Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

                                         

 

 

   2020          03         13                                         2020/ШЦТ/254

 

 

                             

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч  О.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокуророос Ш овогт О-ын Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2002000370051 дугаартай хэргийг  2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....... дүүргийн ...  дугаар хороо ......... гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт О-ын Ч-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч О.Ч- нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ........ дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хорооллын орчимд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 5.2275 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ахынхаа машинтай таксинд явж байгаад хүнээ буулгачихаад хойшоо харсан чинь хойд талын суудал дээр цаасанд боодолтой юм байсан. Би тэрийг өвс байна гэж бодсон. Тэгээд сонирхоод татаж үзсэн. Тэгээд тухайн орой нь цагдаад баригдсан” гэв.

 

Шүүгдэгч О.Ч- нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хорооллын орчимд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 5.2275 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хүний биед үзлэг хийсэн “... О.Ч-гоос танд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон өөр хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу  гэж асуухад жаахан өвс байгаа гэж хариулав. Та биедээ байгаа эд зүйлсээ гаргаж тавина уу гэхэд куртикны баруун халааснаас хайрцагтай тамхи, улаан өнгийн асаагуур 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, цаасанд боосон өвс гэх нэршилтэй бодис, зүүн гартаа машины түлхүүр, куртикны дотор талын халааснаас О.Ч-гийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, цээж зураг, автобусны карт 50 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, Голомт банкны 2 ширхэг виза карт зэрэг эд зүйлсийг гаргав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4-6 дугаар хуудас/

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... О.Ч- нь Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэх утгыг урьдчилсан байдлаар заасныг тэмдэглэлд тусгав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7-8 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Эрүүгийн 20020037 дугаартай хэрэгт О.Ч-ы биед үзлэг хийх явцад хураагдсан цаасан уутны хамт 10.3 грамм өвс гэх нэршилтэй ургамлыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 716 дугаартай:

“1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /Delta 9 tethrahydrocannabinol /илэрч байна.

О.Ч- 2020.01.20 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц-ийн жагсаалтанд багтдаг болно.

3. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цаасанд боодолтой үеийн жин 10,3709 г, цэвэр жин нь 5,2275 г байна” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт. /хэргийн 18-20 дугаар хуудас/

 

О.Ч-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Тэгээд би тэр өдөр шөнөжингөө таксинд явсан ба орой 20 цагийн үед сүүлийнхээ хүнийг хороололд буулгаад явж байгаад машины арын суудал руу хартал цаасанд боосон юм байсан. Тэгэхээр нь аваад үзтэл өвс байсан. Тэгээд би сонирхоод тамхины нунтагийг гаргаж байгаад оронд нь нөгөө өвснөөс хийгээд тамхи татаж 1 удаа хэрэглэсэн. Тэгээд би тэр орой 22-23 цагийн үед Нарны хороололд найзындаа очих гэж явж байгаад цагдаа нарт баригдсан.

... Би өмнө нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй ээ. Гэхдээ өвс гэх бодисын талаар мэднэ. Интернэтээс харж байсан юм. ...”  гэсэн мэдүүлэг /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан. 

 

Шүүгдэгч О.Ч- нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан ба улмаар өөрөө хэрэглэж байсан нь түүний байсан газраас уг бодисыг хураан авсан ажиллагааны баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ гэсэн нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг тул шүүгдэгч энэ хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч О.Ч-гийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй тул шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цаасан уутны хамт 10.3709 грамм жин бүхий өвс гэх нэршилтэй ургамлыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч О.Ч- энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 Шүүгдэгч О.Ч- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтэй байна” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг дурдах нь зүйтэй.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, О.Ч-гийн хувийн байдлыг харгалзан нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт О-ын Ч-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ч-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Ч-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. О.Ч- энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар О.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цаасан уутны хамт 10.3709 грамм жин бүхий өвс гэх нэршилтэй ургамлыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ