| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0753/Э |
| Дугаар | 746 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 746
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ц-ийн О-т холбогдох эрүүгийн 19100 1919 0821 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ГССҮТ эмнэлэгт дадлагажигч эмч ажилтай гэх, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн О- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 8 сарын 10-ны орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг монгол” амралтын газарт иргэн Д.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Миний хувьд өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Би гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч Б нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, мөн хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна, миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1919 0821 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Бий хохирогчоор өгсөн:
“...2019 оны 8 сарын 10-ны өдөр эмнэлгийн ажиллагсдын баярын өдрийг тохиолдуулан манай байгууллагын ажилчид өөр хоёр байгууллагатай хамтран нийт 56 хүний бүрэлдэхүүнтэй Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг монгол” нэртэй амралтын газарт очиж амарсан юм.
Тэгээд орой нь байшин дотор А, О, У, Б, А, С бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байхад О нилээн согтолттой А рүү агсраад байхаар нь би яриан дундуур нь орж От хандан “манай байгууллагын удирдлага шүү дээ, ингэж болохгүй шүү дээ” гэж шаардлага тавихад зөрүүлээд над руу уурлаж, агсарч эхэлсэн. Бид хоёр жаахан маргалдаж байгаад О гараад явчихсан юм.
Удалгүй буцаж орж ирээд над руу агсраад байхаар нь би “чамтай харьцмааргүй байна, эрүүл болохоор чинь ажлын өдөр уулзъя” гээд Бтой юм яриад сууж байхад хажуу талаас О миний нүүр рүү архины шилээр нэг удаа цохисон. Би тэр үед сандал дээр сууж байгаад газар унахад О миний дээр гарч ирээд хоолой боосон юм. Тэгтэл хүмүүс бид хоёрыг салгаад, Оыг гадагшаа аваад гарсан.
Ингээд би хэсэг хугацааны дараа гадаа гарахад О хутга барьчихсан бололтой “ална” гээд хөөхөөр нь би зугтаагаад, өөр газар амарч байсан хүмүүс дээр очиж тусламж гуйж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би “Медтравма” эмнэлэгт 2019 оны 6 сарын 03-ны өдөр хүний нөөцийн менежер албан тушаалд ажилд орсон юм. О нь тухайн эмнэлгийн Гэмтэл согог заслын тасагт эмчээр ажилладаг юм.
Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг О учруулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08-09х/,
2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 9750 дугаартай:
1. Д.Б-н биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 18х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч О.Болороог байцаасан тэмдэглэлд:
“...2019 оны 8 сарын 11-ний өдрийн 9750 дугаартай дүгнэлтийг би гаргасан. Мохоо зүйлийн нэг удаагийн хүчин зүйлээр үүссэн байх боломжтой. Д.Бий биед үүссэн зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гараар цохиход үүсэх боломжтой бөгөөд шилээр цохиод, тухайн шил нь хагараагүй тохиолдолд үүссэнийг үгүйсгэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Оын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 8 сарын 10-ны өдөр эмнэлгийн ажилчдын баяр болсонтой холбогдуулан манай байгууллагын ажилчид Кувейтын аманд байрлах “Хишиг монгол” гэх нэртэй амралтын газарт амарч байгаад бид нар хамт олноороо архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2019 оны 8 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө амралтын газар байшинд байж байхад манай байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн Б гэх залуу цуг сууж байгаад, хэрүүл өдөж маргалдаад байхаар нь би барьж авахад бид хоёр хоорондоо заамдалцаад салцгаасан. Тухайн үед хэн нь хэнийгээ яаж цохисоноо санахгүй байна, хэсэг хугацааны дараа Б гадаа сууж байхаар нь би түүний араас хөөсөн боловч түүнийг гүйцэж барьж аваагүй. Тэгээд амралтын байшинд ороод унтаж байхад цагдаагийн алба хаагч ирээд, намайг дагуулаад явсан.
...Би Бийг архины шилээр цохисон юм аа. Өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ ойлгон ухамсарлаж байна. Мөн би хохирогчоос уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Иймд хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х, 43х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 21х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 36х/, гэрч Э.Мөнхзаяа /хэргийн 38-39х/, гэрч Ц.Н /хэргийн 40-41х/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Оаас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 54х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 53-54х/ 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 224 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгчид тус тус танилцуулан Ц.От холбогдох эрүүгийн 19100 1919 0821 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Оын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 8 сарын 10-ны орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг монгол” амралтын газарт Д.Бтэй “удирдлагын хүмүүстэй ингэж харьцаж болохгүй шүү дээ” гэж хэлснээр тэдний хооронд үл ялих зүйлээр шалтагласан маргаан үүсч, улмаар Ц.О нь Д.Бий нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж биед нь “...зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч Д.Бий: “...2019 оны 8 сарын 10-ны өдөр эмнэлгийн ажиллагсдын баярыг тохиолдуулан манай байгууллагын ажилчид өөр хоёр байгууллагатай хамтран нийт 56 хүний бүрэлдэхүүнтэй Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг монгол” нэртэй амралтын газарт очиж амарсан юм. Тэгээд орой нь байшин дотор А, О, У, Б, А, С бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байхад О нилээн согтолттой А рүү агсраад байхаар нь би яриан дундуур нь орж От хандан “манай байгууллагын удирдлага шүү дээ, ингэж болохгүй шүү дээ” гэж шаардлага тавихад зөрүүлээд над руу уурлаж, агсарч эхэлсэн. Бид хоёр жаахан маргалдаж байгаад О гараад явчихсан юм. Удалгүй буцаж орж над руу агсраад байхаар нь “би чамтай харьцмааргүй байна, эрүүл болохоор чинь ажлын өдөр уулзъя” гээд Бтой юм яриад сууж байхад хажуу талаас О миний нүүр рүү архины шилээр нэг удаа цохисон. Би тэр үед сандал дээр сууж байгаад газар унахад О миний дээр гарч ирээд хоолой боосон юм. Тэгэхэд хүмүүс бид хоёрыг салгаад, Оыг гадагшаа аваад гарсан. Ингээд би хэсэг хугацааны дараа гадаа гарахад О хутга барьчихсан бололтой “ална” гээд хөөхөөр нь би зугтаагаад, өөр газар амарч байсан хүмүүс дээр очиж тусламж гуйж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.
Би “Медтравма” эмнэлэгт 2019 оны 6 сарын 03-ны өдөр хүний нөөцийн менежер албан тушаалд ажилд орсон юм. О нь тухайн эмнэлгийн Гэмтэл согог заслын тасагт эмчээр ажилладаг. ...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг О учруулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08-09х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 9750 дугаартай:
1. Д.Б-н биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 18х/,
- шинжээч эмч О.Болороогийн: “...2019 оны 8 сарын 11-ний өдрийн 9750 дугаартай дүгнэлтийг би гаргасан. Мохоо зүйлийн нэг удаагийн хүчин зүйлээр үүссэн байх боломжтой. Д.Бий биед үүссэн зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гараар цохиход үүсэх боломжтой бөгөөд шилээр цохиод, тухайн шил нь хагараагүй тохиолдолд үүссэнийг үгүйсгэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/ болон шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 43х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Д.Бий биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.О түүний нүүрэн тус газарт архины шилээр цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Ц.Оын дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогдсон байна.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Д.Бий биед учирсан “...зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” хэмээн хүсэлт гаргаж /хэргийн 53х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.О нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 36х/ баримттай байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч Д.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Ц.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ц-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ц.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД