| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0140/Э |
| Дугаар | 0150 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сарнайсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 0150
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч О.Н........р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт О.......гийн Н........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0587 90026 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт О.......гийн Н........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ............ тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...............
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч О.Н........р нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой Сонгинохайрхан дүүргийн ...................УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч болох Э.Ч.........мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд “баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн бугуйнд цус хуралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Э.Ча...........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие хамтран амьдрагч Н........ртой анх 2016 онд Улаанбаатар хотод танилцаад үерхэж эхэлсэн. 2017 оны 9 дүгээр сард охинтой болсон. Тэгээд тусдаа гарч хамт амьдарч эхэлсэн 2019 оны 8 дугаар сард хүүхдээ дагуулаад айл хэсэж яваад харих замдаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны байрны урд талын гудамжаар Н........рын эзэмшлийн ............ улсын дугаартай Honda Insight маркийн машинтай явж байсан. Явж байхдаа би Н........рт “гэртээ эртхэн хариад хоол цайгаа хийж идчихээд, чи ажил руугаа яв” гэж хэлсэн чинь “чи турж үхлээ юу” гээд миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохиод авсан. Яаж байгаа юм гэтэл үснээс зулгаагаад толгой руу цохиод байсан. Тэгэхээр нь би машинаас нь буугаад машины хаалга хаатал миний өмсөж явсан цам хавчуулагдсан. Тэгсэн Н........р “чи буцаад суу, суухгүй бол 2 хүүхдийг чинь дугуйны нөхөөс болгочихно шүү” гэсэн би “чиний хүүхэд шүү дээ, яагаад ийм зан гаргаад байгаа юм” гээд машинд буцаад суутал толгой руу цохихоор нь би зөрүүлээд хүзүүг нь маажчихсан. Тэгсэн миний толгой руу цохиж байгаад бага хүүхдийн толгой руу 2 удаа санаандгүй цохичихсон миний уур хүрээд 2 хүүхдээ өвөр дээрээ аваад Н........рыг аргадаад гуйсан...тэгээд Н........роос өөрийнхөө утсаа аваад ах, эгч нартаа хэлтэл ээжийн дүү нь ирж намайг аваад явсан... Н........р баруун нүд рүү гараараа 2 удаа цохиж, зүүн бугуй зүүн шууг гар утсаар цохиж, хуйханд цус хуралт гэмтлийг мөн адил гараараа цохиж учруулсан...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 14),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13782 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун зовхи бага зэрэг хавдсан тойроод хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн шууны ар доод хэсэгт 2х1см, зүүн бугуйн ар хэсэгт 3х1.5, дотор хэсэгт 2х1см хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн чамархайн хуйханд 2х3см улаан ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан эмзэглэлтэй....ДҮГНЭЛТ
1. Э.Ч..............мын биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн бугуйд цус хуралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22),
4. Шүүгдэгч О.Н........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн орчимд Ч.........м бид хоёр охиноо дагуулаад өвөөгийнх рүү явсан. Замдаа явж байтал Ч.........м уурлаад намайг гуйлгачин, түүлгэчин гэж нь хэлээд байсан. Би “чи яагаад байгаа юм, би чамд амттай зүйл авч өгөх гээд явж байна ш дээ” гэтэл “танайхан бүгд гуйлгачин ш дээ” гээд уурлаад намайг шордоод надаас зуураад миний нүүрийг маажчихаар нь миний тэвчээр барагдаад нүүр рүү нь гараараа 2 удаа цохичихсон. Тэгсэн машинаас буух гээд байхаар нь би цамцнаас нь татаад машиндаа суулгах гэж байгаад цамцыг нь урчихсан. ...би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-33),
5. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 56-57), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 52-55),
- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 61, 62), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст 63, 64),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 46), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 43, 44) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Н........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Н........р нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, өөрийн эзэмшлийн “Honda Insight” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт явж байхдаа үл ялих зүйлээс болж эхнэртэйгээ маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн бугуйнд цус хуралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл учруулсан болох нь
- Хохирогч Э.Ч.........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сард хүүхдээ дагуулаад айл хэсэж яваад харих замдаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны байрны урд талын гудамжаар нөхрийнхөө ............ улсын дугаартай Honda Insight маркийн машинтай явж байсан. Явж байхдаа би Н........рт “гэртээ эртхэн хариад хоол цайгаа хийж идчихээд, чи ажил руугаа яв” гэж хэлсэн чинь “чи турж үхлээ юу” гээд миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохиод авсан. Яаж байгаа юм гэтэл үснээс зулгаагаад толгой руу цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 14),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13782 дугаар дүгнэлт “...1. Э.Ч.........мын биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн бугуйд цус хуралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22),
- Шүүгдэгч О.Н........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн орчимд Ч.........м бид хоёр охиноо дагуулаад өвөөгийнх рүү явсан. Замдаа явж байтал Ч.........м уурлаад намайг гуйлгачин, түүлгэчин гэж нь хэлээд байсан. Би “чи яагаад байгаа юм, би чамд амттай зүйл авч өгөх гээд явж байна ш дээ” гэтэл “танайхан бүгд гуйлгачин ш дээ” гээд уурлаад намайг шордоод надаас зуураад миний нүүрийг маажчихаар нь миний тэвчээр барагдаад нүүр рүү нь гараараа 2 удаа цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-33) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл О.Н........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр машины тээврийн хэрэгслийн жолооны хүрднээс огцом зулгаалаа гэх гэх сэдэлтээр, эхнэр Э.Ч.........мын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч О.Н........р, хохирогч Э.Ч.........м нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тиймээс шүүгдэгч О.Н........рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ч.........м нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч О.Н........рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч О.Н........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Н........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Н........р, хохирогч Э.Ч.........м нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч О.Н........рыг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.Н........рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0587 90026 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт О.......гийн Н........рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Н........рыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н........р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ