хэрэгслийн улсын хилийн гарах чиглэлд нэвтрэхээр очиж зогссон авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-2 гаалийн хяналтын бүс нь зөвхөн тээврийн хэрэгсэл болон жолоочийн биед үзлэг хийх зориулагдсан бөгөөд хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч нар ажилладаг болно.

Үүнээс үзэхэд иргэн Б.Т, Н.Б нар тээврийн хэрэгсэлд нуусан бараагаа гаалийн байгууллагад мэдүүлэх боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн “зөрчилд холбогдох жолооч нар нь гаалийн хяналт шалгалтад хамрагдаж амжаагүй, гаалийн харилцаанд мэдүүлэг гаргасан оролцоогүй болох нь тогтоогдож байгаагаас үзэхэд тэдгээрийг гаалийн харилцааны оролцогч гэж үзэхгүй” гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн “... тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д заасан “... тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг ... гаалийн хилээр хууль бусаар ... нэвтрүүлэхийг завдсан” гэх зөрчлийн шинжийг агуулаагүй, харин Нийслэлийн Прокурорын газрын тогтоолуудад дурдсанаар мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зөрчил гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлт үндэслэлгүй болох тухайд:

Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 361 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, харин иргэн М.Ө, Б.Е, Н.Б, Б.Т нарын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5-д заасан зөрчлийн шинжтэй байж болох тул харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр материалыг гаалийн байгууллагад шилжүүлсэн.

Зөрчлийн талаарх материалаас үзэхэд Н.Б, Б.Т нар жолоодож явсан тээврийн хэрэгсэлдээ нийт 817 ширхэг катализаторыг авто машины түлшний сав, чиргүүлйн хөргүүрийн хоолой тус тус газарт нуусан байсан нь Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэлтсийн мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг болон жолооч нарын өгсөн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байсан.

Зөрчлийн тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.3-т барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсөн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжэнэий төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар зохицуулсан нь зөвхөн Монгол Улсад экспортлох эсхүл импортлох барааны хувьд үйлчлэхээр байна.

Тодруулбал, Гаалийн болон гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад экспортолж буй бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн татвар ногдуулдаггүй тул бараа бүтээгдэхүүн экспортод гаргаж буй этгээд Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтад заасан зөрчил үйлдсэн тохиолдолд татварыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авах, нөхөн төлүүлсэн татварын үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах боломжгүй юм.

Жолооч Б.Т, Н.Б нарын хувьд 817 ширхэг авто машины катализаторыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хууль бусаар экспортлох зорилгоор М.Ө-н даалгасны дагуу авто машины түлшний сав, чиргүүлийн хөргүүрийн хоолой тус тус газарт нуусан бөгөөд тухайн бараанд ямар нэгэн татвар ногдуулахгүй хууль зүйн үндэслэлгүй тул Зөрчлийн тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан албадлагы арга хэмжээ, шийтгэл ногдуулах боломжгүй.

Харин анхан шатны шүүх зөрчил гаргагч нарын дээрх хууль бус үйлдэлд холбогдсон 817 ширхэг катализаторыг тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй гэж үзсэн бол тухайн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар бус мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан, эсхүл гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасны дагуу зүйлчлэх, тухайн зөрчилд холбогдох барааг хураах албадлагын арга хэмжээ авч болох талаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл хангалттай бүрдсэн байсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдврэлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0006702, 0006703 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг тус тус хүчингүй болгож, хураасан бараа болох 817 ширхэг катализаторыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан гомдол гаргагч М.Өд буцаан олгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасантай нийцэхгүй байна.

Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрлүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан бөгөөд гомдол гаргагчийн 817 ширхэг катализаторыг хураасан “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тухайн актын эрх зүйн үр үйлчлэл шууд дуусгавар болох бөгөөд хариуцагчаас ямар нэгэн нэмэлт акт гаргах, үйлдэл хийх зэргээр үүрэг хүлээлгэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд 817 ширхэг катализаторыг хураасан шийдвэр хүчингүй болмогц, захиргааны байгууллагаас тухайн барааг гомдол гаргагчид буцаан олгох эрх зүйн үр дагавар үйлчилнэ.

Гэтэл гомдол гаргагч нь дээрх нэг маргааны зүйлд бараа хураасан актыг хүчингүй болгох гомдлын шаардлагаас гадна эрх бүхий албан тушаалтны хураасан авсан барааг гомдол гаргагчид буцаан олгохыг даалгах байдлаар гомдлын өөр төрөл, шаардлагыг давхар гаргасныг шүүх хүлээн авч, хамтатган хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцсэнгүй.

Гомдол гаргагчийн “эрх бүхий албан тушаалтны хураан авсан катализаторыг М.Ө-д буцаан олгуулах” гомдлын шаардлага нь даалгах нэхэмжлэлийн төрөлд хамаарах бөгөөд үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах гэж тодорхойлсон ба уг шаардлага нь захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйн эсрэг чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан захиргааны байгууллагын эс үйлдэхүй, эсхүл захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр гарсан байх урьдчилсан нөхцөлүүд хангагдсан тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д тэдгээрийг хууль бус болохыг тогтоох, шаардагдах захиргааны акт буюу шийдвэр, үйл ажиллагаа явуулахыг захиргааны байгууллагад даалгаж шидйвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдэхээр байна.

Хариуцагчийн хувьд Б.Т, Н.Б нар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэн, холбогдох албадлагын арга хэмжээг авч барааг хураан авснаас биш ямар нэгэн эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэр гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүлдээр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 115/ШШ2021/0005 дугаартай шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад гомдол гаргагчийн “Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0006702, 0006703 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг хүчингүй болгуулах, хураасан бараа болох 817 ширхэг катализаторыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан годол гаргагч М.Ө-д буцаан олгуулах” гомдлыг шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Хариуцагч Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0241945 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д заасныг үндэслэн “420 ширхэг нүүрсэн яндан хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан” зөрчил гаргасан гэж үзэж, Э.Т-г 100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, мөн өдрийн 0006702, 0006703 дугаар “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-аар жолоооч Э.Т-с 420, Н.Б-с 399 ширхэг нүүрсэн янданг тус тус хурааж авсан байна.

Эдгээр нийт 819 ширхэг нүүрсэн яндангийн эзэмшигч нь М.Ө болох нь Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдах явцад тогтоогдсон, тус албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-3/7077 дугаар албан бичгээр прокурорын тогтоолоор хэргийг хааж, эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг даалгасны дагуу зөрчил гаргасан этгээдэд арга хэмжээ авхуулахаар Замын-Үүд дэх Гаалийн газарт шилжүүлснийг хүлээн авч, хариуцагч улсын байцаагч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан, дээрх шийтгэлийн хуудас, бараа хураах хуудсыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх М.Ө, Э.Т, Н.Б /бараа хураах хуудсанд заасан жолооч/ нарын гаргасан нэг зөрчил буюу үйлдэл /эс үйлдэл/-д хамаарах ажиллагааны явцад гаргасан бараа хурааж, хариуцлага ногдуулсан хариуцагчийн үйл ажиллагааг 2 тусдаа мэтээр тайлбарлаж, М.Ө-н нэр шийтгэлийн хуудсанд байхгүй гэх үндэслэлээр “гомдол гаргах эрхгүй” гэж холбогдох гомдлыг хүлээн авахаас татгалзаж, мөн адил нэр нь байхгүй байхад бараа хураах хуудсанд гаргасан гомдлыг нь хүлээн авч, тухайн үйлдэл нь зөрчил биш болох нь тогтоогдоогүй байхад хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хариуцагч улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан дараах журмыг зөрчиж, “барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан” гэх зөрчлийг шалгаж, М.Ө-н барааг хурааж, жолооч Э.Т, Н.Б нарт хариуцлага ногдуулсан байна.

- Холбогдогчоор тогтоогоогүй атлаа М.Ө-н барааг хураах албадлагын арга хэмжээ авсан нь Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... хураана” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 7.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаатан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно” гэж тус тус заасныг зөрчсөн.

- Зөрчил үйлдсэн эсэхийг тогтоох нотлох баримтыг бүрдүүлээгүй, тухайн бараа нь тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа мөн эсэхийг тогтоолгүй, бусдын бараанд хийсэн шинжилгээг үндэслэсэн, прокуророос шилжүүлсэн хэрэг бүртгэлтийн материалд тухайн бараанд шинжилгээ хийсэн баримт байхгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 7.1 дүгээр зүйлийн “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” гэж тус тус заасныг зөрчжээ.

Хэдийгээр хариуцагч гаалийн улсын байцаагч нь дээрх хуулийг зөрчсөн боловч “тухайн барааг тээврийн хэрэгсэлд нууж хилээр нэвтрүүлэхийг завдсан” үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд заасан “зөрчил”-д хамаарахгүй гэж үзэх хангалттай баримт хэрэгт цуглаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх гомдлыг хангаж, бараа хураах хуудсыг хүчингүй болгож, барааг буцааж олгохыг даалгасан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасанд нийцэхээргүй байна.

Мөн захиргааны хэргийн шүүхээс дээрх тодорхойгүй нөхцөл байдлыг тогтоох боломжгүй, харин хариуцагч улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Гаалийн тухай хуульд заасан журмын дагуу шалгаж тогтоох үүрэгтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар маргаан бүхий шийтгэлийн хуудас, бараа хураах хуудсыг хариуцагчаас нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 115/ШШ2021/0005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 7.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0006702, 0006703 дугаар дугаар “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”, мөн өдрийн 0241945 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй”,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 58 хоногийн дотор дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0006702, 0006703 дугаар “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”, мөн өдрийн 0241945 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай” гэж,

4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ