Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 105

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Ш-гийн Б-д холбогдох эрүүгийн 19100 1552 0623 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Т овогт Ш-гийн Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 3 дугаар гудамжны 84 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ш.Угийн биед баруун дал, баруун, зүүн шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цагаас 21.00 цагийн хооронд эгч У-гийн гэрт очиж хашаа байшингийн талаар маргаан хийсэн. Би түүнтэй маргалдаж байхдаа түүний биед хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна. Би хашаа байшингийн гэрчилгээг өөрийн охины нэр дээр шилжүүлэх хүсэлттэй байсан боловч миний эгч өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан тул би түүнтэй маргалдсан. Тэгээд би хохирогчийн зүүн далан дээр маанийн эрхээр цохисон. Би тухайн өдөр найзын хамт 0.33 литрийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй. Хохирогч, бид хоёр төрсөн эгч дүүс байгаа юм.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1552 0623 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Угийн хохирогчоор өгсөн:

“...Манай Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 3-84 тоотод байдаг. Би 2019 оны 6 дугаар сарын 13-ны орой 21-ний цагийн үед гэртээ байж байхад манай төрсөн дүү Ш.Б архи уучихсан гэрт орж ирсэн. Би тухайн үед гэрт маань уншаад сууж байсан юм. Тэгэхэд манай дүү гэрт дуу дуулаад байхаар нь “боль” гэхэд миний үгийг тоохгүй байхаар нь “чи гэр рүүгээ яв” гэхэд намайг “чи аав, ээжээс өвлөж үлдсэн хашаа байшингийн талыг нь манай охины нэр дээр шилжүүлсэнгүй” гээд уурлаад байсан.

Би “танай охины нэр дээр шилжүүлэх гээд хамаг юмыг нь хөөцөлдөж байгаа, шилжүүлэх гэхэд хорооны Засаг дарга газарт орох гэж байгаа учраас хүлээж байсан нь дээр гэсэн” гэхэд уурлаад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би нөгөө өрөө рүүгээ ороход араас дагаж орж ирээд миний зүүн гарын шуу хэсгээс нь татахаар нь би нөгөө гараараа нүүрээ хаасан. Тэгэхэд миний гарыг хавсарч нуруу руу өөрийнхөө эрхээр ороолгосон.

Би “энэ Баярсайхан чинь намайг аллаа” гэхэд унтаж байсан дүү Энхбат сэрээд Баярсайханыг гэрээс гаргаж явуулсан. Ш.Б урьд өмнө намайг цохиж зодож байгаагүй. ...Миний дүү Баярсайхан нь надаас уучлалт гуйсан, би дүүгээ уучилсан. Иймд эмчилгээний зардал нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Энхбатын гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 6 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед гэртээ байж байхад гаднаас манай дүү Ш.Б архи уучихсан орж ирээд, гал тогооны өрөөнд суугаад дуу дуулаад байсан. Тэгэхээр нь би “бид нар одоо амрах гэж байна, гэр рүүгээ яв” гэхэд миний үгийг тоохгүй, дуу дуулаад суугаад байхаар нь жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгтэл удалгүй манай эгч Ш.У намайг дуудаад байхаар нь би том өрөө рүү ороход дүү Ш.Б эгч Ш.Угийн гар утсыг булааж авах гээд баруун гарын булчин хэсгээс нь баруун гараараа бариад ноцолдож байхаар нь би очоод Ш.Быг эгчээс холдуулаад, эгчийн гар утсаар бэр эгч Ирээдүй рүү залгасан. Тэгээд “Ш.Б архи уучихсан, эгчид агсам тавиад байна” гэж хэлэхэд Ш.Б манай гэрээс гараад яваад өгсөн.

...Намайг очихоос өмнө Ш.Б эгчийг цохиж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед гэрт бид гурав байсан, өөр хүн байгаагүй бөгөөд Ш.Б дунд зэргийн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7405 дугаартай:

1. У--н биед баруун дал, баруун зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 44х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Бы яллагдагчаар өгсөн:

“...Би Прокурорын ял сонсгосон тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би 2019 оны 6 сарын 13-ны өдөр танил Батсайханы гэрт нь очиж Батсайханы монгол гэрийг нь буулгалцаж зуны байшин руу нь оруулж өгсөн юм. Тэгэхэд орой Батсайхан надад 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч өгөөд “чи гэртээ очоод, энэ архийг уучих” гэхээр нь би гэртээ очоод нөгөө архийг ууж байхад миний толгойд ээж, ааваас өвөлж үлдсэн хашаа байшинг хэнд өвлүүлж өгөх талаар эгч У-тай ярилцах санаа төрсөн.

Тэгээд би эгч Ш.Угийн гэрт очоод энэ талаар ярихад тоохгүй байхаар нь уурласан. Ингээд бид хоёр бие биенийгээ хэлэх хэлэхгүй үгээр доромжилж эхэлсэн. Энэ үед миний уур хүрээд хүзүүнд зүүсэн байсан эрхээ хүзүүнээсээ тайлж аваад, эгчийн зүүн гарын шуу хэсгээс нь татаж байгаад нуруу руу нь маанийн эрхээрээ ороолгосон. Тэгэхэд эгч над руу уурлаж чанга чанга орилсон. Тэгээд манай ах Ш.Энхбат нөгөө өрөөнөөс гарч ирээд бид хоёрыг салгаад, намайг гэрээс хөөж гаргахаар нь би гэрлүүгээ явж байхад цагдаа ирээд аваад явсан. Тэрнээс өөр зүйл болоогүй.  ...Би энэ болсон асуудалд маш их гэмшиж, өөрийн эгч Ш.Угаас уучлалт гуйсан. Одоо бид хоёр эвлэрсэн, манай эгч надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 76-77х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 84х/, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 88х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 89х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 5 сарын 25-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 92-93х/, шүүгдэгч Ш.Баас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 124х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ш.У нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 123-124х/ 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг шүүгдэгчид танилцуулан Ш.Бд холбогдох эрүүгийн 19100 1552 0623 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Бы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 3 дугаар гудамжны 84 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эгч Ш.Утай “аав, ээжээс өвлөж авсан хашаа байшингийн талыг манай охины нэр дээр шилжүүлж өгсөнгүй” гэж марган, улмаар хүзүүндээ зүүсэн байсан маанийн эрхээр нуруу руу нь ороолгон зодож, биед нь “...баруун дал, баруун, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Ш.Угийн: ““...Манай Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 3-84 тоотод байдаг. Би 2019 оны 6 дугаар сарын 13-ны орой 21-ний цагийн үед гэртээ байж байхад манай төрсөн дүү Ш.Б архи уучихсан гэрт орж ирсэн. Би тухайн үед гэрт маань уншаад сууж байсан юм. Тэгэхэд манай дүү гэрт дуу дуулаад байхаар нь “боль” гэхэд миний үгийг тоохгүй байхаар нь “чи гэр рүүгээ яв” гэхэд намайг “чи аав, ээжээс өвлөж үлдсэн хашаа байшингийн талыг нь манай охины нэр дээр шилжүүлсэнгүй” гээд уурлаад байсан.

Би “танай охины нэр дээр шилжүүлэх гээд хамаг юмыг нь хөөцөлдөж байгаа, шилжүүлэх гэхэд хорооны Засаг дарга газарт орох гэж байгаа учраас хүлээж байсан нь дээр гэсэн” гэхэд уурлаад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би нөгөө өрөө рүүгээ ороход араас дагаж орж ирээд миний зүүн гарын шуу хэсгээс нь татахаар нь би нөгөө гараараа нүүрээ хаасан. Тэгэхэд миний гарыг хавсарч нуруу руу өөрийнхөө эрхээр ороолгосон. Би “энэ Баярсайхан чинь намайг аллаа” гэхэд унтаж байсан дүү Энхбат сэрээд Баярсайханыг гэрээс гаргаж явуулсан. Ш.Б урьд өмнө намайг цохиж зодож байгаагүй. ...Миний дүү Баярсайхан нь надаас уучлалт гуйсан, би дүүгээ уучилсан. Иймд эмчилгээний зардал нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

- гэрч Ш.Энхбатын: “...Би 2019 оны 6 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед гэртээ байж байхад гаднаас манай дүү Ш.Б архи уучихсан орж ирээд, гал тогооны өрөөнд суугаад дуу дуулаад байсан. ...Тэгтэл удалгүй манай эгч Ш.У намайг дуудаад байхаар нь би том өрөө рүү ороход дүү Ш.Б эгч Ш.Угийн гар утсыг булааж авах гээд баруун гарын булчин хэсгээс нь баруун гараараа бариад ноцолдож байхаар нь би очоод Ш.Быг эгчээс холдуулаад, эгчийн гар утсаар бэр эгч Ирээдүй рүү залгасан. Тэгээд “Ш.Б архи уучихсан, эгчид агсам тавиад байна” гэж хэлэхэд Ш.Б манай гэрээс гараад яваад өгсөн. ...Намайг очихоос өмнө Ш.Б эгчийг цохиж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед гэрт бид гурав байсан, өөр хүн байгаагүй бөгөөд Ш.Б дунд зэргийн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн “У--н биед баруун дал, баруун зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7405 дугаартай дүгнэлт /хэргийн 44х/ болон шүүгдэгч Ш.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 76-77х/ бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Ш.Угийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...баруун дал, баруун, зүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ш.Б түүний нуруу тус газарт маанийн эрхээр ороолгож зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Ш.Бы дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.  

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ш.Бы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.   

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ш.Угийн эрүүл мэндэд учирсан “...баруун дал, баруун, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Ш.У нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэхдээ: “....Ш.Б нь надаас уучлалт гуйсан учир надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлж /хэргийн 24-25х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй.

Иймд шүүгдэгч Ш.Бы хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Ш.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 33х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 89х/ тус тус авагдсан ба урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Ш.У нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 02 сарын 07-ны өдөр хойшлуулашгүйгээр сэжигтнээр баривчлагдаж, улмаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 51 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэсэн энэ өдрийг хүртэл нийт 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн 210 /хоёр зуун арав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг эдлэх ялаас хасаж тооцон шүүгдэгч  Ш.Бы биечлэн эдлэх ялыг нийт 290 /хоёр зуун ер/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 290.000 /хоёр зуун ерөн мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоох нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн маанийн эрх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, энэ хэрэгт Ш.Бы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.У нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Т овогт Ш-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ш.Бы цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн 210 /хоёр зуун арав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг хасаж тооцон, түүний биечлэн эдлэх ялыг нийт 290 /хоёр зуун ер/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 290.000 /хоёр зуун ерөн мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн маанийн эрх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт Ш.Бы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.У нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД