| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0071/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 103
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ын О-т холбогдох эрүүгийн 19100 1484 0022 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ын О- /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ч.О нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамжинд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.Б-ын нүүрэн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би нэг хүнтэй цуг явж байхад надтай хамт явж байсан хүн дуулсан байсан. Тэгэхэд хохирогч маань гарч ирээд “чимээгүй яв” гэсэн шаардлага тавьж, улмаар бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёр барилцаж авсан.
Тухайн үед би Төв аймагт ажиллаж байгаад хүүхдийн үсний найранд оролцохоор ирсэн байсан. Ер нь бол би нилээн согтолттой байсан. Би хохирогчид нэг ширхэг гар утас өгч, мөн бэлнээр 300.000 төгрөгийг хохиролд төлсөн. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1484 0022 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-ын хохирогчоор өгсөн:
“...Манайх Хххх тоотод байдаг. Би 2019 оны 6 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед гэртээ хоол хийж идчихээд зурагт үзээд хэвтэж байхад гудамжинд хүмүүс дуулаад, орилоод байхаар нь би гадаа гараад харахад манай хашааны хажууд Ч.О гэх залууу, Б.Ганхүү гэх залуутай архи уугаад байж байсан. Тэгэхээр нь “та нар энд битгий архи уугаад, орилж чарлаад байгаач” гэхэд Б.Ганхүү гэх залуу нь “Би Төв аймгийн Алтанбулаг сумын анчин хүний хүүхэд байна, чи намайг таних уу” гээд орилоод байхаар нь “чи хэний хүүхэд байх чинь надад хамаагүй, эндээс хурдан яв, хэрэв явахгүй бол цагдаа дуудах юм уу” гэхэд Б.Ганхүү намайг заамдаж авахаар нь би гарыг нь тавиулах гэж байхад тэрээр өөрөө уначихсан.
Тэгэхэд Ч.О миний зүүн талын хөмсөг рүү хөлөөрөө өшиглөчихөөд зугтаагаад яваад өгсөн. Б.Ганхүү гэх залуу намайг цохиж зодоогүй. Ч.О нь намайг газар унасан байхад миний зүүн талын хөмсөг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд зугтаасан, тэрнээс өөрөөр цохиж зодоогүй. Тухайн асуудал болох үед бид гурваас өөр хүн байгаагүй.
...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, уг дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийг Ч.О надад учруулсан. Ч.О нь эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг төлж барагдуулж, надаас уучлалт гуйсан учир надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,
2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6799 дугаартай:
1. М.Б-ын биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд зулгаралт, нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 33х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Оын яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр архи уучихсан, танил Ганхүүтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 байшингийн хажууд дуу дуулаад гудамжаар явж байхад танихгүй залуу бид хоёртой тааралдаж “битгий гудамжаар орилолдоод бай” гээд манай найз Ганхүүтэй маргалдахаар нь би мөн түүнтэй маргалдсан.
Улмаар түүнийг газар унагаад нүүрэн тус газар нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөөд зугтаачихсан юм. Тэрнээс өөр зүйл болоогүй. Би М.Б-аас уучлалт гуйж, эрүүл мэндэд нь учруулсан хохиролд эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн. Одоо М.Б- надад ямар нэг гомдол санал байхгүй гэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 45х/, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 46х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 47х/, гэрч Ч.Анхбаяр /хэргийн 26х/, гэрч П.Дуламсүрэн /хэргийн 29х/ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.О-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ч.О нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамжинд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.Б-ын “гадаа гудамжинд архи ууж, орилохоо боль” гэсэн шаардлагыг эсэргүүцэн маргаж, улмаар түүнийг цохиж зодон газарт унасан байхад нь нүүрэн тус газар нэг удаа өшиглөж биед нь “...зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд зулгаралт, нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч М.Б-ын: “...Манайх Хххх тоотод байдаг. Би 2019 оны 6 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед гэртээ хоол хийж идчихээд зурагт үзээд хэвтэж байхад гудамжинд хүмүүс дуулаад, орилоод байхаар нь би гадаа гараад харахад манай хашааны хажууд Ч.О гэх залууу, Б.Ганхүү гэх залуутай архи уугаад байж байхаар нь “та нар энд битгий архи уугаад, орилж чарлаад байгаач” гэхэд Б.Ганхүү гэх залуу нь “Би Төв аймгийн Алтанбулаг сумын анчин хүний хүүхэд байна, чи намайг таних уу” гээд орилоод байхаар нь “чи хэний хүүхэд байх чинь надад хамаагүй, эндээс хурдан яв, хэрэв явахгүй бол цагдаад дуудах юм уу” гэхэд Б.Ганхүү намайг заамдаж авахаар нь би гарыг нь тавиулах гэж байхад тэрээр өөрөө уначихсан. Тэгэхэд Ч.О миний зүүн талын хөмсөг рүү хөлөөрөө өшиглөчихөөд зугтаагаад яваад өгсөн.
Б.Ганхүү гэх залуу намайг цохиж зодоогүй. Ч.О нь намайг газар унасан байхад миний зүүн талын хөмсөг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөчихөөд зугтаасан, тэрнээс өөрөөр цохиж зодоогүй. Тухайн асуудал болох үед бид гураваас өөр хүн байгаагүй.
...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, уг дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийг Ч.О надад учруулсан. Ч.О нь эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг төлж барагдуулсан ба надаас уучлалт гуйсан учир надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6799 дугаартай:
1. М.Б-ын биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд зулгаралт, нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 33х/ болон шүүгдэгч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 41-42х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч М.Б-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд зулгаралт, нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ч.О түүний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Ч.Оын дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ч.О нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч М.Б-ын биед учирсан “...зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд зулгаралт, нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч М.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө:
“....Одбаяр нь эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, уучлалт гуйсан учир гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлсэн /хэргийн 21-22х/ баримттай тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.О нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 47х/ баримттай байна.
Шүүгдэгч Ч.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт тооцон хохирогч М.Б-т 300.000 төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүгдэгчийн хувийн байдал, хохирогч М.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Ч.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Ч.О нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, шүүх хуралдаан товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй үндэслэлээр тус шүүхийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 271 дугаартай шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж, албадан ирүүлсэн үеэс таслан сэргийлэх арга хэмжээг чангатган өөрчилж, цагдан хорих таслан арга хэмжээ авч шийдвэрлэсний дагуу 2020 оны 02 сарын 06-ны өдрөөс хойш энэ өдрийг хүртэл нийт 13 хоног цагдан хоригдсон баримттай байна.
“Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох, мөн баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасах” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгчийн 2020 оны 02 сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцүүлэн тооцож нийт 195.000 /нэг зуун ерөн таван мянга/ төгрөгийг энэ тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас хасаж тооцон Ч.Оын биечлэн эдлэх ялыг нийт 305 /гурван зуун тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт Ч.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ч-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Оын цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн тооцож нийт 195.000 /нэг зуун ерөн таван мянга/ төгрөгийг эдлэх ялаас хасаж, Ч.Оын биечлэн эдлэх ялыг нийт 305 /гурван зуун тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт Ч.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД