Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 104

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт А-ийн Г-т холбогдох эрүүгийн 19100 2935 0089 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч А.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчах ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ийн Г- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч А.Г нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 1-122 тоотод иргэн Ч.Б-ыг “чи яасан олон юм ярьдаг юм бэ” гэж цээж рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч А.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна. Прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахдаа хохирогчтой сайн дураар эвлэрэн, уучлалт гуйсан. Гэм буруу дээр маргахгүй. Миний буруу. Би хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2935 0089 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Б-ы хохирогчоор өгсөн:

“...2019 оны 12 сарын 07-ны өдөр 19 цагийн үед гадаа явж байгаад танил Гтой Шараагийн дэлгүүрийн ойролцоо таарсан. Тэгээд цааш хамтдаа Агийн гэрт очихоор явж байхад замд зүс таних хоёр хүнтэй тааралдсан. Гэхдээ нэрийг нь бол мэдэхгүй байна, ингээд Агийн гэрт нь ирэхэд А гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид нарыг ирлээ гээд 1 шил 0.75 литрийн савалгаатай “Монгол Стандарт” нэртэй архи гаргасан.

Үүнийг бид хэд хувааж ууж дуусаад, дахин 0.75 литрийн архи хувааж уусан. Урьд нь Агийн ээж нас барахад би ажил явдалд нь оролцож чадаагүй бөгөөд энэ талаар ярилцаад сууж байхад Г гэнэт хажуу талаас орж ирээд “чи ер нь яасан их юм ярьдаг пизда вэ, муу цагаач чинь” гээд миний хоолойг араас боож байгаад гараа тавьж, цээжин дээр дэвссэн. Ингээд цээжээ дараад хэвтэж байхад гараараа баруун, зүүн нүдний орчим 2-3 удаа цохисон. Энэ үед хажуу талаас А салгахаар нь би гараад гэртээ харьсан.

Асуудал болох үед А, Г, бид гурав байсан. Нөгөө зүс таних хоёр залуу гараад явчихсан байсан юм. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй.

...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Гоос юу авахав дээ, дахин цагдаа дээр ирж чадахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х, 56х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Амгаланбаатарын гэрчээр өгсөн:

“...Манай Биогийн хүмүүс намайг А гэж хочилж дуудаг юм. ...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байхад 20 цагийн орчим гаднаас Г, Б нар манай биогийн орчимоор архи уугаад явж байдаг зүс таних залуу нарын хамт орж ирсэн. Ингээд найзууд ирсэн болохоор би 0.75 литрийн савалгаатай “Монгол Стандарт” нэртэй архи задлаад хувааж ууцгаасан. Энэ үед Г, Б нартай хамт ирсэн зүс таних хоёр залуу гараад явсан.

Бид гурав үлдээд ярилцаж байгаад дахин 1 шил архи авч, хувааж уусан. Б бид хоёр ойр зуурын юм болон манай ээжийн ажил явдлын талаар яриад сууж байхад Г гэнэт Б руу уурлан дайрч “чи ер нь юугаа хуцаад байгаа пизда вэ, муу цагаач минь” гээд араас нь боож унагаад, цээж рүү нь өшиглөөд нүүрэн тус газарт нь гараараа цохиод байсан. Мөн Б ч Гийн нүүр рүү нь цохиж байсан. Ингээд би голоор нь ороод салгахад Б гараад явчихсан. Зодоон болох үед Б, Г, бид гурав л байсан. Нөгөө зүс таних 2 залуу бол гараад явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Алтанзулын гэрчээр өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Б нь 19 цагийн орчим байсан байхаа, тамхи авахаар гадагш гарсан бөгөөд ирэхгүй удаад байхаар нь утас руу нь залгасан чинь утсаа орхиод гарчихсан байсан. Ингээд би хүлээж байхад орой 00 цагийн орчим Б гаднаас орж ирэхдээ нүүр, ам нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь гайхаад юу болсон талаар асуухад “хар Г намайг зодчихлоо” гэхээр нь би 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Манай нөхөрөөс тухайн үед бага зэрэг архи, согтууруулах ундаа үнэртэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-58х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаартай:

1. Ч.Б--н биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 23-24х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Гийн яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед би биогийн Бтай таарч, Агийн гэрт очихоор болсон. Харин замдаа биогийн орчимоор архи уудаг, зүс таних 2 хүнтэй таараад Агийн гэрт очсон. Ингээд А 0.75 литрийн савалгаатай “Монгол Стандарт” нэртэй архи задалж, бид нарт хийж өгөөд хувааж уусан.

Удалгүй гаднаас хамт орж ирсэн 2 залуу явахаар гарахад А, Б, бид 3 үлдээд, дахин нэг шил архи хувааж уусан. Энэ үед Б жоохон баярхаад байгаа ч юм шиг, агсамнаад байгаа ч юм шиг зан гаргаад байгаа нь надад анзаарагдаад байсан.

Тухайн үед Агийн ээжийнх нь ажил явдал нь болоод удаагүй байсан бөгөөд энэ талаар бас хаа хамаагүй юм яриад байхаар нь уурандаа “чи муу юу гээд байгаа цагаач пизда вэ” гэж хэлээд Быг боосон. Тэгэхэд Б миний гарыг тавиулаад миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд цээж рүү нь өшиглөөд, нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхэд А босож ирээд бид хоёрыг салгасан бөгөөд удалгүй Б гараад явчихсан. Би буруутай үйлдэл хийснээ мэдэж байна, би Баас уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 53х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 32х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 33х/, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 45-47х/, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 48х/, шүүгдэгч А.Гоос өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 63х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ч.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 62-63х/ 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг шүүгдэгчид танилцуулан А.Гт холбогдох эрүүгийн 19100 2935 0089 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 1-122 тоот дахь Н.Амгаланбаатарын гэрт иргэн Ч.Б-ыг “чи яасан олон юм ярьдаг юм бэ” гэх үл ялих зүйлээр шалтаглан агсамнаж, түүний хоолойг нь боох, нүүр рүү нь цохих, цээж рүү нь өшиглөх зэргээр цохиж зодон биед нь “...баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Ч.Б-ы: “...2019 оны 12 сарын 07-ны өдөр 19 цагийн орчим гадаа явж байгаад танил Гтой Шараагийн дэлгүүрийн ойролцоо таарсан. ..., ингээд Агийн гэрт нь ирэхэд А гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид нарыг ирлээ гээд 1 шил 0.75 литрийн савалгаатай “Монгол Стандарт” нэртэй архи гаргасан. Үүнийг бид хэд хувааж ууж дуусаад, дахин 0.75 литрийн архи хувааж уусан. Урьд нь Агийн ээж нас барахад би ажил явдалд нь оролцож чадаагүй бөгөөд энэ талаар ярилцаад сууж байхад Г гэнэт хажуу талаас орж ирээд “чи ер нь яасан их юм ярьдаг пизда вэ, муу цагаач чинь” гээд миний хоолойг араас боож байгаад гараа тавьж, цээжин дээр дэвссэн. Ингээд цээжээ дараад хэвтэж байхад гараараа баруун, зүүн нүдний орчим 2-3 орчим удаа цохисон. Энэ үед хажуу талаас А салгахаар нь би гараад гэртээ харьсан. Асуудал болох үед А, Г бид гурав байсан. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Гоос юу авахав дээ, дахин цагдаа дээр ирж чадахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х, 56х/,

- гэрч Н.Амгаланбаатарын: “Манай Биогийн хүмүүс намайг А гэж хочилж дууддаг юм. ...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байхад 20 цагийн орчим гаднаас Г, Б нар манай Биогийн орчимоор архи уугаад явж байдаг зүс таних залуу нарын хамт орж ирсэн. Ингээд найзууд ирсэн болохоор би 0.75 литрийн савалгаатай “Монгол Стандарт” нэртэй архи задлаад хувааж ууцгаасан. Энэ үед Г, Б нартай хамт ирсэн зүс таних 2 залуу гараад явсан. Бид гурав үлдээд ярилцаж байгаад дахин 1 шил архи авч, хувааж уусан.

Б бид хоёр ойр зуурын юм болон манай ээжийн ажил явдлын талаар яриад сууж байхад Г гэнэт Б руу уурлан дайрч “чи ер нь юугаа хуцаад байгаа пизда вэ, муу цагаач минь” гээд араас нь боож унагаад, цээж рүү нь өшиглөөд нүүрэн тус газарт нь гараараа цохиод байсан. Мөн Б ч Гийн нүүр рүү нь цохиж байсан. Ингээд би голоор нь ороод салгахад Б гараад явчихсан. Зодоон болох үед Б, Г бид гурав л байсан. Нөгөө зүс таних 2 залуу бол гараад явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,

- гэрч Х.Алтанзулын: “...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Б нь 19 цагийн орчим байсан байхаа, тамхи авахаар гадагш гарсан бөгөөд ирэхгүй удаад байхаар нь утас руу нь залгасан чинь утсаа орхиод гарчихсан байсан. Ингээд би хүлээж байхад орой 00 цагийн орчим Б гаднаас орж ирэхэд нүүр, ам нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь гайхаад юу болсон талаар асуухад “хар Г намайг зодчихлоо” гэхээр нь би 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Манай нөхөрөөс тухайн үед бага зэрэг архи, согтууруулах ундаа үнэртэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-58х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн “Ч.Б--н биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаартай дүгнэлт /хэргийн 23-24х/ болон шүүгдэгч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 53х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Ч.Б-ы биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.Г нь түүний нүүрэн тус газарт цохих, цээж рүү нь өшиглөх зэргээс цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос А.Гийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоосон байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Иймд шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ч.Б-ы биед учирсан “...баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Ч.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” хэмээн хүсэлт гаргаж /хэргийн 56х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч А.Г нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 33х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 45-47х/ тус тус авагдсан ба урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч Ч.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Энэ хэрэгт А.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                           

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт А-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт А.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай .  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД