| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0087/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 102
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын Бд холбогдох эрүүгийн 19030 1294 0562 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Мөнгөншагай /тээвэр/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, хохирогчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ын Б /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 52 дугаар байрны баруун замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл бүдэг асдаг болсон” зэрэг хөдөлгөөнд ашиглахыг хориглосон заалттай “Тоёота кроун” маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 8 настай Т.Цг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллгаааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би 2013 онд жолооч болсон. Би Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг мэднэ. Гэхдээ тухайн осол хэрэг гарах үед урсгал сөрж явсан нь миний буруу.
Одоогийн байдлаар би хохирогчид хохирол төлбөрт тооцон 2.000.000 төгрөгийг өгсөн байгаа, мөн үлдэгдэл хохирлыг төлнө. Хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь манай ээж эргэж очсон. Бидний зүгээс хохирогчид анхаарал тавьж байгаа.
Би тухайн өдөр ээж, эхнэр, хүүхдийн хамт өглөөний 08.00 цагт тэдгээрийг ажил, сургуульд нь хүргэж өгөхөөр явж байсан. Би ер нь “Эко маркет” дэлгүүрийн хашаагаар дамжаад төв зам руу ордог байсан. Гэтэл тухайн үед “Эко маркет” дэлгүүрийн хашаа хаалттай байсан ба машинууд намайг шахаж, эгнээ зам руу оруулахгүй байсан тул би урсгал сөрсөн.
Би өөрийн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Миний жолоодож байсан машин нь Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. Тухайн машиныг миний эхнэр өөрийн нэр дээр худалдаж авч байсан. Надад тухайн машиныг жолоодох эрх байгаа. Би хүүхдийн эмчилгээний төлбөрийг 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн боломжинд тааруулж төлнө. Мөн хүүхдийн цаашид гарах эмчилгээний бодит зардлыг төлнө.” гэсэн мэдүүлэг,
2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тгийн өгсөн:
“...Миний хүү 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 52 дугаар байрны баруун зам дээр өглөө 08.00 цагт Тоёота краун маркийн машинд мөргүүлж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хагалгаанд орсон. Үүний улмаас “Эм Би Жи” эмнэлэгт 10 хоног хэвтэж 6.450.000 төгрөгийг төлсөн. Хагалгаанд олсон боолт 196.000 төгрөг болсон. Тархины компьютер томографи 200.000 төгрөг, одоогоор хүүхдийн хөл хадаастай байгаа тул цаашид хадаасын авахуулах мэс заслын төлбөр нь 3.000.000 төгрөг болно гэсэн. Хагалгаанд орсон цагаас хойш Б.Б манай хүүхэдтэй 2-3 удаа уулзсан ба 1.000.000 төгрөгөөр 2 удаа төлбөр төлснийг эмчилгээнд нь зарцуулсан. Миний хүүхэд хичээлдээ явахгүй байгаа, хүүхдийн хөл буцаж өмнөх шигээ хэвийн байдалд орохгүй, цаашид дахиж хагалгаанд орох шаардлагатай байгаа. Тиймээс бидний зүгэээс хохирлын 9.876.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 2.000.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19030 1294 0562 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 03-05х, 06х, 08-10х/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 07х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тгийн хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө босоод гэртээ байж байсан ба тухайн үед манай хүүхэд Цг манай дүү О.Мэнд-Амар замдаа өдөр өнжүүлэх рүү дөхүүлж буулгах гээд гэрээс аваад явсан юм. Тэгэхэд удалгүй өдөр өнжүүлэх газрын багш нь над руу залгаад “Цг машинд мөргүүлчихлээ” гэж хэлэхээр нь би гүйгээд очиход түргэн тусламж болон цагдаа нар надтай зэрэгцэн ирсэн юм. Эмнэлгийн ажилтан манай хүүг үзээд “хөл нь хугарсан байна” гэж хэлээд машиндаа суулган Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэгт очиж хүүхдээ эмчид үзүүлэхэд “хөл нь ил хугаралттай” гэж хэлээд 4 оёдол тавиад эмнэлэгт хэвтүүлсэн. Маргаашнаас нь би хүүхдээ MBG гэдэг хувийн эмнэлэгт хэвтүүлж, хагалгаанд оруулсан.
Тухайн осол гарах үед манай хүүхэд ганцаараа явж байсан бөгөөд өдөр өнжүүлэх газар луу явж байсан. Манай дүү Мэнд-Амар зам түгжрээд байхаар наана нь буулгаад явуулсан байсан. Хүү маань хагалгаанд орчихсон байгаа, шөнөдөө шарх нь жоохон өвддөг, бусдаар нь биеийн байдал нь гайгүй байгаа. Одоо хүү маань 8 нас 9 сартай. Улсын 115 дугаар сургуулийн 3 дугаар ангид сурдаг.
...Жолооч ямар нэгэн холбоо одоо хүртэл бариагүй байгаа, миний хүүхдийн эмчилгээнд одоогийн байдлаар 6.776.000 төгрөгийн эмчилгээ хийгдсэн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг оролцуулаад нийт 9.786.000 төгрөгийг нэхэмжилж байна. Жолоочийн зүгээс одоогийн байдлаар нийт 2.000.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,
4. Хохирогч Т.Цгийн Гэмтэл согог үндэсний төв эмнэлэг болон “Эм Би Жи” гэмтэл согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаархи өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 31-33х, 98-102х, 104-120х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.А-ын иргэний хариуцагчаар өгсөн:
“...Б.Б нь миний нөхөр байгаа юм. Toyota Crown маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн авто машин. Зам тээврийн улмаас авто машинд учирсан эвдрэл гэмтэл байхгүй учир жолоочоос надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн бусдад учруулсан хохирол төлбөрийг бололцоогоороо баримтын дагуу нөхөн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Мэнд-Амарын гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө ахын хүүхэд Цг гэрээсээ өдөр өнжүүлэхэд нь хүргэж өгөх гээд аваад гараад явсан. Тэгэхэд зам түгжрээд, хэсэг хүлээгээд сууж байхад хөдлөхгүй байсан болохоор би дүү Цг “энд машинаас буугаад алхаад орчих” гэж хэлэхэд Ц машинаас буугаад чигээрээ алхаад явсан. Би араас нь хэсэг харж байгаад гайгүй явж байхаар нь эргээд явсан юм. Тэгээд би цаашаа ажилдаа явж байхад манай эгч над руу залгаад “Ц машинд дайруулсан байна, чи хэзээ завтай болох вэ” гэхээр нь би “1 цагийн дараа очно” гээд цагийн дараа гэртээ ирэхэд манай эгч миний машиныг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явж, би эгчийн бага хүүхдийг хараад үлдсэн.
Би бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд ганцааранг нь оролцуулж болохгүй гэдгийг осол болсон өдрөөс хойш мэдсэн. Тухайн үед зам түгжрээд байсан учир би буулгаж явуулсан юм. Миний Цг буулгасан газраас өдөр өнжүүлэх нь 20-25 метрийн зайтай. Манай дүү 8 настай юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Бурмаагийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Б-ийн гэрт ирээд хоносон. Маргааш өглөө нь Б-э эхнэр, хүүхдийн хамт хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, намайг манай гэрт хүргэж өгөх гээд явж байсан. Тухайн үед аль зам дээр явж байсан талаар сайн мэдэхгүй байна, явж байгаад зүүн гар тийш эргээд хашаагаар явчихдаг юм гээд эргэхэд хашаа нь хаалттай байсан учир буцаад эргээд нөгөө явж байсан зам руу орох гэхэд машинууд шахаад оруулахгүй байсан.
Тэгэхээр нь Б-э эгнээ рүү орж чадахгүй явж байгаад гэнэт машинаасаа буухаар нь би гайхаад машины цонхоор харахад газарт нэг хүүхэд сууж байсан. Би “яасан юм бол” гэж бодоод машинаасаа буугаад “яасан бэ, юу болсон бэ” гэхэд нөгөө хүүхэд “ахаа уучлаарай” гээд айсан байдалтай байсан. Тэгэхэд манай хүү “зүгээрээ ахын дүү, бие нь яаж байна” гэхэд нөгөө хүүхэд уйлахаар нь би “машинд мөргүүлсэн байна” гэж бодсон. “Хүүхдийг машинд суулга, Гэмтлийн эмнэлэг явъя” гэж Б-эд хэлээд, тэр хавьд явж байсан хүмүүст эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн.
Би авто машинд жолоочийн арын суудал дээр суугаад явж байсан. Б-э бол миний төрсөн хүү юм. Би осол болсоны дараа машинд мөргүүлсэн хүүхдээс “миний хүү ганцаараа явж байсан юм уу” гэж асуухад “намайг эмээ, агаа хоёр машинаас буулгаад одоо миний хүү гүйчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйсэн” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48х/,
8. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 136840 дугаартай:
1. Т.Ц-н биед зүүн шаант болон тахилзуур ясны ил хугарал, хугарлыг засах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 56-57х/,
9. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 59376 тоот дүгнэлтэд:
1. Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ хэвийн бус, хойд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай, их гэрлүүдийн тусгалын эрчим хол болон ойрын тусгал дээр, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 19.6 мм/м буюу тохиргоо хэвийн бус байна.
2. Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү, их гэрлүүдийн тусгалын эрчим хол болон ойрын тусгал дээр, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 19.6мм/м буюу тохиргоо хэвийн бус стандартын шаардлага хангахгүй байна.
3. Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн тоормосны хүч зөрүүтэй байгаа гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй ба уг гэмтэл нь тухайн замын гадаргуугийн нөхцөл байдал мөн автомашины хурд зэргээс хамаарч тоормосны зам уртсахад нөлөөлнө. Их гэрлүүдийн тусгалын эрчим хол болон ойрын тусгал дээр хэвийн бус байгаа, мөн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 19.6мм/м буюу тохиргоо алдаатай байгаа нь ашиглалтын үед үүссэн байх ба уг осол хэрэгт нөлөөлөхгүй.
4. Тоормосны шингэн дамжуулгатай АВS системтэй байна. Тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна.
5. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АВS тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугийн байдал, автомашины хурд зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжтой.
6. Хяналт үзлэгийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд уг тээврийн хэрэгслийн спидометр нь хэвийн ажиллагаатай байна.” гэсэн дүгнэлт, техникийн дүгнэлтийн хуудас, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 64-69х/,
10. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 556 дугаартай:
1. Т.Кроун маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Бямбацогт овогтой Б-э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Тэмүүжин овогтой Цгийн эцэг, эх, асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар бүлгийн 27.2 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;” гэснийг зөрчин хүүхдийг хөдөлгөөнд оролцуулсан байна.
3. Зам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 74-75х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-ийн гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 08 цаг дөнгөж өнгөрөөд гэрээсээ хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гараад явсан. Зам түгжрээд байхаар нь зүүн гар тийшээ буюу Эко март хүнсний захын хашаагаар дамжиж явах гэхэд хаалга нь хаалттай байхаар нь буцаж эргээд замруу орох үед машинууд зам тавьж өгөхгүй, оруулахгүй байхаар нь эсрэг урсгалаар эгнээндээ орох гээд зөөлөн явж байгаад түгжрээд зогсож байхад 2 машины голоор нэг хүүхэд гэнэт гүйгээд гараад ирсэн.
Тэгэхээр нь би шууд тоормос гишгэхэд тухайн хүүхэд тулаад гараад ирсэн байсан тул машины крыло дээр гараараа цохиод газарт унасан. Би машинаасаа буугаад нөгөө хүүхэд дээр очоод “ахын дүү яаж байна” гэхэд “хөл өвдөөд байна” гэж уйлсан. Би хүүхдийг өргөөд машиндаа суулгаж, хүүхдээс ээжийнх нь дугаарыг нь аваад залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Дараа нь хажуугаар өнгөрч байсан хүнээс “102 болон 103 руу залгаад дуудлага өгөөд өгөөч” гэж гуйхад нөгөө хүн дуудлага өгсөн.
Тухайн осол болсон зам нарийхан, машин зөрөх зайгүй байсан учир би замаа чөлөөлөөд цагдаа болон түргэн тусламж ирэхийг хүлээсэн. Удалгүй дүүргийн замын цагдаагийн газраас цагдаа ирээд араас нь эмнэлгийн машинтай эмч ирээд, хүүхдийг үзээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэх зорилгоор аваад явсан. Араас нь төв замын цагдаагаас цагдаа нар ирээд осолын газарт үзлэг, хэмжилт хийгээд миний машиныг түр саатуулах байранд хүргүүлсэн.
Тухайн үед үзэгдэх орчин сайн, замын түгжрэл ихтэй, маш их ачаалалтай байсан. Би 2013 оноос хойш жолооч болсон. Би бусдад учирсан хохиролд боломжоороо 2.0 сая төгрөг төлж барагдуулсан. Цаашид баримтын дагуу боломж бололцоогоороо төлж барагдуулж, хохиролгүй болгоно. Би зам тээврийн осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Т.Кроун маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай эхнэр О.А-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм.
Тухайн явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан бөгөөд зам хөндлөн гарахдаа гүйж байсан. Мөн ганцаараа явж байсан юм. Би явган зорчигчийг хараагүй, гэнэт машины цаанаас гүйгээд гараад ирсэн. Осол болох зед миний автомашин дотор надаас гадна 3 хүн байсан. Зам ачаалалтай байсан учир 20-25 орчим км/цагийн хурдтай явж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51х, 86-87х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 125х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 126х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 129х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 52 дугаар байрны баруун замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл бүдэг асдаг болсон” зэрэг хөдөлгөөнд ашиглахыг хориглосон заалттай “Тоёота кроун” маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 8 настай Т.Цг мөргөсөн зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон ба уг ослын улмаас явган зорчигч, бага насны Т.Цгийн эрүүл мэндэд ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 136840 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “...зүүн шаант болон тахилзуур ясны ил хугарал, хугарлыг засах мэс заслын дараах байдал” гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол учирсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 52 дугаар байрны баруун замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл бүдэг асдаг болсон” зэрэг хөдөлгөөнд ашиглахыг хориглосон заалттай “Тоёота кроун” маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч 8 настай Т.Цг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Хэргийн шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Түүнчлэн 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар бүлгийн 27.2 дахь заалтад заасан үүргийг биелүүлээгүй насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зохих буруутай байдал хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.Б-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эд эрхтэн хийлгэх, нэмэгдэл хоол тэжээл, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй.” бөгөөд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол түүнийг мөнгөөр нөхөн төлөх, мөн хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч бага насны Т.Цгийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
Энэ хэргийн хохирогч Т.Цгийн эрүүл мэндэд зам тээврийн осол хэргийн улмаас “...зүүн шаант болон тахилзуур ясны ил хугарал, хугарлыг засах мэс заслын дараах байдал” гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол учирсан, учирсан гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж мэс ажилбар хийлгэсэн, цаашид шилбэний хугарлын ялтас авах мэс ажилбар хийлгэх шаардлагатай нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон ба насанд хүрээгүй хохирогчийн хагалгааны зардлын 6.450.000 төгрөг, боолт хийлгэсний 190.000 төгрөг, тархины томографын шинжилгээний 200.000 төгрөг, цаашид хийлгэх эмчилгээний зардлын 3.000.000 төгрөг, нийт 9.840.000 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гомдлын шаардлага гаргасан нь хуулийн үндэслэл бүхий байх ба уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах “Эм Би Жи” эмнэлэг, Хаппиверитас оношилгооны төвд тус тус төлбөр гүйцэтгэсэн төлбөрийн баримтууд /хэргийн 31-32х/, “Эм Би Жи” эмнэлгийн хагалгааны төлбөр нэхэмжилсэн 2019 оны 12 сарын 09, 2020 оны 02 сарын 12-ны өдрийн нэхэмжлэх баримтууд /хэргийн 33х, шүүх хуралдаанд гаргасан/, мөн шилбэний ялтас авах мэс ажилбарын үнэ төлбөрийн мэдээлэл бүхий тус эмнэлгийн 2020 оны 01 сарын 03-ны өдрийн нэхэмжлэх баримтыг тус тус /шүүх хуралдаанд гаргасан/ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн нь тухайн хэрэгт хамааралтай, бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангасан гэж шүүх дүгнэн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Дээрх нэхэмжлэлээс шүүгдэгч Б.Б нь 2.000.000 төгрөгийг хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлж барагдуулсныг хасаж тооцон, нэхэмжлэлээс үлдэх 7.846.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бэр нөхөн төлүүлэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан журмын дагуу “хохирлыг нөхөн төлөх талаархи” шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Б нь гэм хорын хохирлын 7.846.000 төгрөгөөс 4.850.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан ба үлдэх /цаашид гарах эмчилгээний зардлын/ 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн баталгаа гаргасныг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т хүлээн зөвшөөрч, шүүгдэгчтэй эвлэрэн хэлэлцсэн нь /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн, хуулиар хамгаалагдсан бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 125х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн баримттай гарсан бодит зардлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй болон насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан журам зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүх, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 01 /нэг/ 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №840528 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Б.Бэс 7.846.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт Ба-гийн Т-д олгож шийдвэрлэснээс 4.850.000 төгрөг нөхөн төлөгдсөн, хохирлоос үлдсэн 3.000.000 төгрөгийг гурван сарын хугацааны дотор төлж барагдуулахаар насанд хүрээгүй хохирогч Т.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, шүүгдэгч Б.Б нар нь эвлэрэн хэлэлцсэнийг баталсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, Б.Бд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №хххх дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.
7. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД