Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2016/00671

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт Аы Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуульд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.

Нэхэмжлэгч А.Жын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Одоо 29 настай. Би 2010 онд МУИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг түүх, нийгмийн багш мэргэжлээр төгссөн.Одоогоор Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд Нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж байна.

Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуулийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тушаалаар тус сургуулийн нийгмийн ажилтнаар томилогдож үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан.

Гэтэл тус сургуулийн шинээр томилогдсон захирал К.С 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өрөөнд дуудсан. Очиж уулзахад чиний мэргэжил таарахгүй байна, иймд нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж багшаар ажиллуулна, одоо ажлаа хүлээлгэж өг, 11 цагаас комисс очиж ажлыг чинь хүлээж авна гэсэн. Би нийгмийн ажилтан мэргэжлээр эчнээгээр суралцаж байгаагаа, ажлаа шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэж ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүйгээ хэлэхэд захирал тэр хамаагүй, бид мэднэ гэсэн хариу өгсөн.

Тэгээд 11 цагийн үед комисс ирж ажлыг хүлээж авсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг үдээс хойш 16 цагийн үед гардуулж өгсөн.

Надад ажлаас чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдээгүй, ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, шууд ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна.

Сургуулийн захирлын дээрх шийдвэрээс болж миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж цалингийн шатлал буурч хохирч байна.Нөгөө талаар миний бие 2 настай нялх хүүхэдтэй, одоо 6 сартай жирэмсэн, эмчийн хяналтанд байдаг. Нөхөр эрхэлсэн тодорхой ажилгүй, зөвхөн миний цалингийн орлогоор амьдардаг. Иймд намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн нийгмийн ажилтны үүрэгт ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр танай шүүхэд Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан юм.

Хариуцагч байгууллагын захирал бид хоёр хоорондоо ярилцаж учир байдлаа ололцсон тул би энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд миний нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

А.Жын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуульд холбогдох нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн нэхэмжлэгч А.Ж нь Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Ж нь Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Ж улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК