| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0665/И |
| Дугаар | 130/ШШ2016/00657 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2016/00657
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал З.Ү/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Т овогт Хын М, Б овогт Тий Р нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 8528265 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.М нь тус банкны Баян-Өлгий салбарын харьяа Өлгий тооцооны төвөөс 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №839 тоот зээлийн гэрээ байгуулан 15000000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хашаа байшин барих зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд зээлдэгч Х.Мийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************ тоот бүртгэлтэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 1-р багт байрлах, 120 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай барилга, мөн Х.Мийн эзэмшлийн нэгж талбарын *********** тоот дугаартай, Ө сумын 1-р багт байрлах 597 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт тус тус барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь хугацаа хэтэрч, /292 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2-д заасан үндэслэлээр зээлийг арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй. Иймд банк зээлийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:
1. 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №839 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах
2. 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах
-Үндсэн зээлийн үлдэгдэл 7670096 төгрөг
-Зээлийн хүүгийн төлбөр 834461 төгрөг
-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23709 төгрөг, нийт 8528265 төгрөг гаргуулах
3. Нотариатын үйлчилгээний төлбөр 5000 төгрөг
4. Улсын тэмдэгтийн хураамжийн 151402 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.
5. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах
6. Монгол улсын ИХШХШТ хуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх/хөдлөх эд хөрөнгө, түүний банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү.
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж, хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус банканд зээлийн төлбөртэй Баян-Өлгий аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Хын Мийг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр банканд төлөх ёстой 8528265 /найман сая таван зуун хорин найман мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийн зээлийн төлбөр төлүүлэхээр 1238 дугаар нэхэмжлэл гаргасан. Х.М нь банканд төлөх ёстой 8528265 төгрөгийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч Х.М, Т.Р нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 8528265 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.М нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 8528265 төгрөгийг бүрэн төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын шүүхэд ирүүлсэн албан бичиг, Х банкны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.М нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151402 төгрөгийн тал болох 75701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 тоот данснаас 75701 төгрөг, мөн хариуцагч Х.М, Т.Р нараас 75701 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 8528265 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.М биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151402 төгрөгийн тал нь болох 75701 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаар данснаас 75701 төгрөг, хариуцагч Х.М, Т.Р нараас 75701 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН