Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 077

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Э-ын З-д холбогдох эрүүгийн 19100 0781 0904 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0214 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар баривчлах ялыг хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн,  мөн хуулийн 261 дүгээр 261.1 дэх оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүндэд багтааж нийт биечлэн эдлэх ялыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Ял нийцүүлэн хасах” тухай 2017 оны 07 сарын 04-ны өдрийн 447 дугаартай захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэг, 216 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг, мөн 500.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаас 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан тус тус  чөлөөлж, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг 20015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн хасаж 3 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, эдлээгүй үлдсэн 2 жил 14 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг биечлэн эдэлж дуусган 2019 оны 01 сарын 04-ны өдөр суллагдсан,  бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Э-ын З- /РД /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын 114 дүгээр байрны орцноос хохирогч Э.Мын унадаг дугуйг нь хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би ээжээсээ мөнгө авч, хохирогчийн хохиролд 550.000 төгрөг нөхөн төлсөн. Би нийтийн байр түрээслэж амьдардаг. Би 435 дугаар хорих ангид хоригдож гарч ирэхдээ өөртөө “дахин хулгай хийхгүй” гэсэн тангараг өргөсөн байсан. Би аавтайгаа маргалдаад таарахгүй болоод Хүннү-222 байрны ойролцоо явж байхдаа дугуй байхаар нь авчихсан юм. Би Залуус зоогийн газарт ажилладаг. Тухайн зоогийн газрын эзэн нь намайг “хэргээ шийдүүлээд ирж ажилдаа ороорой” гэсэн. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж амьдрах болно. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0781 0904 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 08-09х/,

 

2. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 17-19х, 69х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Мын хохирогчоор өгсөн:

“...Миний дугуй 2019 оны 3 сарын 22-ны өглөө намайг ажилдаа гарахад байсан бөгөөд манай хадам ээж орой над руу залгаад “дугуй байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би хамгийн сүүлд дугуйг 2018 оны хэдэн сард тавьсанаа сайн санахгүй байна. Уг дугуйг Трек дэлгүүрээс 2012 онд 850.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Трейк гэсэн хар бичигтэй, голын рам нь улаан өнгөтэй дугуй байгаа юм. Би одоо 600.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

4. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн Х-81 дугаартай: “...Trek брендийн унадаг дугуйны зах зээлийн үнийг 550.000 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 70-72х/, 

 

5. Хохирогч Э.Мд “хэргийн хохирол 550.000 төгрөгийг бэлэн хүлээлгэн өгсөн” талаархи бичгээр үйлдсэн баримт /хэргийн 76х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Згийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгосон Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2019 оны 3 сарын 22-ны өдөр “Оргил” рашаан сувилалд харуулын ажилд орохоор бүртгүүлчихээд алхаж явах замдаа Хан-Уул дүүргийн Хүннү-2222 хорооллын дундуур явж байгаад нэг байрны орцоор орж үзэхэд уг байрны 3 давхарт цоожтой, том хүний, ногоон өнгөтэй унадаг дугуй байхаар нь би цоожийг нь эвдэж хулгайлан авч, улмаар уг дугуйг унаад Нарантуул зах дээр очсон. Унадаг дугуй зарж байсан залуугаас “унадаг дугуй авах уу” гэхэд тэр залуу “хэдээр өгөх юм бэ” гэхээр нь би “100.000 төгрөгөөр өгнө” гэсэн.

Нөгөө залуу “наад дугуй чинь хужаа юм байна, авбал 50.000 төгрөгөөр авна” гэхээр нь би “ядаж 60.000 төгрөгөөр ав” гэхэд тэр залуу бэлэн 60.000 төгрөгөөр авсан. Тэгээд би авсан мөнгөө тухайн үедээ идэж уугаад дуусгасан. Дугуй зарсан залууг би одоо хараад таньж магадгүй, 35-40 орчим насны бордуу царайтай эрэгтэй байсан юм.

....Би хохирлын үнэлгээтэй танилцлаа. Дугуйг 550.000 төгрөгөөр үнэлсэн байна, хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 59х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Х.Амарзаяагийн мэдүүлэг /хэргийн 25х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 34х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 77х/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 128-135х/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 04-ний өдрийн 447 дугаартай “Ялыг нийцүүлэн хасах” тухай шүүгчийн захирамж /хэргийн 136-137х/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримт /хэргийн 138х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Алтансүхэд  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222 хорооллын 114 дүгээр байрны орцноос иргэн Э.Мын трек маркийн унадаг дугуйг нь нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн, улмаар зарж борлуулан мөнгийг өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулж, Э.Мд 550.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 08-09х/,

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү-2222 хороолол хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 17-19х, 69х/,

- хохирогч Э.Мын: “...Миний дугуй 2019 оны 3 сарын 22-ны өглөө намайг ажилдаа гарахад байсан бөгөөд манай хадам ээж орой над руу залгаад “дугуй байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би хамгийн сүүлд дугуйг 2018 оны хэдэн сард тавьсанаа сайн санахгүй байна. Уг дугуйг Трек дэлгүүрээс 2012 онд 850.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Трейк гэсэн хар бичигтэй, голын рам нь улаан өнгөтэй дугуй байгаа юм. Би одоо 600.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

- хохирогч Э.Мд “хэргийн хохирол 550.000 төгрөгийг бэлэн хүлээлгэн өгсөн” талаархи бичгээр үйлдсэн баримт /хэргийн 76х/,  

- Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн Х-81 дугаартай: “...Trek брендийн унадаг дугуйны зах зээлийн үнийг 550.000 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 70-72х/ болон шүүгдэгч Э.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 59х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.  

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан.

 

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын 114 дүгээр байрны орцонд байсан иргэн Э.Мын унадаг дугуйг нь нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн, улмаар зарж борлуулан мөнгийг нь хувийн хэрэглээндээ ашиглан захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч Э.З нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Прокуророос шүүгдэгч Э.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Э.Зг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлон заасан.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мд 550.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар  “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, “нэгж” нь “нэг мянган төгрөгтэй тэнцүү байх”-аар хуульчилсан байна. 

Шүүгдэгч Э.З нь хохирогч Э.Мд учруулсан эд хөрөнгийн хохирлын 550.000 төгрөгийг мөнгөн дүнгээр нь нөхөн төлж арилгасан, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болох нь /хэргийн 76х/ баримтаар тогтоогдсон ба уг гэмт хэргийн улмаас өөр бусдад төлөх төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч Э.З нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 77х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 128-135х/ тус тус авагдсан ба урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.

 

Шүүх, шүүгдэгч Э.З нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж арилгасан, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Э.М нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нөхцөл байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Э.Зд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.З нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхэд хэрэг шийдвэрлэсэн энэ өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 55 хоногийг /хэргийн 31х, 62х, 116х/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.М нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                                ТОГТООХ нь:

1. Э овогт Э-ын З-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Зг 440 /дөрвөн зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Згийн цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн хасаж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 440 /дөрвөн зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Э.З нь эдэлсэнд тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт Э.Згийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.М нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД