| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0515/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 116
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б,
улсын яллагч Ц.О,
шинжээч В.Б
шинжээч О.Б,
шинжээч Л.Г,
шинжээч Н.Г,
гэрч Э,
гэрч Б.Т,
шүүгдэгч А.Ш, түүний өмгөөлөгч З.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн М.А.Шд холбогдох эрүүгийн….... дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ..дүгээр сарын ...-ний өдөр .. аймгийн Галуут суманд төрсөн, эрэгтэй, ..настай, дээд боловсролтой, ...мэргэжилтэй, ...дүүрэг дэх ....... ажилтай, ам бүл .., ... хамт .. дүүргийн ...дугаар хороо ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.А.Ш /РД:...../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч А.Ш нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн үед Тоёота Приус-20 маркийн 47-03 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах /4 дүгээр хавсралтын 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Амарбаясгаланг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...осол 2-3 секундэд болсон. Мөрдөгч надаас анхны удаа мэдүүлэг авахдаа дэлгэрэнгүй мэдүүлэг аваагүй. Харин “хохирогч ямар зайнд гарч ирсэн бэ” гэж асуухад “би мэдэхгүй” гэж мөрдөгчид хариулсан. Гэтэл мөрдөгч надад “тоог нь заавал тодорхой бичдэг” талаар хэлж байсан. Миний зүгээс хэргийн газар нэмж шинжээч томилж шалгуулах хүсэлттэй байсан.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ээж нь группт байдаг болохоор түүнийг төлөөлөөд хуулийн байгууллагаар яваад байж чадахгүй эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай хүн байгаа юм. ...ар амьдрал хэцүү подвол түрээслэн амьдардаг. Амарбаясгалангийн эмчилгээ, оношлогоо, зардалд багцаагаар 1 сая орчим төгрөг болсон зарим баримтууд нь байгаа. Эмчилгээний зардлыг Шинэжил жолооч цувуулж өгч эмнэлэгт хоол цай хүргэж, эм тариаг нь авч өгч байсан. ...Цаашид Амарбаясгалангийн эрүүл мэнд, эмчилээний тал дээр нь анхаар нь уу гэж хэлэхээс өөр түүнд гомдол санал байхгүй ” гэжээ. / 1хх-ийн 112-р тал/
Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б.Түвшинбаярын эзэмшилд байдаг цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн 47-03 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.Ш нь жолоодон кабинд нь би, Түвшинбаярын хамт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс Цагдан хорих 461 дүгээр ангид очиж холбогдогчоос мэдүүлэг авах зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр яг хэдэн км/цагийн хурдтай явсныг нь бол анзаараагүй, явж байтал урдаасаа хойшоогоо чиглэлтэй нэг эмэгтэй хүн ганцаараа гэнэт гүйж гарч ирсэн. Тэр үед Шинэжил нь харсан даруйдаа тоормозоо гишгэсэн ба тухайн эмэгтэй хүн машины зүүн гар талын крыло хавьцаа ирж мөргөөд л зам дээр унасан. Тэгээд машин хэсэг яваад зогссон” гэжээ /1хх-ийн 46-47-р тал
Гэрч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид гурав гэмт хэрэг гарсан өдөр ажлаас гарч 19 дүгээр хорооллын гүүрний гэрлэн дохионоос хөдлөөд явж байсан. Тухайн үед эсрэг талын зам түгжрэлтэй байсан. Гэтэл хажуу талаас гэнэт чимээ сонсогдож шүүгдэгч А.Ш цочсондоо тухайн машиныг баруун гар тийш эргүүлж огцом зогсоосон. Харин машинаас гарч ирээд харахад нэгэн эмэгтэй хүн газар унасан байсан. Би хохирогчийг машинд мөргүүлж унасны дараа харсан. Харин хажуу талаас гарч ирснийг нь хараагүй. Бид тухайн үед 2 дугаар эгнээ зам дээр явж байсан.” гэв
Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...машинаас буутал машины ар талд буюу ойролцоогоор 5-7 метрийн зайд нэг эмэгтэй хүн зам дээр зүүн хажуу тал руугаа харсан байдалтай хэвтэж байсан” гэжээ. /1хх-ийн 50-р тал/
Гэрч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед хохирогч гэнэт хажуу талаас гарч ирсэн. Би өмнөх өдөр нь нойргүй хоносон байсан тул шүүгдэгчээр машинаа жолоодуулсан. Бид гурав хорих 461 дүгээр анги дээр очиж гэмт хэрэгт холбогдогчоос мэдүүлэг авах гэж байсан. Би техник оношилгоонд хамруулсны дараа АВС систем ажилсан гэдгийг мэдсэн. Хохирогч зүүн урд зүгээс гарч ирээд машиныг мөргөсөн. Тухайн үйл хэргийн дараа миний машины зүүн урд крыло хагарсан байсан.” гэв.
Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...дүгнэлтэд дурдагдсан “урд буферын зүүн гар талын булангийн доод хэсэг урагдаж унжсан” гэмтлийг тухайн үед нь үзэж хараад шинэ гэмтэл байна гэж тогтоогоод дүгнэлтэд шинэ гэмтэл гэж оруулсан” /2хх-ийн 29-р тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4247 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Б.А-гийн биед зүүн чамархайгаас доош суурь яс уруу үргэлжилсэн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалд, баруун тал бөмбөлгийн аалзан хальсны доорхи цус харвалт, зүүн хацар ясны нумын хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн шагайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн өвдөг, гуя, тахиманд зулгаралт, цус хуралт, 1 шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөлдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” /1хх 53-р тал/
Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...47-03 УНҮ улсын дугаартай Тоёота маркийн Приус-20 загварын автомашин, ...урд салхины шил зүүн гар талын баганатай ойр доод хэсэгт цацарч хагарсан, урд буферийн зүүн гар талын булангийн доод хэсэг урагдаж унжсан, зүүн гар талын их гэрлийг тогтоогч сууринууд хугарсан, зүүн гар талын крыло дотогш хонхойж хажуугийн дохионы гэрлийн чийдэнгийн шар бүрхүүл шил хагарсан, зүүн гар талын толины гаднах аяга хагарч сууриараа хугарсан нь зам тээврийн ослын улмаас үүссэн, ...автомашин шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд уг автомашины урд тэнхлэгний дугуйн тоормос бүрэн ажиллагаатай, ABS ажиллагаагүйгээс шалтгаалж хойд тэнхлэгний дугуйн тоормос бүрэн зогсоогүй байна” жолоодлого хийн шалгахад тоормос удаашран зогссон” /1хх 58-68-р тал/
Шинжээч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...АВС систем жолоочийн хянах самбар дээр гарч ирдэг. Гэвч биднийг тээврийн хэрэгслийг шалгах явцад АВС систем нь ассан байсан. Биднийг машинд үзлэг хийж байхад машины хойд дугуйны тормос бага зэрэг эвдэрсэн байсан ба тормосны барилтын шингэн муудсан байх магадлалтай байсан. Учир нь тухайн машин үйлдвэрээс гарсан үеэсээ хойш 15 жил ашиглагдсан байсан тул АВС систем нь ассан байхаа. Би ойлгомжгүй тайлбарласан байж магадгүй. Мөрдөгч надаас машины урд буферны сөрдийсөн хэсгийг “энэхүү машины эвдрэл нь хүн мөргөснөөс үүсэх боломжтой юу” гэж асуусан. Тэгэхээр нь би “хүн мөргөснөөс болж гэмтэл үүсэх боломжгүй” гэж хариулсан, Копут хонхойсон, буфер урагдсан, зүүн гэрэл харарсан, зүүн крыло хонхойсон, зүүн хаалга зурагдсан, баруун буфер хонхойсон, АВС гэрэл ассан гэх эвдэрлүүд нь гэмт хэргийн улмаас учирсан. Урд салхины шил хагарсан, зүүн тольний аяга сууриараа хугарсан зэрэг нь ослын улмаас үүссэн. Шүүгдэгчийн жолоодож байсан машины зүүн крыло унжсан нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл байх магадлалтай гэж хариулсан. Приус машин цахилгаан болон бензин хөдөлгүүртэй. Орос машин Япон машины систем өөр байдаг. Цахилгаан машин нь тормос авахдаа эхэлж цахилгаан хөдөлгүүрт дохио өгч бензины хөдөлгүүртээ шилжсэнээр тормос авах нь удааширдаг тул хэсэг хугацаанд тормосны мөр авагдаагүй байх боломжтой. Харин орос машины тормосны педаль дээр гишгэхэд шууд тормосны мөр гардаг. Приус загварын машины АВС систем тормос дээр хүчтэй гишгэхэд ажиллаж эхэлдэг. Харин зам дээр 10 гаран метрийн тормосны мөр гаргахгүй байх боломжгүй. Приус загварын машиныг ашиглах хугацаа 8-10 жил байдаг. Энэ хугацаа өнгөрсөн үед машины системийг оношилгоонд хамруулах зайлшгүй шаардлагатай байдаг.Тухайн тээврийн хэрэгслийг шалгахад тээврийн хэрэгслийн АВС систем эвдэрсэн байсан гэв.
Шинжээч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн зам тээврийн ослын улмаас урд буфер урагдаж унжсан, зүүн толь сууриараа хугарсан байсан. АВС системийг хэзээ эвдэрсэн эсэхийг тусгай тоног төхөөрөмжийн дүгнэлтээр гаргана. Тээврийн хэрэгслийг хүн мөргөхөд тухайн машины АВС систем эвдрэх боломжгүй гэв.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 702 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Б.А- нь гэмт хэрэг болох үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. ...одоо сэтгэцийн хувьд тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, ойгүйдлийн хам шинж эмгэгтэй байна. Б.А- нь хэрэг хариуцах чадваргүй байна. ...Б.А- нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Б.А- нь хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг зөв тусган ойлгох чадваргүй байна. ...дээрх эмгэг нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой байна” /1хх 113- 114-р тал/
Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 222 дугаартай дүгнэлт: “...Тоёота Приус-20 маркийн 47-03 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байх ба 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах /4 дүгээр хавсралтын 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх” гэснийг зөрчсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явсан үндэслэлтэй байна” /хх 73-74/
Шинжээч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Физикийн хуулийн дагуу хохирогч болон хөдөлгөөнд оролцож байсан машин нар хоорондоо мөргөлдсөн. Тиймээс дан ганц хохирогч машиныг мөргөсөн гэж үзэхгүй. Хэрэв машин зогсож байхад хохирогч ирээд мөргөсөн бол тухайн тохиолдолд хохирогч ирж мөргөсөн гэж үзнэ. Харин шүүгдэгч гэмт хэрэг гарах үед тухайн мөчид хохирогчийг хараагүй байх бүрэн боломжтой. Хүн дунджаар 1 цагт 5 км/ц хурдтай явдаг. Харин 1 секундэд 1.3 метр/с явдаг тул тэгж үзэж болно Энэхүү асуултны хариуг туршилт хийж байж гаргах нь зүйтэй. Би Замын хөдөлгөөний дүрмийн дагуу дүгнэлт гаргасан. Учир нь жолооч хөдөлгөөнд орохоосоо өмнө тээврийн хэрэгслийн аюулгүйн байдлыг шалгах шаардлагатай байсан. Хохирогч машины явж буй чиглэлд унах боломжтой.” гэв.
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-3-9, 2хх-6-11/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...Жамбал овогтой Балданг драйгер багаж ашиглан шалгахад 0 тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” /1хх-12-14/, хохирогчийн өвчний түүх /1хх-24-37/, Ял шийтгэлийн хуудас /хх-89/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримт /1хх-90-94, 145-151/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-95/, хохирол төлбөр барагдуулсан гэх баримт /1хх-152-162, 173, 2хх-12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Ш нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн үед Тоёота Приус-20 маркийн 47-03 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах /4 дүгээр хавсралтын 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Амарбаясгаланг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн №4247 тоот дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 222 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Шд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Ш нь “...Би тухайн үед 2 дугаар эгнээ замаар 50 гаран км/ц хурдтай явж байсан. Гэтэл машины зүүн талыг гэнэт нэгэн зүйл мөргөх чимээ мэдрэгдсэн. Тэгэхээр нь би машины жолоог баруун гар тийш дараад боржур мөргөсөн.” гэх боловч хавтас хэрэгт авагдсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-3-9, 2хх-6-11/, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон шинжээч нарын дүгнэлтүүдээр няцаагдаж байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч А.Шд засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч Д.А, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 1.700.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс төлсөн байх тул хохирол төлбөр барагдуулсан гэж үзэв.
Хохирогч Д.А, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Б нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн А.Шийн №1102768 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.А.Шийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар А.Ш-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/, жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч А.Шд тэнсэж, хянан харгалзсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн А.Шийн №.... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч А.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ