Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2017/0035/з |
Дугаар | 32 |
Огноо | 2017-11-01 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 32
2017 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 123/ШШ2017/0032 | Төв аймаг |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Хойд од кредит” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид,
Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга,
Хариуцагч: Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох
“Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 35 дугаар тэмдэглэлийн “Хойд од кредит” ХХК-д холбогдох хэсгийг, Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний 02 тоот тогтоолын “Хойд од кредит” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгч “Хойд од кредит” ХХК-ний өмгөөлөгч Б.Заантогтох, хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг, аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, хариуцагч Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хойд од кредит” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг “Дэлгэр” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026401 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байршилд аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна. 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/4498 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар буюу Аймгийн засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг судалсны үндсэн дээр Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 39 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлсэн болохыг мэдсэн. ... Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй. ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн засаг даргаас саналыг авахаар явуулсан. 2. Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26- ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ түйл. хэсэгт заасан "... хариу ..."-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, хориглосон, хязгаарласан, туүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн огдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. ... Иймд Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 39 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 30-ны өдрийн Хуралдааны 35 дугаар тэмдэглэлийн “Хойд Од Кредит” ХХК-д холбогдох хэсгийг, Баяндэлгэр сумын ИТХ-ын 2015 оны 10 сарын 19-ны 02 тоот тогтоолын “Хойд Од Кредит” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын “татгалзсан” хариу нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйл, 52 дугаар зүйл 52.4-г үндэслэсэн байдаг. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын татгалзсан санал нь эдгээр хуулийн заалтыг үндэслэсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.5-д заасны дагуу аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзана гэж заасан. Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.5-д заасан үндэслэлээр татгалзсан санал өгч болно гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглосон, хязгаарласан, эрх бүхий байгууллагаас тусгай хэрэгцээнд авсан зэргийг шийдвэрлэж мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно гэж заасан байдаг. Татгалзсан хариу өгөхийн тулд ашигт малтмал, эрэх хайх талбайтай давхцалтай байх эсхүл тусгай хэрэгцээний нөөцөд авсан байх ёстой. Гэтэл Засаг даргын татгалзсан санал нь өвөлжөө, хаваржааны газартай давхцсан гэдэг үндэслээр татгалзсан байдаг. Татгалзсан хуулийн заалт нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд 6.2.1-д бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглана гэж заасан байдаг. Энэ заалтаас харахад ашигт малтмал хайхыг хориглосон зүйл байхгүй. Мөн хуулийн 52 дугаар зүйл 52.2-т зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана гэж заасан болохоос хайгуул хийхийг хориглоогүй. Усны тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.2-т усан сан бүхий газрыг нийтээр ашиглана гэж заасан. Усан сан бүхий газрыг тайлбарлахдаа усан сан бүхий газрыг бий болгосон хиймэл нуур, цөөрмийг ойлгоно гэж заасан байдаг. Засаг дарга болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын татгалзсан санал дээр яг хаана нь хиймэл нуур, цөөрөм байгаа гэдэг нь харагдахгүй байна. Эдгээр үндэслэлүүд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шалтгаан болохгүй. Засаг дарга татгалзсан санал өгөхдөө өвөлжөө, хаваржааны газар давхцалтай байна гэж тайлбар өгдөг. Газрын тухай хуулинд зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, газар эзэмшигч хоёр давхардаж байж болохоор зохицуулалт харагдаж байна. Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1-д. “хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ” гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.1-д “газар гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд геологийн судалгаа хийх, ашигт малтмал олборлох, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж, түүний дотор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахад зориулан барилга байгууламж барих, ашиглах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бусад хэрэгцээг хангах гэж заасан. Ашигт малтмал хайх гэдэг нь газрын хэвлий ашиглахтай холбогдсон зохицуулалт юм. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйл Газрын хэвлийг зөвхөн ашиглуулахаар олгоно гэж заасан. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч, ашиглах гэдэг нь газрыг эзэмших, ашиглах эрхтэй этгээдийг хэлнэ. Иймээс эдгээр хүмүүсээс зохих зөвшөөрлийг авна гэж заасан. Үүнээс харахад газрын хэвлийг газар эзэмших эрхтэй давхардуулж олгож болохоор байна. Нэгэнт хоёр хууль давхардаж байгаа болохоор Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч, ашиглагчаас зөвшөөрөл авна гэж ойлгож байна. Гол харагдаж байгаа зүйл ашигт малтмал хайх зөвшөөрлийг газар эзэмших эрхтэй давхардуулж, олгож болохоор байна. Өвөлжөө, хаваржааны газартай давхцаж байгаа гэдэг нь ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохгүй. Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын тэмдэглэлээс харахад газар тариалангийн талаарх зүйл ярьж байснаа татгалзсан санал өгсөн тогтоол гаргасан байдаг. Гол үндэслэл нь сумын малын бэлчээрийн гол талбай учраас тусгай зөвшөөрөл олгож болохгүй гэдэг саналыг гаргасан байдаг. Энэ тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал болохгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар аймгийн Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авна гэж заасан байдаг. Гэтэл Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хуралдаад тогтоол гаргасан хуулиар шаардсан хэлбэрийг зөрчиж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хариу тайлбар зэргээс харахад хоёр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслээд Засаг дарга дэмжихгүй гэдэг саналаа өгсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд зааснаар Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэнэ гэж заасан байдаг. Засаг даргын дэмжихгүй гэдэг саналыг үндэслээд Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй гэдэг хариуг өгсөн. Хууль зөрчсөн захиргааны актыг гаргахдаа үндэслээд явсан учраас тус тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Засаг дарга дэмжихгүй гэдэг саналаа өгөхдөө тус тогтоолыг үндэслэсэн. Засаг даргын санал өгөхдөө үндэслэсэн нэг тогтоол нь хүчингүй болсоноор Засаг даргын санал хүчингүй болгох үндэслэлтэй. Ингэснээр Ашигт малтмалын татгалзсан шийдвэр хүчингүй болж, манай компанид тусгай зөвшөөрөл олгогдох боломжтой гэж үзэж байгаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тэмдэглэлээр өгсөн саналыг үндэслээд Засаг дарга саналаа өгсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тэмдэглэл хүчингүй болсоноор аймгийн Засаг даргын санал хүчингүй болно. Ингэснээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 360 дугаартай тушаалын холбогдох хэсэг хүчингүй болно. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 360 дугаартай тушаалд дараах аймгийн Засаг дарга нараас дэмжигүй гэсэн санал ирсэн учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн байдаг. Засаг даргын санал хүчингүй болсоноор тус 360 дугаартай тушаалын холбогдох хэсэг хүчингүй болох боломжтой. Аймгийн Засаг даргын санал нь хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй. Хэрвээ хуульд заасны дагуу саналаа өгсөн бол дэмжсэн санал өгөх байсан гэж үзэж байгаа. Ийм тохиолдолд Ашиг малтмал, газрын тосны газраас татгалзахгүй байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарч байгаа шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар гарах шийдвэр тогтоол байна гэж заасан байхад, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тэмдэглэл гаргасан байдаг. Энэ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.4-т түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн. Иймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тэмлэглэл, Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал, Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол зэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Энхбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар зарим сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн мэдэгдэлд холбогдох сумдууд, мэргэжлийн байгууллагаас авсан санал, дүгнэлтийн талаар аймгийн Газрын харилцаа. барилга хот байгуулалтын газрын дарга М.Хүрэлбаатарын мэдээллийг хэлэлцээд зарим сумын багийн иргэдийн Нийтийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, саналыг харгалзан үзэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдэж, энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг даргад тэмдэглэлээр үүрэг өгч даалгасан. Монгол улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь заалтад аль ч шатны Хурлын эрх зүйн үндсийг тогтоосон бөгөөд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөллийн байгууллага тул аливаа асуудалд тэдний эрх ашгийн үүднээс ханддаг. Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа нь иргэдийн ялангуяа малчдын эрх ашгийг ямар нэгэн хэмжээгээр хөнддөг тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай Ашигт малтмалын газрын мэдэгдэлд санал өгөхдөө тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон иргэд, малчдын саналыг тэргүүн ээлжинд харгалзан үздэг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл нь захиргааны эрх зүйн акт биш бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тэмдэглэл нь захирамжилсан шинжийг агуулаагүй учраас захиргааны акт биш бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Иймээс “Хойд од кредит” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ашигт малтмалын газрын үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг хүчингүй болгуулах гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хуулинд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авна гэж зааснаас биш Тэргүүлэгчид саналаа гаргахдаа заавал хуралдаж байж саналаа өгнө гэж санал өгөх хэлбэрийг заагаагүй юм. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид саналаа тэмдэглэлээр өгсөн нь дээрх хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 203 дугаар тушаал “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэг Засаг даргын зүгээс хууль зүйн үндэслэлгүй санал өгсөн бол ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн байдаг бөгөөд энэ талаар эцсийн шийдвэрийг Ашигт малтмалын газар гаргаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу аймгийн Засаг дарга Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч саналаа өгсөн нь хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д санал өгөх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад тусгайлан олгосон байх тул аймгийн Засаг даргын гаргасан “дэмжихгүй” саналыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Аймгийн Засаг даргын санал нь тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй бөгөөд энэ саналаас болж нэхэмжлэгч “Хойд од кредит” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 35 дугаар тэмдэглэлээс болж нэхэмжлэгч “Хойд од кредит” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг нь зөрчигдөөгүй бөгөөд манай шийдвэрээс болж энэ компанид хохирол учраагүй байна. Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа нь иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлдөг. Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг асуудлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хувьд гадагшаа чиглэсэн эрх зүйн шууд үр дагаврыг бий болгож байгаа амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шинжийг агуулсан байдаг. Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан тэмдэглэл нь захирамжилсан шинжийг агуулаагүй, тодорхой эрх зүйн үр дагаврыг үүсгээгүй. Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа Ашигт малтмалын газрын үйл ажиллагаатай холбогдуулаад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авна гэж заасан болохоос Тэргүүлэгчид заавал тогтоол гаргана гэж заагаагүй. Саналаа тэмдэглэлээр өгсөн нь хууль зөрчөөгүй. Иймээс тусгай зөвшөөрөл олгох тухай эцэсийн шийдвэрийг Ашигт малтмалын газраас гаргана. Дэмжихгүй гэсэн санал өгснөөр нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй байна.Иймд Баяндэлгэр сумын нутгийн иргэд, малчдын язгуур эрх, ашиг малын бэлчээр хадлангийн талбай багасаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар тэмдэглэлийн 2 дахь заалтаар даалгасан үүргийг хэрэгжүүлж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот “Хойд од кредит” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу Ашигт малтмалын газраас санал авахаар ирүүлсэн албан бичгийн хариуд аймгийн Засаг даргын зүгээс Ашигт матлмалын газарт зөвхөн саналаа хүргүүлсэн байхад буюу Ашигт малтмалын газраас хэрхэн эцсийн шийдвэр гаргах нь тодорхойгүй байхад саналыг захиргааны шийдвэр гэж үзэж захиргааны хэрэг үүсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, эдгээр саналыг харгалзан Ашигт малтмалын газарт уламжилсан. Холбогдох сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “дэмжихгүй” гэсэн санал ирсээр байхад аймгийн Засаг даргаас “дэмжиж” санал явуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн “30.1.13. харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг ундэслэн санал өгөх... гэж тодорхой заасан байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл нь захиргааны эрх зүйн акт биш бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2 “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон аймгийн Засаг даргын санал нь захирамжилсан шинжийг агуулаагүй, захиргааны акт биш гэж үзэж байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг зөвхөн Ашигт малтмалын газар эцэслэн шийдвэрлэдэг бөгөөд эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэж байна. Аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргаас татгалзсан санал ирсэн тохиолдолд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах талаар хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй юм. Харин аймаг сумаас ирсэн саналыг хууль ёсны эсэхийг хянан үзээд шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргах эрх хэмжээ нь зөвхөн Ашигт малтмалын газарт байгаа тул тус компани нь Ашигт малтмалын газрын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрт нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйл 30.1.14-т харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгнө гэж заасан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо аймгийн Засаг даргаас дэмжихгүй гэсэн санал ирсэн бол татгалзсан хариу өгнө гэж хуульд заагаагүй. Харин аймаг, сумаас ирсэн саналыг хуульд заасан эсэхийг хянан шалгах эрх нь Ашигт малтмалын газарт байгаа. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэний эдлэх эрхийг зааж өгсөн байдаг. Газрын хэвлийд хайгуул хийх учраас бид нар газар эзэшмих эрхийг хөндөхгүй гэж хэлж байна. Газрын хэвлийг ашиглахын тулд түүний дээр байгаа малчдын гол амжиргаа болсон малынх нь идэх өвс, тэжээлийг устгах болно. Геологийн судалгаа хийнэ гэж байна. Судалгаа хийгээд ашигт малтмал гарах юм бол дараа нь газрыг ухахгүй байна гэж байхгүй. Өнөөдөр бэлчээрийн газар хүрэлцэхгүй, дээрээс нь ган, зуд болсон байхад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Нэхэмжлэгч талын ямар эрх ашиг нь хөндөгдсөн гэдэг нь тодорхойгүй байна. Манай аймгийн хэмжээнд ашигт малтмалын 300 гаруй тусгай зөвшөөрөл байдаг. Эдгээрийн ихэнх орон нутгийн саналыг аваагүй байдаг. 2016 онд орон нутгаас татгалзсан хариу өгсөн байхад 89 тусгай зөвшөөрлийг өгсөн байдаг. Ийм үед иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь зүйн хэрэг юм. Хуулинд ингэж заасан тодорхой зохицуулалт байхгүй гээд дэмжсэн хариу өгнө гэж байхгүй. Давхцалгүй өөр газар зөндөө байхад яагаад заавал давхцалтай газар дээр нь ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл авах гээд байгааг ойлгохгүй байна. Өөрийн эзэмшлийн газар дээрээ малын бэлчээрийн асуудлыг чухалчилж үзэх хэрэгтэй. Аймгийн Засаг даргын зүгээс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж хариу өгсөн. Хуулинд зааснаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Хуулийн зөрчилтэй, цоорхойтой хууль баталсанаас болж иргэд хохирох ёсгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Энэ компани эрх ашгаа хамгаалах хоёр жилийн хугацаа байсан. Иймд Ашигт малтмалын газарт аймгийн Засаг даргаас өгсөн санал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд Ашигт малтмалын газар эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргахад нь шууд нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн зүйлийн 18 дугаар зүйлийн 18.1,2. “з”, 20 дугаар 20.1.14, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаанаар “Хойд од кредит” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэр гарсан байна. Тус сумын Галуут баг нь 109844 га газар нутагтай, 162 малчин өрхийн 98644 толгой мал нутагладаг, газар тариалангийн 5600 га газар, тусгай хамгаалалттай 15 мянган га газар, 282 га газарт ашигт малтмалын лицезтэй, 4 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. ”Хойт од кредит” ХХК-ний хүссэн газар нутагт 11 өрхийн 7411 толгой мал нутаглаж өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн газруудтай давхардсан газар нутгийн хувьд хавчигдмал бэлчээрийн даац хэтэрсэн мөн Тарвага хамгаалах, өсгөн үржүүлэх 1 нөхөрлөлтэй тул хайгуулын лиценз олгох боломжгүй. Манай сумын 9 малчны 10 өвөлжөө, хаваржааны газар байгаа. 2015 онд тусгай зөвшөөрөл олгохыг хүлээн зөвшөөрөөгүй учраас тухайн талбайд өвөлжөө, хаваржааны газар олгосон нь зүйн хэрэг гэж үзэж байна. Өвөлжөө, хаваржааны газар нь 2017 онд кадастрын зурагт орсон. Энэ айлуудын газар нь хайгуул хийх талбайтай давхцалтай байгаа. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан. Нэхэмжлэгч тал 2017 оны 07 дугаар сард буюу 2 жил өнгөрсөний дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай сумын бэлчээрийн даац хэтэрсэн. 160 гаруй мянган толгой малтай. Үүний 10-иад мянган толгой мал нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Галуут багийн нутаг дэвсгэрт байдаг. Иймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ашигт малтмалын хайгуул хийхийг татгалзсан санал өгсөн. Сумын иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын төлөөлөгчид хуралдсан нь Тэргүүлэгчдээс илүү чанартай шийдвэр болно гэж үзээд төлөөлөгчдийн хурлаар тухайн асуудлыг хэлэлцээд хариу өгсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд анх нэхэмжлэлийн “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 35 дугаар тэмдэглэлийн “Хойд од кредит” ХХК-д холбогдох хэсгийг, Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний 02 тоот тогтоолын “Хойд од кредит” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, №026401 дугаарт бүртгэгдсэн Дэлгэр нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 35 дугаар тэмдэглэлийн “Хойд од кредит” ХХК-д холбогдох хэсгийг, Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний 02 тоот тогтоолын “Хойд од кредит” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. [1]
Мөн нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс: “Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Санал гаргах тухай” 02 тоот тогтоол нь Ашигт малтмалын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал гаргахаар байхад нийт Төлөөлөгчдийн хурлын тогтоол гэж гаргахдаа, хуульд заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр хэлэлцэлгүй, шууд гаргасан хууль бус тогтоол юм. Мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар тэмдэглэл нь холбогдох хуульд “Хурал хэлэлцсэн асуудлаар “Тогтоол гаргах”-аар заасан хэлбэрийг зөрчиж гарсан бөгөөд дээрх хууль бус саналуудыг үндэслэн аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал” нь Ашигт малтмалын тухай хуульд “зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэсэн заалтыг зөрчиж, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон заалтад хамааралгүй үндэслэл дурьдаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн санал өгсөн нь хууль бус” гэж, харин хариуцагч нараас “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал зөвхөн тэргүүлэгчдээр бус нийт төлөөлөгчид нар асуудлыг хэлэлцэж, өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргаж, санал хүргүүлсэн, тогтоол хүчин төгөлдөр гэж үзэж байна” гэж, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь батлагдсан журмаар тогтоосны дагуу хурлын тэмдэглэлээр асуудлыг шийдвэрлэж, санал хүргүүлсэн” гэж, “Сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, санал хүргүүлсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Холбогдох үйл баримтыг авч үзвэл. Нэхэмжлэгч “Хойд Од кредит” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл гаргасны дагуу, Төв аймгийн Баяндэлгэр сумын Дэлгэр нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар Ашигт малтмалын газраас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6/7772 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлжээ. [2]
Уг мэдэгдлийн дагуу Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Ээлжит бус хуралдааны тов тогтоох тухай” 54 дүгээр тогтоол гарч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус аравдугаар хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар болж, тухайн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Магнет-Айрон”, “Хойд Од кредит” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газруудын асуудлыг хэлэлцсэн гээд, Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний 02 тоот тогтоолоор “... тусгай зөвшөөрөл хүссэн солбицолын цэгүүд бүхий талбай нь сумын малын бэлчээрийн зуслан, хаврын голлох нутаг тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулах боломжгүй гэж үзсүгэй, тогтоолыг хуулийн хугацаанд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлэх ...” гэж шийдвэрлэсэн. [3]
Мөн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 35 дугаар тэмдэглэлийг “Аймгийн Засаг дарга Д.Баярбат танаа” гэж гаргахдаа, шийдвэрлэсэн хэсэгтээ “...Баяндэлгэр суманд 3260,38 га, ... газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх тухай асуудалтай танилцсан Тэргүүлэгчдийн 90,0 хувийн саналаар, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалтуудыг удирдлага болгон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж үзлээ, энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг даргад даалгав” гэж шийдвэрлэсэн[4], үүнээс Төв аймгийн Засаг дарга нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 39 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ын хуудсаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэн “дэмжихгүй” гэсэн саналыг тухайн өдрийн 01/1401 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн[5], Ашигт малтмалын газар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6/7772 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хариуг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Ирсэн бичгийн бүртгэлийн карт”-д хүлээн авч бүртгээд, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 360 дугаар шийдвэрийн 21 дэх хэсгээр “Хойд Од кредит” ХХК-ийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал ирсэн тул гээд, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. [6]
Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь энэ үйл баримтаас үзэж, хариуцагч Баяндэлгэр сумын Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын гаргасан санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал гаргах ёстой байхад үндэслэлгүйгээр татгалзсан санал гаргаж, Ашигт малтмалын газар тус саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн тул тус актуудыг хүчингүй болгуулна гэж тайлбарлаж байгаад холбогдуулан дүгнэвэл.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлдийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайн байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж тус тус заасан бөгөөд мөн зүйлийн 19.11-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.2.1 /Монгол улсын татвар төлөгч хуулийн этгээд, өргөдөл гаргахдаа талбайн байршил, зургийг шаардлагын дагуу гаргах, өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь хэлбэрийн шаардлага, хориглосон газар, нөөцөд авсан талбайтай болон бусад тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байх шаардлага/, 19.2.3 /...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт... тэмдэглэх/, 19.2.4 /хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхцсан бол .../, 19.7 /тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан боловч 1 сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэлээс хасч/-д заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө” гэж зааснаас үзвэл төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн санал болон түүний үндэслэл болсон сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидийн саналыг харгалзан хянаж үзээд, хуульд заасан ашигт малтмал, эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, тусгай зөвшөөрлийн талбайтай ямар нэгэн хэмжээгээр давхцсан тохиолдолд л тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг буцаахаар заасан нь эцсийн шийдвэрийн төрийн захиргааны байгууллага өөрөө гаргах эрхтэй болохыг тодорхойлж байна. Нөгөө талаар Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэснээс үзвэл төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн санал нь хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг хянан үзэх шаардлагатай болохыг тодорхойлсон гэж үзэхээр байна.
Тодруулвал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т /хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журамын дагуу гаргасан өргөдөл/ заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна” гэж тодорхойлсноор энэхүү 19 дүгээр зүйл нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын хийж гүйцэтгэх үйл ажиллагаа, түүнээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход холбогдох асуудлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны харилцааг зохицуулсан болох нь тодорхойлогдож байх бөгөөд энэ маргааны хувьд асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь 2015 оны 10 дугаар сард холбогдох Засаг даргын саналыг авсан боловч 2017 оны 06 дугаар сард хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд маргаж байгаа актуудаас тусдаа дараагийн шийдвэр гарсан байгаагаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байна.
Иймд Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус аравдугаар хуралдаанаар “Хойд Од кредит” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газруудын асуудлыг хэлэлцсэн гэх 02 тоот тогтоол нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу хэлэлцээгүй, мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 35 дугаар тэмдэглэл нь тус тус Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолд “Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна” гэж тайлбарласнаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан “хурлын санал”-ын шаардлагыг хангаагүй, Засаг даргын санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан буюу Монгол улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд “…татгалзсан хариу өгч болно” гэсэнд нийцээгүй байх зэргээр маргаан бүхий актууд нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байх хэдий ч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “...маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар дээрх актууд нь хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаагүй, маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдсоноор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
[1] Хавтаст хэргийн 1-2, 97 дахь тал
[2] Хавтаст хэргийн 106 дахь тал
[3] Хавтаст хэргийн 45-50 дахь тал
[4] Хавтаст хэргийн 42-43 дахь тал
[5] Хавтаст хэргийн 61 дэх тал
[6] Хавтаст хэргийн 64 дахь тал