Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 231

 

“Өдрийн мэдээ” ХХК-ийн  

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болор, гуравдагч этгээд “Астра интернэшнл” ХХК-ийн захирал Б.Баясгалан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргалсайхан, өмгөөлөгч Б.Баяраа, гуравдагч этгээд З.Адъяасүрэнгийн өмгөөлөгч Д.Туяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0232 дугаар магадлалтай, “Өдрийн мэдээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Өдрийн мэдээ” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай сонины газрын хажууд буюу Сүхбаатар дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Зундуй, “Астра интернэшнл” ХХК-ийн захиалгаар “Тэлмэн констракшн” ХХК газар шорооны ажил эхлүүлэх үед бид холбогдох хүмүүстэй уулзахад зохих журмын дагуу зургаа батлуулсан гээд зөвшөөрөл болон бусад баримтыг үзүүлсэн. Нэгэнт өөрийн газар дээр зохих журмын дагуу барилга бариулж байгаа бол бидний зүгээс саад болохгүй гээд холбогдох баримт сэлтийг гүнзгийрүүлэн судлалгүй орхисон. Уг барилга нь манай барилгад хэт тулсан байсан тул холбогдох газарт хандан гомдол гаргахад барилга хоорондын зайг буюу БНбД-ийн 30.01.04-ийн 2.11-ийг зөрчсөн болох нь тодорхой болсон. Уг зөрчлөө арилгахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг барилгыг бариулж буй этгээдүүд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэнтэй холбоотойгоор ч юм уу барилгын ажил зогссон.

Гэтэл зөрчлөө арилгаагүйгээр үл барам барилгын ажлаа энэ хавар үргэлжлүүлсэн тул зөрчлийг арилгуулах, хэрэв арилгахгүй бол барилгын эх загвар зургийг хүчингүй болгуулах гомдлыг өмгөөлөгчөөр дамжуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан албан бичгийн хариуд “... хүчингүй болгох боломжгүй” гэсэн тул зөрчигдсөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт иргэн Л.Зундуй “Астра интернэшнл” ХХК-ийн захиалгаар “Тэлмэн констракшн” ХХК-ийн барьж буй 64 айлын орон сууцны барилгын эх загвар зургийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаар захирамжаар иргэн Л.Зундуй нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд контор, үйлчилгээний зориулалтаар 1690 м2 газрыг эзэмшдэг бөгөөд эзэмшлийн газартаа барилга барих хүсэлтийг тус газарт тавьж шийдвэрлүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 449 дүгээр захирамжийн 1.56 дахь заалтаар иргэн Л.Зундуйд үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өдрийн сонин”-ы байрны зүүн хойд талд байршуулан 0,045 га газарт барилга барихыг зөвшөөрсөн шийдвэр гарсан бөгөөд уг захирамжийг үндэслэн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №СБД/56/08 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдож, улмаар барилгын эх загвар зургийг баталсан байна.

Тус газраас баталсан барилгын эх загвар зурагт тухайн барилгын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр барилга хоорондын зай 10.6 м байхаар тусгагдсан байдаг. Энэ нь “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.04-ийн 2.11-д заасан “...барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10.0 м-ээс багагүй байх” гэсэн заалтыг хангадаг. Түүнчлэн тухайн барилгыг 16 давхар болгож, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлүүлэх хүсэлтийг иргэн З.Адъяасүрэн /Л.Зундуйн хүү нь/ тус газарт 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тавьж байсан бөгөөд хүсэлтийг хүлээн авч судлан, давхар нэмж өргөтгөх боломжгүй тухай хариуг өгч байсан болно.

Тухайн барилгад Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2013 оны 9 дүгээр сарын 4-ний 421/2013 дугаартайгаар олгож, барилга угсралтын ажлыг “Тэлмэн констракшн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд барилгын захиалагч, гүйцэтгэгч нар дур мэдэн барилгын байршлыг батлагдсан эх загвар зурагт төлөвлөснөөс урагш шилжүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна. Барилга хоорондын зайн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас албан бичиг ирж байсан бөгөөд тус газраас зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг хүссэн хариуг хүргүүлж байсан болно.

Иймд, тус газраас анх баталж өгсөн тухайлсан барилгын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр барилга хоорондын зай барилгын норм, стандартыг хангаж 10.6 м байх тул иргэн Л.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-ийн захиалгаар “Тэлмэн констракшн” ХХК-ийн гүйцэтгэсэн 64 айлын 12 давхар орон сууцны барилгын эх загвар зургийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Барилгын ажлыг зогсоолгохоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргахад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас байгуулсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс” барилгыг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2015/133 дугаартай актаар хүлээн авсан гэсэн.

Иймд, холбогдох хэм хэмжээг зөрчиж барилгаа барьсан байхад түүнийг улсын комисс хүлээн авсан нь хууль бус байх тул Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2015/133 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа: “Астра интернейшнл” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо уг компанийн захиалгатай контор, үйлчилгээ бүхий 49 айлын орон сууцны барилгад комисс ажиллаж, мөн оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2015/133 дугаар олгосноор акт баталгаажсан байна.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд баригдах иргэн Л.Зундуйн 12 давхар орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө 2008 онд батлагдсан бөгөөд уг барилгын хойд талаар дулааны 6 “Г” магистраль шугам байрладаг байсан. 2008 онд дулааны 6 “Г” магистраль шугам нь ф400 мм-ийн голчтой, компенсатор /компенсатор нь авто замын голд уулзвар дээр байдаг байсан/ бүхий хос шугам байсан бөгөөд 2011 онд Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэс баялаг, эрчим хүний яамны Эрчим хүчний газрын захиалгаар “Өлзий” төвийн зүүн талаас эхлэн XI хорооллын уулзвар хүртэл 720,0 м газарт хуучин байсан ф400 мм-ийн хос шугамыг ф600 мм-ийн хос шугам болгон өргөтгөх ажил хийгдсэн. Дулааны 6 “Г” магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зургийн дагуу авто замын уулзвар дээр байсан компенсатор баруун тийш шилжиж иргэн Л.Зундуйн барилгын чанх ард байрласан тул дулааны шугамаас хамгаалалтын зурвас татахад тухайн байршилд барихаар төлөвлөсөн байсан иргэн Л.Зундуйн барилга 1,5-2,0 м урагш шилжихээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байна.

Л.Зундуйд олгосон 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №СБД/56/08/ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавараар 14,4х24.8 м хэмжээтэй барилга төлөвлөсөн байсан боловч дулааны шугамын өргөтгөлийн ажлаас шалтгаалан иргэн Л.Зундуйн барилгын ажлын зураг 14,0х24,0 м хэмжээтэй болж багасч, анхны төлөвлөсөн байршлаас урагшилж баригдсан. Нэгэнт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дулаан магистраль шугаманд өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдсэний улмаас иргэн Л.Зундуй, “Астра интернейшнл” ХХК-ийн захиалгатай барилга урагш 2,0 м шилжсэн тул тухайн барилгад комисс ажиллахгүй байх үндэслэл тогтоогдохгүй учир уг барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан.

Иймд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2015/133 дугаар актыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Астра интернейшнл” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн субьектив эрх хөндөгдөөгүй талаар түүний өмгөөлөгч шүүхэд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт хэлэлцэх, хурал дээр тодорхой тайлбарласан байна.

”Астра интернэшнл” ХХК-ийн барилга нь “Өдрийн мэдээ” ХХК-ийн баруун хойд талд байрлалтай тул нарны тусгал, салхины урсгалыг халхлаагүй. Бодит байдалд “Өдрийн мэдээ” ХХК-ийн урд талд илүү ойрхон 1 м зайд байрлалтай “Монгол Ньюс” ХХК-ийн 12 давхар барилга баригдаж, тухайн байранд иргэд, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. “Астра билдинг” барилга баригдсанаар нэхэмжлэгчийн байрны үнэ цэнэ, үзэгдэх орчин буурлаа гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэд, аж ахуйн нэгж нь өөрийн /эсхүл газар эзэмшигчийн зөвшөөрлөөр/ хууль ёсны зөвшөөрөлтэй газар дээр барилга байгууламж барих, өмчлөх, худалдан борлуулж ашиг олох хөрөнгө оруулалт хийх зэрэг эдийн засгийн үндсэн эрхүүдийг орчин тойрны барилгын өмчлөгч нар барилгын үзэгдэх орчин хязгаарласан, үнэ цэнэ бууруулсан гэх үндэслэлээр хязгаарлах үндэслэлгүй болно. Аливаа шинээр баригдаж байгаа барилга бүр бусад барилгын үзэгдэх орчинд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг боловч энэ нь хот суурин газрын төлөвлөлтийн бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөл юм.

Нэхэмжлэгч “Барилга байгууламж ашиглалтад оруулах тухай улсын комиссын актыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан. Гэтэл энэхүү шаардлагыг хангуулснаар нэхэмжлэгч нь ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хангуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Энэхүү захиргааны актыг хүчингүй болголоо гээд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх ямар эрх сэргэх нь тодорхойгүй байгаа атлаа гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчихөөр байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхэд чиглэгдээгүй бөгөөд гуравдагч этгээд болох “Астра интернэшнл” ХХК-д хүндрэлтэй байдал үүсгэхэд чиглэгдсэнийг илэрхийлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ гэхэд шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх, барилгад хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгж, орон сууц худалдан авсан иргэдийг өмчлөх эрх зөрчигдөхөөс хэрхэн сэргийлэх зэрэг тодорхойгүй олон сөрөг үр дагаврууд үүсэхээр байна.

“Астра интернэшнл” ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр барилга бариагүй бөгөөд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн газар дээрээ нэхэмжлэгч тал руу барилгыг бага хэмжээгээр ойртуулан барьсан. Газар эзэмшигч иргэн Л.Зундуй 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №СБД/56/08 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төмөр бетон каракасан бүтээцтэй 14.4x24.8 хэмжээтэй 12 давхар барилга барих зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл 2011 онд барилгын ард байх зам дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дулааны шугамыг шинэчлэх, өргөтгөх ажил хийгдсэн байх бөгөөд газар эзэмшигч нь нийтийн ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж, иргэний үүргээ ухамсарлан өөрийн эзэмшлийн газрын хойд хэсэгт дулааны шугамын хурдыг сааруулах, даралтыг тохируулах үүрэгтэй П хэлбэрийн компенсатор байрлуулахыг зөвшөөрсөн байна.

Ингэснээр тухайн компенсатор дээр барилга барих боломжгүй болсон тул тэр хэмжээгээр барилгын суурийг бага зэрэг урагш шилжүүлэн барилгын нийт талбайн хэмжээг 14x24 м болж багасгасан байна. “Астра интернэшнл” ХХК ашиг олох зорилгоор барилгын нийт талбайн хэмжээг томсгох, суурийг нэмэх зэрэг өөрчлөлт хийгээгүй бөгөөд арга буюу дулааны шугамаас шалтгаалан барилгын талбайгаа батлагдсан зургаас багасгаж суурийг бага зэрэг шилжүүлсэн.

“Астра интернэйшнл” ХХК болон иргэн З.Адъяасүрэн нар тус барилгын төслөө хэрэгжүүлэхдээ өөрийн эзэмшлийн 1050 м2 газар дээр 14x24 м буюу 336 м2 /32 хувь/ талбай дээр барилга барьсан нь барилгын норм дүрэм болох олгогдсон газрын 70 хувиас даруй хоёр дахин бага талбай юм. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Л.Зундуйн өв залгамжлагч З.Адъяасүрэн хариу тайлбартаа: Миний эцэг Л.Зундуй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их тойруу 83, Содномын гудамж, 56 тоотод Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот шийдвэрээр 1690 м2 газрыг эзэмшдэг байсан ба 2008 онд уг газар дээр 0.045 га талбайд орон сууц, үйлчилгээний зориулалттай 12 давхар барилга барих ерөнхий төлөвлөгөө батлагдаж, “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай” захирамж тус тус гарсан юм. Уг газрыг эзэмших эрх 2011 онд өв залгамжлалаар З.Адъяасүрэн миний нэр дээр шилжсэн.

Орон сууц, үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгыг 2014 онд холбогдох бүх зөвшөөрлийг авч “Астра интернэйшнл” ХХК-тай хамтран захиалан бариулсан ба 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж 2015/133 тоот актаар баталгаажсан.

Хойд талд нь ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж зөвшөөрлийн дагуу барилга баригдсанаар нэхэмжлэгчийн эрх ашиг яг яаж, ямар хэмжээгээр хөндөгдөөд, мөн өөрийнх нь барилга яаж үнэгүйдээд байгаа нь огт ойлгомжгүй, тодорхойгүй байна. Барилгын эх загвар, зураг болон барилгыг ашиглалтад оруулах комиссын акт хүчингүй болсноор ноцтой хөндөгдсөн гэгдэх эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, бусад эрх ашиг нь чухам яаж сэргээгдэх нь тодорхойгүй юм.

Бид нэхэмжлэгчийн эзэмшил газар руу барилгаа оруулж бариагүй, эзэмшлийнх нь агаарын орон зайд нэвтрээгүй, урдны ямар нэгэн өр төлбөргүй тул барилгын талбай, мөнгө өгөх шалтгаан байхгүй гэж үзэж байна.

Барилга хоорондын зай тэг тэнхлэгээр тооцвол 10.6 метрт анх төлөвлөгдсөн ба дулааны шугамын өргөтгөлийн ажлын улмаас шугамын компенсаторыг зүүн талын авто замын уулзвар дээр байх байсныг ажлын ачаалал их, замыг удаан хугацаагаар хаахад хүндрэлтэй гэсэн үндэслэлээр баруун тийш шилжүүлж бидний төлөвлөсөн барилгын чанх ард байршуулснаар бид барилгаа 1.17 метр урагшлуулж барилга хоорондын зайг тэг тэнхлэгээр 9.5 метр болгох аргагүй нөхцөл байдал үүссэн.

Барилгыг ашиглалтад оруулах комиссын актыг хүчингүй болговол олон иргэд, хуулийн этгээдэд ноцтой хохирол учруулахаар байна. Ашиг сонирхол нь хөндөгдөх гуравдагч этгээд нэг, хоёроор зогсохгүй 49 айлын орон сууц мөн оффис, үйлчилгээний талбай худалдан авсан хүн, хуулийн этгээд бүрт өмчлөх эрх үүссэн тул эрх ашиг нь мөн ноцтой хөндөгдөх асуудал үүснэ. Иймд, “Өдрийн мэдээ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.4-т заасныг баримтлан “Өдрийн мэдээ” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2015/133 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс “Орон сууцны барилгын эх загвар зургийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0232 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 805 дугаар шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдах журмаар гомдол гаргасан.

Гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 232 дугаар магадлалаар хангахгүй орхисон тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг үнэлж үзэхгүй байгаа тухайд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байгаа тухайд: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан бичигт холбогдох дүрмийн заалт зөрчсөн тухай бичигдсэн байх бөгөөд ийнхүү зөрчилтэй хэмээн төрийн эрх бүхий байгууллага тогтоогоод байхад хариуцагчийн зүгээс гуравдагч этгээдэд зөвшөөрөл олгосон нь буруу юм.

Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Барилгыг “батлагдсан эх зургаас урагшлуулж барих”-ыг захиргаанаас зөвшөөрөөгүй байх бөгөөд ийнхүү урагшлуулж барих нь эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа үйлдэл юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргааны үйл баримтад хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт энэ хэргийн гуравдагч этгээд болох “Астра интернейшнл” ХХК болон иргэн З.Адъяасүрэн нарын хамтран бариулсан орон сууц, үйлчилгээний зориулалттай 12 давхарын барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2015/33 актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Өдрийн мэдээ” ХХК-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой, зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь барилга хоорондын зай ойртсоноос өөрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн хэмээн маргахдаа “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн 30.01.04-ийн 2.11 дэх заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд энэ дүрмээр тодорхойлогдсон шаардлага нь орон сууцны зориулалттай барилгад хамааралтай болно.

 Үүнээс гадна гуравдагч этгээд нь Архитектор төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан 14.4х24.8 буюу хууль ёсоор эзэмшиж буй 1690 м.кв газрын 450 м.кв талбайд барилга барихаар заагдсан шаардлагыг зөрчөөгүй, дулааны магистрал хос шугамын компенсаторын байршлаас буюу өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар барилгыг анхны зурагт батлагдсан байршлаас 1.5-1.6 метр зайд урагшлуулсан, үүнийг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрчээ.

Тухайн барилга нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлээр тодорхойлогдсон барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцсэн, барилгыг ашиглалтад хүлээн авч, холбогдох актыг гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д заасны дагуу хийгдсэн байх тул барилгын байршлыг өөрчилсөн гэх үйл баримт уг барилгыг ашиглалтад хүлээн авахаас татгалзах нөхцөл болохгүй юм. 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг үнэлэхгүй байна. Дүрмийн заалт зөрчигдсөн нь Мэргэжлийн хяналтын газрын албан бичигт заасан байгаа. ... барилгыг батлагдсан эх зургаас урагшлуулж барихыг захиргааны байгууллага зөвшөөрөөгүй ... энэ нь эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл” гэх гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдоржийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан “... хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй ..., хууль буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.   

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0232 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                           Л.АТАРЦЭЦЭГ