Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 000105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Ц.Э.т холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0245/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд: 

 

Прокурор                                          Т.Ганзориг

Шүүгдэгч                                           Ц.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                М.Ганзориг

Хохирогчийн өмгөөлөгч               С.Батмөнх-Очир

Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолтой Ц.Э.т холбогдох, 201714000305 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Амира” ХХК-д буузны тогооч ажилтай, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаартай, М овгийн Ц.Э.

 

Шүүгдэгч Ц.Э нь “Алтан жолоо” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 12 282 370 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Монгол овгийн Ц. Э.г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ц.Э.г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2.д зааснаар шүүгдэгч Ц.Э.т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 өөс дээшгүй цагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ц.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар Ц.Э.с 12 282 370 төгрөг гаргуулж ХХК -д олгох,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д зааснаар шүүгдэгч Ц.Э-ын хохирол төлөх хугацааг 6 сараар тогтоож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.т заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Шүүгдэгч Ц.Э.г шүүхээс бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэвч “Лэндс” ХХК-ийн 2017-05-22-ны өдрийн №ОЦ/17/69 дугаартай дүгнэлтээр Ц.Э-ын 2015 онд үүсгэсэн бэлэн мөнгөний дутагдал 9 519 525 төгрөг, 2016 онд үүсгэсэн бэлэн мөнгөний дутагдал 2 762 845 төгрөг гэсэн дүгнэлт гарсан байдаг. /XX 77-98 хуу/ Энэ нь хохирогч Б.Г-ийн 2016 оны 02 сараас хойш бараа материалын дутагдлууд гарсан тухай мэдүүлсэн мэдүүлэгтэй зөрж эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна. Мөн прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Ц.Э-ыг 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 06 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 12 282 370 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлэн мөнгө завшсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс хохирогч Б.Г, гэрч Ч.Б, гэрч Б.З, Э.Т нарын мэдүүлгийн ноцтой зөрүүтэй байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн. Мөн Ц.Э-ын ХХК-ийн санхүүгийн албатай 2015 оны 08 сараас 2015 оны 01 сар хүртэлх хугацаанд тооцоо нийлсэн актуудаар Ц.Э нь 2015 оны 08 дугаар сараас 12 сар хүртэлх хугацаанд ямар ч өр төлбөр, аливаа тооцоогүй болох нь нотлогддог. Энэ нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болохыг илтгэн харуулж байна.

 

Иймд шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 12 282 370 төгрөгний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би 2015 онд З-ын бүрэн хараа хяналтан доор ажиллаж байсан. 2016 оноос няравын ажил давхар хариуцаж ажилласан. Урьд нь намайг ажилд ороход З агуулах хариуцаж ажиллаж байхад дотор нь хоосон хайрцаг янз бүрийн асуудалтай зүйл байсан. 2015 оны 9 сая төгрөгний зөрүүг З-тэй холбоотой учир тэр хүн хариуцах ёстой. ХХК 2016 оны 03 дугаар сараас хойш огт цалин өгөөгүй. 05 дугаар сард 500.000 төгрөг л өгсөн. Тэр хугацаанд 2.700.000 төгрөгийг авч хэрэглэсэн, бараа дутаасан зүйл байгааг хүлээн зөвшөөрнө. 2 700 000 төгрөгийг би өөрөө төлж барагдуулна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч “М” овгийн Ц-ын Э нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ХХК-ний Орхон аймаг дахь салбарт худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа борлуулсан барааны үнэ болох 2015 онд 9 519 525 төгрөг, 2016 онд 2 762 895 төгрөг нийт 12 282 370 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

-Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Ц.Э нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс тус компаний Орхон аймаг дахь салбарын төлөөлөгчөөр томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд томилсон. Ц.Э нь бэлэн барааны борлуулалт хийж мөнгийг нь бэлнээр авч албаны данс руу өдрийнхөө орлогыг борлуулсан барааныхаа санхүүгийн анхан шатны баримтуудыг үйлдэж 10 хоногийн хугацаатай тайлангаа төв байгууллага руу явуулах үүрэгтэй. Ц.Э нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс барааг түгээж бэлэн мөнгөөр борлуулалт хийдэг байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс агуулахын бараагаа давхар хариуцаж эхэлсэн. Агуулахыг давхар хариуцаж эхэлснээс хойш бараа бүтээгдэхүүний дутагдал гарч эхэлсэн. Агуулахын няравын ажлыг З гэх эмэгтэй хариуцаж байгаад ажлаа хүлээлгэн өгөөд архи пивоны борлуулалт явуулдаг ХХК-ний үйл ажиллагааг хариуцах болсон. Тэгтэл Ц.Э нь 2016 оны 05 дугаар сараас хойшхи тайлангаа явуулахгүй залгахаар утсаа авахгүй, бэлэн мөнгөний орлого тушаахгүй зэрэг зөрчил гаргаад эхлэхээр нь байгууллагаас гэнэтийн шалгалт явуулахаар болж комисс томилогдон Орхон аймагт ирсэн. Шалгалтын комисст гүйцэтгэх захирал В.О, нягтлан Ж нар ажилласан. Энэ хүмүүс 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Э-ын явуулж буй үйл ажиллагааг шалгахад агуулах дотор хураалгаастай барааны доод эгнээний хайрцагнууд хоосон. Дунд хэсэгтээ үе хоосон орхисон. Хайрцаг дутуу мөн хугацаа дууссан бараанууд илэрсэн. Хугацаа дууссан бараануудын талаар төв рүүгээ мэдэгдэж ямар шалтгаанаас хугацаа нь дууссан, яагаад борлуулагдахгүй талаар хэлэх ёстой. Гэвч хугацаа дууссан гэх бараанууд манай байгууллагын өндөр хэрэгцээнд зарагддаг хүнсний бүтээгдэхүүнүүд байсан. Бараа бүтээгдэхүүн болон санхүүгийн баримтын тооллого явуулахад хугацаа дууссан барааны үнэ 4 398 610 төгрөг, бэлэн мөнгөний дутагдал 7 858 300 төгрөг, барааны дутагдал 50 080 төгрөг, нийтдээ 14 692 350 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан. Шалгалтын дүнг тухайн үед Э өөрөө уншиж танилцаад хүлээн зөвшөөрч хэзээ төлөхөө хүртэл бичиж өгсөн... гэсэн,

 

- Гэрч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Ц.Э худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа над дээрээс ирж бараа авдаг байсан. Тэр үед ямар нэгэн зөрчил гарч байгаагүй. Өмнөх өдрүүдэд агуулахаас авсан барааг заавал дуусгаж байж шинээр бараа авна гэсэн ойлголт байхгүй. Би зөвхөн агуулахаас авна гэсэн барааг нь гаргаж өгдөг. Миний ажил үүрэгт өмнөх өдрийн барааны тооцоог худалдааны төлөөлөгчтэй нийлж тулгана гэсэн зүйл байхгүй. Агуулахаас авна гэсэн барааг нь гаргаж өгөх, мөн агуулах дотор байгаа бараануудын ашиглалтын хугацаанд хяналт тавина, хугацаа дууссан буюу дуусах дөхөж байгаа бараануудын талаар төв байгууллагад мэдэгдэж буцаалт хийлгэдэг. 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би ХХК-ийн агуулахын бараа бүтээгдэхүүнийг Ц.Э.т бараа бүтээгдэхүүнийг тоо ширхэг бүрээр нь хүлээлгэн өгсөн ямар нэгэн зөрүү байгаагүй... гэсэн,

 

- Гэрч М.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манай компаний зүгээс гэнэтийн тооллого хааяа, хааяа хийдэг. 2016 оны 06 дугаар сард гэнэтийн тооллого хийхээр болоод харилцагч хариуцсан нягтлан бодогч П.Ж-ын хамт Эрдэнэт хотод байх салбарт томилогдон тооллого хийсэн юм. Тооллого хийхэд бараа дутсан. Тооллого хийхэд зөрүү гарсан учраас Э-аас зарлагын баримт хүсэхэд надад төв компани уруу шуудангаар явуулсан гээд шуудангийн баримт үзүүлсэн. Төв компаниас асуухад баримт ирээгүй байсан. Шуудангийн газраас Э шуудан явуулсан эсэхийг лавлаж асуухад түүнийг шуудан явуулах гэж байгаад больсон талаар мэдэгдсэн. Э нь шалгалтаар нийт 14 692 350 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө дутаасан. Шалгалтын комиссд Жаргалсайхан бид хоёроос өөр хүн байгаагүй. Э-аас яагаад ийм асуудал гаргасан талаар асуухад түрээсийн байранд амьдрах гэж хүнээс мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөө төлөх боломжгүй болоод компаний орлогоос аваад өрөө төлчихсөн гэсэн. 14 692 350 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө дутсан талаар Э.т танилцуулсан. Өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан учир тэр үед  нь цагдаад хандаагүй... гэсэн,

 

- Шинжээч Д.Отгонцагааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Ц.Э-ын ХХК-д төлсөн кассын орлого, хүлээж авсан бараа материалыг тоолох явцад дутсан бараа материалын суутгал, агуулахад байгаа хугацаа хэтэрсэн бараа материалыг үндсэн баримттай тулгаж, хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан бараа материалын зөрүүгээр тооцоог гаргасан. Э нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өмнө нь ажиллаж байсан З-аас 76 163 350 төгрөгийн үнэ бүхий бараа материал хүлээн авсан. 2016 оны ХХК-аас Ц.Э.т 79 792 280 төгрөгийн нийт 2015, 2016 оны байдлаар 2 048 359 230 төгрөгийн бараа материал хүлээн авсан. Үүнээс Э ХХК-д шилжүүлсэн мөнгөн дүн нь 2015 онд 118 374 870 төгрөг, 2016 оны 94 590 670 төгрөг, нийт 212 965 540 төгрөгийн орлогоос зарцуулсан дүн нь 2015, 2016 оны байдлаар 448 320 төгрөг цалингаас суутгасан. 2015, 2016 оны байдлаар 853 310 төгрөг Ц.Э 2016 оны 06 сарын 02-ны өдөр агуулахын бараа материалыг хүлээлгэн өгөхөд 57 809 690 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн. Нийт 272 076 860 төгрөг хийсэн байсан. Үүнээс хадгалах хугацаа дууссан бараа 4 398 610 төгрөгийн бараа материал байсан. Ц.Э-ын хариуцах дутагдал бэлэн мөнгө 12 282 370 төгрөг гэсэн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17/69 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ... Шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 12 282 370 төгрөгний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэж гомдол гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ЦЭЦЭГМАА

 

               ШҮҮГЧ                                                                       Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                         

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР