| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0088/Э |
| Дугаар | 090 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 090
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт М-ын Б-д холбогдох эрүүгийн 19100 1283 0116 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Мижиддорж, шүүгдэгч М.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Номин констракшн” ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 2, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын Б- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарны гадна автомашины зогсоол дээр иргэн Г.Ш-тай маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун тохой, цээжинд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад одоо нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би хоёр найзынхаа хамт Минт баарнаас гараад өөрийн автомашинаа андуураад хохирогчийн RX маркийн саарал өнгийн машин дээр очсон байсан. Машинуудаа зэрэгцүүлээд тавьсан байсан юм билээ. Тэгээд хохирогч Ш нь машинаасаа гарч ирээд маргаан үүссэн. Тэгээд салаад явах гэсэн боловч явахгүй байснаас үүдэж хохирогчийн биед гэмтэл учруулсан байсан. Хохирогчид нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1283 0116 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ш-гийн хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 5 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны авто зогсоол дээр үл таних 90-30 УБД улсын дугаартай 450RX маркийн автомашинтай явж байсан залуу намайг тамхи татаад зогсож байхад ирээд зодсон. Ямар учраас намайг зодсон талаар би мэдэхгүй байна. Тэгээд машиндаа суугаад яваад өгсөн учир би цагдаад дуудлага өгсөн.
Би тэр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Миний санахын 4-5 хүн байх шиг байсан. Бүгд казах хүмүүс байсан юм. Би тухайн үед найз Пүрэвсүрэн, эхнэр Батчимэг нарын хамт явж байсан.
Намайг эхлээд мөргөж байсныг санаж байна, тэгээд би ухаан орж, гарах үед цохиж байсан. Яг хэдэн удаа, хаашаа цохисныг бол мэдэхгүй байна. Тэд нартай цуг явж байсан том биетэй залуу цохиж байсан. Би тэр намайг цохисон залууг өмнө харж байгаагүй, манай эхнэр харвал танина. Би өөрийнхөө эрүүл мэндийн төлөө эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн. Одоо миний биеийн байдал сайн байгаа.
...Би эмчилгээний зардал болох 2.170.000 төгрөгийн зардлыг гаргуулж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 21х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батчимэгийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад явсан. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01 цагийн үед найз Пүрэвсүрэнтэй хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт бааранд бид хоёр байна” гэж манай нөхөр Ш утсаар залгаж “би согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа тул машин барьж болохгүй байна, ирээд аваачээ” гэхээр нь би Минт бааранд очсон.
Манай нөхөр Ш, түүний найз Пүрэвсүрэнгийн хамт авто машины зогсоол дээр зогсож байхаар нь яваад очсон. Бид гурав дуудлагын жолооч хүлээгээд байж байхад RX450 маркийн цагаан өнгийн машинтай залуучууд ирж, оросоор харааж байснаа нэг залуу нь “шивээстэй хүн атаман байдаггүй” гээд Пүрэвсүрэнг цохихоор нь би салгах гээд очиход намайг түлхэж унагаад, манай нөхөр Шг гараараа нүүр рүү нь цохиж, хөлөөрөө өшиглөж дэвсэж байхаар нь би гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэр үед машиндаа суугаад яваад өгсөн юм.
Манай нөхөр болон би тэр залуучуудыг танихгүй, тэдгээр нь казах юм уу, буриад хүмүүс байх шиг байсан. Ирэнгүүтээ “зогсоол хаалаа” гэх нэрийдлээр маргалдаж, найз Пүрэвсүрэнг эхэлж цохисон. Тэрнээс биш бид нар маргалдсан зүйл байхгүй. Би тэр цохисон хүнийг харвал танина. 185 см орчим өндөртэй, биеийн хөгжил сайтай, спортоор хичээллэдэг байж магадгүй, булчинлаг биетэй, халзандуу цайвар царайтай эрэгтэй хүн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Пүрэвсүрэнгийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр найз Ш, Цогт-Эрдэнэ нартай уулзаж ярилцаж байгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд 23 цаг өнгөрч байхад ороод, юм ярингаа 0.7 литрийн виски хувааж ууж байхад Цогт-Эрдэнэ “ажил гарлаа” гээд яваад өгсөн. Ингээд 03 цаг өнгөрч байхад дуудлагын жолооч дуудсан, мөн Ш эхнэр Батчимэгийг дуудсан байсан. Тухайн үед машин дээрээ очоод байж байхад нэг залуу ирсэнээ “машин хагалчихсан байна” гэж хэлчихээд цааш явж байхдаа Шд хандаж “шивээстэй атаман байдаггүй юм” гэж хэлээд, хэл амаар доромжилсон. Тэгээд би Шг машинд суулгах гэсэн боловч суухгүй, нөгөө хүмүүстэй маргалдаад байхаар нь учрыг нь олох гээд мөн холдуулахад намайг цохиж унагасан.
Манай найз Ш барьцалдаж авахад хамгаалагч нар ирж салгасан. Нэг мэдэхэд Ш цохиулчихсан, хамарнаас нь цус гарч байсан. Тэгээд нөгөө залуучууд хамгаалагч нартай маргалдаж байгаад машинаа асаагаад яваад өгсөн. Шг цохисон залуу өндөр шардуу царайтай, махлагдуу, эрэгтэй, казах хүн байсан. Тэгээд хүмүүс салгах гээд байхад тэр залуу Ш руу дайраад байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Санжаагийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн шөнийн 04 цаг хүртэл Минт бааранд үүрэг гүйцэтгэсэн. Манай баарны цагийн хуваарийн дагуу 03 цаг өнгөрөөгөөд хүмүүсээ гадагш гаргаж байсан юм. Тэр үед “авто зогсоол дээр хүмүүс хоорондоо зодолдоод байна” гэж станцаар мэдэгдэхээр нь ойролцоо байсан хамгаалагч нарын хамтаар авто машины зогсоолын 4 дүгээр эгнээ дээр очиход хүмүүс чанга дуугарсан байдалтай, хоёр хүн бие биенийгээ замдсан байдалтай байхаар нь салгаж холдуулаад, тухайн асуудлыг намжаасан.
Тэгэхэд нэг залуу орилоод асуудлыг ширүүсгээд, нэг казах залуу цаанаасаа хэрэлдэж бие биенийгээ цохих гээд дайраад байсан юм. Би хүмүүсийг холдуулаад эргээд харахад нэг залуугийн хамарнаас нь цус гарч байсан. Нэг монгол залуу нь нилээн ширүүн дайраад байсан. Ингээд цуг явж байсан хүмүүс нь салгаж холдуулаад, цагаан өнгийн жийп машинд суугаад яваад өгсөн. Харин нөгөө хүмүүс нь Приус-20 маркийн машинтай явж байсан юм.
Цагаан өнгийн жийп машинд 4 казах залуу явж байсан. Харин Приус-20 маркийн машинд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн явж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6120 дугаартай:
1. Г.Ш-гийн биед хамар ясны хугарал, баруун тохой, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 60х/,
6. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны урд талын авто зогсоолын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураан бэхжүүлсэн Мөрдөгчийн тогтоол /хэргийн 64-66х/,
7. Хохирогч Г.Ш-гийн “Гурван гал”, “Эс эс эл жи”, “Лазер мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 69-71х, 74-102х/,
8. Шүүгдэгч М.Б нь хохирогч Г.Ш-д хохирлын 2.170.000 төгрөг нөхөн төлснийг хүлээн авсан талаархи бичгээр гаргасан баримт /хэргийн 149х/,
9. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 113-116х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-ийн яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед найз Ерзатын хамтаар Минт бааранд орж бүжиглэж байгаад 2019 оны 5 дугаар сарын 17-ны шөнийн 04 цагийн үед баар хаах болоод гарсан. Тухайн үед Нурсултаныг дуудан цугтаа явж байхдаа машин андуурч өөр хүний машин дээр очсон байсан. Тэгэхэд цаана нь байсан Нурсултаныг нэг залуу хэл амаар доромжлоод дайраад байхаар нь Ерзат бид хоёр очиж холдуулаад, Нурсултантай хамт машиндаа суух гээд явж байхад нөгөө залуу араас хэл амаар доромжлоод бид нар дээр ирсэн.
Ингээд байж байхад нэг эмэгтэй ирээд “согтуу байна, та нар битгий тоогоорой” гэж хэлсэн. Тэгэхэд манай найзын дүү рүү орилж хараагаад байхаар нь яваад очиход намайг “хасагийн шээсийг дагасан, ул долоосон гөлөг” гээд байхаар нь би “адилхан монгол хүмүүс байж боль л доо, харьж амрая” гэхэд намайг заамдаж авсан. Ингээд өөрөөсөө холдуулах гээд зууралдаж байхдаа санамсаргүй байдлаас болж мөргөсөн. ...Тэгээд намайг цээж нүцгэн залуу ирээд заамдаж дайраад байхад хүмүүс холдуулаад намайг цохихоор нь би түлхсэн. Тэгээд манай хоёр найз намайг холдуулаад “одоо явъя” гэхээр нь би машинд суух гээд явж байхад Приус-20 маркийн машины багажны хэсэгт намайг цээж нүцгэн залуу цохиж, цуг явж байсан залуу намайг цохиход араас нь эмэгтэй хүн өшиглөсөн. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулаад биеэ хамгаалах зорилгоор түлхээд цааш явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 127-128х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 131х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 313х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 148/, шүүгдэгч М.Бэс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 154х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Г.Ш- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 153-154х/ 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгч нарт танилцуулан М.Б-эд холбогдох эрүүгийн 19100 1283 0116 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарны гадна автомашины зогсоол дээр иргэн Г.Ш-тай үл ялиг зүйлээр шалтаглан маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун тохой, цээжинд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч Г.Ш-гийн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны авто зогсоол дээр үл таних 90-30 УБД улсын дугаартай 450RX маркийн автомашинтай явж байсан залуу намайг тамхи татаад зогсож байхад ирээд зодсон. Ямар учраас намайг зодсон талаар би мэдэхгүй байна. Тэгээд машиндаа суугаад яваад өгсөн учир би цагдаад дуудлага өгсөн. Би тэр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Миний санахын 4-5 хүн байх шиг байсан, бүгд казах хүмүүс байсан юм. Би тухайн үед найз Пүрэвсүрэн, эхнэр Батчимэг нарын хамт явж байсан.
Намайг эхлээд мөргөж байсныг санаж байна, тэгээд би ухаан орж гарах үед цохиж байсан. Яг хэдэн удаа, хаашаа цохисныг бол мэдэхгүй байна. Тэд нартай цуг явж байсан том биетэй залуу цохиж байсан. Би тэр намайг цохисон залууг өмнө харж байгаагүй, манай эхнэр харвал танина. Би өөрийнхөө эрүүл мэндийн төлөө эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн. Одоо миний биеийн байдал сайн байгаа. ...Би эмчилгээний зардал болох 2.170.000 төгрөгийн зардлыг гаргуулж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 21-23х/,
- “...Хохирогч Г.Ш-гийн биед хамар ясны хугарал, баруун тохой, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6120 дугаартай дүгнэлт /хэргийн 60х/,
- хохирогч Г.Ширэвсамбуугийн “Гурван гал”, “Эс эс эл жи”, “Лазер мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 69-71х, 74-102х/,
- шүүгдэгч М.Б нь хохирогч Г.Ш-д хохирлын 2.170.000 төгрөг нөхөн төлснийг хүлээн авсан талаархи бичгээр гаргасан баримт /хэргийн 149х/,
- хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны урд талын авто зогсоолын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураан бэхжүүлсэн Мөрдөгчийн тогтоол /хэргийн 64-66х/,
- таньж олуулах ажиллагаа хийсэн тухай Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 113-116х/,
- гэрч Б.Батчимэг /хэргийн 27х/, П.Пүрэвсүрэн /хэргийн 35х/, М.Санжаа /хэргийн 37х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 127-128х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Г.Ш-гийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...хамар ясны хугарал, баруун тохой, цээжинд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч М.Б түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойгоороо мөргөж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос М.Б-ийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогдсон байна.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Г.Ш-гийн биед учирсан “...хамар ясны хугарал, баруун тохой, цээжинд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Г.Ш- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Эмчилгээний зардалд 2.170.000 төгрөг хүлээн авсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй.” хэмээн мэдүүлсэн баримттай /хэргийн 20-23х, 149х/ тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлж арилгасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 148х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч “гомдол саналгүй цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт Мөрдөгчийн 2019 оны 5 сарын 30-ны өдрийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хэрэг учрал болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны урд талын авто зогсоолын хяналтын камерийн бичлэг бүхий /хэргийн 64-66х/ сиди 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт М.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, биттүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Ш- нь “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт М-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт М.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Ш- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД