Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 000104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  

 

Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр,

Г.Болор-Эрдэнэ нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                              Хэргийн индекс 142/2017/0247/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

 

   Прокурор                                                                  Ц.Мөнхтуяа

   Шүүгдэгч                                                                   Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх,

                                                                                       Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ

   Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                  А.Төмөрчулуун, М.Ганзориг

  Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            Д.Пүрэв-Отгон

   Нарийн бичгийн дарга                                         Н.Мөнх-Ундраа оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолтой Б.Х, Э. Э, Д. А, Г. Б нарт холбогдох, 201714000174 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг, А.Төмөрчулуун нарын давж заалдах гомдлоор 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн засварын хэсэгт ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум  оршин суух, урьд ял шийтгэлгүй, ФМ 74070271 регистрийн дугаартай, Т овгийн Б. Х,

 

Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 37 настай, бүрэн дунд боловсролтой, зураач тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн засварын хэсэгт ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-22-06 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ФМ 80012037 регистрийн дугаартай, Боржигон овгийн Энхсайханы Эрдэнэсүх,

Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн програмист, гагнуурчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Баяжуулах фабрикийн засварын хэсэгт ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ФМ 85081618, Ш овгийн Д. А,

 

Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Баяжуулах фабрикийн засварын хэсэгт ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум  оршин суух, урьд 2007 оны 09 сарын 11-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, ФМ 84072511 регистрийн дугаартай, Д.овгийн Г. Б.

 

Шүүгдэгч Б.Х, Э.Э, Д.А, Г.Б-Э нар нь бүлэглэн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн засварын хэсэгт ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн HP 400 маркийн бутлуурын сольсон гуулин втулкийг тайрч жижиглэн хулгайлж “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-д 8 405 963 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Т овгийн Б Х, Б овгийн Э Э, Ш овгийн Д. А, Д овгийн Г. Б.-Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Э.Э, Д.А, Г.Б-Э нарыг тус бүрийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Э.Э, Д.А, Г.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Х, Э.Э, Д.А, Г.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нар нь уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х, Э.Э, Д.А, Г.Б-Э нарт урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Б.Х 2.101.490 төгрөг 75 мөнгө, Э.Э 2.101.490 төгрөг 75 мөнгө, Д.А 2.101.490 төгрөг 75 мөнгө, Г.Б-Э 2.101.490 төгрөг 75 мөнгийг тус тус гаргуулж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгох,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д зааснаар шүүгдэгч Б.Х, Э.Э, Д.А, Г.Б нарын хохирлыг төлөх хугацааг 2 сараар тогтоож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг болгож тасалсан гуулин втулкийг, хар өнгийн үүргэвч, улаан өнгийн үүргэвч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдолдоо:

 

Шүүгдэгч Б.Х, Э.Э, Д.А, Г.Б-Э нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэхдээ харилцан зөрүү бүхий шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдийг бүгдийг нь дурдан үнэлж ийнхүү хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Шүүгдэгч нарыг шүүхээс бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус үйлдлийнх нь улмаас хохирогч “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-д 8.405.963 төгрөгний хохирол учирсан гэж үзэх үндэслэлээ тодорхой дурдаагүй атлаа шүүгдэгч нарын үйлдлийг тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байгаа тухай илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч нарын хулгайлсан гэх гуулин цөн /втулк/ нь үйлдвэрийн бүсээс авч гарахаас өмнө дахин ашиглагдах боломжтой байсан эсэхээс шууд хамаарч тус гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээ тогтоогдох юм.

 

... “Далай ван аудит” ХХК-ийн 2017 оны 06 сарын 27-ны дүгнэлт “НР 400” маркийн бутлуурын гуулин цөнгийн үнийн судалгаа мэдээлэл олдоогүй гэх шалтгаанаар зах зээлийн судалгааны ямар ч эх сурвалж, баримт мэдээлэлгүйгээр хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гаргаж өгсөн үндэслэлгүй баримтан дээр тулгуурлаж хохирлын үнэлгээг тооцож гаргасан байгааг шүүхээс үндэслэлгүйгээр зөвтгөж үнэлсэн нь нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүйг илтгэнэ..., ... “Бан хас” ХХК-ний 2017-05-16-ны өдрийн №39 дүгнэлтэндээ “Мэргэжлийн инженерүүд техник ашиглалтын дэвтэр дээрээс дээрх тэмдэглэлүүдийг үндэслэн энэ гуулин цөнг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт өгч байна... гэсэн мэдүүлэг өгдөг. Үүнээс үзэхэд шүүгдэгч нарын хулгайлсан гэх гуулин цөн /втулк/ нь дахин ашиглагдах боломжгүй байсан нь дараагийн шинэ гуулин цөн /втулк/-ийг сольж тавьсан тухай гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас ирүүлсэн 8 436 217 төгрөг гэсэн үнэлгээг хэрхэн яаж гаргасан эсэх, ямар журмын дагуу хийсэн тооцоолол гэдэг нь тодорхойгүй бөгөөд эвдрээгүй гуулин цөнгийн үлдэх өртгийн тухай үндэслэлгүй тооцооллын мэдээлэл байх бөгөөд хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлдийн 3.т зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2.т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, 4.т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1.д заасан хулгайлах гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол, хор уршиг учраагүй байх тул дээрх хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй байна. Иймд уг зүйл заалтын тайлбарт зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэнд тооцохооргүй байхад шүүгчээс гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдийг буруу үнэлж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” боловч шүүгдэгч нарын үйлдэл болон хэргийн зүйлчлэлийг хэргийн бодит үнэнтэй нийцүүлж тогтоохгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс яллах дүгнэлтэнд дурдсан шинжээчийн дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Д.Наранбаатар, Ж.Батжанчивын мэдүүлэг, “Бан хас” ХХ-ний /1ХХ 67-86 хуу/ 2017-05-16 №39 дүгнэлт, агрегатный журнал /1ХХ 79-86 хуу/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаад дүгнэлт хийлгүй орхигдуулснаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож” мөн хуулийн 2.т зааснаар “Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана” гэсэн прокурорын байр сууринаас хандаж прокурорын газраас “Далайван-Аудит” ХХК-ийн үнэлгээгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн учраас үндэслэлтэй.

 

Харин тус шинжээчийн дүгнэлт хууль бус байгаа эсэх нь хэрэгт ач холбогдолгүй юм шиг шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

Иймд шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 8 405 963 төгрөгний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээг тал бүрээс нь харгалзан үзэж гэм буруугүйд тооцох зарчмыг мөрдлөг болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Х, Д.А, Э.Э, Г. нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Төмөрчулуун давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар буюу хөрөнгийн үнэлгээний байгууллагуудын үнэлгээгээр тухайн “ХР-400” маркын гуулин цөн нь 175 000, 184 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн бөгөөд дахин ашиглах боломжгүй талаар дүгнэгдсэн бөгөөд энэ талаар гэрч Д.Наранбаатар, Ц.Батжанчив, Акылбек нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад удаа дараа хэлж мэдүүлсэн бөгөөд шүүх гэм буруутайд эдгээр хүмүүсийг тооцохдоо хүчингүй болсон үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол тооцох журмыг хэрэглэн гаргасан дүгнэлтэнд тулгуурласан нь Б.Х, Э.Э, Д.А, Г.Б-Э нарын эрх зүйн байдлыг дордуулж хууль ёсны эрх ашгийг нь хохироосон үйлдэл боллоо.

 

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тухайн хэрэгт хэрэг бүртгэлт хийн дээрх хүмүүст захиргааны арга хэмжээ авч тус бүрийг 65 000 төгрөгөөр торгосон шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байгаа.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсанаас хойш хэргийн оролцогчид 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргах эрхтэй байсаар атал 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хууль эрх зүйн газраас албан бичиг илгээгдсэнээр 4 сарын дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийг зөрчсөн хэрэг болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн 276 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х, Э.Э, Д.А, Г.Б нар нь бүлэглэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Баяжуулах үйлдвэрийн засварын хэсэгт ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн бутлуурын “НР 400” маркийн, гуулин втулкийг гацаж ажиллахгүй болсны улмаас сольсон засварын өрөөнд байхад нь тайрч жижиглэн үйлдвэрээс хулгайлан авсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

Хохирогч Н.Энхболдын ...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Баяжуулах фабрикийн засварын хэсгийн ажилчид болох Д.А, Г.Б, Б.Х, Э.Э нар нь засварын хэсгийн багаж засварлах байранд хадгалагдаж байсан өөрөө нунтаглах хэсгийн “НP-400” маркийн бутлуурын сольсон 58 кг 405 гр жинтэй гуулин втулкийг /цөн/ авч гарах зорилгоор хавтгайлан тайрч жижиглэн зохих зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн нутаг дэвсгэрээс авч гарч бусдад худалдах гэж байгаад цагдаагийн албан хаагчид баригдсан. Энэ гуулин втулк /цөн/ нь ашиглагдаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гацаад өөр цөн /втулк/ сольж тавьсан. Дараа нь уг втулк /цөн/-г дахин сэргээж засварлаж ашиглахаар өөрөө нунтаглах хэсгийн засварын хэсгийн багаж засварлах өрөөнд тус хэсгийн механикийн үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэтүшигийн шийдвэрээр хадгалж байсан. Өөрөө нунтаглах хэсгийн засварын хэсгийн багаж засварлах байрны түлхүүр 5 хүнд байдаг ба Хаянхярваа түлхүүрээ ашиглаж хулгай хийсэн...

...Конусан бутлуур нь байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй ба гуулин втулк буюу цөн нь “НР400” бутлуурын нэг эд анги учраас нягтлан бодох бүртгэлд” НР 400” бутлуур гэсэн бүртгэлд байдаг.

 

...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө дутагдуулсан тухай актаар гуулин втулк буюу цөн нь хагарч гэмтээгүй, геометрийн дүрсээ алдаагүй, хий эргэсэн газраа элэгдэлд орсон, Засвар механикийн завод дээр дотор талд нь өнгөлөлт хийж дахин ашиглах боломжтой талаар тодорхойлсон байгаа... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Ганзоригийн .

 

.. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт ашиглагдаж байсан “НР400” маркийн бутлуур нь 2017 оны 09 дүгээр сард бутлуур эргэхгүй зогссон. Зогссон шалтгааныг олж тогтоохоор бутлуурыг задалсан. Бутлуурын эксцентр /хэлтгий төвт гол/ халалтаас болж гуулин втулк буюу цөнгийн түгжээ нь хагараад эргэхгүй гацсан байсан. Гацсан цөнг сугалж аваад шинэ цөн буцааж угсраад бутлуурыг хэвийн ажиллагаанд оруулсан.

Тодорхой хэмжээний халалт явагдсан учир цөнгийн гадаргууны зарим хэсэгт цэвэршилт нь алдагдсан, зарим гадаргууд элэгдэл үүссэн байсан. Энэ ажлыг тодорхой хугацаанд засварлаж буцаан тавихад удах байсан тул нөөцөнд байсан гуулин цөнг тавьж бутлуурыг хэвийн ажиллагаанд оруулсан.

 

2017 оны 09 дүгээр сарын 16-наас 20-ны хооронд энэ ажил хийгдсэн бөгөөд сольж авсан гуулин цөнг буцааж сэргээн засварлаад ашиглахаар Засварын хэсгийн багаж засаж янзалдаг байранд хадгалсан. Энэ шийдвэрийг би гаргаад засварын хэсгийн механик Эрдэнэтүшиг зэрэг хүмүүст үүрэг өгч хадгалуулсан. Хэрэв дахин ашиглах боломжгүй бол Засвар механикийн заводын хаягдал төмөрт тушаах журамтай байдаг ... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Наранбаатарын

 

...2017 оны 09 дүгээр сард бутлуур эргэхгүй гацаад зогссон. Бутлуурыг бүрэн задлахад эксцентр /хазгай төвт гол/ нь эргэхгүй нам гацсан байсан. Иймд гацсан цөнг сугалж аваад шинэ цөн буцааж угсраад бутлуурын үйл ажиллагааг хэвийн байдалд нь оруулсан. Сольж авсан хуучин цөнг /втулк/ буцааж сэргээн засварлаад ашиглахаар Засварын хэсгийн багаж хадгалах байранд хадгалсан. Энэ цөнг эргэж ашиглах боломтой байсан.

 

Дахин нөөц байхгүй болохоор бага зэргийн засвар хийгээд буцааж ашиглах байсан...Шинэ бутлуур 2015 оны 10 сард ашиглалтанд орсон. Энэ хугацаанд 6 удаа засвар хийсэн боловч энэ нь гуулин цөнгөөс шалтгаалаагүй, дотор талын конусны бутлах эд анги хуягийг 3 сар болоод элэгддэг тул үүнийг засварлах ажиллагаа явагдсан. Гуулин цөн хагарсан гэдэг нь хазгай төвт голдоо суулгадаг түгжээ нь хагарсан байсан. Үүнийг засаад сольчихдог юм. Огт ашиглагдахгүй харласан асуудал байхгүй... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Эрдэнэтүшигийн

...”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт ашиглаж байсан “НР 400” маркийн бутлуур нь 2017 оны 09 дүгээр сард эргэхгүйгээр зогсолтонд орсон. ...Шалтгааныг олж тогтоохоор бутлуурыг бүтэн хэмжээгээр задалсан. Бутлуурын эксцентр /хэлтгий төвт гол/ халалтаас болж гуулин цөн нь зуураад гацсан байсан. Гацсан цөнг сугалж аваад шинэ цөн буцааж угсраад бутлуурын үйл ажиллагааг хэвийн байдалд нь оруулсан. Гуулин цөн хагарсан гээд байгаа нь хэлтгий төвт голдоо суулгадаг түгжээ нь хагарсан байсан. Өөрийнх нь үндсэн хэлбэр алдагдаагүй, халснаас бага зэргийн өөрчлөлт орсон байсан. Үүнийг засварлах боломжтой байсан. Огт ашиглагдахгүй хагарсан асуудал байгаагүй... гэх мэдүүлэг

 

Гэрч Ц.Батжанчивын ...”НР 400” маркийн бутлуур гацаад зогссон. 2-3 хоног бутлуурыг задалсан санагдаж байна. Гуулин цөн нь нилээд халснаас болж бохирдсон, шатсан байсан. Миний харснаар жижиг жижиг цууралт өгсөн байсан. Бүр хагараад болохоо байсан зүйл байгаагүй... Хэсэг газраа улайгаад шатсан байсан. Манай механик Эрдэнэтүшиг цөнг засварын өрөөнд аваачаад хийчих гэсэн... мэдүүлэг,

 

Эд зүйлд үзлэг хийсэн, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 6 хэсэг болгож тайрсан гуулин цөн, хар, улаан өнгийн үүргэвчийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол, эд зүйлд үнэлгээ тогтоосон “Далайван аудит”ын шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Х, Э.Э, Д.А, Г.Б-Энарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгч нар нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн багаж хадгалах байрнаас түгжээ нь хагарч гацсан байсан гуулин цөнг тайрч жижиглэн хэлбэр дүрсийг нь алдагдуулж хулгайлан үйлдвэрийн бүсээс авч гарсан, уг гуулин цөнг хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар засвар хийгээд дахин ашиглах боломжтой байсан байх тул “Найдвар-Од” ХХК, “Бан Хас” ХХК-уудын хаягдал гуулиар тооцож үнэлсэн үнэлгээгээр хохирлыг тооцохгүй ба “НР 400” маркийн бутлуурын гуулин цөнг үнэлсэн үнэлгээний компануудын үнэлгээнээс “Далайван-Аудит” ХХК-ний элэгдэл хорогдлыг нь тооцож гаргасан үнэлгээг нотлох баримтаар үнэлж хохирлыг тооцож гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн ...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоож чадаагүй, хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, Э.Э, Д.А, Г.Б-Э нарын өмгөөлөгч М.Ганзориг, А.Төмөрчулуун нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

 

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА