| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/0481/И |
| Дугаар | 130/ШШ2016/00662 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2016/00662
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Х аймгийн Ж сумын Б багийн 04-03 тоотод оршин суух, РД:************, утас:***********, ************, Н овогт Нгийн Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Хын Ед холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдаж авсан камаз чиргүүлийн үнэ 2200000 төгрөг, алданги болох 385000 төгрөг, нийт 2585000 /хоёр сая таван зуун наян таван мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.А нь 2016 оны 4 дүгээр сарын 22-нд иргэн Х.Етай камаз чиргүүлийг худалдах, худалдан авах хэлцэл бичгээр байгуулсан. Тухайн үедээ камаз чиргүүлийн үнийг 6200000 төгрөгөөр тохирсон боловч нотариатын төлбөр өндөр гарсан учраас хэлцэл дээрээ 5000000 төгрөгөөр тооцож бичсэн. Энэ 6200000 төгрөгөөс 3000000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл 3200000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 01 гэхэд төлж барагдуулахаар тохирсон. 2016 оны 6 дугаар сард 1000000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 2200000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 35 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор хэлцэлд заасан ёсоор алданги 385000 төгрөг, үндсэн төлбөр 2200000 төгрөг, нийт 2585000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Х.Еаас 2585000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Е шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х аймгийн иргэн Н.Аийн нэхэмжлэлтэй танилцаад тайлбарлах нь: 2016 оны 4 дүгээр сарын 22-нд Камаз маркийн машины чиргүүлийг 6,2 сая төгрөгөөр үнэ тохирч худалдаж авсан. Чиргүүлийн үнийг 2 тал тохиролцсоны үндсэн дээр дараах байдлаар төлж барагдуулсан. Анх 3,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэх мөнгийг 1,0 сая төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 21-нд, 2.2 сая төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 18-нд тус тус төлж барагдуулсан болно. Энэ талаар чиргүүлийн эзэн Бадам гэх төлбөр дууссан, тооцоогүй гэсэн гарын баримт өгсөн. Ийм учраас илүү нэхэмжилсэн 0.5 хувийн алданги төлөхгүй төлбөр дууссан тухай баримт өгсөн гэжээ.
Нэхэмжлэгч Н.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Н овогтой А нь Еаас чиргүүлийн үнэ 2200000 төгрөг, хүү алданги 385000 төгрөг, нийт 2585000 төгрөгийг нэхэмжилсэн ба үндсэн төлбөр болох 2200000 төгрөгийг бэлнээр авсан учраас хүү, алданги болох 385000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний 10 цагт зарлагдсан ба шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ед холбогдох камаз чиргүүлийн үнэ 2200000 төгрөг, алданги болох 385000 төгрөг, нийт 2585000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагт товлон зарласан боловч шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгч Н.А нь ...үндсэн төлбөр болох 2200000 төгрөгийг бэлнээр авсан учраас хүү, алданги болох 385000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр шийдвэрлэж өгнө үү. ... гэж хүсэлт ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Х.Еаас нэхэмжилсэн алданги болох 385000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба хариуцагч Х.Е ньнэхэмжлэгчийн нэхэмжилсэн камаз чиргүүлийн үнэ 2200000 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлж өгсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.А нь хариуцагчаас нэхэмжилсэн алданги болох 385000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х.Е нь нэхэмжлэгч Н.Аийн нэхэмжилсэн камаз чиргүүлийн үнэ 2200000 төгрөгийг төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Н.А нь хариуцагчаас нэхэмжилсэн алданги болох 385000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56310 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 20000941 дугаартай данснаас 25075 төгрөг мөн хариуцагч Х.Еаас 25075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ