| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0652/И |
| Дугаар | 130/ШШ2016/00654 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2016/00654
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суух, У овогт Хн Сы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.С, орчуулагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1956 оны 10 дугаар сарын 20-ний өдөр төрснөөр нас тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.С шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1956 оны 10 дугаар сарын 20-ний өдөр С сумын Б хэмээх газарт төрсөн. Одоо 60 настай. Ам бүл 4. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би анх мэндлэхэд нэгдүгээрт гэрт төрсөн. Хоёрдугаарт нь тухайн үед ажиллаж байсан иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд миний төрөлтийг бүртгээгүй зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Уг гэрчилгээ одоо байхгүй алга болсон байна. 1956 оны хүн амын тооллогын баримтад миний эцэг Х нас барсан тул өрхийн тэргүүлэгч болох ээж М овогтой Жтэй хамт 0 настай гэж бүртгэгдсэн байна. Одоо иргэний шинэчилсэн бүртгэлд 1958 онд төрсөн гэж буруу бичигдсэн байна. Миний 1956 онд төрснийг 1956 оны хүн амын тооллогын баримт нотолж байгаа тул миний бие 1956.10.20-ний өдөр төрсөн нь үнэн болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Х.С шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1956 онд төрсөн миний бичиг баримт дээр 1958 онд төрсөн гэж бичигдэж байгаа. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэж архиваас лавлаж харахад 1956 оны хүн амын тооллогоос намайг 1956 онд төрсөн 0 настай хүүхэд байсан гэж гарч ирсэн. Манай аав 1956 онд нас барсан байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.С нь 1956 оны 10 дугаар сарын 20-ний өдөр төрснөөр нас тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Х.С нь 1956 оны 10 дугаар сарын 20-ний өдөр төрсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Х.Сы ХААТР-1/Б/ маягтад Х С, РД:**********, Төрсөн газар: Баян-Өлгий С сум, төрсөн он сар өдөр: 1958.10.20..., Биеийн давхцаагүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31/Б/ маягтад У овогт Хн С 1958.10.20-ний өдөр төрсөн... гэж бичигдсэн боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 426 дугаартай С сумын 1956 оны хүн амын тооллогын баримтад Х С /С/ хүү 0 настай гэж бүртгэгдсэн байна гэсэн архивын лавлагаа, Х.Сы бага сургууль төгссөн тухай ******* дугаартай Х С нь 1956 онд төрж, Баян-Өлгий аймгийн С сумын бага сургуулийг 1970 онд сурлагын онц дүнтэй сахилга баттайгаар 4 дүгээр ангийг төгсөв гэх боловсролын үнэмлэх зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Хн С нь 1956 онд төрсөн болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Мөн Баян-Өлгий аймгийн С сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол улсын иргэн У овогт Хн С нь 1956 онд төрсөн, одоо 60 настай. Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг нь үнэн болно гэх тодорхойлолт,
С сумын 5 дугаар багийн иргэн Ж.К, Ж.С, С сумын 4 дүгээр багийн иргэн А.С, Т.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, ХААТР-1/Б/ маягт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтийг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Х.Сы төрсөн сар өдрийг 10 дугаар сарын 20-ний өдөр төрснөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд архивын лавлагаагаар С сумын 1956 оны хүн амын тооллогын баримтанд Х овогтой С /С/ хүү 0 настай гэж бүртгэгдсэн байна гэснийг үндэслэн хүсэлт гаргагч Х.С нь 1956 оны 10 дугаар сарын 20-ний өдөр төрсөн, өнөөдрийн байдлаар 60 нас, 18 хоногтой болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол улсын батлан хамгаалахын төв архивын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1076 дугаартай архивын лавлагаанд Х.Сы төрсөн он сар өдрийн талаар ямар нэгэн бичилт хийгдээгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан Хн С нь 1956 оны 10 дугаар сарын 20-ний өдөр төрсөн, өнөөдрийн байдлаар 60 нас, 18 хоногтой болохыг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Сы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН