Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2016/00667

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн С сумын 01 дүгээр багт оршин суух, А овогт Сийн Аын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: С.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн нь үнэн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч С.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие цахим иргэний үнэмлэх авах гэж Улсын бүртгэлийн байгууллагад очихоор материал дутуу төрсний бүртгэлд ороогүй, мөн төрсний гэрчилгээний нэр буруу бичигдсэнээс болоод иргэний цахим үнэмлэх авч чадаагүй тул шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан. Цахим иргэний үнэмлэх авч чадахгүй байгаа шалгаан маань төрсний гэрчилгээ байгаа боловч төрсний талаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Намайг төрсөн үед миний нэрийг буруу бичсэнээс болж бүртгэлд авагдаагүй ба төрөлтийн бүртгэл архиваас гарахгүй байгаа тул намайг 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрснийг тогтоож өгөхийг хүсье гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбар мөн хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн С сумаас 1999 оны 02 сарын 10-ны өдөр олгосон 38 дугаартай Төрсний гэрчилгээнд С А /эцгийн нэр засвартай/ нь 1997 онд төрсөн гэж бичигдсэн боловч уг төрсний гэрчилгээ нь Улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 231/****** дугаартай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаанд: Регистрийн дугаар 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, эцэг С А нь 1997 оны 10 дугаар сарын 10 өдөр Баян-Өлгий аймгийн С сумын төрөхөд төрснийг төрүүлсэн эх Хаз овогтой Юрагаар Баян-Өлгий аймгийн С сумын 1997-2005 онуудын төрөлтийн бүртгэлээс шалгаж үзэхэд төрөлт нь бүртгэгдээгүй гэх, мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 324 дугаар албан бичигт: С овогтой А /*************/-ыг С сумын төрөлтийн журналын 1997-2005 он хүртэл шүүж үзэхэд төрөлт нь бүртгэгдээгүй байна гэсэн бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтаар С.Аын төрөлт бүртгэлгүй, ХААТР маягтгүй, төрсний гэрчилгээгүй болох нь нотлогдож байгаа боловч доорх нотлох баримтуудыг үндэслэн С.Аын төрсөн оныг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:

-Баян-Өлгий аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолтод: С сумын 1 дүгээр багийн иргэн С овогтой А нь 1997 оны 10 дугаар сарын 10-нд С сумын Хүн эмнэлгийн төрөхөд мэндэлсэн болох нь үнэн болно. Тухайн үеийн төрөлтийн түүх олдохгүй байгаа ба эх барьж авсан эмч нь Т.М миний бие одоо сумын эмнэлэгт ажиллаж байна гэх тодорхойлолт,

-Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны тодорхойлолтод: С овогтой А нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн мужаан мэргэжлийн 3 дугаар курст сурч байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 324 дугаар албан бичгээр ирүүлсэн Аын эцэг Сийн ХААТР-21 (Б) маягтын 18-рт Эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдүүд гэх хэсэгт ...хүү С А 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ... гэж бичигдсэн байдал,

- Баян-Өлгий аймгийн С сумын 1 дүгээр багийн Засаг дарга Ж.Аийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар албан бичигт: Иргэн А овгийн Сийн А 1997 оны 10 дугаар сарын 10-нд төрсөн, 19 настай. Ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг. Одоо аймгийн МҮСТ-д сурдаг С.А нь С сумын 1 дүгээр багт байнга оршин суудаг иргэн болохыг уламжлан тодорхойлов гэсэн байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн С.А нь 1997 оны 10 дугаар сарын 10 өдөр төрсөн болохыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-ыг баримтлан А овогт Сийн А нь 1997 оны 10 дугаар сарын 10 өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ