Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0037

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           01           09                                        2020/ШЦТ/37

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Ч.Т- түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

хохирогч А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Б овогт Ч-ын Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1903013380554 дугаартай хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  ... оны ... дугаар сарын ... -ны өдөр ........... аймгийн ............ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ........... ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл .. , эхнэр, ... хүүхдийн хамт ......... дүүргийн ... дүгээр хороо ........... дугаар ... тоот оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Б овогтой Ч-ын  Т-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой 07 цаг 40 минутын орчим  Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс захын зүүн хойд уулзвар дээр “Subaru  forester” маркийн ХХ-ХХ УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “...Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. ...” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 40 настай, эмэгтэй А.Б-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч А.Б- мэдүүлэхдээ: “Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 7 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад алхаж явсан. Тэгээд тэр өдөр гэрлэн дохион дээр очоод дараагийн ногоон гэрэл асахыг хүлээсэн. Ногоон гэрэл асаад би 5-6 алхаад унаад өгсөн. Би босох гэсэн чинь босч чадахгүй байсан. Тэгэхэд замын хоёр цагдаа ирээд наад хүнээ машиндаа оруул гээд энэ ах намайг машиндаа оруулахад хөгжим нь чанга дуугарч байсан. Осолд орноос болоод манай амьдрал хэцүү болсон. Би гурван хүүхэдтэй өрх толгойлсон эх, лизингтэй дөнгөж шинэ байранд ороод байж байсан. Би эмнэлэгт хэвтэх гэсэн чинь 700.000 гаран төгрөг гэсэн. Тэгээд би энэ ахад хэлэхэд надад байгаа нь энэ гээд 20.000 төгрөг өгсөн. Бид хоёр мөрдөн байцаалтын шатанд тохиролцсон. Тэгэхдээ 3 сарын лизинг 2.994.000 төлж өгнө гээд мөн дээрээс нь бензиний зардал, шалгалтын төлбөрийн мөнгө гээд 288.410 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өөр цаашид эмчилгээ шинжилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ” гэв.

 

Шүүгдэгч Ч.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой 07 цаг 40 минутын орчим  Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс захын зүүн хойд уулзвар дээр “Subaru  forester” маркийн ХХ-ХХ УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “... Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. ...” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 40 настай, эмэгтэй А.Б-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 5-10 дугаар хуудас/

 

Хохирогч А.Б-гийн “...Би Нарны гүүрний доод талын явган хүний гарцтай гэрлэн дохионы хойд талд ирэхэд явган хүний гэрэл улаан ассан. Баруун талд байрлах автомашины гэрлэн дохиог харахад ногоон ассан байсан. Би 30 секунд орчим хүлээсэн. Би хүлээж байх үедээ ойр орчимоо харахад баруун талын уулзварын голд хоёр цагдаа зохицуулалт хийгээд зогсож байсан. Тухайн гарцан дээр ганцаараа гарцаар урагш гарах гээд зогсож байгаад явган хүний ногоон өнгийн гэрэл асахад урд талаас хойш чиглэлд зогсож байсан хүүхдүүд алхаж эхэлсний дараа би урагш 5-6 алхам яваад нэг мэдэхэд би газар унасан байсан. Тэгээд маргааш шалгалттай гэж бодоод босох гэхэд зүүн талын өвдөг хөдөлж болохгүй байсан. Жолооч нь бууж ирээд зүгээр үү алив бос доо гэхээр нь босох гэхэд босч чадахгүй байсан. Тэгээд замын цагдаа ирээд жолоочид босгоод машиндаа оруул гээд жолооч намайг өргөөд машинд оруулахад машины хөгжим чанга дуугарч байсан. Машинд хоёр жаахан хүүхэд байсан. Би өөрийн утаснаас 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд 20 минут орчмын дараа түргэний машин ирсэн. Тэрнээс өмнө цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Эмч намайг үзээд яс хугараагүй байна, жолоочийг намайг эмнэлэгт үзүүл гээд намайг эмнэлэг рүү авч явахад улаан гэрлээр гарсан, явган зорчигчид зам тавьж өгөхгүй явж байсан. Гэмтлийн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн 1-р амбулторид үзүүлсэн ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 15-17 дугаар хуудас/

“... Зам тээврийн ослын улмаас миний зүүн хөлний дотор талын холбоос  тасарсан гэсэн оноштойгоор Гэмтэл согог судлалын төв, Сүхбаатарын дүүргийн 1 дүгээр амбултори, Улсын 1 дүгээр төв эмнэлэг, Улаанбаатар Сонгдо эмнэлэгт  үзүүлж, мэргэжлийн эмч нарт үзүүлж шинжилгээ өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14063 дугаартай:

“1. А.Б-гийн биед зүүн өвдөгний дотор холбоосны хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт. /хэргийн 32 дугаар хуудас/

 

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн

“1. S.Forester маркийн ХХ-ХХ УБЗ улсын дугаартай автомашины жолооч Ч.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч А.Б-  Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Ч.Т-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө Нарны гүүрний урд байрлах Алтай хотхоноос гаран хүү Цэрэнтогтох, Мөнхцэрэн нарыг Төмөр замы вокзалын баруун хойно байрлах 38 дугаар сургуульд хүргэж өгөх гээд явж байсан. Нарны гүүрэн доогуур зүүн хойд талаас нь баруун, зүүн эргэхийг зөвшөөрсөн гэрлэн дохио буюу ногоон гэрлээр 2 дугаар эгнээг эзэлж орох гээд баруун эргэтэл зүүн гар талаар 3 дугаар эгнээг эзлэхээр бараан өнгийн жижиг тэрэг давхар эргэж орж ирэхээр нь би харчихаад урагшаа хартал замын хойноос буюу миний баруун талаас бараан өнгийн хувцастай эмэгтэй гарч ирэн миний машины баруун урд талын гупер хэсэгт зүүн талын гуя хэсгээрээ мөргүүлэн газарт өнхөрөөд унахаар нь би машиныхаа аваарын гэрлийг асаан бууж уг эмэгтэй дээр очиход хөл өвдөөд байна гээд уйлаад хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Т- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч.Т-ийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Х.Б-д зам тавьж өгөх дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас түүнийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Хохирогч Х.Б- шүүх хуралдаанд “ ... байрны 3 сарын лизинг 2.994.000 төлж өгнө гээд мөн дээрээс нь бензиний зардал, шалгалтын төлбөрийн мөнгө гээд 288.410 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өөр цаашид эмчилгээ шинжилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ” гэжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар эмчилгээний зардал болон бусад зардал нийт 1.800.460 төгрөг тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Т- нь хохирогч Х.Б-д нийт 1.931.000 төгрөг төлсөн байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч Х.Б-гаас орон сууцны лизингийн төлбөр нэхэмжилж байгаа боловч тэрээр уг төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас төлөх боломжгүй болсон талаар нотлох баримт хэрэгт байхгүй тул шийдвэрлэх боломжгүй.

Иймд шүүгдэгч Ч.Т-ээс энэ тогтоолоор хохирол, хор уршгийн төлбөр гаргуулах төлбөргүй бөгөөд харин хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Шүүх, шүүгдэгч Ч.Т-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан холбогдсон зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-ын Т-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Т- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Т- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хураагдсан зүйлгүй, Ч.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч А.Б- нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ