| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0636/И |
| Дугаар | 130/ШШ2016/00647 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2016/00647
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Ж овогт Мы Лын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дугаартай тушаалыг хүчингүй болгон тус сургуулийн үйлчлэгч, өлгүүрчний ажилд эгүүлэн томилуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн М.Л би Өлгий хотын 4-10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Багш ажилчид авж ажиллуулах тухай" 42 дугаар тушаалаар тус сургуульд үйлчлүүлэгчийн ажилд 1994 оны 9 дүгээр сарын 01-нээс хэлэн томилогдсон юм. Үүнээс хойш эдүгээ 22 жил үйлчлүүлэгчийн ажлыг хийж байсан юм. М.Л би тус байгууллагад ажилдаа байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч, Өргөмжлөл шагнал хүртэж байсан юм. Гэтэл ажил олгогч болох Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал намайг 2016 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 71 дүгээр тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэнтэй холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 19-нээс үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн байна. Гомдол гаргагч М.Л би Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 71 дүгээр тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. М.Л би 1962 оны 04 дүгээр сарын 06-нд төрсөн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Гэтэл би одоо 54 настай юм. Иймд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
2. М.Л би ажил олгогчоос хууль бус шийдвэр гаргах гэж байгааг мэдээд тус сургуулийн хэсэг ажилчдын хамт Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ө сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал А.Мд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн бичигт "...Гэвч тэтгэмжийн мөнгийг бүрэн аваагүй, өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгоогүй, тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр эрх үүсээгүй багш, ажилчдыг ажил олгогчийн санаачилгаар чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дэх заалтыг, Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 10 дахь заалтыг зөрчиж байна..."гэжээ. Эндээс үзэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь ажил олгогчийн үйлдэл хууль бус гэдгийг нотолсон байна. Нэхэмжлэгч М.Лын миний нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх юм. Иймд Ж.Ан нэрэмжит сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 71 дүгээр тушаалыг хүчингүй болгон М.Л намайг тус сургуулийн үйлчлэгч, өлгүүрчний ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Би ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн явдалд гомдолтой байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын Ө сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 71 дүгээр тушаалыг хүчингүй болгон тус сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэл гаргасан Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суудаг, Ж овогт Мы Лын нэхэмжлэл, иргэний хэрэгт хавсаргасан нотлох баримтуудтай танилцав. Тус байгууллагад олон жил ажилласан үндсэн ажилтан болох М.Л нь 1962 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн ба одоо 55 нас хүрээгүй байгаа учраас өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байдлыг харгалзан түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч би хүлээн зөвшөөрч М.Лыг өмнө эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд томилж, маргаан бүхий тушаалыг хүчингүйд тооцсон юм. Иймд нэхэмжлэгч М.Лын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэсэн хууль зүйн үндэслэлээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Л шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч М.Л би тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөн, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын Ө сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 71 дүгээр тушаалыг хүчингүй болгон тус сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэл гаргасан юм. Шүүхээс миний нэхэмжлэлийг хянан шалгах явцад ажил олгогч намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхээр тушаал гарган одоо би ажлаа хэвийн хийж байна. Иймд нэхэмжлэгч М.Л миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Уг асуудлыг нотлох бичиг баримтуудыг ажил олгогчоос хүргүүлсэн байгааг тэмдэглэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдуулан Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дугаартай тушаалыг хүчингүй болгон тус сургуулийн үйлчлэгч, өлгүүрчний ажилд эгүүлэн томилуулах-ыг хүссэн тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х нь нэхэмжлэгч М.Лыг тус сургуулийн үйлчлэгч, өлгүүрчний ажилд томилж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар, Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаартай тушаалаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Л шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Лын Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дугаартай тушаалыг хүчингүй болгон тус сургуулийн үйлчлэгч, өлгүүрчний ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Л улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН