Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0035

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           01           08                                        2020/ШЦТ/35

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Л.М-,

шүүгдэгч Ш.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Л-ын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б овогт Ш-ынА-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905043411240 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., эхийн хамт ............. дүүргийн ... дүгээр хороо ......... гудамжны ...  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Л-ын  М-

 

Монгол улсын иргэн, ....... оны ...  дүгээр сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл ..., найз залуугийн хамт ......... дүүргийн ...  дугаар хороо ......... байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ш-ынА-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Л.М- нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла зочид буудлаас иргэн Н-ийн эзэмшлийн “Redmi note 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Ш.А- нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Redmi note 7” загварын гар утсыг Л.М- нь бусдаас хулгайлан  авсаныг буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М- мэдүүлэхдээ: “Тэр өдөр найзынхаа ажил дээр 1 дүгээр хороололд байсан. Над руу Нандиа эгч залгаад дуудаад байхаар нь яваад очъё гэж бодоод Хорооллын эцэст уулзсан. Эргэж Нандиа эгчийн гэр лүү яваад Нандиа эгч гэрээсээ мөнгө авна гээд яваад мөнгөө аваад бид хоёр таксинд суугаад явсан. Тэгээд А- эгч залгаад найзуудтайгаа байнаа гээд Тэнгис дээр уулзая гэхээр нь уулзсан. Тэгээд 10 дугаар хороололд байрлах зочид буудалд орсон. Буудалд ууж байгаад би болохоор 7 цагийн үед А- эгчийг гэр лүүгээ харья гэсээр байгаад дагуулаад явсан. Тэр үед Нандиа эгч хажуудаа гар утсаа тавьсан байсан. Тэр гар утсыг хараад авч гараад явсан. Буудлаас гараад юм идчихээд өдөр А- эгчтэй яриад гар утсын ломбарданд тавьсан” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А- мэдүүлэхдээ: “Тэр өдөр М-тай уулзаад манайд хонохоор ярьсан байсан. Тухайн үед Нандиа анх гар утсаа аваад яв гэж Ундрахад хэлсэн гэж байсан. Тэгээд дараа нь өгөөгүй гэж байсан. Тэгээд маргааш нь гар утас авсан гэж хэлсэн” гэв.

 

Шүүгдэгч Л.М- нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла зочид буудлаас иргэн Н-ийн эзэмшлийн “Redmi note 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч  Ш.А- нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Redmi note 7” загварын гар утсыг Л.М- нь бусдаас хулгайлан  авсаныг буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Н-ийн “2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би орой 01 цагийн орчим хорооллын  Tse-д өөрийн танил болох Ундрах гэгчтэй уулзсан. Бид 2 Тэнгис кино театр ороод  А-тай уулзахад А- хэдэн найзуудын хамт ирээд бид хэд 10 дугаар хорооллын Stella зочид буудалд өрөө захиалаад пиво уусан. Тэгээд хэсэг  хугацааны дараа Уранчимэг гэгч нь нойр хүрээд байна гээд орон дээр хэвтээд  өгсөн. Тэгсэн удалгүй А-, Ундрах нар явлаа гэхээр нь би тэг тэг, та хоёр одоо харь гэж хэлээд би Уранчимэгийн хажуугаар ороод хэвтээд өгсөн. Тэгээд  өөр ямар нэгэн зүйл санахгүй байна. Би нойр хүрээд унтаад өгсөн байсан. Би орон дээр хэвтэхдээ хажуудаа дуу тавиад унтсанаа санаж байна. Redmi note 7 загварын гар утас байсан. Тас хар өнгөтэй, өнгөгүй гэртэй,  ардаа анаашны зураг наасан гар утас байсан. Би гар утсаа 750.000 төгрөгөөр үнэлж байна. 869288043779124 гэсэн имэй кодтой, алдах үедээ 88009368 гэсэн дугаартай байсан. ...Гар утсаа олж авмаар байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 5-6 дугаар хуудас/

“ ... Redmi note 7 гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдол, санал, хүсэлт байхгүй. ... Уг хоёр эмэгтэйд  хуулийн дагуу арга хэмжээг аваарай гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/

 

Гэрч М.Г-ийг “А- гэдэг хүн РД:ТЯ97011603 гэсэн регистрийн дугаартай бичиг баримтаар 250.000 төгрөгөөр тавьсан. А- гэдэг хүн хоёулаа явж байсан. Дагаж явсан хүн нь М- гэж нэрээ надад бичүүлж байсан. А- энэ утсыг авч чадахгүй үед М- авна гэж бичүүлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

Тэнцвэр эстимэйт ХХК-ний Redmi note 7 маркийн гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 19-21 дүгээр хуудас/

 

Эд зүйл хураан авсан, өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

Л.М-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Тухайн үед Нандиа эгч, би, Ариука эгч, Ариука эгчийн найз Урнаа, гурван залуугийн хамтаар байсан ба хоёр том пиво авсан ба надаас бусад нь бүгдээрээ уусан. Хамгийн эхлээд Урнаа гэх найз нь унтаад өгөхөөр нь би Нандиа эгчийг явъя энд 3 залуу үлдлээ гэхэд хамаагүй би эндээ хононо гэж хэлээд Урнаагийн хажуугаар нь ороод хэвтээд өгсөн. Тухайн үед Нандиа эгч унтахдаа гар утсаа өөрийнхөө хажууд дуу тавиад унтсан. Би Ариука эгчээ явъя гэхэд за гэж хэлээд Урнаагийн гар утсыг цүнхэн дотор нь хийгээд дэрэн доогуур нь дэрлүүлээд гутлыг нь тайлаад куртикыг нь нөмрүүлээд унтуулсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор нь би Нандиа эгчийн хажууд байсан гар утсыг нь хулгайлан авсан. Ингээд А- эгч бид хоёр өглөөний 07 цаг 30 минутын үед буудлаас гараад CU орж юм идсэн. Ингээд А- эгч бид хоёр гэр лүү нь очиж унтаад өдрийн 14 цаг 30 минутын үед сэрээд А- эгч шөл уумаар байна гаръя гээд бид хоёр Tse орсон. Тухайн үед над руу  Н- эгч залгаад гар утсаа асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. А- эгч бид хоёр юм идэж байхдаа ярилцаад та ч гар утсаа ломбарданд тавьсан. Би ч гар утсаа ломбарданд тавьсан юм чинь Нандиа эгчийн гар утсыг ломбарданд тавиад би утсаа аваад үлдэгдэл мөнгийг нь та ав гэж хэлэхэд А- эгч тэгье тэгье гээд Бичил хорооллын аркны ойролцоо байрлах Silver ломбарданд 250.000 төгрөгөөр А- эгчийн бичиг баримтаар ломбарданд тавьсан ба гар утсыг буцаан авах дээр нь би өөрийнхөө овог, нэр, регистрийг нь бичүүлсэн. 143.000 төгрөгөөр би өөрийнхөө I phone маркийн гар утсыг авч, 30.000 төгрөгийг А- эгчид өгч үлдэгдэл мөнгөөр нь бид хоёр идэж уугаад дууссан. Надад мөнгөний яаралтай хэрэг байсан тул гар утсыг хулгайлсан. Миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

 

Ш.А-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Төд удалгүй Нандиа нь  М-гийн гар утас руу залгаж гар утсаа асууж байх шиг байсан. Тэгтэл М- би таны гар утсыг аваагүй, мэдэхгүй байна гэж хэлсэн. Ингээд М- би гар утсаа ломбарданд тавьсан, та бас гар утсаа ломбарданд тавьсан юм чинь хоёулаа Нандиа эгчийн гар утсыг ломбарданд тавиад өөрсдийнхөө утсыг авъя гэхээр нь би тэгье гэж хэлээд дэмжсэн. Бичил хорооллын аркны хажууд байрлах Silver ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан ба 143.000 төгрөгөөр М- өөрийнхөө гар утсыг авч 30.000 төгрөгийг би авч, үлдэгдэл мөнгийг бид хоёр идэж  уугаад дууссан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Л.М- иргэн Н-ийн эзэмшлийн “Redmi note 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулж, шүүгдэгч Ш.А-тай харилцан ярилцаж тохирон уг гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан үйл баримт тогтоогджээ.

Иймд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч Н-ий Redmi note 7 маркийн гар утсыг  биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хураан авсан, өгсөн тухай тэмдэглэлээр /хэргийн 34-35 дугаар хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч  Л.М-, Ш.А- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх, шүүгдэгч Л.М-, Ш.А- нарын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  тэдгээрийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Л-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б овогт Ш-ынА-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Л.М-г 1 жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Ш.А-ыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.М-, Ш.А- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар Л.М-, Ш.А- нарыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Л.М-, Ш.А- нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Л.М-, Ш.А- нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ