Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 518

 

 

 

 

 

 

 

         2020         03         26                                 2020/ШЦТ/518

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Д.Лхамхүү,

иргэний хариуцагч П.Лхагвадорж,

шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Жт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00040 0076 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Н.Ж, Монгол улсын иргэн, 1955 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн “Завханмандал” суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, ач охины хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 37 дугаар гудамж, 565 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 09 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын “Аюулгүй тойрог уулзварын” урд талын явган  хүний гарцан дээр “Тоёота приус” маркийн 1845 УНЦ улсын дугаартай,  тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрэм”-ийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Лхамхүүг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 09 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын “Аюулгүй тойрог уулзварын” урд талын явган  хүний гарцан дээр “Тоёота приус” маркийн 1845 УНЦ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрэм”-ийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Лхамхүүг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Ж гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Жын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч 3 сая төгрөг нэхэмжилсэн, бодит хохирлыг төлж барагдуулсан. Мөнгө шилжүүлсэн баримтаа шинээр гаргаж өгч байна” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Лхамхүүгийн өгсөн: “...Би тэр өдөр өндөр насны тэтгэврээ авах гэж Сансарын Аюулгүй тойрог уулзварын урд талын явган хүний гарцаар гарч байхад намайг мөргөсөн. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт байсан. Би гомдолтой байна. Бие өвдөөд байгаа болохоор биеэ эмчлүүлмээр байна. ...Манай охин шүүгдэгч Н.Ж руу эмчилгээ, эм тарианы мөнгө ийм болсон шүү гэж залгадаг. Төлбөр төлөгдсөн байхаа, манай охин намайг Солонгос улс руу авч явж эмчлүүлнэ гэж хэлсэн. Миний бие эдгэрч байвал бусад нь яахав. ...Манай охин таны нийгмийн даатгалаас эмчилгээний зардлыг гаргасан, таны өндөр насны тэтгэвэр 308,000 төгрөг болохоор эмчилгээнд хүрэхгүй. Би цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөж чадахгүй. Дахиад 3,000,000 төгрөг нэхэмжил гэж хэлсэн” гэх мэдүүлэг[2],

3. Иргэний нэхэмжлэгч П.Лхагвадоржийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн орчим манай хадам ээж Дарьсүрэн над руу залгаад зам тээврийн ослын талаар хэлэхээр нь би гэмтлийн эмнэлэгт очиход настай эмэгтэй хүн явган хүний гарцаар гарч байхад нь мөргөсөн гэж ярьсан. Би өөрийн автомашиныг өмнөх өдөр нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хадам аавындаа үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Д.Доржсүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 08 цаг өнгөрч байхад манай нөхөр Н.Ж, хүргэн Лхагвадоржийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг гуйгаад бид хоёр хамт гарсан. Сансарын аюулгүйн тойргийн зүүн талын замаар хоёрдугаар эгнээгээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд буюу зүүн дөрвөн замаар 13 дугаар хороолол руу явж байтал явган хүний гарц руу дөхөж явахад 1 дүгээр эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл явган хүний гарцны наана зогсоход уг авто машины урдуур ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд настай эмэгтэй хүн алхаад гарч явсныг хараад би нөхөртөө хүн явж байна гэж хэлэхэд манай нөхөр автомашинаа зогсоохоор тоормос гишгэсэн боловч тухайн явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан настай эмэгтэйг автомашиныхаа урд хэсгээр зөөлхөн мөргөсөн. Би яг мөргөхөд нь нүдээ дарсан тул сайн хараагүй. Осол гарсны дараа настай эмэгтэй ухаан алдаад уначих вий гэж айгаад шууд эмнэлэг рүү авч явсан. Машинаас буугаад ирэхэд автомашинд мөргүүлсэн настай эмэгтэй замын зорчих хэсгийн голын шар өнгийн хайсны баруун талд газар уначихсан байхаар нь нөхөр бид хоёр тухайн настай эмэгтэйг хоёр талаас нь түшиж босгоод авто машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явж байхад замын цагдаагаас ярихаар нь гэмтлийн эмнэлэг рүү хүнээ аваад явж байна гэж хэлэхэд хүнээ сайн үзүүлээд хэлтэс дээр ирээрэй гэж хэлсэн. Манай хүн бага насаа эцгийн гар дээр хөдөө өсөж хүмүүжсэн, их дөлгөөн, уурлаж уцаарлаад байдаггүй, гэр бүлдээ анхаарал халамжтай хүн” гэх мэдүүлэг[4],

5. Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №67 дугаартай актын хариулт хэсэгт: “...1.Тоёота Приус” маркийн 18-45 улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган  хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зогчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Д.Лхамхүү нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4.Уг зам тээврийн осол жолооч Н.Ж өөрт харьяалах замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэх хариулт[5],

6. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[6],

7. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл[7],

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1163 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...1. Д.Лхамхүүгийн биед зүүн эгэм ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй хугарал, баруун 8, 9, зүүн 1, 8 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[8],

9. Хохирогч Д.Лхамхүүгийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэргийн газрын бүдүүвч зурагтай танилцлаа. Осол болсон А цэг болон Б цэгийг буруу заасан байна. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн “Сос медиа монголиа” эмнэлэг рүү гарчихлаа гэж бодоход гэнэт авто машин ирээд мөргөсөн. Тухайн машин аль тал руу ирж мөргөснийг санахгүй байна. Нэг мэдэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн миний хоёр талаас сугадаад машиндаа суулгахаар нь “Би хүүхэд хардаг хүн. Гэртээ орчихоод гаръя” гэж хэлсэн чинь танихгүй эмэгтэй “таныг эмнэлэгт үзүүлчихээд гэрт  нь хүргээд өгье” гэж хэлсэн. Осол болоход замын хөдөлгөөн сийрэг байсан. Явган хүний гарцаар гарахдаа харахад тээврийн хэрэгсэл байгаагүй. Гэнэт л гарч ирээд мөргөсөн. Авто машины техникийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэг гаргах санал байхгүй. Би осолд орсноос хойш нойр хүрэхээ больсон. Толгой байнга өвдөж, ослын улмаас эмчилгээнд 1 сая гаран төгрөг зарцуулсан” гэх мэдүүлэг[9],

10.Хохирогч Д.Лхамхүүд хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэлд “Хэргийн материалтай танилцлаа. Эмчилгээнд гарсан болон цаашид гарах зардалд нийтдээ 3 сая төгрөг нэхэмжилж байна, миний зүгээс гомдолтой байна” гэсэн тэмдэглэл[10] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Жын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Н.Жыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Н.Ж нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан бодит хохирол 3,002,000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэвч хохирогч Д.Лхамхүүгийн биеийн байдал тааруу, гүйцэд эдгэрээгүй байх тул хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.Жт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Жт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнийг өндөр насны тэтгэвэрт гарсан байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Шүүгдэгч Н.Ж нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Н.Жын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.Ж нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүгдэгч Н.Ж нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан бодит хохирол 3,002,000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдаж, хохирогч Д.Лхамхүү нь цаашид өөрт учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

7. Шүүгдэгч Н.Жт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 45 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 4-9 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 10 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 111 дүгээр тал