Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 0181

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч А.Б........ий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт А........лийн Б........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0009 00190 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт А........лийн Б........ий, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй............тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ............

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

А.Б........ий нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод иргэн Д.Б........хийг “чи найзыгаа өмөөрсөнгүй, Б........гтыг өмөөрлөө” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж зодон, биед нь зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б........ий мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Б........хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад гэртээ эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар амарч байтал багын найз Ө........т, Б........ий хоёр залгаад Ө........тын гэрт мах чанаж байна хүрээд ир гэсэн. ...Тэгээд гэрээсээ гараад...явж байтал Б........гттой тааралдсан ба би Б........гтод “Ө........тын гэрт очиж мах идэхээр явж байна. Хамт очих уу” гэтэл тэрээр зөвшөөрч бид хоёр Ө........тын гэрт очсон. Бид хоёрыг очиход Ө........т, Б........ий хоёр архи уучихсан халамцуу байдалтай мах чанаж идээд сууж байсан. Тэгээд бид хоёр махнаас нь идээд сууж байтал Б........ий гэнэт надтай хамт явсан Б........гт руу агсарч “чамайг хэн гэдгийн муу банди минь” гээд хэрүүл өдөөд эхэлсэн. Тэгэхээр нь би Б........ийд “болио мах ид” гэж дуудчихаад яагаад байгаа юм гэж хэлээд байж байтал гэнэт Б........ий “ер нь хоёулаа үзчих үү” гээд Б........гтын үснээс нь татаж газар унагаагаад цохиод авахаар нь би болиулж салгаад “Б........гтыг чи яваа” гээд явуулсан. Тэгтэл Б........ий “чи найзуудыгаа өмөөрсөнгүй, Б........гтыг өмөөрлөө” гэж хэлэнгүүтээ нүүрэнд гараа атгаж байгаад хүчтэй цохиж авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

2. Гэрч Ц.Ө........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ...мах идэж байтал манай үеэл Б........ий, Б........гт хоёр юунаас болсон юм мэдэхгүй хоорондоо маргалдаж байгаад сүүлдээ хоорондоо цохилцож эхлэх үед Б........х бид хоёр тэр хоёрыг салгах үед Б........гт гараараа миний эрүү, цээжинд цохисон бид нар хоорондоо зууралдаж байтал Б........х, Б........ий хоёр бас маргалдаж хоорондоо зодолдож эхэлсэн би салгах гэж оролдоод барахгүй болохоор нь Б........хийг хориглож араас нь тэврээд орон дээр түүнийг дарж унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5),

3. Гэрч Б.Б........гтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад...Ө........тын гэрт очсон чинь Ө........т, Б........ий хоёр архи уугаад дууссан байдалтай халамцуу байдалтай мах идэх гээд сууж байсан...махнаас нь идэж байтал Б........ий над руу агсрах гээд хэл амаар доромжлоод байхаар нь өөдөөс нь хэсэг үг сөртөл намайг үсдэж унагаад толгой руу гараараа цохиод авсан чинь найз Б........х салгаад та нар мах ид гэж дуудчихаад найзыгаа зодоод байхдаа яадаг юм гэж хэлээд намайг гараад явж бай гэж хэлээд гаргасан. Би гараад явж байхад надтай зөрөөд нэг эмэгтэй Ө........тынд яваад орчихоор нь би араас нь дагаад ортол найз Б........хийг орон дээр Б........ий дарчихсан хажууд нь Ө........т зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

4. Гэрч Г.С........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Ө........тын гэрт ороход Б........х манай нөхрийн дээр гарчихсан хоорондоо нэг нэгийгээ нүүрэнд нь цохиж байсан тэгэхээр нь би Б........хийг түлхэж нөхрөөсөө холдуулаад нөхрөө салгаж авсан. ...Манай нөхөр Б........ийн нүд хавдчихсан байсан дараа нь эдгэсэн...Б........х миний харснаар зүүн нүдний зовхиноос нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 567 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгт 1.3х0.5см хэмжээтэй, зах ирмэг тэгш бус шархтай, цус урсаж гарна, хавдсан. Зүүн нүдний салстад гүн хүрэн ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний дээд зовхинд 4.0х2.0см доод зовхинд 3.0х1.5см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай, хавдсан...ДҮГНЭЛТ

1. Д.Б........хийн биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16),

6. Шүүгдэгч А.Б........ийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би найз Ө........тын гэрт мах чанаж байхдаа...найз Б........хийг мах идээч гээд утсаар дуудсан. Б........х ирэхдээ зүс таних Б........гтыг дагуулаад ороод ирсэн тэр үед би бага зэрэг халамцуу байдалтай байсан болохоор Б........гтыг “би чамайг хаана харлаа байз” гээд хэдэн үг хэлсэн чинь Б........гт “би Б........хтэй нэг анги шдээ” гэж байснаа “чи урьд нь намайг дүү нараараа зодуулсан биз дээ, одоо чамд зодуулж чадахгүй шүү” гээд өөдөөс хэгжүүрхэж бид хоёр үг сөрж, ...1-2 удаа цохиж авах үед хажуугаас Б........х боль гэж салгаад Б........гтыг гаргаад явуулчихсан. Тэгэхээр нь би Б........хөд “чи найзыгаа өмөөрсөнгүй, Б........гтыг өмөөрлөө” гэж хэлээд Б........хийн нүүрэнд нь нэг удаа цохитол өөдөөс Б........х миний нүүрэнд зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад Ө........тын буйдан дээр Б........х намайг дараад унах үед араас Ө........т бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),  

- Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 56, 57), хүсэлтийг хангах болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 58, 59), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 60),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 46, 47), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 49, 50), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 51), Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б........ийд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Б........ий нь Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, иргэн Д.Б........хийг “чи найзуудыгаа өмөөрсөнгүй, Б.Б........гтыг өмөөрлөө” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан шууд санаатай үйлдлээр, гараараа нүүрэн тус газар нь цохиж зодон, биед нь зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Д.Б........хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...Б........гт...бид хоёрыг очиход Ө........т, Б........ий хоёр архи уучихсан халамцуу байдалтай мах чанаж идээд сууж байсан. Тэгээд бид хоёр махнаас нь идээд сууж байтал Б........ий гэнэт надтай хамт явсан Б........гт руу агсарч “чамайг хэн гэдгийн муу банди минь” гээд хэрүүл өдөөд эхэлсэн. Тэгэхээр нь би Б........ийд “болио мах ид” гэж дуудчихаад яагаад байгаа юм гэж хэлээд байж байтал гэнэт Б........ий “ер нь хоёулаа үзчих үү” гээд Б........гтын үснээс нь татаж газар унагаагаад цохиод авахаар нь би болиулж салгаад “Б........гтыг чи яваа” гээд явуулсан. Тэгтэл Б........ий “чи найзуудыгаа өмөөрсөнгүй, Б........гтыг өмөөрлөө” гэж хэлэнгүүтээ нүүрэнд гараа атгаж байгаад хүчтэй цохиж авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

- Гэрч Ц.Ө........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б........х, Б........ий хоёр ...хоорондоо зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5),

- Гэрч Б.Б........гтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б........х ...намайг гараад явж бай гэж хэлээд гаргасан. Би гараад явж байхад надтай зөрөөд нэг эмэгтэй Ө........тынд яваад орчихоор нь би араас нь дагаад ортол найз Б........хийг орон дээр Б........ий дарчихсан хажууд нь Ө........т зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

- Гэрч Г.С........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Ө........тын гэрт ороход Б........х манай нөхрийн дээр гарчихсан хоорондоо нэг нэгийгээ нүүрэнд нь цохиж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 567 дугаар дүгнэлт “...1. Д.Б........хийн биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16),

- Шүүгдэгч А.Б........ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Б........хөд “чи найзыгаа өмөөрсөнгүй, Б.Б........гтыг өмөөрлөө” гэж хэлээд Б........хийн нүүрэнд нь нэг удаа цохитол өөдөөс Б........х миний нүүрэнд зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад Ө........тын буйдан дээр Б........х намайг дараад унах үед араас Ө........т бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.Б........ий нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “найзыгаа өмөөрсөнгүй” гэх сэдэлтээр, хохирогч Д.Б........хийг цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б........ий нь хохирогч Б........хийн нүүрэн тус газар цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч А.Б........ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б........х нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч А.Б........ийг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч А.Б........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б........ий нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Б........ий, хохирогч Д.Б........х нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч А.Б........ий нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 4850.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Б........ийд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 2002 0009 00190 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт А........лийн Б........ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б........ийг 480 (дөрвөн зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б........ийд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Б........ий нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

      

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ