Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 102/2017/01957/И |
Дугаар | 001/ХТ2018/01012 |
Огноо | 2018-06-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2018/01012
Х.Ж ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 581 дугаар магадлалтай,
Х.Ж ы нэхэмжлэлтэй
ББК.... ХХК ХХК-д холбогдох,
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж 5/2 тоот барилгын ард ББК.... ХХК ХХК-ийн барьсан сэндвичин барилгын /өргөтгөл/ зоорийн давхар руу орсон шат /урт 4.65м, өргөн 1.54м/-ны хэсгээс бусад хэсгийг буулгаж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гараашийн орц гарц чөлүүлүүлэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бадамцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Х.Ж ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны ард байрлах 17 тоот гараашийг хууль ёсоор эзэмшдэг. Гэтэл манай гараашийн хаалганы урд талд байрлдах BBQ chicken хоолны газар өөрийн барилгын ар талд ямарч зөвшөөрөлгүй өргөтгөл барьснаар машин гараашид оруулж, гаргахад төвөгтэй болсон. Миний машин байнга зурагдаж, сэв гарч эдийн засгийн хохирол учирч байгаа бөгөөд үүний талаар хариуцагч талд удаа дараа шаардлага тавьж байсан боловч хариу өгөөгүй. Энэ байдлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус мэдэгдэхэд зөвшөөрөлгүй барилга барьсан гэж акт гаргаж, барилгыг буулгахыг шаардсан боловч хариуцагч нь шаардлагыг биелүүлээгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр шатны хэсэг нь кадастрын зурганд орсон бөгөөд бусад хэсэг буюу зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн сэндвичин барилгыг буулгаж, анхны байдалд нь оруулж, тус хоолны газрын ар талын нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч ББК.... ХХК ХХК шүүхэд гаргасан тайлбарт: ...бодит байдал дээр 17 дугаар гарааш нь хариуцагчийн өргөтгөлийн төсгөл хэсэгт байрлах ба зэргэлдээ орших барилгын өргөтгөл нь хариуцагчийн барилгын өргөтгөлөөс 1 метр орчим илүү гарсан байх тул үүнээс болж нэхэмжлэгч машинаа гараашид оруулж, гаргахад төвөгтэй болох нь ойлгомжтой байна. Хариуцагчийн барилгын өргөтгөлөөс шалтгаалан нэхэмжлэгчид хүндрэл учирсан зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03452 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж 5/2 тоот барилгын ард ББК.... ХХК ХХК-ийн барьсан сэндвичин барилгын /өргөтгөл/ зоорийн давхар руу орсон шатны /урт 4.65м, өргөн 1.54м/ хэсгээс бусад хэсгийг буулгаж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 13б байрны хажууд байрлах 17 дугаартай гараашийн орц гарц чөлөөлөхийг хариуцагч ББК.... ХХК ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ББК.... ХХК ХХК-иас 216.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ж д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч ББК.... ХХК ХХК-аас 100.000 төгрөг гаргуулж Гранд инженеринг ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 581 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шиардлагаа “...өргөтгөлдийн сэндвичэн барилгын подваль руу орсон шатны хэсгийг үлдээж бусад сэндвичэн барилгыг буулгаж анхны байдалд оруулж, ар талын нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлэх” гэж тодорхойлсон. Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг хууль хэрэглээний үндэслэл болгосон. Хэрэгт авагдсан гэрэл зураг, шинжээчийн хэмжилтээс харахад нэхэмжлэгчийн гараашийн хаалга нь хариуцагчийн барилгын шатны хэсэг буюу буулгуулахгүй үлдээсэн хэсгийн өөдөөс харсан байрлалд байгаа бөгөөд зоорийн давхар руу орох шат нь барилгын гадна талд барилгын их биеэс илүү гарсан байдалтай баригдсан. Шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч өөрийн гараашид машинаа оруулахын тулд ертөнцийн зүгээр баруун зүгээс машинаа гараждаа оруулдаг тул хариуцагчийн барилгын шатны хэсэг рүү машины их биеийг шахаж залсан тохиолдолд машины хамар хэсэг эгцэрч гарааш руу орох боломжтой боловч барилгын шатны хэсэг саад болох тул нэхэмжлэгч машинаа дахив маневарлаж байж гараашид оруулах боломжтой болох юм. Анхан шатны шүүх нь гараашийн орц гарцад хамаарахгүй баруун талын хэсгийг буулгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухай хариуцагчийн гомдлын агуулгыг давж заалдах шатны шүүх нь “нэхэмжлэгч нь машинаа зөв залсан тохиолдолд сэндвичэн өргөтгөл саад гэж гуйвуулан, “өмчлөгч өөрийн өмчийн зүйлийг эзэмших, ашиглахад тусгай ур чадвар шаардагдах нөхцөл байдал үүссэн нь өмчлөх эрхэд саад болж буй хэлбэр гэж дүгнэсэн. Гэтэл барилгаас илүү гарсан шатны хэсэг хэвээр үлдсэн, үүнийг буулгах боломжгүй тул нэхэмжлэгч өмнө нь ч шатны хэсэгт маневр хийж машинаа оруулдаг байсан. Цаашид ч энэ байдлаар ашиглах нь тодорхой байхад сэндвичэн барилгын баруун талын хэсгийг буулгуулснаар давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн “тусгай ур чадвар шаардах нөхцөл байдал” хэрхэн арилах, зөрчигдсөн гэх эрхийг хэрхэн сэргээж буй нь тодорхойгүй байна. Барилгын шатны хэсэг нь барилгын салшгүй хэсэг буулгуулах боломжгүй учраас сэндвичэн өргөтгөлийн баруун талын хэсэг өөрт нь саад болоод байгаа мэтээр шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэгчийн эрх аль хэсэгт зөрчигдөж буйг тодорхойлж чадаагүй гэх хариуцагчийн гомдолд үндэслэл бүхий дүгнэлт тайлбар өгч чадалгүй “...гараашийн орц, гарцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй” гэж дүгнэжээ. Буруутгах боломжгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй “буруутгах боломжгүй” төдий дүгнэлтийг бичихэд мэргэжлийн мэдлэг, ур чадвар шаардагдахгүй. Түүнчлэн Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм 30-01-04-ийн 6 дугаар зүйлийн 6.22 дахь хэсэгт “Тухайн төлөвлөлтийн онцлогоос хамаарч, замын зорчих хэсгийн радиусыг хорооллын доторхи замд 5 м хүртэл хэмжээтэй байж болохоор заасан, нэхэмжлэгчийн гараашаас хариуцагчийн сэндвичэн өргөтгөл хүртэл 5.17 м хүртэл хэмжээтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн барьсан сэндвичэн барилга нь нэхэмжлэгчийн өмчлөлийн гараашийн орц, гарцыг хааж, өмчлөх эрхэд саад болж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч дээрх албан шаардлага, мэдэгдэлд газын баллон хадгалах зориулалтаар сэндвичэн өргөтгөл барьсан болохыг дурдсан. Хариуцагч нь ОБЕГ-аас тавьсан шаардлагыг биелүүлж, хийн баллоныг галын аюулгүйн дүрмийн дагуу барилгын гадна талд барилга, зоорийн болон хагас зоорийн давхрын орцноос 5 метрээс дотогш зайд байрлуулан хийн баллоныг шатахгүй материалаар хийгдсэн тусгай саванд хийж, барилгын битүү хана бүхий талд байрлуулах заалтын дагуу газын баллоныг барилгын гадна байрлуулж, галын аюулгүй байдлыг хангах зорилгоор сэндвичэн өргөтгөл барьсан зэрэг дээр дурдсан тайлбар, үйл баримтыг шүүх харгалзаж үзсэнгүй. Хариуцагчийн сэндвичэн өргөтгөлийн буулгуулахаар шийдвэрлэсэн баруун талын хэсэг нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн нь эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байхад зөрчигдсөн тохиолдолд хэрэглэх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
ББК.... ХХК ХХК-д холбогдох автомашины гараашийн орц, гарц чөлөөлүүлэхийг хүссэн Х.Ж ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 000011607 тоот гэрчилгээгээр нэхэмжлэгч Х.Ж нь Баянгол дүүргийн, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13б байрны 17 тоотод байрлах гараашийн өмчлөгч мөн ба түүнийг автомашинаа гараашт тавихад хариуцагчийн 2013 онд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр барьсан өргөтгөлийн сэндвичэн барилга саад болж буй нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчаас шаардаж, мөн эрх бүхий газарт хандаж байсан, эрх бүхий байгууллагаас сэндвичэн барилгыг буулгах талаар хариуцагчид шаардлага хүргүүлж байсныг зохигч маргаагүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо, өргөтгөлийн баруун талын хэсэг нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд саад болоогүйг шүүх анхаарсангүй гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “...өргөтгөлийн барилгын подваль руу орсон шат /урт нь 4.65 м, өргөн нь 1.54 м/-ны хэсгийг үлдээж, бусад сэндвичэн барилгыг буулгаж, анхны байдалд оруулж, хоолны газрын ар талын нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлэх...” гэсэн ба зохигчийн хүсэлтээр тухайн газарт үзлэг хийгдсэн, мөн гарааш, барилгын хоорондын зайг тогтоож гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд тухайн өргөтгөл нь 1.90 м өргөн, 9.77 м урттай, зоорийн давхар руу орсон хэсгээс бусад хэсгийн өргөн 0.36 м, урт 5.12 м гэж тодорхойлогдсон, уг өргөтгөлийг хэсэгчлэн буулгах үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03452 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 581 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ