Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 823

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, булгийн 11 дүгээр гудамжны 561 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОЛ66060267, Борогчууд овогт Жигмэдийн Баясгалангийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Норжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ж.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шаварчнаар 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Барилгын биржид будагчин, шаварчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, ажилд орсон тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шаварчнаар, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Барилгын биржид будагчин, шаварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Норжмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ж.Баясгалан нь 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Барилгын биржид шаварчин, будагчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд Ж.Баясгалангийн 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шаварчнаар, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Барилгын биржид шаварчин, будагчнаар ажиллаж байсан хугацааг нь өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ж.Баясгалан нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Барилга трестийн даргын 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 279 тоот “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаалд “Тус барилга трестийн 2 дугаар бригадад ...Жигмэд овогтой Баясгалан нарыг шаварчин, будагчнаар авч ажиллуулсугай” гэжээ,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Жигмэдийн Баясгалангийн Увс аймгийн Барилга угсралтын трест, Барилгын биржид 1982 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал шаварчин, будагчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

3. Увс аймгийн Барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот “Барилгын биржийг зохион байгуулан тухай” тушаал,

4. Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 95 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “ засалчин, будагчин... Э.Баясгалан нарыг 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй” гэж бичигджээ,

5. Итгэмжлэл,

6. Гэрч Ж.Норовсамбуугийн шүүхэд өгсөн: “Миний бие 1981 оноос 1991 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн заслын бригадад засалчнаар ажиллаж байсан. Ж.Баясгалан нь 1982 оноос эхлэн  манай зслын бригадад засалчин /шаварчин, будагчин/-аар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм. Манай байгууллага нь 64 айлын орон сууц, сумуудын цэцэрлэг, сургуулийн байр зэрэг томоохон барилгуудыг ашиглалтад оруулахад бид гар бие оролцож байлаа. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

7. Гэрч П.Эрдэнэбаярын шүүхэд өгсөн: “Миний бие 1979 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн заслын бригадад шаварчин, засалчнаар, 1992 оноос 1994 оныг дуустал хугацаанд Барилгын биржид шаварчин, засалчнаар тус тус ажиллаж байсан. Ж.Баясгалан нь 1982 оноос эхлэн Барилга угсралтын трестэд заслын бригадад шаварчин, будагчнаар ажилд орж 1991 он хүртэл ажиллаад, 1992 оноос 1994 оны 12 дугаар сарыг дуустал Барилгын биржид шаварчин, будагчнаар тус тус ажилласан. Манай байгууллага нь Өндөрхангай сумын ясли, цэцэрлэгийн барилга, Тариалан, Сагил сумын сургууль, Улаангом сумын 64 айлын орон сууц зэрэг барилгуудыг барьж, бид гар бие оролцож байлаа. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, Барилгын биржийн даргаар С.Ургамал гэх хүн ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

8. Гэрч Ж.Норовсамбуугийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 25 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, П.Эрдэнэбаярын Увс аймгийн Барилга угсралтын трестэд болон Барилгын биржид ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 117 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Ж.Баясгалан нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Барилга трестийн даргын 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 279 тоот “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Жигмэдийн Баясгалангийн Увс аймгийн Барилга угсралтын трест, Барилгын биржид 1982 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал шаварчин, будагчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот “Барилгын биржийг зохион байгуулан тухай” тушаал, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 95 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Ж.Норовсамбуу, П.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

     Иймд нэхэмжлэгч Ж.Баясгалангийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил, 6 сар шаварчин, будагчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал 2 жил, 11 сар шаварчин, будагчнаар, нийт 12 жил, 5 сар шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борогчууд овогт Жигмэдийн Баясгалангийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 6 /зургаа/ сар шаварчин, будагчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар шаварчин, будагчнаар, нийт 12 /арван хоёр/ жил, 5 /тав/ сар шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР