Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2016/00660

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сум 5 дугаар баг, *-** айлын 10 тоотод оршин суух, П овогт Ты Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/** дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Т.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Т.Ж би үнэнчээр хөдөлмөрлөж байгаа, ямар нэгэн нууц задруулаагүй, гэрээ, дотоод журмын ямар ч заалтыг зөрчөөгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн гэх ямар нэгэн осол болоогүй учир Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.4-ийг зөрчөөгүй. 2. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.4-ийг зөрчсөн гэсэн байна.Гэтэл ажил олгогчийн ажилтан надтай 2015 оны 11-р сарын 18 -ны өдөр байгуулсан хөдөлмөрийнгэрээнд 5.2.4 гэсэн заалт байхгүй. / Хөдөлмөрийн гэрээний хуулбарыг нотлох баримтаар хавсаргав/ 3. Ажилтан Т.Ж би ямар нэгэн ёс зүйн алдаа гаргаагүй, ёс зүйн зөрчил үйлдсэн тухай ёс зүйн хорооны шийдвэр гараагүй, байгууллага, албан хаагчийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл гаргаагүй тул мөн Хөдөлмөрийн гэрээний 5.2.5-ыг зөрчөөгүй. 4. 5.2.6-д Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстан нь надад ямар үүргийг хэзээ, ямар хэлбэрээр өгсөн нь тодорхойгүй, үүргийг нь биелүүлээгүй талаарх баримтгүй учир Хөдөлмөрийн гэрээний 5.2.6-г зөрчөөгүй. 5. Миний бие дээрх заагдсан зөрчлүүдээс нэгийг нь ч үйлдээгүй, ямар ч эрсдэл гаргаагүй, хэнд ч хохирол учруулаагүй бөгөөд холбогдох байгууллагаар шалгагдан тогтоогдсон зүйл байхгүй учир 6.1-ийг хэрэглэсэн нь үндэслэлгүй болно. 6. А/44 дугаар тушаалд "... эцсийн сануулга өгч" гэж хуулийн томьёоллыг зөв хэрэглээгүй, хэл зүйн найруулгын алдаатай, заалт бүрт давхардуулан бичсэн, албан хэрэг хөтлөлтийн стандартыг зөрчсөн эрх зүйн чадамжгүй, зөрчилтэй эрхийн акт болсон байна. Түүнчлэн тушаалын 2 дугаар заалтад " Ажилтан Т.Ж нь цаашид хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажлаас халах арга хэмжээ авахыг сануулсугай" гэжээ. Сахилгын нэг төрлийн шийтгэл ногдуулсан талаар бичдэг болохоос биш дараагийн авах арга хэмжээгээ урьдчилан заадаггүй, тухайн үед хуулийн дагуу хэрэгждэг зүйл юм.Энэ нь ажил олгогчийн намайг заналхийлсэн,зөвхөн хувийн ашиг сонирхолд автагдсан, ажилтнуудаа улс төрийн үзэл бодлоор нь илт гадуурхаж, хувийн өс хонзонгоор гаргасан шийдвэр болохыг баталж байна. 7. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.14-т " Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан багш, ажилтан, ажиллагсдад урьдчилан танилцуулсан байна" гэж заасан байгаа бөгөөд ажил олгогч Р.Гүлстан намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл дотоод хяналтаараа заавал шалгаж тогтоолгоод шалгалтын танилцуулга, дүгнэлтийг надад танилцуулан албан ёсоор тайлбар бичүүлж авах болон захирлын зөвлөлийн хуралд намайг байлцуулан хэлэлцүүлэх ёстой байсан гэж үзэж байна. /Дотоод журмын 10-р заалтыг хэсэгчлэн хуулбарлаж хавсаргав/ 8. Мөн тушаалд Т.Ж нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй...гэжээ. Миний бие 2014 оны байгууллагын "Шилдэг ажилтан"-аар шалгарч байсан, мөн захирал өөрөө намайг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаар албан бичгээр "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр шагнуулахаар тодорхойлсон, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар тушаалаар миний ажлыг хангалттай сайн гэж үнэлээд 200.000 төгрөгийн урамшуулал олгосон зэрэг нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлттэй шууд харшилж байна. / Нотлох баримтаар хавсаргах/ Иймд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан, эрх зүйн чадамжгүй, зөрчилтэй гарсан Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/** тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасны дагуу Т.Жын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ж нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/** дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай тушаалаар тус Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстаны 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/44 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай ... 1. Ажилтан Т.Жын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байх тул хүлээн зөвшөөрсүгэй. 2. Энэ тушаал гарсантай холбогдуулан тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/44 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай гэх тушаалаар тус тус нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ж шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч Т.Жын Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/** дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН