Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2016/00653

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн У сумын 7 дугаар багт оршин суух, Т овогт Ды Лгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Л, орчуулагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.О нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1984 онд У сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Д.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие У сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор 1984 оны 7-р сарын 15-наас ажилд орсон. Тухайн үед ажилд орсон тушаал байгаа боловч 1984 оны архиваас ажилласан тухай баримт гарахгүй байна. Иймд нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1984 онд ажилласан нэг жилийн НААУ-ийн газарт оёдолчноор ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Л шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би анх 1982 онд оёдолчин мэргэжлээр төгсөж ирээд У сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор ажилд орсон. 1984 оны 7 дугаар сард ажилд орсон тушаал байгаа боловч нийгмийн даатгалын байгууллагаас 1984 онд ажилласан хөдөлмөр маань гарахгүй байгаа тул шүүхээс ажилласан жилийг тогтоож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Л нь 1984 онд У сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүсэж шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 02-р сарын 16-ны өдрийн 99 дугаартай архивын лавлагаа, 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн 078151 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баян-Өлгий аймгийн У сумын ахуй үйлчилгээний ангийн даргын 1984 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаартай тушаалын хуулбар, А.К, М.К, М.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгчээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 99 дугаартай У сумын АҮТ-ийн цалин хөлсний баримтаас оёдолчин Д.Лгийн 1985-1989 он хүртэл ажилласан жилийн хөлсийг маягтад тодорхойлж хүргүүлэв гэх архивын лавлагаагаар Д.Л /оёдолчин/ 1985-1989 онд авч байсан цалингийн тодорхойлолтыг гаргаж өгчээ.

Хүсэлт гаргагч өөрийн шаардлагаа үндэслэж байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлаж байгаа байдал нь хоорондоо зөрүүтэй, мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хүсэлт гаргагч Д.Лгийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн У сумын ахуй үйлчилгээний ангийн даргын 1984 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаартай тушаалд Д.Лг 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулах тухай дурдсанаас харахад хүсэлт гаргагч Д.Л 1984 онд 1 жил У сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.

Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн А.К, С.М, М.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод Д.Л чухам ямар байгууллагад хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байсан тухай тодорхой дурдаж бичээгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хүсэлт гаргагч Д.Л нь шүүхэд гаргасан хүсэлтэд ... 1984 онд НАУУ-ийн газарт 1 жил оёдолчноор 1 жил ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж бичсэн бөгөөд шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй ба энэ байдлаар тодорхой тайлбарлаж чадаагүй, түүний нотлох баримтаар гаргаж өгсөн 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд 1984.06.30 ТМС төгссөн тул Баян-Өлгий дахь АУК-н мэдэлд шилжүүлэв, 6-7 дугаар хуудсанд 1984.07.18 У АУ төвд оёдолчноор авч ажиллуулав гэж бичилт хийгдсэнээс харахад хүсэлт гаргагч Д.Л нь 1984 онд У сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор 1 жил ажиллаж байсан байдлыг тогтоолгоход ач холбогдол бүхий нотолгоо гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Лгийн 1984 онд У сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ды Лгийн 1984 онд У сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН