Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0250

 

Д.О-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, Ц.Б нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.О-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2/, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1., 24.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Д.О-н өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.О-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр/ нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгч Д.О нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1063 дугаартай шийдвэрээр Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохдоо зарим нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилласан жилээ тогтоолгосон байх магадлалтай байна. Учир нь Д.О нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хүрээнд материал бүрдүүлж өгөхдөө 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ихтамир сумын Нийгмийн даатгалын байцаагчид гаргасан гар өргөдөлд “... 1985 оноос эхлэн тус суманд ирж мал малласан” гэж бичсэн байдаг.

Энэ асуудлыг шалгуулахаар хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тус аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч захиргааны хэргийн шүүхээс энэ талаарх нотлох баримтыг гаргуулж аваагүй. Мөн хариуцагч байгууллага шүүхээс Ихтамир сумаас Д.О-н ажиллаж, амьдарч байсантай холбоотой нотлох баримтыг гаргуулах хүсэлттэй байхад шүүх үүнийг шийдвэрлээгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 109/ШШ2021/0014 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, харин баримталсан хуулийн зүйл, заалт болон маргаан бүхий захиргааны актыг тодруулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар актаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг үндэслэн, “хуурамч баримт бүрдүүлэн малчны нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон” гэж үзэж, нэр бүхий иргэдийн тэтгэвэр олголтыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэсний дотор багтсан тул нэхэмжлэгч Д.О-н өндөр насны тэтгэврийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зогсоож олгоогүй байна.

Хариуцагч нийгмийн даатгалын хэлтэс нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 129/ШШ2018/01063 дугаар шийдвэрээр Д.О-г 1981-1989 онд Хотонт сумын “Цацрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосон, ... баримтыг үндэслэж, 20 жил 30 өдөр ажилласнаар малчны тэтгэвэр тогтоож олгожээ.

Дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... Цагдаагийн газраас нотлох баримт гаргуулаагүй, ... Ихтамир сумаас Д.О-н ажиллаж амьдарч байсантай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой” гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүх хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдол бүхий баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт нь тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад бусад нотолгооны хэрэгслээр няцаагдах боломжгүй тул нотолгооны ач холбогдолгүй баримтыг захиргааны хэргийн шүүх цуглуулах үүрэггүй.

Мөн гомдолд “... нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилласан жилээ тогтоолгосон байх магадлалтай ...” гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж зааснаар тэтгэврийг зогсоохоосоо өмнө “Хуурамчаар бүрдүүлсэн болохыг тогтоосон байх” урьдчилсан нөхцөлийг заасан.

Гэтэл уг урьдчилсан нөхцөл бий болоогүй буюу “хуурамч” баримт бүрдүүлснийг тогтоогоогүй атлаа тэтгэвэр зогсоосон нь мөн хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Харин хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 47 дугаар актыг Сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт (3 дахь заалт нь сумдын байцаагч нарт хамаарах) хандаж гаргасан боловч актын нэг дэх заалтаар Д.О-н тэтгэврийг зогсоосон байх тул нэхэмжлэгчид чиглээгүй гэж үзэх үндэслэлгүй, түүний тэтгэвэр олголтыг зогсоосон сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт байна.

Нэхэмжлэлийн шаардлагад “Д.О миний тэтгэврийг зогсоосон үйлдэл хууль бус болохыг тогтоож, зогсоосон үеэс нөхөн олгуулах” гэж дурдсан захиргааны хууль бус үйлдэл нь дээрх актаар илэрсэн байх тул уг хууль бус үйлдлийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэн шийдвэр бүрэн биелэгдэхэд ач холбогдолтой, нөгөө талаас нэхэмжлэлээс хэтэрсэн гэж үзэхээргүй байх тул шүүхийн шийдвэрт уг актын Д.О-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох талаар тодорхой тусгах зайлшгүй шаардлагатай.

Мөн анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхэд баримтлах шаардлагагүй хуулийн заалтыг шүүхийн шийдвэрт тусгасан байх тул эдгээрийг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 109/ШШ2021/0014 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг баримтлан Д.О-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар актын Д.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ