| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00810/И |
| Дугаар | 822 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 822
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр баг, Баяннуурт оршин суух, 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, РД:ОА67011501, Шангас овогт Гэлгээгийн Оюунчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч , 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1967 онд төрсөн, 49 настай. Би 1983 оноос Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд саальчнаар 1990 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон бөгөөд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1983 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбат шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Г.Оюунчимэг нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал үхэр маллаж, сааль сааж байсан. Түүний бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд Г.Оюунчимэгийн 1983 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Оюунчимэг нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлээс 1983 оны 1 дүгээр сарын 15-ны өдөо Гэлгээгийн Оюунчимэгт нээсэн 1983 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Гэлгээгийн Оюунчимэгийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
3. Г.Оюунчимэгийн 1990 оны төрөлтийн түүхэд түүнийг Баяннуур бригадад малчин гэж бичигджээ,
4. Итгэмжлэл,
5. Гэрч Р.Эрдэнэдэлгэрийн шүүхэд өгсөн: “Би 1976 оноос Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачнаар ажилд орж улмаар тракторчнаар 1990 он хүртэл ажиллаад 1990 оны 8 дугаар сараас “Говийн хөгжил” ХХК болоход үргэлжлүүлэн тракторчноор 1995 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Г.Оюунчимэг нь хар багаасаа аав, ээжийн хамтаар Баяннуур бригадын малчнаар 1990 оныг дуустал ажилласан байсан. Би Г.Оюунчимэгийг нэг нутгийн хүмүүсийн хувьд эртнээс таньж мэдэх бөгөөд бид хамт ажиллаж байсан нь үнэн. Түүний нөхөр нь мөн Баяннуур бригадад олон жил мал малласан хүн байсан юм. Г.Оюунчимэг нь одоо ч хувьдаа малаа маллан сумандаа амьдарч байгаа хүн юм. Тухайн үед нэгдлийн даргаар Ц.Цэдэв, Т.Хүрэлхүү, С.Намсрайжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.Бизъяагийн шүүхэд өгсөн: “Миний бие 1988 оноос Увс аймгийн Зүүнговь сумын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилд орж 1993 он хүртэл ажилласан юм. Намайг 1988 онд Улаангом сумаас Зүүнговь сумын нэгдсэн эмнэлэгт шилжин очиход Г.Оюунчимэг нь “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1990 оны их хувьчлал явагдах хүртэл ажилласан санагдаж байна. Би Зүүнговь сумын бэр болж очсон цагаас буюу 1983 оноос эхлэн Г.Оюунчимэгийг таньж мэдэх бөгөөд манайх 2012 он хүртэл Зүүнговь суманд амьдарч байгаад ирсэн айл юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч Р.Эрдэнэдэлгэр, Д.Бизъяа нарын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэл болон Хүн эмнэлэгт тус тус ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Г.Оюунчимэг нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлээс 1983 оны 1 дүгээр сарын 15-ны өдөо Гэлгээгийн Оюунчимэгт нээсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1983 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан талаар бичигдсэн байдал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Г.Оюунчимэгийн цалингийн тодорхойлолт, Г.Оюунчимэгийн 1990 оны төрөлтийн түүхэд түүнийг Баяннуур бригадад малчнаар ажилладаг гэж бичжээ, гэрч Р.Эрдэнэдэлгэр, Д.Бизъяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Оюунчимэгийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шангас овогт Гэлгээгийн Оюунчимэгийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР