| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0647/И |
| Дугаар | 130/ШШ2016/00649 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2016/00649
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 13 дугаар баг, Ж, **-** тоотод оршин суух, Т овогт Хын Жийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаарсарын 10-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн хөлс, зураг төсвийн үнэ 1534249 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин есөн/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би барилгын зураг төсөв хийдэг мэргэжлийн инженер бөгөөд 2014 оны 7 дугаар сард аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Ж.Мын хүсэлт захиалгаар Асрамжийн газрын барилгын засвар хийх зураг төсөв боловсруулж, хүлээлгэж өгсөн юм. Уг зураг төсвийг хүлээж авахад зураг төсөв хийсэн хөлс болох 1534249 төгрөгийг 2014 онд багтааж олгоно гэж хүлээж авсан акт үйлдэж гарын үсэг зурсан боловч одоо хүртэл нэг ч төгрөг надад өгөөгүй байна. Би зураг төсвийн мөнгийг нэхэж удаа дараа очсон боловч одоохондоо мөнгө байхгүй дараа сард өгнө гэсэн шалтаг хэлж 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Иймд миний авах ёстой хөдөлмөрийн хөлс болох зураг төсвийн үнэ 1534249 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин есөн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Ө сумын 13 дугаар багийн иргэн Х.Жийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй тус газрын харьяа Асрамжийн төвийн их засварын зураг төсвийн хөлс болох 1534249 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин есөн/ төгрөгийг тус газрын харьяа Асрамжийн төвийн санхүүгээс гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С би хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сы шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжлэгч Х.Ж анх Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харьяа Асрамжийн төвийн барилгын засварын зураг төсвийг хийж гүйцэтгэсэн болно. Иймд хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэж, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1534249 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин есөн/ төгрөгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн данснаас гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэгч талаас энэ талаар татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Жийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдох хөдөлмөрийн хөлс, зураг төсвийн үнэ 1534249 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С нь нэхэмжлэгч Х.Жийн нэхэмжилсэн хөдөлмөрийн хөлс, зураг төсвийн үнэ 1534249 төгрөгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн санхүүгээс гаргуулж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Х.Ж нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс хөдөлмөрийн хөлс, зураг төсвийн үнэ 1534249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хөдөлмөрийн хөлс, зураг төсвийн үнэ 1534249 төгрөгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн данснаас гаргуулахад татгалзах зүйлгүй гэж, бичгээр тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Х.Жийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн *********** дугаартай данснаас 19749 төгрөг, мөн хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 19749 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Жд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь нэхэмжлэгч Х.Жийн нэхэмжилсэн хөдөлмөрийн хөлс, зураг төсвийн үнэ 1534249 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин есөн/ төгрөгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн санхүүгээс гаргуулж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн *********** дугаартай данснаас 19749 төгрөг, мөн хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 19749 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Жд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН