| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0093/Э |
| Дугаар | 098 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 098
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдьэрлүүлэх санадлтай ирүүлсэн Т овогт Б-ын М-д холбогдох эрүүгийн 20100 0016 0066 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд /томилолтоор/, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-ын М- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл цогцолборын Эвент холлын эрэгтэй хувцас солих өрөөнд хохирогч Б.О-тай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би хохирогчийн хамар тус газарт гараараа цохисон, мөн хавирч унагааж шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийг учруулсан. Миний биед гэмтэл учраагүй. Одоогийн байдлаар хохирогчид эмчилгээний зардал төлбөрт тооцон 353.000 төгрөг нөхөн төлсөн. Би хохирогчийг танихгүй. Прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд энэ хүсэлтээ дэмжиж байна. Прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналыг мөн хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 0016 0066 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О-ын хохирогчоор өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл цогцолборын Эвент холлд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. Би тухайн арга хэмжээнд оролцож байгаад уг газар 4 хундага цагаан архи, 2 пиво, 2 хундага шампанск уусан байсан.
Тэгээд уг арга хэмжээнээсээ гарч Зайсан хиллийн гаднаас таксинд суугаад 1 дүгээр хороолол руу гэр лүүгээ явсан юм. Гэрийн урд байдаг диско клуб руу орох гэхэд хамгаалагч нхь “чи цус болсон байна, цустай хүн оруулахгүй” гэж хэлсэн. Би тухайн үед хамгаалагчийг нь “чи надаар тоглоод байгаа юм уу” гэж асуухад “юу яриад байгаа юм бэ, ариун цэврийн өрөө орж цусаа цэвэрлээд цаашаа ороорой” гэхээр нь би ариун цэврийн өрөө ороход хамарнаас цус гарсан байсан. Миний хувьд шинэ жилийн арга хэмжээн дээр хүмүүстэй огт маргалдаагүй. Тэгээд Улсын 3 дугаар эмнэлэгт очиж хамараа янзлуулсан, мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хажууд байх “Мед травма” гэх газар зураг авахуулсан баримт байгаа. Би нийт 353.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07х/,
2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 907 дугаартай:
1. Б.О--н биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун зовхи, хамар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 13-14х/,
3. Хохирогч Б.О-ын Улсын 3 дугаар эмнэлэг, “Мед травма” эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгэсэн талаархи эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 17-18х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мгийн яллагдагчаар өгсөн:
“...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр ярьсан. Тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл цогцолборын Эвент холлд шинэ жилийн арга хэмжээндээ оролцчихоод эрэгтэй хувцас солих өрөөнд хувцасаа солиод байж байхад гаднаас нэг залуу хамгаалагчийн хамт орж ирээд тухайн залуу үлдээд, хамгаалагч гараад явсан. Би тэр үед гутлаа өмсөөд доошоо тонгойгоод сууж байтал гэнэт миний нүүр лүү өшиглөсөн. Би гайхаад хартал тухайн залуу байсан ба би босч очоод тэр залууг хавирч унагаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, “зүгээр байж байхад яагаад байгаа юм бэ” гээд орилтол манай ажлын нэг залуу орж ирээд салгасан.
Яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа, зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 30х/, гэрч Ц.Ундармаагийн мэдүүлэг /хэргийн 32х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 34х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 35х/, шүүгдэгч Б.Мгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 44х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.О- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 43-44х/ 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулан Б.Мд холбогдох эрүүгийн 20100 0016 0066 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл цогцолборын Эвент холлын эрэгтэй хувцас солих өрөөнд хохирогч Б.О-тай тодорхой шалтаг шалтгаангүйгээр маргалдан, түүнийг хавирч унган нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь “...хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун зовхи, хамар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч Б.О-ын: “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл цогцолборын Эвент холлд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. Би тухайн арга хэмжээнд оролцож байгаад уг газар 4 хундага цагаан архи, 2 пиво, 2 хундага шампанск уусан байсан. Тэгээд уг арга хэмжээнээсээ гарч Зайсан хиллийн гаднаас таксинд суугаад 1 дүгээр хороолол руу гэр лүүгээ явсан юм. Гэрийн урд байдаг диско клуб руу орох гэхэд хамгаалагч нхь “чи цус болсон байна, цустай хүн оруулахгүй” гэж хэлсэн. Би тухайн үед хамгаалагчийг “чи надаар тоглоод байгаа юм уу” гэж асуухад “юу яриад байгаа юм бэ, ариун цэврийн өрөө орж цусаа цэвэрлээд цаашаа ороорой” гэхээр нь би ариун цэврийн өрөө ороход хамарнаас цус гарсан байсан.
Би шинэ жилийн арга хэмжээн дээр хүмүүстэй огт маргалдаагүй. Тэгээд Улсын 3 дугаар эмнэлэгт очиж хамараа янзлуулсан, мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хажууд байх “Мед травма” гэх газар зураг авахуулсан баримт байгаа. Би нийт 353.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 907 дугаартай:
1. Б.О--н биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун зовхи, хамар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 13-14х/,
- хохирогч Б.О-ын Улсын 3 дугаар эмнэлэг, мөн “Мед травма” эмнэлэгт үзлэг оношилгоо хийлгэсэн талаархи эмчилгээнтэй холбоотой баримтууд /хэргийн 17-18х/ болон шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 28х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Түүнчлэн хэргийн хохирогч Б.О- нь “хувцас солих өрөөнд шүүгдэгч Мягмарцэрэнг өшиглөсөн” гэх түүний мэдүүлэгт дурьдагдсан нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул шүүгдэгчийг тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж, хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Б.О-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун зовхи, хамар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.М түүнийг цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Б.Мгийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргээр зүйлчлэн, ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгийн гэмт үйлдэлд нь тохирсон бөгөөд хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоосон гэж дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.О-ын биед учирсан “...хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун зовхи, хамар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Б.О- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Эмчилгээний зардалд 353.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” талаар мэдүүлж илэрхийлсэн /хэргийн 19х, 43х/ баримттай тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 30х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болж байна.
Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх, шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Б-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД