Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 083

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Б,

Улсын яллагч П.Э /томилолтоор/,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Г.От холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны …дугаар сарын ...ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуурийн дуулаач мэргэжилтэй, ам бүл .., ... хамт .. дүүргийн .. хороо ........... тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, Б.Г.От /РД:...../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 5 дугаар гудамжинд иргэн Д.Э-ийг “ахаа гэж хэлсэнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч Д.Э-э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...О гэх зүс таних залуутай тааралдаад “за юу байна хөгшөөн” гэтэл намайг ахаа гэж хэлсэнгүй гээд шууд зүүн талын шанаа руу гараараа цохиход би газарт шалбааг дээр унасан бөгөөд намайг дээрээс өшиглөөд шалбааг дотор зодоод байсан. Тэгээд намайг хэл амаар доромжилсон, би өөдөөс нь цохих гээд чадахгүй, ноцолдож байгаад салж зугатаасан. Миний зүүн талын шанааруу гараараа нэг удаа цохиход манараад газарт унасан. Намайг шалбааг дээр унахад дээрээс дарж суугаад гараараа толгой хэсэг рүү олон удаа цохисон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №8318 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Д.Э-ийн биед баруун зовхи, баруун чихэнд цус хуралдт, зөөлөн эдийн няцрал, хоёр хацарын төвгөр, зүүн шанаа, зүүн тохой, зүүн шилбэ, хоёр дал, нуруу баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-н 33-р тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-15/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, ял шалгах хуудас /хх-63/ шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /57-62/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 5 дугаар гудамжинд иргэн Д.Э-ийг “ахаа гэж хэлсэнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8318 тоот шинжээчийн дүгнэл, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-15/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.От холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.О нь хохирогч Д.Э-эд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гантулгын Оыг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.О нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.От оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       И.ГАНБАТ