Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 249

 

 

 

 

 

 

 

 

   2020          03          12                                         2020/ШЦТ/249

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Д.М-,

хохирогч Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Б  дүүргийн прокурорын газраас Б овогт Д-ын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005006150273 дугаартай хэргийг  2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны .. дүгээр сарын ... -ны өдөр ...... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, .......... ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт ........ дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ын М-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 30-наас 31-ний өдөр шилжих шөнө Б  дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Ц-тай маргалдан улмаар түүнийг цохиж зодон, биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хацрын шонтон, доод зовхи, хоёр бугалга, мөр эгэмэнд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.М- мэдүүлэхдээ: “2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 05 цагийн үед Ц- гэртээ согтуу орж ирсэн. Орж ирчихээд аав руугаа залгаад байсан. Би яагаад гэр бүлийнхээ хүмүүс рүү залгаад байгаа гэсэн. Ингэж гадуур их явж, шинэ найз нөхөдтэй болж, явах нь аль зунаас эхэлсэн байгаа. Миний цохиж гэмтэл учруулсан нь миний буруу” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ц- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 30-наас 31-ний өдөр шилжих шөнө Б  дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Ц-тай маргалдан улмаар түүнийг цохиж зодон, биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хацрын шонтон, доод зовхи, хоёр бугалга, мөр эгэмэнд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Ц-гийн “2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шөнө үүрээр 05 цагийн үед би гэртээ орсон юм. Гэртээ ортол манай нөхөр М- унтаагүй, сэрүүн байсан. Тухайн үед би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор нөхөртэйгээ гэр бүлийн асуудлын талаар ярилцаж байтал манай нөхөр М- хэвтэж байгаад босч ирээд миний толгойноос үсэдсэн юм. Тухайн үед манай дүү Мөнх-Эрдэнэ манай гэрт хонож байсан болохоор М-ыг надаас салгасан. Тэр шөнөдөө бид нар тэгээд унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь М- ажилдаа яваад оройны ... цагт гэртээ орж ирээд намайг хоол аягалж өг гэхээр нь би өөрөө хоолоо аягалаад ид гэж хэлээд аягалж өгөөгүй. Тэгээд манай нөхөр өөрөө хоолоо аягалж идчихээд бид нар унтах болоход М- намайг цуг унтъя гэхээр нь би өмнөх өдөр нь үсдүүлсэндээ гомдоод үгүй гэж хэлээд хүүхдүүдээ аваад унтлагын өрөөнд ороод хэвтэж байтал М- араас орж ирээд миний хажуугаар хэвтсэн юм. Тэгснээ надад хандаж чамайг ер нь өмгөөлж хамгаалах хүн байдаг юм уу гэхээр нь би байгаа гэж хэлээд найз О-ын луугаа утсаар залгаад ярьж дуусаад байж байтал миний дээр гарч сууж байгаад миний хоёр гарыг хоёр хөлөөрөө дарж байгаад хамарнаас хуруугаараа зулгааж татаад байсан. Тэгсэн чинь миний хамарнаас цус гарсан чинь хөнжлөөрөө миний ам хамрыг дараад бас гараараа толгойноос үсэдсэн. Тэгсэн чинь манай хоёр хүүхэд уйлаад М-ыг надаас холдуулсан. Би орноос босоод гал тогооны өрөө рүү очоод охиндоо ус хийж өгөх гэж байтал М- миний нүүр лүү гараараа таваас зургаан удаа цохисон. Тэгээд би аль болох дахиж цохиулахгүй гэж хичээж өөрийгөө хамгаалах гэхэд миний биеийн бүхий л хэсэг рүү маш олон удаа гараараа цохисон. Би тухайн үед нөхрийгөө тайвшруулах гэж одоо больчих л доо тайвшир гэж гуйсан. Тэгээд би том өрөөний буйдан дээр очоод суусан чинь миний гар утас дугарсан юм. Тэгтэл миний гар утсыг аваад газар шидсэн. Миний утас газар унаад дэлгэцний шил нь хагараад газар шил нь бутарчихаар нь би хүүхдүүд дээр нь гишгээд хөл гар луу нь орчиж магадгүй гэж бодоод тоос соруулагчаар тоос соруулах гээд байж байтал М- намайг наадахаа хурдан соруул өнөөдөр би чамтай өөрөөр ярина, чамайг мөч мөчөөр чинь салгана бас нүүрийг чинь тэгшилнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би сэмээрхэн үүд рүү дөхөж байгаад  үүдэнд очоод гэрээсээ  гараад зугтаасан. Тэгээд би байрнаасаа зугтааж гадаа гараад байрныхаа хажууд байрлах Энхжин дэлгүүр лүү ороод дэлгүүрийн эрэгтэйн гар утсаар найз О-ын луу залгаад нөхөр зодоод байгаа талаар хэлээд ирээд авчих гэж хэлсэн. Удалгүй манай найз  О-ын ирээд бид хоёр О-ын машинд хамт хэсэг хугацаанд сууж байгаад нөхрийгөө тайвширсан байж магадгүй гэж бодоод нөхөр лүүгээ залгаад тайвшраад өгөөчээ, би гэр лүүгээ ороод ир гэж хэлсэн. Тэгээд би найз О-ынын хамт гэр лүүгээ ороход манай нөхөр босч ирж бид хоёрыг харчихаад буцаад унтаад өгсөн. Тэгээд манай нөхрийг гайгүй юм шиг болохоор нь О-ын яваад өгсөн. Тухайн шөнөдөө М- болон хүүхдүүд маань унтаж амарчихаад маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө нөхөр маань ажилдаа 9 цагийн үед яваад өдөр 12 цаг гээд гэртээ ирсэн. Гэртээ орж ирээд М- чамтай ярих юм байгаа болохоор эрт ирлээ гэж хэлсэн. Тэгснээ миний найзтайгаа мессенжерээр бичсэн мессежүүдийг надад үзүүлээд намайг хажуудаа суу гэж хэлсэн. Би хажууд нь суусан чинь миний нүүр лүү хоёр гараараа ээлжлээд нилээн олон удаа цохисон. Тэгээд би хоёр гараараа нүүрээ дарсан чинь миний гар болон хөлийн биеийн бүхий л хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгээд цохиж байснаа намайг салах өргөдөл бич гэж шаардаж хүчээр надаар тийм утгатай өргөдөл бичүүлсэн. Тэгээд тухайн хэлсэн өргөдлийг нь бичээд өөрт нь өгөхөд дахиад миний гар хөл рүү гараараа 2-3 удаа цохичихоод М- гэрээс гараад яваад өгсөн.

... Уг дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг манай нөхөр болох М- гараараа миний нүүр болон биеийн бүхий л хэсгүүд рүү гараараа цохиж хөлөөрөө өшиглөж учруулсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 17-18 дугаар хуудас/

“Намайг шөнө оройгоор гадуур явлаа, мөн эрэгтэй найзтай минь намайг хардаж маргалдсан. Тэгээд намайг зодсон. ... Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

Гэрч Ж.О-ын “... 2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой намайг найзындаа байж байхад шөнийн 23 цагийн үед миний гар утас руу танихгүй дугаар залгахаар нь авсан чинь манай найз Ц- байсан. Тухайн үед Ц- надад утсаар ярихдаа уйлаад нөхөртөө зодуулчихлаа, би хөл нүцгэн, гэрийнхээ хувцастай зугтаагаад гараад ирлээ гэж хэлэхээр нь би хаана байгааг нь асуухад гэрийнхээ хажууд байна, хүрээд ирээч гэхээр нь би за гээд найз Ундрал болон Батмөнх хоёртой Ц- дээр очсон.

... Тэгээд Ц- нөхөртэйгээ миний гар утсаар ярихад нөхөр нь яасан их зугтаадаг юм гэртээ хурдан орж ир, хүүхдүүд уйлаад байна гэсэн чинь Ц- чи намайг орвол дахиад зодно биздээ  би чамаас айгаад байна, чи тайвширчих тэгвэл би гэртээ орно гэж хэлсэн. Тэгээд гадаа машинд сууж байгаад би Ц-тай хамт гэр лүү нь орсон. Бид хоёр гэрт ортол нөхөр нь хаалга онгойлгож өгчихөөд том өрөө лүүгээ ороод хэвтээд өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-... дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биеийн хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2169 дугаартай:

“1. Г.Ц-д зүүн хацарын шонтон, доод зовхи, хоёр бугалага, мөр эгэмэнд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Д.М-ын яллагдагчаар өгсөн “... Тэгээд би маргааш өглөө нь ажилдаа явчихаад орой нь ажлаа тараад гэртээ ирээд эхнэр Ц-г хоол аягалаад өг гэтэл надад хоол аягалж өгөхгүй гар утсаа оролдоод байсан. Тэгэхээр нь би уурлаад хамарнаас нь хуруугаараа арав гаран удаа татсан. Тэгсэн чинь миний урдаас намайг өмгөөлөх хамгаалах хүн байгаа, би тэр хүмүүсээ дуудна энэ тэр гээд маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь миний ярьж байсан зүйлийг тоохгүй гар утсаа оролдоод байхаар нь би гар утсыг нь булааж аваад газар луу шидсэн. Тэгсэн чинь Ц- гэрээс гараад явчихсан.

... Тэгээд миний уур хүрээд Ц-гийн нүүр лүү нь гараараа 2 удаа цохиод цээж, мөр, гар хөлнийх нь гуя болон шилбэ рүү нь гараараа маш олон удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-35 дугаар хуудас/ зэрэг баримтууд нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 30-наас 31-ний өдөр шилжих шөнө Б  дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Ц-тай маргалдан улмаар түүнийг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд  шүүгдэгч Д.М- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ц- “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.М- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.М- хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаа буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан  “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М- нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Д.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ