Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

 

2020           03           23                                          2020/ШЦТ/275

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч N Q T/Т-/ түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

хохирогч Ш.С- түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

иргэний хариуцагч Х.С-,

орчуулагч О.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас N Q T/Т-/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1903014270062 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Вьетнам улсын иргэн,  ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Бүгд найрамдах Вьетнам улсад төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, будагчин мэргэжилтэй, ........ автомашин завсарын газар засварчин ажилтай,  ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт ..... дүүргийн ... дугаар хороо ............. дүгээр байрны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ngo Quang Toan. /Т-/

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Вьетнам улсын иргэн N Q T/Т-/-нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо Өгөөж ХХК-ний баруун урд уулзвар  замд Mitsubishi Lancer маркийн ХХ-ХХ УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар  баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ш.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч N Q T/Т-/ мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.С- мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар 19-ний өдөр ажил руугаа явж байгаад баруун 4 замын Өгөөжийн уулзварын тэндэх явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч байгаад машинд мөргүүлж зам тээврийн ослын хохирогч болсон. Түргэн тусламжаар гэмтэл дээр очиж яаралтай тусламжаар хөмсгөндөө гадна, дотор оёдол тавиулсан. Гэмтлийн эмнэлгийн эмчийн зааврын дагуу толгой цээжний имрай зураг авхуулж Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтсэн. Мөнгөн гүүр эмнэлэгт 13 хоног хэвтэж эмчилгээ хийлгэхэд миний биед ослын улмаас гурван онош гарсан. Нэгдүгээрт баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн, шинэ хугаралтай, эргэн тойрны зөөлөн эдэд цус харвалт болон хаван ихтэй, баруун талын нүдний хацрын яс цуурсан. Хоёрдугаарт далны сэртэн, эгэмний төгсгөл хоёрын хоорондын үений зай нарийссан. Үеэнд шингэн хурсан, үений дээд хэсгийн зөөлөн эдэд хаван ихтэй, далны тогооны урагдалтай, тархины зөөлөн эдийн няцрал, тархины хаван ба доргилт гэсэн оноштой гарсан. Одоо нэн дариу нүдний ухархайн ясны нөхөн сэргээх, мөрний үе холбох хагалгаа хийлгэх шаардлагатай байна. Эмнэлэгт байх хугацаанд хохирогч талаас 4.593.497 төгрөгийг өгсөн. Тэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Дүрэм зөрчөөгүй явж байгаад хохирогч болсондоо маш их гомдолтой байна. Хойшид гарах хор уршгийн талаар хэлж мэдэхгүй байна. Мөн хохирогч Монгол Улсын иргэн биш учир гадагшаа явчихвал миний эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засагт гарах зардлыг би хэнээр төлүүлэх вэ гэдэгт маш их санаа зовж байна. Маш олон нүдний эмнэлгээр явахад даралт ихсэх, харвалт өгөх, нүд арагшаа сууж хонхойх мөн хараагүй болох эрсдэл үүсч магадгүй гэж эмч нар үзэж байгаа. Одоогоор миний мөрний ухархай арагшаа 1 миллметр орчим суусан. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл ажилгүй байгаа. Нэг удаа 400.000 төгрөгийн тэтгэмж авсан. Тиймээс цалин мөн эмнэлэгт үзүүлсэн төлбөр, бинзений төлбөр, гар утасны төлбөр, цаашид хагалгаа хийлгэх зардлаа шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Х.С- мэдүүлэхдээ: “Хагалгаанд шаардагдаж байгаа зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад зардлыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч N Q T/Т-/-нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо Өгөөж ХХК-ний баруун урд уулзвар  замд Mitsubishi Lancer маркийн ХХ-ХХ УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар  баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ш.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 4-5 дугаар хуудас/

 

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 6-10 дугаар хуудас/

 

Хохирогч Ш.С-ийн “Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 10 цаг 34 минутын орчим ажил руугаа явах гээд Өгөөжийн уулзварын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй гарах гээд зөвшөөрсөн ногоон гэрэл хүлээж байгаад ногоон асахаар нь явган хүний гарцаар гараад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явдаг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад ертөнцийн зүгээр баруунаасаа урагшаа чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэл миний баруун талын хэсэг рүү мөргөөд нэг мэдсэн чинь би босож ирээд зогсож байсан бөгөөд нүүрний хэсгээс нилээн их цус гарч байсан. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс хүн мөргөчихлөө шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд би мөргөсөн машиныг харахад цагаан өнгийн жижиг суудлын автомашин харагдсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд эмч шууд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Ийм л зүйл болсон. Миний биеийн байдал дунд зэрэг толгой байнга өвдөнө, гар сойлттой, хөдөлгөөн хийхээр бие өвдөж байгаа.

... Би гомдтолтой байна. Миний эмчилгээний зардлыг мөргөсөн жолоочийн ар гэрээс гаргасан байгаа. Одоогоор бол надад ямар нэгэн эмчилгээтэй холбоотой баримт байхгүй ээ. Цаашид эмчилгээний баримт гарвал цуглуулж байгаад өгөх болно” гэсэн мэдүүлэг, /хэргийн 17 дугаар хуудас/

“... Эмчилгээний зардлыг жолооч талаас гаргасан байгаа. Одоогоор машинд бинзен хийсэн баримтууд байна. Мөн би осолд орсоноос хойш ажлаа хийж чадаагүй учир цалингаа  нэхэмжилж байна. Цалингийн тодорхойлолтоо өгнө.  ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79-80 дугаар хуудас/

 

Иргэний хариуцагч Х.С-ийн “Уг автомашин миний нэр дээр байдаг боловч нөхрийн дүү N Q T/Т-/-ны эзэмшилийн тээврийн хэрэгсэл юм. Би анх машиныг авахад нь өөрийн нэр дээр авч өгсөн юм. Түүнээс бол N Q T/Т-/ байнга өөрөө машиныг унаж хэрэглэдэг.

Би иргэний хариуцагч болж байгааг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 492 дугаартай:

“3.1 Ш.С-ийн биед баруун зүүн нүдний ухархайн хугарал, далны тогооны уруулын урагдал, тархины няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, толгойн хуйхны цус хуралт, өвдөг шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3.3 Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 30-32 дугаар хуудас/

 

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №48 дугаартай:

“1. М.М.С Лансар маркийн ХХ-ХХ УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Вьетнам улсын иргэн Т- нь МУ-ын ЗХД-ийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ш.С- нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 48 дугаар хуудас/

 

Өгөөж ХХК-ний баруун урд уулзварын гэрлэн дохионы горим. /хэргийн 55-56 дугаар хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар. /хэргийн 58 дугаар хуудас/

 

Хохирогч Ш.С- нь гэмтлийн улмаас Мөнгөн гүүр эмнэлэгт эмчлүүлсэн өвчний 2552 дугаартай түүх. /хэргийн 60-68 дугаар хуудас/

 

N Q T/Т-/-ны яллагдагчаар өгсөн “... Урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа тул одоо нэмж ярих зүйл байхгүй. Яг өнөөдрийн байдлаар хохирогчид эмчилгээний зардал гэж 4.614.978 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар зардал гаргаж өгсөн байгаа. Баримт байгаа. Хавтаст хэрэгт хавсаргуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 74-75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч N Q T/Т-/-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч N Q T/Т-/ нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.С-т зам тавьж өгөх дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас түүнийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Хохирогч Ш.С- нь “баруун нүдний ухархайн хугаралд хийлгэх хагалгааны төлбөр 42.448.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.581.521 төгрөг, эвдэрсэн гар утасны төлбөр 1.200.000 төгрөг” нэхэмжилжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудаар хохирогчид учирсан хохирол, хор уршгийн зардал нийт 496.200 төгрөг тогтоогдож байна.

Шүүгдэгч N Q T/Т-/ нь хохирогчид нийт 4.593.479 төгрөгийн туслалцаа үзүүлсэн бөгөөд хохирогч үүнийг хүлээн зөвшөөрч байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон төлбөр төлөгдсөн байна гэж дүгнэв.

Хохирогч Ш.С-ийн нэхэмжилсэн хагалгааны төлбөр гэх 42.448.000 төгрөг нь ирээдүйд гарах төлбөрийн талаар тооцоо бөгөөд энэ тооцоо нь гадаад хэл дээр бичигдсэн хууль ёсны орчуулга байхгүй тул хохирол, хор уршигт тооцох боломжгүй юм.

Мөн ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин нэхэмжилж байгаа боловч эмнэлгийн магадлагаагаар үндсэн цалингийн хэдэн хувийг авсан, үлдэх зөрүү нь хэдэн төгрөг болох талаар нотлох баримтууд байхгүй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч өөрийн гар утас эвдэрсэн гэж 1.200.000 төгрөг нэхэжилж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар шалгаагүй, хуульд заасан журмын дагуу үнэлгээ тогтоогоогүй тул хохиролд тооцох боломжгүй болжээ.

Гэхдээ хохирогч Ш.С- нь цаашид гарах болон дээрх хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж байна.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, N Q T/Т-/ баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

         

          Шүүх, шүүгдэгч N Q T/Т-/-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан холбогдсон зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацааг 4 сараар тогтоов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч N Q T/Т-/-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар N Q T/Т-/-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  N Q T/Т-/ торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар N Q T/Т-/ торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, N Q T/Т-/ баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ш.С- нь өөрт учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В ангилалын 928083 дугаартай үнэмлэхийг N Q T/Т-/-д буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол N Q T/Т-/-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ