Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 132

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.У

Улсын яллагч П.Э /томилолтоор/,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.О.Бад холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .. оны .... дугаар сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .. мэргэжилтэй, ам бүл .... хамт ..дүүргийн ..дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.О.Б /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны 105 байрны грашид хохирогч О.Дий эзэмшлийн 97-17 УНМ улсын дугаартай Range Rover маркийн автомашины зүүн толь, зүүн крыло, зүүн хойд хаалгыг гараараа цохиж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч О.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Манай хотхоны харуул надруу залгаад та магин дээрээ хүрээд ир асуудал гараад байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад машин дээрээ очиход хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн, манай байрны хоёр хамгаалагч залуу байсан. Үл таних залуу орилоод агсам тавиад байсан. Тэгсэн хамгаалагч залуу надад “эгч ээ таны машины толыг энэ залуу хагалаад машин руу чинь өшиглөсөн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд О.Б гэрчээр мэдүүлэхдээ: “...Range Rover авто машины жолоочийн талын толийг баруун гараараа цохьсон. Тэгсэн толь болон толины хавтас унахаар нь аваад уг Range Rover маркийн машины жолооч талын урд хаалга руу шидээд, грашнаас гарахдаа нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/

 

Вендо хөрөнгийн үнэлгээний комдани 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №28523 тоот дүгнэлт /хх-ийн 29-р тал/,

2019 оны 12 дугаар сарын 12-ний өдөр О.Дөөс гаргасан О.Б нь хохиролоо бүрэн барагдуулсан гэх хүсэлт /хх-ийн 57-р тал/,

 

 Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, ял шалгах хуудас /хх-45/ шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /48-55/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны 105 байрны грашид хохирогч О.Дий эзэмшлийн 97-17 УНМ улсын дугаартай Range Rover маркийн автомашины зүүн толь, зүүн крыло, зүүн хойд хаалгыг гараараа цохиж гэмтээсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч шүүгдэгчийн мэдүүлэг, Вендо хөрөнгийн үнэлгээний комдани 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №28523 тоот дүгнэлт /хх-ийн 29-р тал/, 2019 оны 12 дугаар сарын 12-ний өдөр О.Дөөс гаргасан О.Б нь хохиролоо бүрэн барагдуулсан гэх хүсэлт /хх-ийн 57-р тал/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Бад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялын хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардллаггүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Б нь хохирогч О.Дд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.О.Быг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Бад оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       И.ГАНБАТ