Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2016/00656

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлийн *********** дугаартай, ******** регистрийн дугаартай "М" ХХК /захирал Х.Х/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагааг явуулдаг Ж ХХК /захирал А.Б/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч Ж ХХК-ийн захирал А.Б, түүний өмгөөлөгч С.Н, А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 120000 ширхэг тоосгоны үнэ 20400000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн "Ж" ХХК-ийн захирал А.Б нь 2015 оны 8 дугаар сард Ө сумын хүүхдийн цэцэрлэг барихаар тендерт шалгарч М ХХК-ийн менежер Х.Н надтай тохиролцон Тавалтайн ам дахь тоосгоны үйлдвэрээс улаан тоосгыг Ж ХХК-ийн А жолоочтой УБО-**** машинаар татаж газар дээрээс 1 ширхэг тоосгыг 170 төгрөгөөр тооцож тоосгоны үнийг цэцэрлэгийн барилгын санхүүжилт орсон үед төлөхөөр болж бүгд 120000 ширхэг тоосгыг бүгд 20,400,000 төгрөгөөр авч цэцэрлэгийн барилгыг барьж 2015 онд ашиглалтад оруулан санхүүжилтийг бүрэн авсан боловч одоо хүртэл манай компанид уг мөнгийг төлөхгүй хохироож байгаа тул Ж ХХК-аас улаан тоосгоны үнэ болох 20,400,000 төгрөгийг гаргуулан өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2015 онд Ж ХХК нь Баян-Өлгий аймгийн 9 багт байрлах Цэцэрлэгийн барилын тендерт шалгарч М ХХК-ний менежер надтай тохирч 120 мянган ширхэг тосго авахаар тохиролцож байсан. Тухайн үед тосгоны 1 ширхгийн үнэ 180-190 төгрөг байсан. Цэцэрлэгийн санхүүжилт орж ирэхээр нь мөнгийг өгөхөөр болж амаар хэлцэл хийж тохироод тоосго авсан. "Ж" ХХК нь цэцэрлэгийн барилгын ажлыг манай компаниас авсан тоосгоор барьж дуусгаад ашиглалтад оруулж төсвөөс санхүүжилтийг бүрэн авсан байсан. Одоогоор 2 жил гаруй хугацаа болж байгаа. Нийт 20400000 төгрөгөөр манай М ХХК-нийг алдагдалд оруулж хохироож байгаа тул тус мөнгийг хариуцагч талаас нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

Хариуцагч Ж ХХК-ийн захирал А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: М ХХК-аас шүүхэд хандаж 20,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус компани 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр А ХХК-ийн захиралтай харилцан тохиролцож Ж ХХК-ийн эзэмшлийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий ZL-30 маркийн авто ачигчийг А ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, үүний оронд 10,000,000 төгрөгийн үнэ бүхий Универсал-80 маркийн тракторыг авч, үлдсэн 20,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгт нь цемент, 15,000,000 төгрөгт нь тоосго авахаар болж арилжааны гэрээг бичгээр байгуулсан. Тухайн үед 1 ширхэг тоосгоны зах зээлийн ханш дунджаар 130 төгрөг байсан ба талууд 1 ширхэг тоосгыг 150 төгрөгөөр тооцож нийт 100,000 ширхэг тоосго авч өгөлцөхөөр болж харилцан тохиролцсон юм. Ингэхдээ уг тоосгыг Тавалтайн ам гэх газар дахь М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгөхөөр болсон. А ХХК болон манай компани хооронд арилжааны гэрээ байгуулагдсаны дараа А ХХК-ийн захирал Р.Т нь М ХХК-ийн менежер Х.Нтай тохиролцсоны үндсэн дээр А ХХК-ийн манай компанид өгөхөөр тохиролцсон тоосгыг М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгсөн юм. Нэг үгээр хэлбэл бид А ХХК-ийн захирал Р.Тгийн зааж хэлж өгсөн газраас л эдгээр тоосгыг компанийн жолооч н.Ааар тээвэрлүүлсэн юм. Түүнээс биш манай компани М ХХК-тай тоосго зээлээр худалдаж авахаар гэрээ байгуулж байгаагүй, тийм тохиролцоо ч байгаагүй юм. Өөрөөр хэлбэл А ХХК-ийн захирал Р.Т нь М ХХК-ийн менежер Х.Нтай хамаатны холбоотой байсан тул надад өгөх ёстой тоосгыг түүнээс зээлдэж авч өгсөн. Өөрөөр хэлбэл манай компани энэхүү маргааны жинхэнэ хариуцагч биш бөгөөд М ХХК хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Энэхүү нэхэмжлэлийг гардан авсны дараагаар нь миний бие нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж яагаад манай компанийг хариуцагчаар татах болсныг нь асууж лавлахад тэд: ... А ХХК-ний захирал Р.Т нь манай компаниас авсан тоосгоны үнийг одоо хүртэл өгөөгүй болохоор танай компанийг хариуцагчаар татсан гэж хэлэв. Манай компани А ХХК-тай байгуулсан арилжааны гэрээний дагуу л төлбөр арилжаа хийсэн учраас тодруулбал өөрсдийнхөө авах ёстой авлагын оронд энэхүү тоосгыг авсан учраас шударга эзэмшигч нь болж байгаа юм. Үүнийг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Тийм учраас М ХХК болон А ХХК-ийн хоорондох төлбөр тооцооны асуудалд манай компани хариуцагч болох ёсгүй тул М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж ХХК-ний захирал А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "Ж" ХХК-ний захирал А.Б 2015 оны 07 дугаар сард Ө сумын 9 дүгээр багийн цэцэрлэгийн барилгын тендерийн ажилд шалгарсан. Тухайн үед цэцэрлэгийн барилгыг концессын гэрээгээр барих болсон. Цэцэрлэгийн барилгын нийт өртөг нь 400 сая төгрөг байсан. Тухайн үед надад тийм их хэмжээний мөнгө байгаагүй. Гарт байгаа боломжоо ашиглаад ЗИЛ маркийн машинаа "А" ХХК-нд худалдсан. Тухайн үед бид нар Буянт сумын замын засварын ажил хийж байсан. Тэр үед "А" ХХК-ний захирал Тгээс би трактор машиныг аваад Т надаас ковшийг аваад Зөрүү гарсан 20 сая төгрөгийн 5 саяд цемент өгөхөөр болж үлдсэн 15 сая төгрөгт тоосго авахаар болж бид хоёр тохиролцсон. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Буянт суманд ажиллаж байсан ковшийг Т жийп машинаар очоод бид хоёр Өлгийд аваад ирсэн. Маргааш нь М гэдэг менежертээ машин худалдах, худалдан авах гэрээ хийгээд гарын үсгээ зураад цементийг хаанаас авах бэ гэхэд Бугат сумын Д гэх залуугаас авна гэж 5 саяд цемент авч өгсөн. 15 саяд "М" ХХК-аас тоосго авч бай бид нар хамаатан тул хооронд учраа олно гэж хэлсэн. Тэр өдөр би Тд ковшийг хүлээлгэж өгсөн, Т надад тракторыг хүлээлгэж өгсөн. 5 саяд цемент авсан, 15 саяд тоосго авч барилга барьсан маань үнэн. Тоосгыг тухайн үед 150 төгрөгөөр татаж авсан ба 100 мянган тоосго авсан. 4000 тоосго нь чанарын шаардлага хангахгүй тоосго байсан тул хогт ачуулсан, ашиглаагүй. Нэг өдөр Нурбат надад утастаж танай авах ёстой тоосгоо авч дууссан гэхэд бид үлдсэн 40 мянган тоосгыг Ц тоосгоны үйлдвэрээс авсан юм гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч тал М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс ямар нэгэн тоосгыг зээлээр худалдаж авах тухай гэрээ хийгээгүй ба А ХХК-ийн захирал Р.Тгийн надад өгөх өглөгийн оронд түүний хэлснээр М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс 104000 ширхэг тоосгыг 150 төгрөгөөр авсан тул, надаас биш энэхүү тоосгоны үнийг А ХХК-ийн захирал Р.Тгээс нэхэмжлэх ёстой тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Ж ХХК-ийн захирал болон А ХХК-ийн захирал Р.Т нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн ZL-30 маркийн кобш тракторыг худалдах худалдан авах тухай гэрээ хийсэн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 17 дугаар хуудас/

Шүүхэд гэрчээр асуугдсан Х.М дээрх Ж ХХК-ийн захирал А.Б болон А ХХК-ийн захирал Р.Т нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах тухай гэрээний төслийг би бичсэн ба А ХХК нь уг гэрээнд заасан тоосгыг М ХХК-ийн Тавалтай тоосгоны үйлдвэрээс 15 сая төгрөгт тооцож тоосго авч өгсөн ба нэг тоосгыг 130-150 төгрөгөөр үнэлсэн. М ХХК-ийн захирал Н өгнө гэсэн мэдүүлгээр нотлогдож байна гэж хариуцагч тал маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах тухай гэрээ нь гурван талын гэрээ биш тул гэрчийн мэдүүлгийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д зааснаар нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд хариуцагч Ж ХХК-ийн захирал А.Б нь А ХХК-ийн захирал Р.Ттэй байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах тухай гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Х.Х болон хариуцагч Ж ХХК-ийн захирал А.Б нарын хооронд тоосго худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулаагүй ч гэсэн М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс 120000 ширхэг тоосгыг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 8 дугаар сарын 20-ны болон 9 дүгээр сарын 30-ны өдрийн зарлагын баримтаар нотлогдож байна.

-2015 оны 8 дугаар сарын 20-ны болон 9 дүгээр сарын 30-ны өдрийн зарлагын баримтад М ХХК-ийн хүлээлгэн өгсөн эд хариуцагч Х, Худалдан авагчийн нэр Ж ХХК, УБО-****, хүлээн авагч Х.А гэж гарын үсэг зурсан ба хүлээн авсан Х.А нь Ж ХХК-ийн жолооч болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Хариуцагч А.Б нь М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс 104000 ширхэг тоосгыг авсан маань үнэн харин 16000 ширхэг тоосгыг би аваагүй гэж маргасан боловч, шүүхэд 16000 ширхэг тоосгыг аваагүйгээ нотлох баримтаар нотолж чадаагүй.

Хариуцагч тал дээрх хоёр зарлагын баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж маргадаг боловч хариуцагч Ж ХХК-ийн захирал А.Б нь М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс тоосго авснаа хүлээн зөвшөөрч байгаа ба хүлээж авсан хүн нь тухайн Ж ХХК-ийн байгууллагын жолооч биш гэдэгтэй маргаагүй тул дээрх хоёр зарлагын баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэж нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч тал бид М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс зээлээр тоосго аваагүй гэж маргаж байгаа боловч уг нэхэмжлэгчийн тоосгоны үйлдвэрээс авсан тоосгоор хүүхдийн цэцэрлэг барьсан болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд зохигч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй ч гэсэн М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс хариуцагч Ж ХХК нь тоосгыг өмчлөлдөө авч нэг том объект барьсан болох нь хэргийн оролцогч нарын мэдүүлэг, зарлагын баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Учир нь, Иргэний хуулийн 22 дугаар бүлэг буюу нэгдүгээр дэд бүлэгт Худалдах-худалдан авах ... гэрээг заавал бичгээр хийнэ, бичгээр хийх шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус байх талаар уг бүлэгт нэрлэн заагаагүй тул зохигч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн болно.

Хариуцагч Ж ХХК-ийн захирал А.Б нь шүүх хуралдаанд М ХХК-аас авсан 104000 ширхэг тоосгоны 4000 ширхэг тоосго нь шаардлага хангахгүй байсан тул тухайн үед хогт хаясан гэж мэдүүлдэг боловч уг тоосгыг хогт хаяснаа нотлох баримтаар нотолж чадаагүй. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар баримтаар тогтоогдсон тохиолдолд худалдан авагч нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шаардлага хангахгүй байсан гэх 4000 ширхэг тоосгыг тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах талаарх худалдагчаас шаардах эрхээ тухайн үед хэрэгжүүлэх боломжтой байсан ба уг эрхээ хэрэгжүүлээгүй мөн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй боловч хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгч М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс хариуцагч Ж ХХК нь тоосгыг жолооч Аы машинаар 2015 оны 8 дугаар сарын 20-ноос эхэлж 9 дүгээр сарын сүүл хүртэл өдөрт нэг удаа тээвэрлүүлж зөөж авч байсан нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Зохигч нар тухайн үед нэг ширхэг тоосгоны үнэ 130-150 төгрөг байсан гэж маргаж байгаа боловч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч Х.Ыийн Эд зүйлийн үнэлгээ тогтоох тухай баримтад 2015 оны 6,7,8 дугаар сарын байдлаар тоосго нэг бүрийн үнийг 180 төгрөгөөр үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ нэг ширхэг тоосгыг 170 төгрөгөөр үнэлж өгсөн гэдгийг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ж ХХК-ийн захирал А.Бгээс 120000 ширхэг тоосгоны үнэ 20400000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Х.Хд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-ийн захирал А.Бгээс 120000 ширхэг тоосгоны үнэ болох 20400000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-ийн захиралд Х.Хт олгосугай.

2. Хариуцагч Ж ХХК-ийн захирал А.Б нь А ХХК-ийн захирал Р.Тд холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаанаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ